Аян замын тэмдэглэл: КУБА ОРНООР

2019 оны 07 сарын 28

Д. Цэрэндорж

АНУ, Калифорни

2019 оны 6 сарын 20 өдөр

Арлын энэ улсад очиж үзэх аль эртний хүслээ сая нэг гүйцээж хэд хоног аялаад ирлээ. Куба гэхээр Америкийн имериализмыг хамгийн ойроос сөрөн тулж зогссон алс холын ах дүү анд нөхөд, агуу их Фидель Кастрогоор удирдуулсан баатарлаг ард түмэн, за тэгээд навчин тамхи зуусан цэл залуухан хувьсгалч Че Гевара, халуун наран доор хатуу кофе чихрийн нишингэ хурааж яваа хөрслөг хар бор тариачид, дэлхийд алдартай өчнөөн боксчдыг төрүүлсэн өлгий нутаг гээд үнэн байдал үзэл суртал холилдсон төсөөлөлтэй явсан үе маань саяхан.

Даяаршил дэлхийг бүрхэж технологийн боломж хүний хүсэл сонирхолд хөл алдан гүйх мэт үйлчлэн гүйцээж буй өнөө цагт энд тэндгүй аялж эрэн хэсэгч бүхэн очсон үзсэн орноосоо ориг амьд (live) ил далд сурвалжлага, дуу дүрстэй элдэв мэдээлэл шууд шуурхай илгээж байршуулдаг бол энэ газар ийм боломж арай л өөр байлаа.

Аяны богцоо зэхэж бэлдэхүйн хамт

Явсан зорилгоо дэлгэж хийсэн ойр зуурын бэлтгэлээ тоочин хэсэг оршил хэлэхээс болохгүй нь. Кубад жил бүр зуны эхэн сардаа зохиогддог Кордова Кардины нэрэмжит боксын олон улсын тэмцээн зургаадугаар сарын 3−9 хооронд явагдах хуваарь Дэлхийн боксын холбооны (АЙБА) албан ёсны сайт дээр гарчээ. Очиж үзэхээр төлөвлөн, ажил төрлөө зохицуулж эхэллээ.

Арай гэж нэг юм битүүрч байсан амралтын хэдэн хоногоосоо эмтлэн, Хавана хүртэл замдаа хоёр хотоор дайрч даялах ч гайгүй хямд үнэтэй билет захиалаад авчихлаа. Интернэтэд нислэг зардаг ихэнх сайтууд дээр АНУ−аас Куба руу шинэ шугам нээгдээд овоо сонголттой болчихож. Өмнө нь ганц компани дангаараа өрсөлдөөнгүй өндөр үнэ тулгадаг байв. 

За тэгээд тэр тэмцээнийг очиж сурвалжлах эрх авахаар Кубын талын зохион байгуулагчидтай харилцахаас асуудал эхэллээ дээ. Тэмцээний талаарх мэдээлэл тодруулах санаатай АНУ дахь Кубын ЭСЯ-ны утас руу залгаж үзлээ, захиа бичлээ тоох янз алга. Сурвалжлах хүсэлтээ бичгээр гаргаж Кубын боксын холбоо, спортын яам руу хандлаа бас л таг чимээгүй. Ядаж хариуцсан хүмүүстэй холбож өгч туслаач гээд хамгийн том хэвлэл Гранма сонины спортын редакц, Пренсе Латина агентлаг мөн түүний Америк дахь төлөөлөгчийн газар, ганц хоёр хувь хүн рүү хүртэл англи испани хэл дээр алдаа мадаггүй имэйл бичээд хүлээлээ, гайхалтай нь ганц ч хариу ирсэнгүй. Мэдээж хаалттай хяналттай асуудал байдаг л биз, гэхдээ арай л бишээ.

Сурвалжлах эрх авах ч яах вэ ингээд дүүрч, очсон байхад орж гарах учир олдож таараа. Ядахдаа тэмцээн ямар хотод хаана явагдахыг мэдчихвэл дэргэд нь буудлын өрөө захиалж, нааш цааш холхилгүй унааны зардал хэмнэх зэрэг өмнө зохицуулах зүйл бас байх. Жуулчдын Кубад аялаад арынхандаа захиж үлдээсэн заавар зөвлөмж дунд гаднынханд гол унаа болдог такси нь галзуу үнэтэйг гайхаад толгой сэгсэрч буй бичлэг юүтүб дээрээс олоод харчихсаныг хэлэх үү.

Уг нь ийм том тэмцээнд зориулж бүх мэдээлэл бүрэн багтаасан тусгай вебсайт гаргаад зар сурталчилгаатай хамт интернэтэд залхтал байршуулдаг сан. Кубын хэдэн сайтуудыг онгичин ухаад тоймтой юм олоогүй тул дипломат шугамаар асуулгаж дээгүүр дэвэх хэрэг гарав. Манайд бол гар утсан дээрээсээ сошиалд ганц гөвөхөд л захын хүүхэд тэр дор нь биш юм гэхэд маргааш олоод өгчих хэмжээний мэдээлэл юм сан. Интернэт сүлжээ холбоо харилцааны боломж хүртээмж, хурд хэрэглээний тухайд Кубад яг ямархуу байгааг арай хойно өгүүлэх тул оршил руугаа буцаад оръё.

Хавана хот дахь Монголынхоо ЭСЯ руу залгаж амбан сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Амарсайхантай холбогдоод учир байдлаа дуулгав. Арваад хоног хүлээж ахиад нэг лавласаны дараа албан шугамаар олж авсан мэдээлэл элчингээс маань имэйлээр ирж байна. Тэмцээн энэ жил зохиогдохгүй болж цуцлагдсан гэнэ. Ирэх 8 сард Перуд болох ПанАмерикийн тоглолтонд Кубын шигшээ оролцох учраас гэсэн сонин тайлбар хавчуулаад хариу өгчээ.

Нэгэнт авчихсан хямд билетийг буцаах боломжгүйн дээр тэмцээн үзэхгүй ч тэнд очих сонирхол хэвээр өөр төлөвлөгөө ч бас байсан. Үнэ ханш үйлчилгээ шуурхай боломжийн найдвартайгаараа өнөө цагийн жуулчдын гол хөтөч болоод байгаа Айрбнб (airbnb.com) хэмээх сайтаас Хавана хотын төвд хоёр хонох тохитой байр, нисэхээс тосуулж хүргүүлэх таксины хамт захиалахад зуугаад ногооноо зарав. Очоод үзэхээр арай хямд оромж олдох биз таньж мэдэхгүй газар найдвартай нь дээр гэсэн тооцоо аль аль нь алдаагүй оносон. За тэгээд тоочоод байвал барагдах юм биш аялал руугаа оръё.

Делтаг хөлөглөн Флорида мужийн Майамид

Саяхныг хүртэл бидэнд – Мянга сонсохоор нэг удаа үз… гэж сургадаг байв шүү. Хүний ярьж бурахыг хоосон чагнаж сууснаас болж өгвөл өөрөө очиж нүдээр үзэж сайтар хараад гартаа имэрч шудраад шүдээрээ хазаж байж үнэмшээрэй гэсэн нүүдэлчдийн хашир ухаан байх. Одоо харин эсрэгээрээ мянга үзээд ч барагдахгүй далай шиг их мэдээлэл дуу дүрстэйгээ урдуур хойгуур урсаж энийг ав, тэрийг ч үз гээд эд бараа гарын дор ярайж байдаг цаг болчихжээ. Уншихын зэрэгцээ харж харьцуулж гүйлгээд хамтад нь “шудрахад” илүү сонирхолтой байж мэднэ гэж бодоод зам зуурт голдуу гар утсаараа (iPhone 7) дарсан хэдэн фото, бичсэн богино хэмжээний видео давхар оруулав. Зарим нь өнгө чанар нягтрал муутай ч гэлээ үнэн төрх байр байдлыг харуулах баримт юм даа.

