Н.Цэрэнбат: “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-иас цианид натри алдагдлаа гэсэн мэдээлэл бий

М.Хангал | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

Улсын баяр наадмыг тохиолдуулан “Цэвэрхэн наадацгаая” аян өрнүүлж байгаагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат зарлалаа.

Ирэх наймдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх “Цэвэрхэн наадацгаая” аяны хүрээнд аж ахуйн нэгж, иргэд нэгдэн Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг, Туул гол, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт эргүүл хийж, иргэдэд цэвэрхэн наадахыг уриалах юм байна.

Харин баяр наадмын бэлтгэл ажлын талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Энэ жил 3500 жуулчинд наадмын нээлт үзэх тасалбар олгож байгаа. Нийслэлийн Аялал жуулчлалын газарт 10000 жуулчин нээлт үзэх саналаа ирүүлсэн. Манай Төв цэнгэлдэх хүрээлэн 13500 хүний суудалтай тул хүсэлт ирүүлсэн бүх жуулчинд тасалбар өгөх боломжгүй. Хүсэлт ирүүлсэн жуулчдад бүгдэд нь тасалбар өгвөл монголчууд өөрсдөө наадмынхаа нээлтийг үзэж чадахгүйд хүрнэ. Тиймээс жуулчдад 3500 тасалбар өгсөн. Одоогийн цэнгэлдэхээс хэд дахин том цэнгэлдэхтэй болсноор энэ асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр ойрын хоёр, гурван жилдээ ингэж аргалахаас өөр арга алга. Манай яамнаас наадмын нээлтийг орой нь дахин орчуулгатайгаар жуулчдад зориулан хүргэхээр зорьж байна. “Naadam night” гээд жуулчдад зориулсан тусгай арга хэмжээ болно. Өглөө нь тасалбаргүйн улмаас нээлтэд орж чадаагүй жуулчин орой нь орчуулгатайгаар нээлтээ үзэх юм. Жуулчид нийслэлд наадам үзэж чадаагүй бол бүсүүдийн наадмыг сонирхох боломжтой” хэмээн мэдээлэл өглөө.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас дараах тодруулгыг авсан юм.


-Зөвхөн наадмаар бус бүх цаг үед цэвэрхэн байхыг иргэд хүсэж байгаа. Хог хаягдлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-“Цэвэрхэн наадацгаая” аяны дараа бид “Хоггүй цэвэрхэн Монгол” аяныг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Хог хаягдлыг багасгаснаар ус, хөрсний бохирдлыг бууруулах боломжтой. Хог хаягдлыг зөв зохистой ашиглах үүднээс хогийг ангилан ялгах менежментийн манай яам дэмжиж улсын төсвөөс 450 гаруй сая төгрөгийг хувийн хэвшлүүдэд олголоо. Есдүгээр сарын 10-наас эхний үр дүн гарна. Мөн Үндэсний хөгжлийн газар концессын гэрээгээр хог хаягдлын үйлдвэр байгуулах гэрээг удахгүй үзэглэнэ. Ингэснээр Монгол Улс хогоо ангилдаг, дахин боловсруулдаг улс болно.

-2020 онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа. Жуулчны урсгалыг нэмэгдүүлэх ажлыг хэрхэн эрчимжүүлэх вэ?

-2020 онд сая жуулчин хүлээн авах боломж хэвээр байгаа. Монгол Улсын талаар таагүй мэдээ гарах болгонд манайд ирэх жуулчны тоо багасна. Хэдийгээр бүх зүйл сайхан гэж хэлж чадахгүй ч бидэнд дэвшил гарч байна. Аялал жуулчлалын бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниуд ариун цэврийнхээ байгууламжийн чанар стандартыг сайжруулсан. Бид үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах үүднээс 10 мянга гаруй хүнийг аялал жуулчлалын чиглэлээр үнэ төлбөргүй сургаж хамруулаад байна.

-Урт цагаан дахь жуулчны гудамжийг хэзээ тохижуулах вэ?

-Улаанбаатар хотын аялал жуулчлалын газартай тохиролцож байгаа. Тухайн бүсийг хөгжүүлэхээр хотын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд хогийн савны тоог нэмсэн. Дээр нь бие засах газруудыг нэмэгдүүлсэн. Бүх зүйлд ахиц дэвшил гарч байна. Хамгийн нимгэн гялгар уутыг хориглосонтой холбогдуулан байгальд хийсэх үзэгдэл багассан. Ирэх жил гэхэд гялгар уутыг бүрэн шийднэ.

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд гаднын жуулчин, дотоодын жуулчны төлбөрийн ялгааг арилгах асуудал хөндөгддөг. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Аялал жуулчлалын компаниуд багц үйлчилгээндээ үнийг тусгасан байдаг. Ер нь тусгай хамгаалалттай газар нутагт нэвтэрч байгаа гадна, дотнын хүмүүс нэг тариф мөрдөх бодлого баримталж эхэлсэн.

-Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн гаргах санаачилга хэрэгжүүлэх үү?

