ТОМ ТӨСЛИЙН ТОЙМ: “Эрдэнэс-Тавантолгой”-гоор сонин юутай вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

“Эрдэнэс-Тавантолгой”. Хаа байгаа нь мэдэгдэхгүй байсан энэ компани төрд нэг, хувьд нэг шилжсээр одоо төрдөө, бүр 2.5 сая хүндээ хувьцаа эзэмшүүлсэн компани болжээ. Чухамдаа хувьцаа нь амь орох мөрөөдөлтэй, олон улсын зах зээлд гарах хүлээлттэй энэ компани ашигтай ажилладаг болсоор дөнгөж гуравхан жилийн нүүрийг үзэж буй. Ашигтай ажиллаж эхэлсэн саяхных мэт боловч энэ компани Хонгконгийн хөрөнгийн биржид охин компаниараа дамжин гарахаар төлөвлөж байна. Төсөвт жин дарж, татварын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг компанийн хувьд популистуудын шүлсэнд даруулдаг нь Монголын уул уурхайн салбарын “онцлог” болсоор олон жилийн нүүрийг үзжээ. Энэ “онцлог” “Эрдэнэс-Тавантолгой”-г тойрох бус дайрч буй. Ашигтай ажилладаггүй, хувьцаагаа амь оруулаагүй гэж шүүмжлүүлдэг энэ компани одоогийн байдлаар найман сая тонн нүүрс экспортолсон байна. Хятадуудад алдах гэж байснаа бодвол элдвээр хэлүүлдэг ч ашиг өгдөг нэг компанитай болсон нь нүцгэн үнэн.

Орлого дөтлөх авто зам

Дөнгөж он гарахтай зэрэгцэн “Эрдэнэс-Тавантолгой” компани 2019 оныг Бүтээн байгуулалтын жил болгон зарлаж байгаагаа мэдэгдэж байлаа. Урт настай төмөр зам, параллель авто зам, хими технологийн үйлдвэр барихаа ч мэдэгдэж байв. Чухамдаа бүтээн байгуулалт руу тэмүүлж буй энэ компани нэг том чухал ажлын ард гарлаа. Нийтдээ 1.6 жилийн хугацаанд “Арж Капитал” компанитай хамтран Гашуун сухайт боомт чиглэлд 8.2 км автозамыг барьж ашиглалтад орууллаа. Тоосон дундаа сүүмийсэн ч олж байгаа ашгаа харж сүүлийн гурван жил зүтгэсэн жолооч нар одоо стандартад нийцсэн замаар зорчих боломжтой болж байгаа нь энэ. Тавантолгойн бүлэг ордод “ургасан” сул шороо Цогтцэций суманд амьдардаг малчдын амьдралд нөлөөлдөг тухай нутгийн иргэд гомдол, санал ирүүлдэг аж. Хэдийгээр их бүтээн байгуулалтын хажууд километрийн урт нь бага сонсогдож байж болох ч их бүтээн байгуулалтын эхлэл гэдгийг тэнд байгаа жолооч нар ч, компанийн удирдлагууд ч хэлж байв.

“Энэ зам ашиглалтад орсноор экспортын хэмжээг нэмэгдүүлэн улмаар улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг нэмэгдүүлнэ. Энэ талаас нь харвал эдийн засгийн ач холбогдолтой. Нөгөө талаас харвал байгаль экологийн хувьд ээлтэй. Жолооч нарын аюулгүй, ая тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Энэ онд нийт 18 сая тонн нүүрс олборлож экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор найман сая тонныг экспортлоод байна” гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярьсан юм.

Олон улсын стандартад нийцсэн хүнд даацын энэ автозамын зорчих хэсэг нь найман метр. 3.5 метрийн хөвөөтэй нийт 15 метрийн өргөн зам аж. Замын цементээр бэхжүүлсэн суурийн үе нь 30 см, харлуулсан дайрга үе нь 13 см, нийтдээ 48 см хучилтын хийцтэй энэ компани олон улсын стандартад нийцсэн авто зам болж байгаа юм. Автозамын барилгын ажилд нийтдээ 14.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Ногоон говийн тэмүүлэл

“Эрдэнэс-Тавантолгой” бол төрийн өмчит компани. Нэгэнт л Цогтцэцийд оногдсон байгаль эхийн хишгээр ашиг харж байгаа бол нөхөн сэргээх нь үүрэг. Энэ үүргийн хүрээнд тус компани “Ногоон говь” төсөл хэрэгжүүлж буй аж. Элсэн шаргал говь гэж дуунд хүртэл мөнхөрсөн говь нутаг ногоон болбол гоё уу? Үгүй гэж хэлэх хүн бараг гарахгүй л болов уу. “Эрдэнэс-Тавантолгой” улсын бүртгэлд данслуулсан 2010 оноос ердөө нэг жилийн дараа экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төслөө эхлүүлжээ. Нутгийн иргэдийн дэмжлэг, компанийн ажилчдын хичээл зүтгэлээр явж ирсэн байгаль орчноо нөхөн сэргээх их ажил 2018 онд “Ногоон говь” төсөл болж өргөжсөн нь энэ. Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран говь нутгийг ногооруулах төслөө хэрэгжүүлж буй. Одоогийн байдлаар туршилтын талбайд улиас, шар хуайс, бургас, хайлаас, буйлс, сухай, монос зэрэг 30 орчим төрлийн 38 мянган мод суулган, арчлан тордож байгаа аж. Туршилтын явцад шар хуайс, хайлаас зэрэг ургамал говийн нөхцөлд ургах бүрэн боломжтой нь тогтоогджээ.

“Говь нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хангах гол түлхүүр нь ногоон байгууламж. Тийм ч учраас “Эрдэнэс-Тавантолгой” компанитай хамтран “Ногоон говь” төслийг хэрэгжүүлж байна. Бид энэ төслийг 4-5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байгаа. Төсөвт өртөг нь 1.5 тэрбум төгрөг болж байгаа юм. Бидний ажил үр дүнтэй байгаа” гэж ХААИС-ын Агроэкологийн тэнхимийн захирал А.Буянбаатар ярьсан юм.

“Ногоон говь”-ийн ажил үүгээр дуусаагүй. Цогтцэцийн сумын Засаг даргын Тамгын газартай хамтран сонгогдсон талбайд мод тариалахаар хэдий нь ажилдаа оржээ. “TTJVCo”, “Хишиг Арвин индустриал” ХХК, “Моннис” компанитай хамтран 85 га газарт мод тариалахаар хамгаалалтын хашаа татжээ. Ердөө дөрөв хоногийн өмнө Сэлэнгэ аймгаас хөрстэй нь авчирсан нялх моддыг мод ургуулах талбайд тариалж байна. Таныг энэ нийтлэлийг уншиж байх хооронд ч тэд модоо тарьсаар л байх болно. Нийтдээ 100 мянган мод тарих төлөвлөгөөтэй “Ногоон говь” төслийн баг аль хэдийнээ 20 мянган мод тариад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top