Делта компанийн нислэгийн тав тухыг ээ. Зорчигч бүрийн өмнөх дэлгэцэд үзэх кино, сонсох дуу хөгжим, тоглох тоглоом, яг хаана, хэчнээн өндөрт ямар хурдтай нисэж яваагаа харах шалгах гээд тоочоод барахгүй бөөн сонголт. Урдах суудалтайгаа шатар нүүсээр уйдах юмгүй очих газраа хүрсэн. Делта дотоод сүлжээгээрээ нислэгийн турш интернэтийн WiFi холболт үнэ төлбөргүй өгч байх юм. Үүлэн дундуур сүнгэнүүлж явахдаа ч гар утаснаасаа текст мессежээр харилцаж, онлайн захиалга хийж, имэйл бичиж шалгаад л. Өөр илүүг хүсвэл бас болно шүү, та төлбөрийн картаа шургуулаад л гүйцээ гэх, амар болж дээ.

Олимпиын их наадам зохиосон газрын донж шинжээ хадгалсан Атлантагийн нүсэр том айрпорт дамжаад Флорида муж улсын өмнөд хязгаар Майамид буулаа, хаашаа л харна зуны эхэн сарын бүгчим халуун уур амьсгалд тааруу татуу хөнгөн нимгэн хувцастай аянчин жуулчид нааш цаашаа зөрөлдөнө. Буусан газраасаа дуудчихдаг Убер такси авлаа. Жолооч нь суунгуут Ола…! гээд шууд испаниар мэндэлж байна шүү. Хаа ч орсон хар цагаан ялгаагүй эхлээд испаниар дуржигнуулж гарна. Америкт мөртөө энд англи хэл ардаа явдаг гэж үнэн юм байна.

Их хотын эрэг дагуух сунагар өндөр зочид буудлуудад захиалга дуудлага тасардаггүй гэнэ. Карибын тэнгисийн хөвөөг эмжин ярайтал зассан тав тухтай наранд шарлагын эдгээр газруудыг өвөл зунгүй умард өрнө дорноос ядаргаа цуцаагаа тайлахаар ирэгсэд царцааны нүүдэл мэт хучиж шаваардаг аргагүй л амралт зугаа цэнгээний маш том төв юм.

Трампын Засгийн газар Куба руу аялагчдын гол унаа аварга том хөвөгч зочид буудал буюу круйз онгоц явах эрхийг саяхан бүрмөсөн цуцалсан тул энэ төрлийн бизнес их алдагдалд орж Карибын тэнгис дэх бусад орны амралтын том жижиг шүрэн арлууд америк жуулчдаар дүүрч байгаа бололтой.

Майами хотын Little Havana дүүрэгт очвол Куба явахын өмнөх “бие халаалт” болмоор хэрдээ зугаалчихдаг газар юм билээ. Тэнд арлын орны хоол идэж ундааг нь амтлангаа куба хөгжмийн аянд салса бүжиглэсэн ч болно. Бас эх нутгаасаа элдэв замаар зугтааж ус далай гатлан завьтай сэлүүрдсээр хил давж ирсэн цагаач иргэд олон. Танилцаад яриа хөөрөө өрнүүлье гэвэл эрж сураад байх юмгүй бараг захын хүнтэй мэнд мэдэхэд л гүйцээ гэнэ. Бүтэц тохижилт гэвээс америкийн байдаг нэг субурб дүүрэг. Ирсэн оройгоо сонирхож гудмаар нь хэсэг алхаад үзсэн, харьцангуй хямд үнэтэй бензин түгээх газар нүдэнд эхлээд туслаа.

Зуны үдшийн зузаан улаан нар далайн хаяа даваад жаргаж бөхийх цагаар Флоридын сунагар хошууг орхин Кубыг зориод хөөрвөө.

Сайн байна уу Куба орон?

Агаарт гараад бараг ганц цаг өнгөрөөгүй дээ, – Бүсээ чангалаарай удахгүй газардлаа л болоотхов. Хүрэх газар гайгүй ойрын дээр онгоц гэгч ойгүй хуртай эд шүү. Хавана хотын Хосе Мартийн нэрэмжит ОУ-ын нисэх буудал.

Монголчууд Кубад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Паспорт эргүүлж тойруулаад үзэж тулгаж байснаа элдэв юм ч асуусангүй тамгаа дараад шууд нэвтрүүлсэн. Ингээд аялал маань эхэлж байна. Ачаа бараагаа авахаар зогсож байтал арын өвгөн та нар хаанах вэ? гээд цэвэрхэн англиар асууж байна. Монголчууд байна гэтэл оросоор ярьдаг биз дээ гээд улам яриа өдөв. Залуудаа орост сурч байсан одоо Майамид амьдардаг Нелсон Белл гэгч Куба хүн байна. Нэгдсэн улсын иргэн болсон тул хуучин нутаг усандаа сардаа хоёр ч удаа ирж очоод байдаг гээд бидэнд баахан зөвлөгөө өгөв. Шөнө оройн цаг тул нисэх буудлын дотор гадна олон зураг дарж амжсангүй. Үүдэнд биднийг тоссон нэг залуу нэр бариад хүлээж байсныг олж аваад унаандаа суулаа.

Буудлын дотор 00 хараад нэг зураг дарчихсан. Гаднаасаа бол дажгүй юм. Ариун цэврийн цаас байдаггүй гэж жуулчид толгой дараалан шогширч бичээд байсан тул сонирхоод орж үзсэн үнэхээр алга. Харин буцах үед хүлээлгийн танхимын 00-ын гадаа нэг хөгшин зогсоод хэрэглэх хэмжээгээр нь урж өгөөд оруулж байгаа харагдсан. Ирсэн улс орныхоо бодит байдал ахуй амьдралын эрээн бараанаас буулгаад эхэлчихлээ. Цаашаа үзэж харах юм их бий дээ.

Тосож авсан шар таксины жолооч залуу эхнэрээ урдаа суулгачихсан хоорондоо ярилцаад л, эндээ бол хэвийн үзэгдэл бололтой. 90-ээд оны эхээр манайхан ингээд халтууранд хамт явдаг байсан төстэй дүр зураг. Нисэх буудлаас гараад хотын зах руу ортол зам зууртаа гэрэлтүүлэг багатай харанхуй замын хөдөлгөөн зэлүүд хоосон талдаа ажээ. Манайхаар бол Яармаг өнгөрөх багцааны газар яваад гэрэл чийдэн, байшин барилга гарч ирж байна.

Ла-Каса-Сан-Хозе буюу гэр буудалд

Хүлээн авсан буудлын эзэн дунд эргэм насны Куба эр ярианы сайн англи хэлтэй юм. Гурван давхар нийтийн байрны нэг орцыг тэр чигээр нь хувийн буудал буюу тэндхийн нэршлээр Каса гэгч болгоод жуулчдад түрээслэн эзэмшдэг юм байна. Өөрөө доор ганц том өрөөнд гэр бүлээрээ сууж дээд давхрын хэдэн өрөөгөө дундаа нэг гал зуух, амралтын коридортой сүрхий сайн тохижуулж. Гаднын жуулчин байнга хүлээн авч үдэж үйлчлэн мордуулаад сурчихсан бас болоогүй гадуур нэг хоолны газар ажиллуулдаг давхар бизнестэй эндээ бол элит чинээлэг нэгэн аж. Ирсэн жуулчдад илэн далангүй бүрэн зааварчилгаа өгч асуулт болгонд дуртайяа хариулж дуусаад идээний дээж Мохито гэдэг энэ ундаагаар дайлав.

Кубын мөнгөн тэмдэгт

Энэ хоёр дэвсгэрт хоёулаа Кубын 3 песо. Дээд талынх нь хатуу валюттай тэнцэх CUC буюу хөрвөх песо. Доллартой харьцах албан ханш нь $1 = 1 CUC. Хөрвүүлэх үед улс 10% шимтгэл авдаг тул 100 ам доллар солиулахад засаг шимтгэл суутгалаа нэмж аваад тухайн өдрийн хашгаар 87 CUC өгөх жишээтэй. Канад доллар, Евро хоёр ханш нь арай гайгүй бололтой.

Доод талын дэвсгэрт Кубын энгийн песо, ханш нь 1 ам доллар 24 энгийн песотой тэнцэнэ. Хооронд нь ялгах хамгийн энгийн арга хөрвөх песо ямар нэгэн хөшөө дурсгалын зурагтай, энгийн песо хэн нэгэн удирдагчийн хөрөгтэй. Харахад бараг адилхан ч хөрөг хөшөөгөөр ялгаад сурчихаар андашгүй амархан.