-2019 онд 29 арга хэмжээг манай яамнаас зохион байгуулан ажиллаж байна. Зөвхөн наадмаар биш бусад үед ирсэн жуулчид наадам үзэх боломж олгож долоодугаар сарын 26, 27-нд Говьсүмбэр аймагт Боржигон өв соёл наадмыг хийх гэж байна. Мөн адууны баяр, сарлагийн баяр зэрэг соёлын наадмуудыг аймгуудтай хамтарч хийнэ.

-Таныг Элсэн тасархайд хууль зөрчиж 6 га газар олгосон гэх асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Хууль зөрчиж олгосон бол захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад миний шийдвэрийг цуцлуулах эрх нь байгаа. Бид аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс стандартын бус үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид шаардлага тавиад газрыг нь цуцлах асуудал тавьсан. Үүнтэй холбоотойгоор хажуугийнх нь газрыг хууль зөрчиж олгосон гэх яриа гаргасан. Тэнд гаднын хөрөнгө оруулалттай компани аялал жуулчлалын цэг байгуулах юм. Монголын байгалийн бүх бүслүүрийг нэг дороос үзэх боломж Элсэн тасархайд байдаг. Тиймээс жуулчдыг татаж, үйл ажиллагаагаа сайжруулж чадахгүй байгаа газрын зөвшөөрлийг цуцална.

-Богд уулын эргэн тойронд аялал жуулчлалын зориулалтаар газар авчхаад орон сууцны хороолол барьдаг. Та ийм төрлийн зөвшөөрөл өгсөн үү?

-БОАЖ-ын сайдын эрхлэх ажлын хүрээнд тусгай хамгаалалттай болон байгалийн нөөц, цогцолбор газруудад газар олгодог. Богд уулын дархан цаазтай газар хуулиараа аялал жуулчлалын зориулалтаар газар олгох ёсгүй. Миний бие сайдаар томилогдсоноос хойш хууль зөрчиж нэг ч газар олгоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Богд уул орчимд амьдарч байгаа болон үйл ажиллагаа явуулж байгаа үл хөдлөхийн татварыг нэмж байж эдийн засгийн аргаар зөв голдиролд нь оруулна.

-Завхан аймгийн Дөрвөлжин суманд Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян Айраг Эксплорэйшн” ХХК цианид натри хэрэглэж байна. Цианид натриг ашиглахыг хориглож болдоггүй юм уу?

-“Баян Айраг Эксплорэйшн” ХХК-тай холбоотойгоор зургаадугаар сарын 15-даар орсон борооны үеэр цианид наитри алдагдлаа гэсэн мэдээлэл ирсэн. Албан ёсоор аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж байгаа. Хариу нь удахгүй ирнэ. БОАЖЯ-наас хариуцлагатай уул уурхайг дэмжинэ. Технологийн алдаа гаргасан бол гаднын хөрөнгө оруулалттай байна уу, дотоодын хөрөнгө оруулалттай байна уу хамаагүй хуульд заасан арга хэмжээ болох цуцлах хүртэлх саналаа бид явуулна.

-Тост Тосон бумбад уул уурхайн олборлолт явуулж байгаа асуудлаар холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг гарна гэсэн. Ажлын хэсэг хэзээ ажилдаа орох вэ?

-Тост Тосон бумбатай холбоотой олон янзын байр суурьтай мэдээлэл бий. Эдгээрийг нэгтгэхийн тулд БОАЖЯ-наас тусгайлан холбогдох яам, агентлагийн төлөөлөл оролцсон нэгдсэн том ажлын хэсэг гаргана. Тухайн ажлын хэсэгт орох байгууллагуудын санал ирснээр ажлын хэсгийг ажилд нь оруулна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Казак луйварчин(65.49.38.141) 2020 оны 04 сарын 16

Элсэн тасархайд нэг казак луйварчин эр маш олон жил Цөлжилтийн төв нэрээр хашаа богож баахан хөрөнгө мөнгө идэж, нууц амрагаа тэнд даргаар нь тавьж очих болгондоо заваардаг нэг газар бий. Цөлжилт нэрээр эд нар маш их хөрөнгийг гадаадаас авч юу ч хийгүй зөвхөн нүд хуурах төдий л юм хийж, бүгд цаасан дээр байна. Тэгэхэд Хятадыг хардаа яаж мод тарьж хөгжиж байна.

0  |  1
иргэн(66.181.161.110) 2020 оны 04 сарын 16

шуурхай арга хэмжээ авахын оронд энэ сайдыын оронцог юуч болоогүй юм шиг ...завханы засаг ...санжмятав ...гээд хэдэн амьтад юу хийж суудаг бна....орон нутаг нь хятатын гараар сүйрч байхад....

2  |  0
Привет (66.181.190.36) 2019 оны 07 сарын 03

цианид алдагчаад байхад мэдээлэл бий ч гэх шиг омхий дорводийг Хурэлсухтэй нь авч хая. Ямар ч чадамжгуй засаг

0  |  0
ард(202.179.31.86) 2019 оны 07 сарын 03

ингэнэ тэгнэ гээд л цаг алдаад хордоод суух уу ажлаа хийж чадахгүй бол чаддаг хүнд нь өгмөөр юм

0  |  0
Top