Элэгний өвчнөөс хамгаалахын тулд ЗААВАЛ МЭДЭХ ЗҮЙЛС

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

Жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын гишүүн орнууд Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан энэ жилийн өдрийг “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран өнөөдөр /2019.07.26/ орон даяар зохион байгуулж байна. Хепатиттай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд өдөрлөг зохион байгуулж, элэгний өвчлөлөөс хамгаалах, сэргийлэх бүх төрлийн зөвлөгөө, мэдээлэл өгч, оношилгоо, шинжилгээ явуулж байна. 

Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдөрт зориулан УНТЭ, Гастроэнтерологийн төвөөс гаргасан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.


ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр 325 сая хүн вируст хепатитын халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.4 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Монгол Улсад хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог. Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна.

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд 840 мянган хүн үзлэгт хамрагдаад байна. Хүн бүхэн хепатитын вирүсийн халдвартай эсэхээ шалгуулах хэрэгтэй.

Элэгний өвчний шалтгаанаар Монгол Улсад жил бүр 2500 орчим хүн нас барж байгаа нь нийт нас баралтын ойролцоогоор 15 хувийг эзэлж байна. Нас баралтаас гадна хепатитын В, С, Д вирүсийн халдвар авсан 300 орчим мянган хүн, илүү жингээс үүдсэн элэгний өөхжилттэй олон зуун мянган хүн байгааг тооцвол элэгний өвчин нь монголын айл, өрх бүрт хамаатай чухал сэдэв юм. Эдгээр өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, өвчилсөн бол ямар арга хэмжээ авах талаар мэдлэгийг аль болох олон хүнд хүргэх нь чухал асуудал болоод байна.


УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ БУЮУ ВАКЦИНЖУУЛАЛТ
 

Урьдчилан сэргийлэх тал дээр манай улсад шинжлэх ухаанд байдаг бүх сэргийлэх боломжууд нь байна. Тухайлбал, Хепатитын В вирүсийн вакциныг нийт нярайн 98%-д нь төрснөөс 24 цагийн дотор тарьж байна. Хэрэв эх нь В вирүсийн идэвхижилтэй бол нярайд төрсөн даруйд иммуноглобулин тарих шаардлагатай ба эмэгтэйчүүд хөл хүндтэйгээ мэдсэн даруйд жирэмсэний хяналтанд орсноор дээрх урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах боломж бүрдэнэ.

Эндээс эх болгон жирэмсний хяналтандаа хамрагдахын зэрэгцээ, хүүхдүүд бүх товлолт вакцинаа хийлгэх нь ямар чухал болох нь тодорхой байна. Вакцин 10-15 жилийн хугацаанд дархлаа өгдөг гэж зааварт нь дурдсан байдаг. Гэвч найдвартай байх үүднээс 7-10 жилийн дараа үйлчилгээг нь дахин шалгах хэрэгтэй. Үүнийг anti-HBs гэх үзүүлэлтийг тоогоор шалгах замаар тодруулах бөгөөд энэ шинжилгээг улсын болон хувийн лабораториудад харьцангуй хямд үнээр хийлгэх боломжтой. Хэрэв үзүүлэлт хангалтгүй нь илэрвэл (anti-HBs<10 бол) давтан 3 тунт вакциныг тариулах шаардлагатай.

Хепатитын С вирүсийн эсрэг вакцин одоогоор шинжлэх ухаанд байхгүй байна.


В, С, D ВИРҮСТЭЙ БОЛ...
 

Монгол Улсын хүн амын 10 хувь нь хепатитын ямар нэг вирүсийн халдвартай гэсэн судалгааны дүн байдаг. Эдгээр 300 орчим мянган хүнийг өвчний эрт шатанд эмчлэх, эмчийн хяналтанд оруулах шаардлагатай байгаа ба үүнтэй холбоотой насанд хүрэгчдэд зориулсан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд цусанд В, С вирүсүүдийн маркерыг үзэх, хэрэв халдвар авсан байж болзошгүй бол вирүсийг 2 удаа тоолохын зэрэгцээ, хэрэв халдвар батлагдсан бол вирүс устгах, дарангуйлах эмүүдийг эмчийн хяналтан доор уулгах арга хэмжээг авч байна. Энэ бүх оношлогоо, эмчилгээний зардлыг төрөөс дааж байгаа юм. Эдгээр тусламж үйлчилгээг хүртэхийн тулд иргэн өрхийн эмнэлэг дээрээ очиж цусны шинжилгээ өгөхөд л хангалттай ба бусдыг нь эмч, сувилагч нарт даатгах боломжтой. Дээрх хөтөлбөрт 2019 оны долоодугаар сарын 1-ний байдлаар нийт 840 мянган хүн хамрагдсан байгаагийн цаана олон зуун мянган хүн хамрагдаагүй байна гэсэн үг.

Иймд үнэгүй шинжлүүлэх, эмчлүүлэх боломжоо ашиглахыг иргэдэд уриалж байна.