Манай Найман шарга шиг чөлөөт арилжааны зах төв сураггүй, улсын банк эсвэл валютын цэгт очоод паспортоо үзүүлэн дугаараа тэмдэглүүлээд гаргаж өгсөн нэг маягтыг бөглөсний эцэст сая солилцоо хийнэ. Гарын үсэг, бүртгэл гээд бичиг цаастай зууралдсан хүнд суртлын машины эрэг шураг дөнгөж сая тосолчихсон мэт шиг торох юмгүй ажиллаж байхыг хараад ёстой л хэдэн он билээ гэж бодохоор. Мөнгөө солиулахаар чилийсэн урт дараалалд зарим үед 1-2 цаг зогсож хүлээх бол хэвийн үзэгдэл гэсэн.

Жуулчдад үйлчилгээ үзүүлдэг зарим газар ам доллар тооцоонд хэрэглэж бас болдог л юм билээ. Яаж ч хаагаад зах зээл эргэлт хэрэгцээг дагасан ил далд бүтэц их бага ч байж таараа. Товчдоо валютын мөнгөн урсгал эргэлт солилцоо улсын бүрэн хяналтад гэсэн үг. Америкийн аль ч зээлийн картаар төлбөр тооцоо хийдэггүй цөөхөн орны нэг. Чадахгүй боломжгүйдээ биш байх. Америкийн талаас тавьсан хориг саад, аль аль талын амь бөхтэй улс төр, үзэл суртал хаалттай хатуу бодлоготой холбоотой байх.

Гудамжаар хүмүүсийн дундуур

Өглөө эртхэн босож буусан айлаасаа гараад хажуугийн гудмаар өөд уруугүй хэсэг алхлаа. Даваа гариг тул ажлын өдрийн хөл хөдөлгөөн дуу чимээ нэмэгдсээр. Урдаас зөрөх хүмүүсийн хэл яриа, ааш авир, өмсөж зүүснээс эхлээд нааш цааш сүлжилдэх хуучны танил орос зөвлөлтийн үеийн машин тэрэг, энгийн эгэл ахуй амьдралын хэмнэл, хэв маяг, дуу чимээ, нүдээр харж чихээрээ сонссон болгон сонин содон ажээ. Нэр нь хүртэл санаанаас бараг арчигдах шахсан гудамжны таксофон утас энд тэндгүй ид хэрэглээнд байгааг харав.

Санасныг бодвол гудамж талбайдаа элдэв уриа лоозон үзэл суртлын агуулгатай самбар чимэглэл бараг алга. Реклам чимэглэл, зар сурталчилгаа бага юм. Хааяахан ганц нэг тааралдах ч загвар дизайн ур хийц базаахгүй нэг л болхидуу талдаа.

Америк амьдралын ахуй хэмнэл дундаас гараад шууд буусан болохоор Хавана хотын ерөнхий өнгө үзэмж байшин барилга, зам талбай, хот тохижилтоос эхлээд нийгмийн байгуулалт, системийн болоод хөгжил соёлын ялгаа зөрөө алхам тутам тодорч байна. Залуус нь ихэнхдээ гар утастай, зарим нь бүр утасгүй чихэвч зүүчихсэн дуу хөгжим сонссон шигээ алхана.

Охид хөвгүүд цэвэрхэн дэгжин хувцастай он цаг үеэс хол хоцрогдсон юмгүй. Уулзаад хэсэг ярихаар боловсрол мэдлэг ер нь жигд сайн шүү. Ихэнх нь дажгүй ярианы англи хэлтэй юм. Олигтой орлого мөнгөгүй, орж гарах эрхгүйгээс эхлээд олон зүйл хаалт хязгаартай боломж бололцоо муутай тухай харин чөлөөтэй хэлж ярьж чаддаг юм билээ.

Хавана хотын байр байдал аялагчийн нүдээр 

Үүсэж хөгжсөн 500 жилийн ойгоо энэ жил тэмдэглэж байгаа Хавана хотоор үзэж харах юм олон бий. Карибын тэнгисийн цэнгэг агаарт цэлгэр уужим их далайг тольдон харж шөнөжин суудаг онцгой нэгэн эрэг байх. Энэ бол хотын хойд хэсгээр 9 км үргэлжлэн сунайж байдаг залуусын хайр дурлалын бэлгэдэл болсон үзэсгэлэнт Малекон хэмээх газар. Эндээс хөдлөн задгай тэнгисээр 90 миль (150 км) явж байж эх газрын Aмерикт хүрнэ.

Баруун тийшээ залгаад колонийн үеийн улирч баларсан мөрүүдийг хана хэрмэндээ уусган шигээсэн Эль-Морро цайз, эртний түүхт Форталеза-де-Сан-Карлос хэмээх иж бүрэн бэхлэлт зэрэг тухтай үзэж саатмаар олон газрууд үргэлжилнэ.  Төв хэсгээрээ Хотын захиргааны ордон, Дуурийн их театр, Национал зочид буудал, Иглеси-Ди-Паула хэмээх эртний цогчин дуган зэрэг испанийн колонийн үеийн уран барилгын гайхамшигтай, давтагдашгүй загвар хийц шийдэлтэй барилгууд, сүм хийд, гудамж талбай цэцэрлэгтэй. Энэ бол Old Havana хэмээх хэсэг.

Шинэ буюу New Havana дүүрэгтээ хувьсгалчдын билэгдэл болсон Хосе Мартийн нэрэмжит цэлгэр уудам дурсгалын цогцолбор, хөшөө дурсгал тойрсон яам тамгын газрууд хаяа дэрлээд үргэлжилдэг.

Автобусны цонхоор зам зуур ажиглаж харсан шиг тогтсон тойрогт аялан бууж суугаад үздэг жуулчдын маршрутыг сөрж Хавана хотын шинэ хуучин хоёр дүүрэг, орон сууцны эгэл хороолол энд тэндгүй хоёр зээрдээрээ цэврүү үсэрч холготол нэлээд тэнэсэн. Манай Улаанбаатарын гудамж, орц хаалга нүх болгонд онгорхой нээлттэй дардайн даллаж байдаг Ломбард, Караоке гэдэг эрээн хаяг пайз энд ер харагдаагүй.

Хятад хороолол (China town) нэртэй том хаалга хотын төвд бас байна. Ороод хэсэг явлаа. Ганц хоёр хоолны газраас өөр хятад соёлын сүрхий ул мөр олж харсангүй. Сан-Францискод ийм хаалгаар нэг ороотохвол хэд алхаад хаана яваадаа эргэлзэхээр болж ирдэг юмаа.

Зоогийн газрууд нь янз бүр, голдуу гаднын жуулчдын хүнд хэтэвчийг хөнгөлөх нимгэлэх талын бүтэцтэй санагдсан. Удахгүй хүчтэй салхи дэгдэн далай шуурч ширүүн бороо цутгадаг зуны зурвас үе эхэлж буй тул жуулчид багассан гэнэ. Яваад орохоор хоосон голдуу ширээн дунд холхисон хэдэн үйлчлэгч охид хөвгүүд.

Аль ч уушийн газар амьд хөгжимтэй бэсрэг хамтлаг анаж хүлээгээд байж байдаг. За тэгээд ширээнд очоод суун тусах зуурт гитар хийл хөгжим цочтол цангинаж бүрээ бөмбөр тачигнаад эхэлнэ шүү. Хажууд ирээд хазайж налж хуурдаад хаанаас ирснийг асуунгаа дуун дундаа хавчуулж халаас руугаа гар дүрэхээс аргагүй болгоно. Хөгжимтэй хоол, дуутай ундаа амттай дээрээ хөгжилтэй ч овоо үнэтэй болдог эд билээ. Амт чанарын хувьд гоц гойд юмгүй гэсэн ихэнх жуулчдын сэтгэгдэл үнэн. Үдэш оройн бүжиг таанц нь нэг иймэрхүү

Зарим иргэд гудамж талбайдаа яаруу түргэн хооллодог юм байна. Хоосон шахуу мухлагаас талханд хавчуулсан хачиртай зайдас маягийн зүйл авч үмхлээд замаа хөөж байгаа харагдсан.  Хэрэг болгон улсын дэлгүүр хоршоо хүнсний нэг төвөөр  орж тойрч үзлээ. Халтардсан зузаан шилэн лангууны цаана хааяа ганц нэг гутал сандаал оймс, арын лангуунд эгнүүлээд ирийтэл өрж жагсаасан хэдэн төрлийн шилэн савтай ногоо цагаа төдийхөн хүнс нөөш харагдах нь манай ерээд оны эхэн үеийн дэндүү танил дүр зураг.

