SOS: 22 хүн хордсон хавчуургатай талхыг орон сууцанд бэлтгэжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдээс кимбаб, пирожки, ороомог, сэндвич зэрэг бүтээгдэхүүн худалдан авч идэхгүй байхыг анхааруулж байна.

Учир нь өнгөрсөн амралтын өдөр /2019.07.18/ Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д ТҮЦ-т худалдаж байсан хаяг, шошгогүй хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч хэрэглэсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор хүргэгдэн ирж, заримынх нь биеийн байдал муудсан юм. 

Түргэн үйлчилгээний цэгт хүнсний бүтээгдэхүүн зарах хориотой гэдгийг мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүд анхааруулж байна. Түргэн үйлчилгээний цэгээс сэндвич авч идээд хордсон иргэдийн асуудлаар НИХГ-ын дэд дарга С.Даваасүрэнгээс тодрууллаа. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт буюу долоодугаар сарын 18-ны өдөр сэндвич буюу өндөг, хиамтай талх худалдан авч идсэний улмаас хордлого авсан гэсэн мэдээлэл ХӨСҮТ-ээс ирсэн. ХӨСҮТ-ээс ирсэн мэдээллээр 22 хүн өвдсөн байсан. Иймд тухайн иргэдээс хаанаас, ямар төрлийн бүтээгдэхүүн худалдаж авсныг тодруулахад “Тэнгис” кино театрын урд байрлах ТҮЦ, Хүүхдийн урлан бүтээх төвийн урд байрлах ТҮЦ, Багшийн дээдийн урд байрлах ТҮЦ, "Бөхийн өргөө"-ний урд байрлах ТҮЦ-ээс авсан сэндвич буюу талхан дээр шарсан өндөг, хиам тавьсан бүтээгдэхүүн худалдаж авсан байсан. Үүний дагуу үлдэгдэл бүтээгдэхүүнийг хурааж, устгалд оруулсан ба бүтээгдэхүүнээс дээж аван, шинжилгээнд өгсөн. Одоогийн байдлаар хариу гараагүй байна. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн газарт шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрсэн. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулахад харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй боловч тэр газар бүртгүүлээгүй байсан. Мөн хаяг, шошгогүй бүтээгдэхүүн худалдсан, орон сууцанд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэсэн ийм зөрчил илэрсэн" гэлээ. 

Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн харьяат иргэн Т, Т нар хиам, өндөгний хавчуургатай талхыг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, "Гэрэлт" СӨХ-ийн байранд оршин суугч иргэн А-гийн гэрт бэлтгэж тараасныг илрүүлж, тус бүтээгдэхүүнийг устгалд оруулсан байна.

Мөн ТҮЦ-үүдэд тарааж, худалдаалж байсан хавчуургатай талхыг хураан авч, зохих журмын дагуу устгаж, Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
 

Өнөөдрийн байдлаар /2019.07.23/ ХӨСҮТ-д 20 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан нэг хүн даваа гарагаас энгийн тасагт шилжжээ. Дээрх хугацаанд бусад шалтгаанаар 20 хүн хоолны хордлого, халдварын тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар ХӨСҮТ-ын эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулсан юм.

Тэрбээр "Долоодугаар сарын 18-22-ны өдрүүдэд ХӨСҮТ-д хордлого авсан хүмүүс ирсэн. Тэдгээр иргэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ТҮЦ-үүдэд худалдаж байсан сэндвич буюу өндөг, хиамны хавчуургатай талх авч идсэнээс үүдэн хоолны хордлого, халдварын шинж тэмдэг илэрсэн гэсэн зовиуртайгаар байсан. Иймд мэдээлэх, ажиллах журмын дагуу яаралтай МХЕГ, НМХЕГ-т мэдээлсэн. НМХГ-ын байцаагч, ХӨСҮТ-ийн үзлэгийн эмч, лаборатори эмч, тархвар судлалын эмч нараас бүрдсэн баг гаргаж, бямба, ням гарагуудад яаралтай арга хэмжээ авч, ажиллалаа. Тухайн бүтээгдэхүүнээс идсэн 20 гаруй хүнээс тандалт судалгаа авахад хавчуургатай талх идсэн нь илэрсэн. Одоогоор хордлого авсан бүтээгдэхүүнийг холбогдох чиглэлээр шинжилгээнд хамруулаад байна. Хордсон 20 иргэнээс нян судлалын шинжилгээ авсан. Хариу нь хараахан гараагүй байгаа. ХӨСҮТ-д 20 хүн эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Нэг иргэн хүнд байдалтай ирсэн тул сэхээнд хэвтэн эмчлүүлж байгаад энгийн тасагт шилжсэн. Тандалт судалгаанд орсон бусад иргэд гэрээр эмчлүүлж байна" гэсэн мэдээлэл өглөө. 

ТҮЦ-т өндөр, хиамтай талх борлуулж, түүнээс нь иргэд хордсон энэ асуудалтай холбоотойгоор НМХГ-аас наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ТҮЦ-т хүнсний бүтээгдэхүүн худалдахыг хориглохоор шийдвэрлээд байна. 

Хэрэв хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдвал холбогдох журмын дагуу хураан авч, устгахыг хатуу анхааруулж байна. Иймд ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээ нэмж баяжуулахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас санууллаа. 
 

ДЭМБ-ЫН “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ” ТАВАН ТҮЛХҮҮР ЗӨВЛӨМЖ
 

  1. Гарын болон хувийн ариун цэвэр сайтар сахих
  2. Шууд идэх хүнсийг түүхий хүнснээс тусгаарлах
  3. Хоол хүнсийг гүйцэд чанаж болгох
  4. Хүнс хоолыг зохих хэмд хадгалах
  5. Аюулгүй хүнс сонгож хэрэглэх

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хххх(192.82.66.172) 2019 оны 07 сарын 23

бүх л түцэнд л зардаг ш дээ мэдсээр байж сохор хүн шиг л худлаа яжьж байх юмаа мэрэгжлийн хяналтийхаан ажилаа сайн хийлдээ

1  |  0
Top