Хепатитын С вирүсийг устгадаг эм Монголд эмчилгээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байна. Үүний ачаар энэ вирүсийн гаралтай элэгний хатууралтай, дутагдалтай, хавдартай, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон хүний тоо эрс цөөрсөн. Зарим нэг л тохиолдолд эмээ дутуу уусан, уугаагүй, вирүс ээ тоолуулж эмчийн хяналтанд ороогүй тохиолдлууд байна. Тийм учир өрхийн эмч дээрээ очиж шинжилгээгээ өгөхийг зөвлөж байна.

Хепатитын В вирүсийг дарангуйлдаг өндөр үр дүнтэй хэд хэдэн төрлийн эм Монголд эмчилгээнд нэвтэрсэн. Эдгээр эм нь вирүсийг устгадаггүй, зөвхөн дарангуйлдаг учир ихэнх тохиолдолд бүх насаараа уух шаардлагатай болдог. В вирүсийн халдвартай хүмүүс зарим тохиолдолд бас Д вирүсийн халдвар авсан байдаг. Тийм учир В вирүсийн халдвар нь батлагдсан бол Д вирүсийн шинжилгээнүүд заавал өгөх хэрэгтэй болно. Олон жил В вирүсийн халдвартай явсан хүнд В вирүс нь “унтаа” болоод Д вирүс нь үлдсэн байдаг. Одоогоор эмчилгээнд зөвшөөрөгдсөн Д вирүсийн эм байхгүй учир давхар халдвартай хүмүүс эмчийн хяналтанд тогтмол байж хүндрэл гарсан үед нь эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг.

Элэгний өвчин ихэнх тохиолдолд зовиургүй байдаг. Хүндэрсэн үедээ хүмүүс “ядарч байна, байнга унтаад баймаар байна, нойр солигдож байна, буруу зөрүү ярьж байна” гэсэн зовиурууд хэлдэг. Эдгээрээс гадна зарим хүндэрсэн тохиолдолд шарлах, хэвлий устах, хөл хавагнах, арьсан дээр аалзан хэлбэртэй улаан толбо гарах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Зовиур, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Илрээгүй байсан ч гэсэн вирүсийн халдвартай бол 3-6 сар тутамд биохимийн шинжилгээ өгөж, хэвлийн эход харуулж, элэгний хавдрын маркераа шалгуулж байх хэрэгтэй.

Хатуураагүй элэгний суурин дээр ч, халдвартай л бол, хавдар үүсэх тохиолдол байдаг.



ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГАА
 

Элэгний өвчний дээрх хүндрэлүүд илэрсэн тохиолдолд элэг ээнэгшил алдагдаж байна гэж үзнэ. Хүн болгоны өвчиний хурд мэдээж өөр өөр байдаг, гэхдээ элэг шилжүүлэн суулгахаас нааш өвчин даамжирна уу гэхээс эрүүл болохгүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Элэг шилжүүлэн суулгахад тодорхой заалт гэж байх ба заалт хэтрэх, заалтандаа хүрээгүй байх тохиолдлууд гарна. Монголд одоогийн байдлаар Улсан Нэгдүгээр Төв Эмнэлэг, Хавдар Судлалын Үндэсний Төв гэсэн 2 эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна.

Монгол Улсад нийтдээ 30 хагалгаа хийх зардлыг улсаас жил бүр төсөвлөдөг: Үүнээс УНТЭ-д 24, ХСҮТ-д 6 хагалгаа хийхээр байна.

Энэ эмчилгээний хамгийн чухал хэсэг нь элэгний донор байгаа эсэх байдаг. Хуулиараа донор нь 25 нас хүрсэн, эрүүл, гэр бүлийн гишүүн байх ёстой байдаг учир элэг шилжүүлэх эмчилгээнд орох гэж байгаа хүн эхлээд гэр бүлийнхэнтэйгээ сайтар ярилцах хэрэгтэй байдаг. Хэрэв донор болж болох хүн байгаа бол хоёулаа 30 орчим шинжилгээ өгөх хэрэгтэй болдог. Эдгээр шинжилгээ бүрдсэн нөхцөлд эмч нарын хурлаар хагалгаа хийх эсэхийг эцсийн байдлаар шийднэ. Хэрэв гэр бүлийн гишүүд дундаас донор байхгүй бол кадавр донорын жагсаалтанд бүртгүүлэх боломжтой байдаг. Энэ нь тархины үхэлтэй хүнээс, ар гэр нь зөвшөөрвөл элэг, бөөр, нойр булчирхай гэх эрхтэнийг нь өөр хүнд шилжүүлэн суулгахыг хэлж буй юм. Монголчуудын итгэл үнэмшилээс шалтгаалаад ийм донорын тоо одоогоор харамсалтай нь цөөхөн байна. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгал 85 хувь хүртэл даадаг. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний нийт өртөг нь монголд 100 сая орчим төгрөг байна. Даатгалын хөнгөлөлт хасагдаад, өвчтөн өөрөө 10-15 орчим сая төгрөгний зардал гаргах шаардлагатай болно. Гэхдээ эмнэлэгээс гараад гарах эмчилгээ, шинжилгээ, эмний зардалыг заавал нэмж тооцоолох хэрэгтэй ба эхний жилдээ 10 сая орчим төгрөг төлөвлөж бэлдэх хэрэгтэй гэж зөвлөж байна.

