Энэ долоо хоногт дэлхий дахинаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 06

Энэ долоо хоногт Япон улс халим агнуураа сэргээж, энэ жил нийт 227 халим агнах зөвшөөрөл олгов. Харьцуулахад, өнгөрсөн жил ОХУ 120 халим, Норвег 1278, Исланд 378, Дани 176, АНУ 51 халим агнажээ.

Япон улс Олон улсын халим агнуурын комиссоос 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдөр албан ёсоор гарч  ийнхүү арилжааны зорилгоор халим агнуураа сэргээх боломжтой болсон. Хэдийгээр халимыг зөвхөн шинжлэх ухаан, судалгааны зорилгоор Японы эдийн засгийн бүсээс гадна агнадаг байсан ч тус улсын дэлгүүрийн лангуу, ресторануудад халимын мах мэр сэр үзэгддэг байжээ. Японы эрх баригчид халимын махыг хүнсэндээ хэрэглэх нь үндэсний заншилтай холбон тайлбарлаж, дайны дараах үед халимын махыг Японы ард түмний хүнсний гол бүтээгдэхүүн байсан гэдэг. Гэсэн хэдий ч хэд хэдэн түүхэн эх сурвалжаас үзвэл, халимын мах япончуудын хүнсний хэрэглээнд орж байгаагүйгээс гадна дайны дараах эдийн засгийн хүндрэлийн улмаас халимын махыг хэрэглэх болжээ.

Японы “Асахи” сонин 1962 онд 233 мянган тонн халимын мах үйлдвэрлэж байсан нь Японы нэг иргэн дунджаар жилд 2.4 км халимын мах иддэг байсан гэж бичиж байв. Сүүлийн үед япончууд гахай, үхрийн махыг өргөнөөр хэрэглэх болсноос хойш халимын махны хэрэглээ 3.5 мянган тонн хүртэл буурсан байна.

-Суданд олон сар үргэлжилж буй улс төрийн хямрал шийдэгдэхэд ойрхон байна. Суданы шилжилтийн цэргийн зөвлөл, “Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөөх хүчнүүд” хэмээх томоохон сөрөг хүчнүүдийг нэгдэл шилжилтийн гурван жилийн хугацаанд ажиллах эрх барих дээд байгууллага болох хараат бус зөвлөлийг хамтран байгуулах тухай тохиролцоонд хүрэв.

Талууд хоёр хоногийн туршид тус улсад үүсээд буй улс төрийн хямралаас гарах арга зам, хараат бус зөвлөл байгуулах талаар хэлэлцээ хийсний үр дүнд хараат бус зөвлөлийг цэргийн болон иргэдийн төлөөлөл ээлжлэн удирдах тохиролцоонд хүрсэн юм. Технократ буюу эрдэмтэн, инженер зэрэг өндөр мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн иргэний засгийн газар байгуулах тохиролцоонд хүрсэн нь чухал дэвшил байв

Энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Суданд дөрвөн сар үргэлжилсэн бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалтай зэрэгцэн төрийн эргэлт болсон билээ. Суданы ерөнхийлөгч Омар аль-Баширыг огцруулж, хожим нь шоронд хорьсон. Засгийн эрхийг армийн талаас байгуулсан шилжилтийн цэргийн зөвлөл авч, хоёр жилийн туршид ард түмнээс сонгогдох эрх баригчдад засаглалыг шилжүүлнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Гэсэн хэдий ч олон нийтийн эсэргүүцлийн жагсаал, цуглаан намжаагүй бөгөөд ард түмэн иргэний эрх барих байгууллага байгуулж, засгийн эрхийг түүнд шилжүүлэхийг шаардаж байгаа юм.

-Долоодугаар сарын 1-ний өдөр Хонконг Хятадын бүрэлдэхүүнд эргэн ирсний ойг тэмдэглэх баярын жагсаал Хонконгийн хууль тогтоох байгууллагын ордон руу халдсан үймэн болж хувирав. 1997 онд Хонконг нь Их Британийн колони байхаа больсон. Дэмжигчдийн мэдээллээр хагас сая хүн, цагдаагийн мэдээллээр 190 мянган хүн тэр өдөр гудамжиндаа гарч жагсацгаасан. Бээжин үймэн таригчдыг эрс шүүмжилсэн бол Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшээд буй гадаад хэргийн сайд Жереми Хант Хонконгийн оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж, жагсах эрхтэй гэж мэдэгдээд гэхдээ хүчирхийллийг хүлээн зөвшөөрч болохгүй гэв. Тэрбээр Хонконгийг шилжүүлэх тухай Хятад, Британийн тунхаг бичигт Хонконгийн капиталист систем болон амьдралын хэв маяг тавин жилийн хугацаанд хадгалагдан үлдэх тухай заасныг сануулав. Үүний хариуд БНХАУ-ын гадаад хэргийн яам Британи хуучин колони байсан улсын хэрэгт хөндлөнгөөс оролцох эрх байхгүй гэж мэдэгдсэн юм.

