ЕХ-ны хоригийг үл харгалзан Турк улс хайгуулаа үргэлжлүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 16

Европын холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар Киприйн эдийн засгийн онцгой бүсэд нүүрс устөрөгчийн ордод хайгуул хийж буйтай холбогдуулан Турк улсын эсрэг хориг арга хэмжээ авахыг дэмжжээ. Европын холбооны зөвлөл Анкаратай өндөр хэмжээний яриа хэлэлцээ хийхээс татгалзаж, Европын хөрөнгө оруулалтын банканд тус улсад зээл олгох үйл ажиллагаагаа эргэн харж, санхүүгийн тусламжийн хэмжээг хасахыг зөвлөсөн байна.

Түүнээс гадна Европын холбоо хайгуулын ажиллагаанд оролцож буй Турк улсын компани, хувь хүний эсрэг тодорхой арга хэмжээ авах асуудлыг судалж байна.

ЕХ-ны энэ шийдвэрийг үл харгалзан Анкара Газар дундын тэнгист нүүрс устөрөгчийн олборлолтыг үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдэв. Турк улс өөрийн эрх болон Киприйн турк иргэдийн эрхийг хамгаалж, энэ чиглэлээр авч буй арга хэмжээгээ идэвхжүүлнэ гэж Турк улсын гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолжээ.

Киприйн эдийн засгийн онцгой бүс дэх байгалийн хийн орд газруудад Туркийн “Фатих”, “Явуз” өрөмдлөг явуулж байгаа бөгөөд Грек улс үүнийг эсэргүүцэж байгаа бол Турк улс энэ бүс нутгийн байгалийн баялгийг олборлох эрхтэй гэж үзэж байгаа юм. ЕХ, АНУ зэрэг улсууд Анкараг тус бүс дэх өрөмдлөгийн ажлыг зогсоохыг шаардаж байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top