Хагалгааны үр дүнд баталгаа гаргах уу гэж хүмүүс олон асуудаг. Эмч нэг өвчтөний эмчилгээ, хагалгаанд баталгаа гаргахгүй. Гэхдээ УНТЭ дээр хийгдсэн 79 хагалгааны дунджаар харахад элэг шилжүүлэх эмчилгээнд орсон хүмүүсийн 90 хувь нь доод тал нь хагалгаанаас хойш нэг жил амьдарсан байдаг. Энэ нь гадаадын туршлагатай төвүүдийнхтэй харьцуулахуйц үр дүн юм. Гэлээ гээд энэ эмчилгээ хүндрэлгүй гэсэн үг биш. Гол гарч болох хүндрэл нь цөсний замын нарийсал байдаг. Гадаад туршлагатай эмнэлэгүүдэд энэ хүндрэлийн тохиолдол 2-16 хувь хүртэл хэлбэлздэг. Хагалгаа хийж байгаа эмчийн туршлагаас ихээхэн шалтгаалдаг гэсэн үг.



ТАРГАЛАЛТ БА ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛ
 

Вирүсийн аюул аажим холдох тусам түүнд халхлагдаж байсан дараагийн нэг элэгний өвчинд анхаарал хандуулах цаг болж байна. Энэ нь таргалалтын улмаас үүсч байгаа элэгний үрэвсэл юм. Монголчуудын талаас илүү хувь нь илүү жинтэй, тэдний дийлэнх нь элэгний өөхжилттэй байгаа. Өөхжилттэй элэгний багагүй хувьд нь элэгний эсийн задрал явагдаж байдаг. Олон жил үргэлжилвэл энэ явц нь элэгний хатуурал, цирроз, цөөн тохиолдолд хавдар ч үүсэх магадлатай. Сүүлийн үеийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийн тайлангаас хархад шалтгаан тодорхойгүй буюу элэгний өөхжилтөөс үүссэн элэгний үрэвслийн тоо нэмэгдэж байна. Элэгний өөхжилтийг бууруулах хамгийн чухал алхам бол биеийн жинг бууруулах байдаг. Биеийн жингийн 5-8 хувийг хасхад л элэгний өөхжилт дорвитой буудаг талаар судалгаанууд бий. Үүнээс гадна Монголчууд амьдралын хэв маягаа өөрчилж хөдөлгөөн нэмэх, мах, цагаан гурил, чихэрлэг хүнсний хэрэглээг бууруулж байж элэгний өөхжилтийг бууруулна.

Турах зорилгоор янз бүрийн цай, хүнсний нэмэлт, эм хэрэглэлгүйгээр хөдөлгөөнөө нэмж, хүнсний илчлэгээ бууруулсанаар аажим, эрүүл хэлбэрээр жин хасах нь маш чухлыг санана уу.

Элгэнд муугаар нөлөөлдөг олон хүчин зүйл байна: вирүсууд, спиртийн хэт хэрэглээ, өөхжилт, эм, дархлааны өвчин гэх мэт. Эдгээрээс ихэнх нь хувь хүний хувийн сонголтуудтай холбоотой. Хувь хүнээс тэр бүр шалтгаалаад байхгүй вирүсийн асуудал дээр ч гэсэн урьдчилан сэргийлэлт, илрүүлсэн халдварын эмчилгээ, санхүүжилтийн асуудал, төгс биш ч гэсэн шийдэгдэж  байна.

Өрхийн эмнэлэг дээр В, С вирүсын илрүүлэх шинжилгээгээ өгөөрэй. В вирүсийн халдваргүй бол вакцин тариулаарай. Вакцин 7-10 жилийн өмнө тариулсан бол хамгаалалтыг нь anti-HBs тоогоор шалгуулаарай. С вирүсийн халдвартай бол эмийг нь уугаарай, В болон Д вирүсийн халдвартай бол эмчийн тогтмол хяналтаа заавал хийлгэж байгаарай. Шинжилгээгээр элэгний үзүүлэлтийн өөрчлөлттэй гарсан бол элэгний өөхжилттэй байх магадлал өндөр. Тийм бол жингээ хасаж, эрүүл хооллох хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (150.129.142.38) 2019 оны 07 сарын 26

С вирусийн эмийг нь авах гээд очсон бас төлбөртэй шинжилгээнд орох шаардлагатай тэр шинжилгээг хувийн эмнэлэгт л хийдэг. Тэтгэвэрийн бидний мөнгө хүрэхгүй юм билээ.

0  |  0
Top