ХЯНАЛТ #5 | Энэ хичээлийн жилд III ээлжээр хичээллэхгүй

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Засгийн газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/  хамтран “Сургуулийн III ээлжийг II ээлжид шилжүүлэх, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт”-ыг дэвшүүлж, энэ онд орон даяар нийт 603 төсөл  хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Манай сонины сурвалжлах баг боловсролын салбарт хийгдэж буй тэр дундаа Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа сургууль цэцэрлэгийн барилгын явцын талаар сурвалжлан хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаартаа тус дүүргийн нэгдүгээр хорооны 106 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцсанаа онцлон хүргэж байна.

Биднийг очиход тус сургуулийн нэг, хоёрдугаар давхрын өрлөг болон өнгө шавар хийгдэж байлаа. Энэхүү барилга дээр одоогийн байдлаар 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилчид ажиллаж байна гэж “Содон номин” констракшны захирал Б.Баттулга хэллээ. Цэвэр ус, гадна өнгөлгөөний хавтан, шугам сүлжээ шийдвэрлэх шаардлагатайг мөн ярьсан юм.

106 дугаар сургуулийн хувьд гурван ээлжээр хичээллэдэг учраас бага насны хүүхдүүд хэт орой тарах, хол гэртэй хүмүүс нь хүүхдээ сургуульд нь өгч, авахаас эхлээд асуудал их үүсдэг байжээ. Тэгвэл энэ хичээлийн жилд тэд 640 хүүхдийн суудалтай шинэ сургуультай болох гэж байна. Тус өргөтгөл өнгөрсөн оны 12 дугаар сараас эхэлж баригдаж, өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилгын ажлыг “Содон номин” констракшн энэ оны наймдугаар сарын 25-ны дотор хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. Энэ талаар “Содон номин” констракшны захирал Б.Баттулга “Одоогийн байдлаар барилгын өрлөг, шавар, цахилгааны ажлууд хийгдэж байна. Сангийн ажил 80 хувьтай, дотор заслын ажил 60 хувьтай, гадна тохижилтын ажил эхлэх шатандаа явж байна. Бид өөрсдийн бүхий л хүч чадлаа шавхан хугацаанаасаа өмнө хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна” гэлээ. Дээрх 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг 3.8 тэрбум төгрөгөөр барихаар төсөвт тусгагджээ.

Сонгинохайрхан дүүргийн хувьд гурван ээлжээр хичээллэдэг таван сургууль байсан бөгөөд хоёр сургуулийн өргөтгөл энэ намар ашиглалтад орох бол Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэг сургуулийн барилгын ажил эхэлж 2020 онд ашиглалтад орохоор болжээ. Энэ намар гэхэд гурван ээлжийн сургуульгүй болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа тухайгаа дүүргийн Боловсролын газрын дарга А.Дүүдээ хэллээ. 2017 оны судалгаагаар нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын 20 сургууль байсан бөгөөд 2018 онд шинээр 55 сургууль, 38 сургуулийн өргөтгөл нийт 93 сургуулийг барьж эхэлснээр гурван ээлжийг халах боломж бүрджээ. Дашрамд дурдахад, боловсролын салбарт 2020 онд гэхэд нийт 100 сургууль, 130 орчим цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх ажил хийхээр төсөвлөжээ. Үүнээс энэ онд улсын төсвөөр 15, гадаадын хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлээр найман сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top