Хүнсний бараа нь картын системтэй хэвээрээ гэнэ. Тараах түгээх үедээ оочер дараалал ихтэй ч хүмүүс юу ч болоогүй мэт тайван хүлээцтэй, тэвчээртэй. Нээрээ л юу ч болоогүй болохоор яах ч билээ. Жуулчдыг тийм газар зураг бичлэг авахыг хориглоно, харчихвал хөөж тууна бас.

Засгийн газраас сүүлийн жилүүдэд (Кастрогоос хойш байх) жуулчдад зориулсан тусгай хөтөлбөрийн хүрээнд хотын олон айл өрхөд байр сууцаа засаж сэлбээд гаднын жуулчдад түрээслэх, ресторан баар нээн ажиллуулж улсын эдийн засагтаа нэмэр тус болох онцгой эрх олгосон гэх. Зах зээлийн эдийн засаг дөнгөж нээгдэж дэнжигнэн бужигнаж буй манай ерээд оны байдал төрхийг санагдуулам зүйл олон харсан.

Хувийн хэвшил хөгжин дэвшиж гаднаас хүчтэй хөрөнгө оруулалт орж ирээд овойж оцойтол байшин барилга босгож байгаа ул мөр бараг харагдсангүй. Хувьсгалт засаг бүгдийг контролдоод хатуу гараар барьж хянадаг байх.

Хотын хог зөөх ажилд лав Японы компани төсөл хэрэгжүүлж буй бололтой хоёр улсын далбаатай хаяг зүүсэн хогны улбар шар машин замд нэг таарсан. Нийтийн тээвэрт хятадын компани өөрсдийн автобусаа оруулж ирээд явуулдаг, менежмент зохицуулалтаа бас давхар хийдэг онцгой эрхтэй гэж сонссон. Буусан айлын маань авгай тэнд ажилладаг өвөр монгол бүсгүй манай өрөөг хэсэг хөлсөлж суусан гэв. Буусан айл гэснээс эхлээд хоносон гэр буудлаасаа гараад хотын төвдөө ойрхон энэ айлд боломжийн хямд үнээр өрөө хөлсөлж буцталаа хэд хоносон. Өглөөний цай унд хийгээд өгдөг 70 гаран насны хоёр хөгшин үүд хаалгаа манасан мэт өдөржин гэртээ суудаг. Бас ч байрны түрээсээрээ хэдэн цаас олдог тул хамаг хүнс хэрэгтэй зүйлээ утсаар захиалаад гэртээ авчихдаг сүрхий улс.

Хотоор хэсэж тэнэж явахад хувийн том компанийн барилга байшин оффис контор бараг тааралдсангүй. Нийгэм журмын үеийн социалист орнуудад нэгэн хэв загварын жигд ярайтал босож байсан орон сууцны хороолол, үйлчилгээний төвүүд энд баригдаагүй бололтой юм. Үгүй ядаж үлдэж хоцорсон өргөтгөж шинэчлэн сэргээсэн байх гэхээр ч ул мөр харагдсангүй. Зөвлөлтийн үед баригдсан одоо Оросын ЭСЯ-ны хашаан дотор байх харуулын цамхаг шиг өндөр саарал цементэн барилга харин тэр хавьдаа онцгой өндөр юм билээ. (Манайд бас цагтаа ямар байлаа даа)

Хувьсгалаас өмнөх Куба орон Хавана хот амралт зугаа цэнгээний том төв байсан гэдэг. Тэр үед барьж байгуулсан дэд бүтэц, зам харгуй, байшин барилга, унаж хэрэглэж байсан машин тэрэг тэр чигээрээ өнөөг хүртэл тэсэж үлдээд хүмүүсийн хэрэгцээг чадан ядан хангасаар. Баян айлын эдлэн эзэмшил байснаа нийтэд шилжин балгас болтлоо муудаж өмхөрсөн байр сав хашаа хороо газар сайгүй.

Хувьсгал хүмүүст эрх чөлөө олгосон гэхдээ хувийн өмчийг хайр найргүй устган дарж няцласны үр дүнд үүссэн уршиг гашууныг хүмүүс нь амьдрал дээр амсдаг, алхам тутамдаа мэдэрдэг хэрнээ үзэл суртлын хүлээсэнд хүлээстэй чигээрээ. Хувьсгалаас өмнөх Хавана хотын байр байдлыг харуулсан хэдэн фото ханандаа өлгөсөн уушийн газар ийм зургууд байсан.

Харин хууль дүрэм журмаа үнэхээр сайн баримталдаг юм байна. Аймшигтай аллага буудлага мэтийн гэмт хэрэг огт дуулдахгүй. Жижиг хулгай дээрэм ч тун бага, гадна дотнын иргэд жуулчдад аюулгүй ээлтэй цөөн орны тоонд Куба зүй ёсоор ордог юм байна. Аялал жуулчлалын дэлхийн судалгааны тайлан энэ тэр амархан тэгээд дүгнэчихдэггүй биз ээ. Хуулиа зөрчиж зөрвөл ирэх ял шийтгэл нь хахир хатуу бололтой. Олимпод гурав түрүүлсэн нэг том аварга хүртэл хэрэг өдүүлээд өргөст торны цаана одоог хүртэл сууж байгаа сурагтай. Цуу яриа биш биз гээд өөр нэгнээс дахин асуусан чинь үнэн гэнээ.

Иргэд нь харин ч нэг эвдрээгүй туйлын найрсаг даа. Өнгө мөнгөний хойноос өрөөсөн нүдээ ч ухаад өгөхөөс буцахгүй болсон элдэв газраас шал өөр гэдгийг явуулын над мэт биеэр үзэж үнэмшээд буцаж байна. Энгийн хүн зоных нь дунд ороод тэнэж явах зуурт арга байхгүй анзаармаар нийтлэг нэг чанар байна. Хүмүүс юу ч болж байсан тэгтлээ уурлаж бухимдахгүй харааж зүхээд дайрч давшлахгүй юм. Хэрэлдэж байгаа үед хүртэл таарч хэрэг болгон холоос хэсэг харж зогссон. Нударга зөрүүлэх нь үү гэтэл эвлэрээд гар барилцаад салж байв.

Анх буусан буудлын эр  – Жуулчдыг хоргоож заль мэх луйвар булхай хийдэг залуучууд ганц нэг таарч мэднэ, анхаараарай! гэж сануулж байснаас биш  дээрэмдэнэ, тононо шүү! мэдээтэй яваарай! гээгүй нь нэг юм хэлээд байна.

Хаа ч гэсэн байж байдаг гунигтай гутруу харцтай тулгарч, гуйлга гуйсан өвдөж зовсон өрөвдмөөр ядарч зүдэрсэнтэй цөөнгүй таарч хэр хэмжээндээ хармаагаа хамж шавхах удаа гарч байсан. Хог ухаж хоол залгадаг орон гэргүй хүмүүс бас зөндөө байна билээ, баян америкт ч байж л байдаг болохоор хөгжил дэвшил гэгч харьцангуй зүйл юм даа. Шөнө дөлөөр таньж мэдэхгүй таг харанхуй гудамжаар явган нүцгэн таваргаж их үзсэн, үнэхээр тайван амгалан орон.

Интернэт сүлжээ хэрэглээ болоод сонин сэтгүүл, гар утас, холбоо харилцаа.

Залуус мэдээж цаг үеэ дагаж таарна. Телевизээр гардаг цөөн хэдэн сувгаа ээлжлэн сольж, цензур шалгууртай хэдэн сонин сэтгүүлийн хуудсыг эргүүлж тойруулаад ханахгүй нь мэдээж. Зочид буудлын доторх телевизээр Майами хотын испани хэлтэй зарим суваг гарч л байсан. Сонин сэтгүүл гэснээс гарч байгаа өдөр тутмын сонингуудын тоо нь хоёр гарын хуруунд сэтгүүл нь ганц гарын хуруунд багтах хэмжээний юм байна. Хэрэг болгож буудлын хажуугийн сонины мухлагт очоод үзсэн асуусан, өөр газар ороод давхар лавласан үнэхээр тийм юм гэнээ. Хэвлэлтийн чанар хийц дизайн манай нөгөө алдартай ерээд оны загвартай зэрэгцүүлээд ч бараг гологдохоор. Үзэж харж хутгалдаж явсан хэмжээндээ харьцуулаад өөрийн дүгнэлтээ хэлж байна шүү.

