Этиопт 12 цагийн дотор 350 сая гаруй мод тарьж, дээд амжилт тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 30

Даваа гарагт /2019.07.29/ Этиоп улс даяар 12 цагийн дотор нийт 350 сая гаруй мод тарьжээ.

Тус улсын Ерөнхий сайд Абий Ахмедын санаачилсан “Ногоон өв” мод тарих кампанит ажлын хүрээнд сая сая этиопчууд нэгдэж 12 цагийн дотор нийт 353 633 660 мод тарилаа гэж тус улсын инновац, технологийн сайд Гетахун Мекуриа өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ. Кампанит ажлын хүрээнд нэг өдөрт 200 сая суулгац тарих төлөвлөгөөтэй байсан ч хүн амын тоогоор Африкт хоёрт бичигддэг тус улсын иргэд төлөвлөгөөг давуулан биелүүлж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. 2017 онд Энэтхэг улсад 1.5 сая сайн дурынхан 12 цагийн дотор 66 сая мод тарьж дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан юм.

Этиоп улс “Ногоон өв”-ийн хүрээнд тавдугаар сараас аравдугаар сарын хооронд үргэлжилдэг борооны улирлын үеэр нийт дөрвөн тэрбум мод тарих зорилт тавиад байна гэж Ерөнхий сайд Ахмед жиргэжээ.

19-р зууны сүүлээр газар нутгийнх нь 30 хувь нь ой байсан тус улсын ойн сан газар нутгийнх нь дөрөв хүрэхгүй хувьд л үлджээ. Далайд гарцгүй Этиоп улсын хүн амын амьжиргаагаа залгуулдаг гол салбар болох газар тариалан газар нутгийн доройтол, хөрсний эвдрэл, ган гачиг, үер зэрэг уур амьсгалын сөрөн нөлөөнд хүчтэй нэрвэгдэж байна.

2017 онд тус улс Африкийн 20 гаруй улсын хамт 100 сая га газрын ойжуулах Африкийн Ойн санг нөхөн сэргээх санаачилгад нэгджээ. Саяхны судалгаанаас үзвэл дэлхий даяар үгүй болоод буй ойг сэргээснээр хүлэмжийн хийг гуравны хоёроор бууруулах боломжтой аж. Дэлхий даяар жилд 10 тэрбум тонн нүүрстөрөгчийн хий ялгардаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top