Үймээн дэгдээгчдийг хүлээцтэй хандахыг Европын Холбоо ч мөн адил уриалав. ЕХ-ноос гаргасан мэдэгдэлд долоодугаар сарын 1-ний өдөр жагссан хүмүүсийн үзэл бодол, хүсэл эрмэлзлийг хэсэг бүлэг үймээн дэгдээгчид илэрхийлээгүй гэж онцолсон билээ.

-Өмнөд Солонгос нохойг хамгаалах чиглэлээр нэг алхам хийлээ. Амьтан хамгаалах нийгэмлэг, олон улсын байгууллагуудын хүчин чармайлтаар Өмнөд Солонгосын Бусан хотын нохойн махны Гупо захыг хаав. Энд нохойг газар дээр нь нядлан, үйлчлүүлэгчдэд шинэ мах өгдөг гэдгээрээ алдартай газар байсан юм. Тус захад хоригдож байсан 85 нохойг сулласан байна. БНСУ-ын Засгийн газраас нохойн махны худалдаа, хүнсэнд хэрэглэхийг зогсоох кампанит ажлын эхлэл нь Гупо захыг хаасан явдал боллоо. Энд нохойг дүүжилж, тог цохиулж, зарим үед үхтэл нь зодолдуулах зэрэг харгис аргаар нядалдаг газар байжээ. Солонгосчууд нохойн махыг яг хэзээнээс хэрэглэж ирсэн нь тодорхойгүй ч “Гурван улсын үе”-д  (НТӨ 57-668 он) хэрэглэж байсан талаар дурдсан байдаг. Эрт дээр үед нохойн махан хоолны маш олон жор байдаг байсан ч орчин үед чанаж болон шарсан хоол, шөл хийдэг болжээ.

- Япон улсын Засгийн газар Сөүлийг  хоёр улсын харилцаанд ноцтой хохирол учруулсан гэж үзэж, Өмнөд Солонгост нийлүүлдэг хэд хэдэн бараа бүтээгдэхүүний экспортод хатуу хяналт тавих арга хэмжээ авав. Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хирошигэ Сэко Өмнөд Солонгосын эсрэг тавьж буй хориг Японы зарим компанийн үйл ажиллагаанд нөлөөлөхийг үгүйсгэсэнгүй. Хориг арга хэмжээнд төрөл бүрийн цахилгаан хэрэгслийн хагас дамжуулагч болон дэлгэц үйлдвэрлэхэд шаардлагатай гурван төрлийн материал хамрагдаж байгаа юм. Эдгээрийг Өмнөд Солонгост нийлүүлэхэд тусгай зөвшөөрөл шаардагдах юм. Мягмар гарагт Өмнөд Солонгосын “Чосон Ильбо” сонин эдгээр материалуудын нийлүүлэлтийг бүрэн зогсоосноор Самсунг болон бусад цахилгаан хэрэгслийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд 3-4 сарын туршид саатал учирч болзошгүй гэж бичив.

2018 оны намар Японы Nippon Steel & Sumitomo Metal компанид ажиллаж байсан  Өмнөд Солонгосын дөрвөн иргэнд нөхөн төлбөр олгох тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш Токио, Сөүлийн харилцаа эрс хурцадсан билээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр эдгээр дөрвөн ажилчныг тус компанийн үйлдвэр дээр дайчлан, хагас боолын хөдөлмөр эрхлүүлдэг байсан гэж шүүх үзсэн байна. Японы Засгийн газрын зүгээс энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, нөхөн төлбөр олгох асуудал 1965 онд Токио, Сөүлийн харилцаа хэвийн болох үед бүрэн шийдвэрлэсэн гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Nippon Steel & Sumitomo Metal корпорац эдгээр иргэдэд нөхөн төлбөр олгохоо зогсоосноос хойш Өмнөд Солонгосын тал тус корпорацын активыг хураах үйл явц эхэлсэн юм. Токио энэ асуудлыг олон улсын арбитрын шүүхэд шилжүүлэхийг шаардаж байгаа бол Сөүл энэ саналыг хүлээн авахгүй байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top