Интернэт сүлжээ WiFi холболтыг томхон зочид буудлууд дотроо зөвхөн өөрийн үйлчлүүлэгчиддээ зориулан тусгай картаар цацдаг. Тэр картыг $2 төлж аваад 1 цаг нэтэд ордог хязгаартай. Гаднаас орж ирсэн бол ганц карт авахын тулд аяга кофе ахин нэг картын үнээр аваад дотоод сүлжээнд нь нэгдэх эрхтэй болдог. Жуулчин гэхээр л мөнгө салгаад үлдэх талын бодлого зохицуулалттай.

Холболтын хурд яг хэд гэдгийг мэдэх аргагүй. Хааяа тасарч орж гараад янз бүр. Харин face-time хэрэглээд видео холболтоор хүн ярьж суухыг хамгийн том буудлын лобид нэг удаа харсан. Нийтийн сүлжээний хувьд хот дотор зөвхөн хэд хэдхэн газар тодорхой зайны байрлалд ETECSA гэдэг компанийн картаар интернэтэд орж ашигладаг. Гар утастай хүн гэрээсээ орох бол интернэт дата нэмж худалдан авч болдог ч сүлжээ нь тун тааруухан гэсэн дээ.

Сошиал сүлжээ өдийд яаж нэвтрээгүй байх вэ. Залуус Facebook болоод WhatsApp голчлон хэрэглэдэг юм байна. Хятадад явж байхад WeChat голлодог шиг. Гэхдээ хэрэглээний боломж хязгаартай тул Кубын залуус маш ажил хэрэгч. Хий дэмий нэтээр сэлгүүцэж цаг нөхцөөх юмгүй. Аливаа зүйл ховор хомс байх тусмаа үнэ цэнтэй, үнэр нь хүртэл нэг л өөр байдгийг бидний үеийнхэн сайн мэднэ.

Энд гар утсаар тоглоод сууж байгаа хүүхэд огт харагдсангүй, зассан талбай эсвэл задгай зүлгэн дээр том жижиг бөмбөг элдээд гүйж яваа багачууд харин элбэг. Ахмадууд нь сонин бариад тонгойн уншиж эсвэл навчин тамхиа асааж баагиулан налайтал ярилцаж суугаа дүр зураг энд тэндгүй.

Нийтийн тээвэр, автобус, такси, амины машин

Нийтийн тээврийн автобус хямдхан. Хүмүүс сүүлийнх хэн бэ? гэж асуугаад эмх цэгцтэй унаандаа сууна. Урдуур зүтгэлээд уурлаж яарсан хүн харагдахгүй. Ер нь кубачууд их л амгалан тайван хүмүүс шиг санагдсан. Тийм бүгчим халуунд байнга л аахилж уухилаад дайраад байвал хэцүүдэх биз. Нэг удаа нийтийн автобусанд нь сууж үзлээ. Хоёр хүн дундаа 1 энгийн песо буюу 24 цент төлөөд хүрэх газартаа буув. Хүүхэд хөгшчүүлд зориулсан суудал тусдаа шар өнгөтэй байдаг юм билээ. Хот хоорондын тээврийн машинд ч сууж үзсэн, үнэ хөлс нь бас л боломжийн.

Харин такси жуулчдыг харахаараа хатуу валютаа л нэхнэ дээ. Улсын хэмээх шар такси гэхэд дотроо ямар ч тоолуургүй гэж байгаа. Очих газрын хаягаа өгөх хөлстэйгээ хамт хэлээд үнэ тохирвол сууж хүргүүлнэ. Хаяг гэснээс гудамжны нэр тэмдэглэгээ ер нь тааруухан талдаа. Очих байрныхаа дугаарыг хажуу талын хөндлөн гудамжны нэр огтлон гарсан хойно урдах хоёр гудамжны нэрийн хамт хэлдэг юм билээ. Хөндлөн гудамж тэгш тоогоор ташуу гудамж нь сондгой тоогоор нэрлэгдэнэ. Хошуурч ирэхээрээ өөр нэртэй ч болж байх шиг мань мэт учрыг нь олох гээд бараагүй. Элдэв хориг саад арилбал Гүүгл мэтийн аварга компани удахгүй Хаванад орж янзлаад өгөх биз дээ. Хэвлэж хувилах үйлчилгээ ч тааруухан болох нь андашгүй буудлын үүдэнд бэлэн зэлэн байдаг хотын газрын зураг гэж юм огт байхгүй. Ганц хэвлэсэн тааруухан зургаа $4 хавьцаа зардаг.

Maps.me хэмээх газрын зураг утсан дээрээ татаж аваад суулгаж бэлдсэн юм. Интернэт холболтгүй үед их хэрэг болсон. Гүүгл компанийн орчуулагч программыг бас татаж суулгасан байсан. Оффлайн үед англиар бичээд ганц дарж орчуулаад үзүүлэхэд ойлгоод хариу бичээд өгөх жишээтэй. Уг нь интернэттэй бол бичих шаардлагагүй амар хурдан эд байгаа юм.

Хижээлдүү насны “ориг” америк, европ жуулчид болохоор 50-60 аад оны сонгодог загварын цэмбийтэл будаж мөлчийлгөсөн дэгжин америк тэрэг хөлслөөд Хаванагийн гудамжаар тоос татуулан, Маликон эрэг, Хозе Мартийн талбай дээр зураг хөрөгөө даруулж навчин тамхи асаагаад хүйтэн мохита шимсэн шигээ чанга чангаар инээд алдан даналзана.

Эхний өдөр гэнэдээд үнэтэй таксинд хэлснээр нь өгч овоо хэдийг үрсэн байх. Гэхдээ их бишээ. Сүүлдээ ах дүү Зөвлөлтийн Лада, Москвич зэрэг хуучин танилууддаа гар өргөн зогсоож үнэ хөлсөө тохиролцоод сурчихаж байгаа юм. Хувь хүмүүст шинэ машин авах эрх тун хязгаартай юм гэсэн. Зөвхөн улсын хэрэгцээнд Францын Пежо, Рено, Солонгосын Хундай, Оросын Лада зэрэг шинэвтэр тэрэг явж байна.

Хуучны муу Ладаг тордож зүлгээд тун сайхан эдлэх юм. 80-аад оны тэрэг гэхэд цэмбэгэр “амьтан” зогсоно. Худалдаж авбал хэд вэ гэж асууж үзсэн $20 мянга хавьцаа дуугарч байна билээ. Хуучин машиныг бол гадаа задгай онгорхой л орхино, түгжинэ энэ тэр бүр байхгүй. Бас 70-80 аад оны Польшийн Фиат гээд манайхаар бол нялх хурганы пүнз шиг хэмжээтэй жижиг тэргэнд гэр бүлээрээ чихээд бас болоогүй дээрээ том ачаа тавьчихсан явж л байна билээ.

Буусан айлын маань том хүү хувьдаа нэг ачааны машинтай. Ирэхээр нь сонирхоод үзлээ. 1951 оны америкийн Шевролет. Мотор нь оригоороо гэнээ, ачааны нум энэ тэр нь мундаг аа. Дотор салондоо Зөвлөлтийн “Сделано в СССР” бичигтэй дохионы хайрцаг сэлбээд угсарчихсан содон харагдав. Эдийн чанар эдэлгээ тордолгоо гэгчийг хараад жолоодож хүртэл үзлээ. Манайд хувьд байтугай музейд ч ховорхон үлдсэн хуучны машин тэрэг энд ингээд зүтгээд явж л байх. Америкт эртний загварын элдэв машиныг шинэ болтол сэлбэж засаад дуудлага худалдаанд оруулж өндөр үнэ хүргэдэг. Авч унаад бие биедээ гангарч гайхуулах дуртай бэлтэй завтай хөгшчүүл зөндөө. Хэрэв хориг саад өөрчлөгдвөл эндхийн ихэнх тэргийг сорчлоод зөөчих солио холио хийх талын бизнес эздээ хүлээгдээд байж л байна. Флоридын эргээс гараад ердөө 90 миль буюу 144 км, зөөврийн том усан онгоц 3-4 цаг хөвөөд хүрчихдэг газар юм байна уг нь.

Ажлын тэрэг гэснээс өнөө муу цэнхэр гуч маань “Зил -130” тэвш дээрээ ажилчид суулгачихсан, ачаа шороо зөөчихсөн нааш цааш давхиж зөрөөд зөндөө таарсан. Одоогийн залуус бол огт мэдэхгүй соц үеийн манай нэгдлийн дарга нарын ганц сайн унаа Б-69 бас л дүрээрээ зогсож байна билээ. Тэр үедээ л Лексус-570 байсан эд дээ. Аавын цээж ч бас ганц нэг таарсан. Уншигч та юу гээч ямар тэрэг болохыг мэдэхгүй бол ааваасаа нэг асуугаад үзээрэй.

Бэлэг дурсгалын захаас боксын клубт

Куба орноор аялаад буцахдаа жуулчид юу авч явдаг вэ. Навчин тамхи, нунтаг кофе, ром архи… за бараг ингээд болж байх шив. Экспортын ихэнх хувийг хуваагаад бүрдүүлдэг хоёр гол түүхий эд хөнгөн цагаан, элсэн чихэр уутлаад явалтай биш. Хотын төвийн шил толь гял цал болсон байранд брендийн барааны хэдэн мухлаг дэлгүүр байсан. Орохоор лангууны цаана хоёр хүүхэн огт тоосон шинжгүй ярилцаж сууна. Улсаас тогтоосон цалингаа л авч байвал бараагаа борлуулах сурталчлах зэрэг энэ хэдэд огт хамаагүй шахуу ажээ.

Харин манайхны Наран туул зах шиг бэлэг дурсгалын худалдааны төв Алмасенес “Almacenes San Jose”-т бол байдал яг эсрэгээрээ. Бэлэг дурсгалын элдэв бараа битүү чихээстэй саравч болгоноос худалдаачид угтан ирээд хэрэг зориг шалгааж үнэ цэнээ өсгөж бууруулан ганц юм ч болов борлуулах санаатай хэрэндээ л элдвээр оролдоно. Энд зарагдаж буй бүх бараа эх орондоо үйлдвэрлэсэн хийсэн гэдэг ам нэгтэй уриатай. Уран зургийн бага шиг галлерейгаас дутахааргүй зарж борлуулах зургийн цуглуулга энд бас бий.

Спортын бараа зарж зогсох үе тэнгийн нэгэн эртэй танилцаад ойр зуурхан хэсэг ярилцлаа. Хозе Гонзалес гэдэг нэртэй англи хэлтэй Колумби гаралтай нөхөр байна. Кубад тэмцээн үзэх санаатай ирээд чадалгүй буцаж буйгаа ч дуулгав. Мань эр лангуугаа хажуугийн хүнд хэлж захичихаад намайг дагуулан ойрхон орших нэг боксын клуб дээр аваачиж сонирхуулав.

Хаванад байдаг хамгийн том боксын клуб засварт ороод одоо эднийх л ганц нээлттэй үлдсэн гэнэ. Энд хичээллэдэг 2015 оны дэлхийн залуучуудын аварга Эрнойл Эрнандес гэгч залуутай танилцаж боксын тухай сайхан яриа өрнүүлсэн.

Батистагийн дэглэмээс Кастрогийн шинэчлэл

Испанийн эзэмшил нөлөөлөлд байх үеийн эртний уран барилга ховор сонин дурсгалын зэрэгцээ тусгаар улс болоод ээлжлэн засаглахдаа Хавана хотдоо барьж босгосон суурь бүтэц, барилга орон сууц, зам харилцаа цагийн эргэлтийг даван үлдэж одоо ч үүргээ гүйцэтгэсээр байгааг олон газар үзсэн. Харин хувьсгал ялаад хагас зуунаас илүү хугацаанд барьж босгосон бүтээн байгуулалт гэх зүйл хэдэн сүрлэг том хөшөө дурсгалын цогцолборыг эс тооцвол тун бага санагдсан.

Хуучин шинэ хотын зах залгаас болдог Президент өргөн чөлөөний зүүн баруун талд сэрийлдэх энэхүү хоёр байшинг хувьсгалын өмнө хойд хоёр үеийн ур хийц яг ингээд зэрэгцэж гээд олзуурхан зураг дарсан юм. Гэтэл нас намбатай нэг биш хүний баталж хэлснээр хоёулаа Батистагийн дэглэмийн 50-аад онд байж л байсан барилгууд болж таарав. Хуучин загварын халтардсан алаг улаан барилга цагтаа тансаг зэрэглэлийн Рояал палас хэмээх зочид буудал байж. Кастрогийн дэглэм нэг өдөр нийгэмчлэлд шилжүүлж нийтийн орон сууц болгоод өнөөдрийг хүрсэн өнгө төрх нэг иймэрхүү.

Орчин цагийн хэлбэр хийцтэй харагдах нөгөө нэг өндөр бас л хувьсгалаас өмнө чинээлэг давхаргын байр байгаад хураагдан засаж сэлбэгдсээр одоогийн төрхөө олж оюутны нийтийн сууц байрладаг ордон болсон нь энэ. Оюутнууд гэснээс Кубын их дээд сургуульд элсэгчид төгсөгчид хүн амд оногдох тоогоороо дэлхийд дээгүүрт ордог. Боловсрол сургууль, эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй цөөн орны нэг. Монголоос хэдэн сарын өмнө Кубын эмнэлгийн үнэ төлбөргүй үйлчилгээний тухай тусгайлан нэвтрүүлэг хийхээр сурвалжлах баг ирж ажиллаад буцсан сурагтай байсан өдийд лав бүрэн мэдээлэл бэлтгэж хүргэсэн биз ээ.

Фидель Кастрогоор удирдуулсан босогчид хэдэн жилийн партизаны тэмцлийн үр дүнд хуучин дэглэмийг унагаан 1959 онд Кубын төрийн эрхийг бүрэн гартаа авчээ. Марксист чиг баримжаатай хувьсгалчдын хийсэн эхний алхам гаднын хөрөнгө оруулалт эзэмшигчтэй үйлдвэр завод, байр сав, үндсэн хөрөнгийг хуу хураахын хамт банк санхүүгийн системийг улсын мэдэлд шилжүүлэн, хөдөө аж ахуй, газар тариаланд шинэчлэл хийж эхэлснээр ард олны дэмжлэг хүлээн социалист Куба орон үүссэн түүхтэй.

Нөгөө талаар Батистагийн дэглэмийн үед арав гаруй сая хүнтэй арлын энэ улс баян ядуугийн ялгаа дэндүү гаарч латин америктаа хамгийн том зугаа цэнгээний бордель, бохир мөнгө угаах гүүр улс болж хувирсан байв. Мөнгө дагаад гадна дотнын мафийн хүчтэй том сүлжээ энд үүрлэн тэр үеийн олигархууд орд баялагт эзэн сууж ордон харшуудаа ч ирийтэл барьж босгон хөрөнгө мөнгөөр цутгаж байсан нь мэдээж.

Хувьсгал баян ядууг хүчээр тэгшитгэн Америк тивд социализмын туршилтын тулах цэг ийнхүү үүсжээ. Хагас зуун жил дэлхийд үргэлжилсэн хүйтэн дайны сөргөлдөөн, хоёр системийн дайсагнал дуусаж Куба оронд амь бөхтэй тогтносон Кастрогийн үзэл суртлыг дүү Раул залгамжилсан ч өөрчлөл шинэтгэлийг эхлүүлэх сонголт зааг дээр арга байхгүй тулж иржээ. Харин одоо эд нар маань хаашаа ямар замаар хэрхэн яаж явах нь вэ.

Хэмингуэйн хүрэл хөшөөний дэргэд

Хотын төв талбайд хосгүй хийц загвартай сэргээгдэж сэлбэсэн, сэхээ авхааргүй нурмайж нурах шахсан барилгууд зэрэгцэх нэгэн уулзвар бий. Энэ буланд 1817 онд нээгдсэн Эль-Флоредита нэртэй эртний түүхт нэгэн жижиг уушийн газар хэзээнээс жуулчдын хөлд дараатай байдаг. (Зураг дээрх улбар ягаан оройтой). Учир нь Нобелийн шагналт нэрт зохиолч Эрнест Хэмингуэй “Ernest Hemingway” өтөл насандаа Кубын эрэгт суурьшин арван хэдэн жил амьдрахдаа ийшээ байнга зорин ирж хатуу ундаа ханатлаа татаад тухлан суудаг байж. Хүрэлээр цутгасан хөшөөний дэргэд их зохиолчийн хүртэх дуртай байсан дайкири нэртэй ундааг захиад ууж бас үзэв.

Зохиол бүтээлийг нь зоргоороо унших боломж бидний үед байгаагүй ч “Өвгөн тэнгис хоёр”, “Зэр зэвсэг минь баяртай” зэрэг роман монгол хэлнээ аль хэдийн орчуулагдсан байсныг санаж байна. Өвгөн зохиолчийн хөшөөг үзэж зогсох зуураа дөтлөн очиж сэмхэн асуув.

Та яагаад энэ орныг сонгон суух болов?

Хүн зон нь шударга шулуун, амар амгалан…

Та юунд цаг бусаар хорвоог орхих болов?

Ирээд хийдгээ хийлээ, буцах цаг болоод…

Америкийн алдартай зохиолч насны нар хэвийх үедээ энэ орныг сонгож эцсийн мөчид ийм бодлоор өөрийгөө егүүтгэсэн ч юм билүү. Эдийн засгийн элдэв саад бэрхшээлтэй ч ард зон нь амар амгалан орон юм билээ. Хаалт хориг тавигдаж задарлаа гэхэд хөрөнгө мөнгөний урсгал дагаад тахал мэт тархаж халддаг идэж уухын их шунал, хүн чанарын доройтол, ёс суртахууны элдэв гажуудалд авталгүй шиг хөгжин дэвшээсэй энэ улс.

Амьд дуу хөгжим эгшиглэхгүй Кубын ямар цэнгээний газар байх вэ. Флоридита баарны хөнгөн аялгуу, хүмүүсийн яриа, инээд хөөр, чимээ шуугианыг их зохиолч эргэцүүлэн ширтсээр байрандаа үлдлээ.

Куба дахь Монгол Улсын ЭСЯ

Манай улс Кубын хувьсгалаар тогтсон социалист засгийг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг. Хавана хотноо ЭСЯ-аа байгуулаад олон жил болжээ. Элчин төлөөлөгчдийн газрууд төвлөрдөг Мирамар дүүрэгт байрлах ЭСЯ дээрээ зорьж очлоо. Элчин сайдын үүргийг түр гүйцэтгэж буй Амарсайхантай уулзаж аялж яваагаа дуулган ойр зуур ярилцан суув.

Энэ байранд 1982 онд нүүж орсон юм байна. Хувьсгалаас өмнө бас л Батистагийн үед хөрөнгө чинээ, язгуур угсаатай франц хөгшний ордон байсан, гоёмсог ногоон мод зүлэг тойруулсан усан сантай хоёр давхар сүрхий байшин дүнхийнэ. Дотоод тохижилтоо ч гайгүй сайхан болгож. Элчин сайдын суух өргөө гээд өөр нэг байр ойрмогхон тусдаа бий гэсэн.

Үүдэндээ мэдээж харуултай, яаман дотроо нарийн бичиг, жолооч туслах, тогооч, үйлчлэгч, цэцэрлэгч зэрэг 5 орон тоон дээр дан Куба хүмүүс ажиллуулдаг ажээ. Эндхийн жишгээр цалин мөнгө өгдөг болохоор ирдэг төсөвтөө тааруулж хүргээд байдаг бололтой.

Харин гадаа хашаа хороо, хаяг үзэмжээ манайх арай сайжруулмаар санагдав. Тогтсон стандарт дүрэм журам ямар болохыг сайн мэдэхгүй, зам зуур таарсан өөр улс орны элчингийн үүд савтай харьцуулаад ийм бодол орж ирсэн.

Элчингийн үүргийг түр орлон гүйцэтгэгч маань хоёр орны эртний харилцаатай холбогдсон түүхэн баримтуудыг архив шүүж нэгтгэн нийлүүлээд хамтарч нэг баримтат кино хийх, Токиогийн олимпод оролцох Кубын боксын шигшээ баг тамирчдын олимпын өмнөх бэлтгэлийг Монголд хийлгэх зэргийг судлан холбогдох байгууллагатай харилцах бодолтой тухайгаа ярьсан нь чихэнд чимэгтэй мэдээ байлаа.

Кубад суралцагч монгол оюутнууд

Хуучин системийн үеэс анагаах ухаан тэр дундаа шүдний эмч, мал эмнэлэг, испани хэл, биеийн тамир спорт, биотехнологи зэрэг чиглэлээр Кубад голлон суралцдаг байсан уламжлал хэвээрээ үлджээ. Одоогоор 17 оюутан дээрх чиглэлд Монголоос суралцаж байгаагийн ихэнх нь охид. Элчин сайдыг орлогч Амарсайханд ганц өдөр хөлслөн орчуулга хийлгэх гайгүй хэл устай нэг оюутан олж өгөөч гэсний дагуу өгсөн утсаар нь анагаах ухааны чиглэлээр Матанза хотноо суралцдаг Л.Санжаажамцтай холбогдон амралтын өдрөөр нь тааруулж дуудлаа.

Гадаад оюутнуудыг эхний жилдээ хэлний бэлтгэлд Хаванад байлгаад өөр хот дүүрэгт байрлах их дээд сургуульд шилжүүлэн суралцуулдаг юм байна. Өмнө ирсэн  монголчууддаа орчуулгад явж байсан туршлагатай сүрхий нэг хүү Баасан гарагийн үдэш хүрээд ирэв. Оройн хоолонд оронгоо хичээл сургууль аж амьдралын талаар нь хэсэг яриулж маргааш очих газар, уулзах хүн, хийх яриа зэргээ төлөвлөн хэлэлцэж хонов.

IMG_0324[1]

Анагаахын чиглэлээр 4-р курсд суралцдаг Санжаа дүүгийн испани хэл яриа сүрхий зүгширсэн бололтой. Буусан айлын маань хоёр хөгшин магтаад урамтай. Монгол оюутнууд ЭСЯ дээр цугларч уулздаг нэгдсэн арга хэмжээний үеэр яамнаас өгдөг нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс ($100) өөр манай талаас цалин стипенд гэж өөр юм үгүй аж. Кубын засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр, оюутны байр, өглөөний цай, үдийн хоолыг суралцаж буй сургуулиас даадаг, сардаа ойр зуурын  хэрэгцээнд 100 энгийн песо буюу $4 ирдэг нь хаанаа ч хүрдэггүй гэв. Бусад бүх зардал эцэг эх, ар гэрийн нуруун дээр явж таараа юм байна.

Мэдээж гадуур ажил хийх эрх, боломжгүй, хийлээ ч хэр юм олох билээ гээд зовлон зөндөө. Хааяа монголоос ирж буцдаг шийдвэр гаргагч, эрх бүхий хүмүүст хэлж дуулгаж хэсэг бүлгээрээ нийлж албан хүсэлт гаргаж байсан ч сонссон үедээ – Хөөх тийм үү, цаашаа ярьж хэлнэ, судална шийднэ… гээд таг болдог бололтой. Уг нь бид бүгдээрээ төгсөж очоод улсдаа л хэрэгтэй тустай ажил хийнэ шүү дээ гэсэн тэдний үгийг холбогдох газрууд анхааралдаа аваасай.

Монголын сэтгүүлч 45 жилийн өмнө шууд сурвалжлага хийж зогссон газар

БНМАУ гэж байх үед Юмжаагийн Цэдэнбал дарга тэргүүтэй манай нам засгийн төлөөлөгчид тэр үеийн хэллэгээр ах дүү социалист Куба оронд албан ёсны найрсаг айлчлал хийжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явсан Монцамэ агентлагийн сурвалжлагч Х.Чулуунгомбо Хавана хотоос шууд нэвтрүүлэг бэлтгэн, монгол телевизээр тив далай алгасан тэр үедээ хаа холын нутаг Карибын тэнгисийн хөвөөнөөс хийсэн анхны мэдээ гарч байсан түүхтэй.

Яг тэр цагаас хойш 45 жилийн дараа ганц охин Ч.Халиун нь аавынхаа нэвтрүүлэг хийж зогссон тэр газрыг олж үзэхээр авч явсан фото зургаараа баримжаалан хайж, бид нэлээд явлаа. Эхлээд ЭСЯ дээр энэ учраа хэлтэл нэг хаяг өгөөд тоосон шинж алга, яах вэ яваад очлоо, яагаад ч биш юмаа. Ганц хуучин фотогоо баримжаа болгон таарсан ахмад хүмүүст үзүүлээд асууж сураад төстэй ойролцоо байр хашаа олдовч багана цонхны байрлал зэрэг ямар нэг хэсэг нь зөрөөд яг таарч өгөхгүй нэлээд явцгаав.

Маргааш нь интернэтэд холбогдоод имэйл шалгатал том охин Ану ээждээ зурвас мессэж видео бичлэгийн хаягтай хамт илгээсэн байв. Одоогоос 3 жилийн өмнө нэгэн америк аялагчийн хийсэн Хавана хотын дипломат дүүрэг гэх бичлэг дээр яг тэр байр зурвасхан гараад өнгөрөхийг харжээ. Интернэт гэгч агуу боломж юм. Хажууд нь зорьж ирээд хайгаад эрж явтал хаа холын Америкт интернэтээс олчихдог.

Бичлэгийн дагуу байрлал хөөсөөр тэр байшин хашаанд ирэв. Хоёр жилийн өмнө Мароккогийн ЭСЯ нүүж ороод цагаан өнгөөр шинэчлэн буджээ. Хуучин хийц, хаалга цонх, дээвэр туурга, хашаа саравч бүх юм таарч байна шүү. Хажуугийн айл хөршүүдээс хаширлаад лавлаж хуучин зургаа ч үзүүлэв. Тиймээ, энэ байшин мөн, элчин ороод ийм өнгөтэй болсон гэх. За ингээд зорьж ирсэн бас нэгэн ажил биелж 45 жилийн өмнө цэл залуухан аавынхаа сурвалжилга хийгээд зогсож байсан тэр газрыг охин нь олж очоод дурсгалын зураг татууллаа. Байшин байрандаа яг хэвээрээ, цаг хугацаа гэгч цахилсан мэт хурдан юм.

Хотын төвд домогт Битлз хамтлагийн ахлагч Жон Ленноны нэрэмжит парк бий. Очиж сонирхлоо, 2000 онд Фидель Кастрогийн санаачилгаар барьсан хүрэл Ленноны хөшөөнд зүүлттэй дугуй шилийг тэсгээдэггүй нь үнэн юм байна. Үүргэвчтэй аяллын Ганхүү хоёр жилийн өмнө ирэхдээ шил зүүгээд орхиж байсан санагдана. Мэдээж тэр доороо сураггүй болсон байх. Нарны шилээ зүүж үзсэн тохирохгүй янзтай тул үлдээсэнгүй. Ленноны алдарт Имайжн дууны бадгаас испани хэлнээ орчуулаад Dirás que soy un soñador pero no soy el único гэж дэргэд нь шивжээ. Утга нь – Намайг та нар хоосон мөрөөдөгч гэж бодож байна уу, тэгвэл тэр нь ганц би бишээ…

Олимп дэлхийн аваргыг олоод уулзаж чадлаа

Аралын Кубын алдар нэрийг дэлхийд мандуулан төрийнхөө далбааг олонтой өргүүлж байдаг спортын нэг төрөл бол бокс билээ. Кубын боксчдын их амжилтын үндэс мэдээж эцэж цуцалтгүй хөлс хөдөлмөр, хатуужил тэсвэр, чин зориг бөгөөд хаа ч явсан ялалтын төлөө тэднийг үргэлж ирлэн хурцалдаг гал халуун эх оронч үзэл санаа байдаг. Ийм л боксчдын өлгий нутагт 1968 оноос эхлэн “дошин“ дээрээ хагас зуун жил бараг тасралтгүй зохион явуулж ирсэн түүхтэй олон улсын тэмцээн Хиралдо Кордоба Кардин үзэхээр зорьж гарсан боловч ирэх жилийг хүртэл хүлээхээс аргагүй болов. Үүний зэрэгцээ өөр төлөвлөгөө бас байлаа.

1980 оны Москвагийн олимпын рингэнд гавьяат тамирчин, Ази тивийн хошой аварга Г.Батбилэгтэй, 1984 оны Хаванад хотноо явагдсан бага олимпын финалд манай гавьяат, Сөүлийн олимпын хүрэл медальт Н.Энхбаттай учраа таарч тулалдаж явсан Олимп дэлхийн хошой аварга Анхель Эррера гэгч мундаг боксчныг чадвал олж уулзах бодол өвөрлөн бэлтгэсэн байв.

Видео камер, суурь хөл, гайгүй микрофон зэрэг техникийн бэлтгэлээс гадна Монголд болсон Ази тивийн аваргын дурсгалын алтан медаль, монголын сүлдтэй боксын жижиг бээлий, хайрцагтай Соёмбо архи, монголын сүлдтэй майк, авгай хүүхнүүд ач зээ нарт нь тараах алчуур зүүлт, чихэр жимс хүртэл хэрдээ овоо юм тээж очсоны хэрэг бас гарсан. Аварга боксчны гэрт саатан ярилцлага авах завшаан ийнхүү таарч санасан хэрэг саадгүй бүтэв.

Хаа хол Матанза хотоос хүрч ирээд Гуанабо хамт орж Анхел Эррератай уулзсан ярилцлагыг маань шууд орчуулан хэлмэрчилж үйлчилсэн анагаахын 4-р курсын оюутан Лхагвасүрэнгийн Санжаажамц дүү болоод Хавана хотноо суугаа Монгол Улсын ЭСЯ-ны элчин сайдын үүргийг түр хамаарагч Амарсайхан нарт талархаж буйгаа энэ дашрамд илэрхийлье!

Баяртай, Куба орон!

Аралын орноор хэсэг тэнэсэн аялал өндөрлөж буцах боллоо. Найз нөхдөдөө амтлуулж амсуулахаар навчин тамхи, ром архи, нунтаг кофе хэдийг авч уутлав. Үзүүлж харуулах фото зураг, видео бичлэг хэрдээ овоо дарсан. Уулзсан, очсон үзсэн харснаа сийрүүлж буулгахаар дотроо эргэцүүлсэн шиг явлаа. Хамгийн хүндтэй, олзтой тээш маань алдартай боксчны амьд яриа, гарын үсгээ зураад өгсөн дурсгалын алаг бээлий байв.

Төрийн шагналт Долгорын Нямаа агсан 70−аад оны дундуур Хаванад Ази Африк Америк тивийн зохиолчдын хуралд оролцож явахдаа – Хөлөг онгоцны хитэг түшин зогсоод хөх тэнгэрийн эх орноо санагалзан… байж тэрлэсэн Атлантын шөнө хэмээх алдартай монгол шүлгийн

Нутагт минь өдийд наран мандаж

Нуурууд сэрж шувууд чуулж байгаа

Атлантын зоо шиг тэгш талын дунд

Адууны бэлчээрт унага цахилаж яваа…

гэсэн яруу мөрүүд онгоц хөөрч Атлантын далайг тэнгэрээс тольдохуй сэтгэлээс сэмхэн ургаж нүдний өмнүүр зурайж ирснээ мөнгөн хүлгийн цонх нэвтлэн холдон холдсоор тэртээ дор тэнгисийн их хөх усны мандал дээгүүр хөвөх сэмжин үүлтэй нийлээд угалзлан сунайсаар зориулж бичсэн их ус дайддаа уусан шингэх мэт үлдлээ.

Баяртай! амар амгалан Куба орон, эргэн зочлох цаг дахиад ирэх буй за.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.24.74) 2020 оны 04 сарын 06

Saihan sonin aylal boljee.Tand ammjilt hysue

2  |  0
Top