ХЯНАЛТ #4 | Сонгинохайрхан “ЦЭЦЭРЛЭГИЙН СУГАЛАА”-гүй дүүрэг болно

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 02

Сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэний улмаас төрөөс сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх ажилд нэлээн анхаарч байна. Үүний нэг жишээ нь, Засгийн газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Сургуулийн III ээлжийг II ээлжид шилжүүлэх, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт”-ыг дэвшүүлж, энэ онд орон даяар нийт 603 төсөл  хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Манай сонины сурвалжлах баг боловсролын салбарт өрнөж буй Сонгинохайрхан дүүрэг дэх бүтээн байгуулалтын ажил, гүйцэтгэлийн үйл явцыг цувралаар хүргэж байгаа билээ. Нийт 26 сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай танилцах бөгөөд өнөөдрийн дугаарт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 113 дугаар цэцэрлэгийн 200 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгын ажлын явц, гүйцэтгэлийн талаарх сурвалжилгыг хүргэе.


113 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ХҮЧИН ЧАДЛААСАА ХОЁР ДАХИН ИХ АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАДАГ

Нийслэлийн хамгийн том дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэгийн насны 34 мянга гаруй хүүхэд байдгаас 66 хувь нь л цэцэрлэгт хамрагддаг. Тус дүүрэг хүн ам ихтэй учир сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ бусад дүүргийг бодвол хамгийн муу байдаг аж. 113 дугаар цэцэрлэгийн тухайд 1987 онд байгуулагдсан бөгөөд 280 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч өнгөрсөн онд хоёр дахин их буюу 560 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгожээ. Иймд тус цэцэрлэгт өргөтгөлийн барилга барих зайлшгүй шаардлагатай гэж үзэн тендер зарлажээ. Ингээд тус цэцэрлэгийн өргөтгөлийг “Инжхами” ХХК гүйцэтгэхээр болсон байна. Биднийг очиход тус барилгын өргөтгөлийн угсралт дуусаж, өнгөлгөөний ажилдаа орсон байлаа. Цэцэрлэгийн өргөтгөл өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж баригдаж, өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ талаар “Инжхами” ХХК-ний Ерөнхий инженер Б.Баасандорж “Барилга дээр 18 хүний бүрэлдэхүүнтэй ажилчид ажиллаж байна. Цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг ирэх наймдугаар сарын 15-нд хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна” гэлээ. Дээрх 200 хүүхдийн хүчин чадалтай 113 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг 1.9 тэрбум төгрөгөөр барихаар төсөвт тусгажээ. 

Б.ЦЭЦЭГЖАРГАЛ: ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА БАРИГДАЖ БАЙГААД БАГШ, АЖИЛЧИД ИХ БАЯРТАЙ БАЙГАА

Өнгөрсөн онд 113 дугаар цэцэрлэгт Сонгинохайрхан дүүргийн 16, 23, 29, 30 дугаар хорооны хоёроос зургаан насны 560 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшжээ. Энэ талаар 113 дугаар цэцэрлэгийн арга зүйч Б.Цэцэгжаргал “Хүүхдийн тоо их. Нэг багшид ирэх ачаалал хэдийн хэтэрсэн тул багшийн хүүхэд бүртэй тулж ажиллах нөхцөл боломж тэр бүр байдаггүй. Олон хүүхэдтэй байгаа нь ангийн талбайн хүрэлцээ байхгүй. Нэг хүүхдэд ноогдох талбайн стандарт хэмжээ алдагдсанаас болж хүүхдийн чөлөөтэй хөдлөх, гүйх бараг л боломжгүй. Анги танхимд нэг хүүхдийн амьсгалах агаараар хоёр хүүхэд амьсгалж байгаа нь ханиад томууны дэгдэлтэд нөлөөлдөг талтай. Хүүхдүүд хичээллэх, сурч мэдэх орчин нь хасагдаад ирэхээр багшийн сургалт хүмүүжлийн ажил, хүүхдийн тоо ихээс хамаарч чанаргүй явагддаг. Хүүхэд бүрд нэг багш хүрч ажиллах боломж хомс тул багшийн сургалт, хүмүүжлийн ажил тэгш хүртээмжтэй хүрэх нь хязгаарлагдаж байдаг. Бага насны хүүхдүүдтэй биечлэн ажиллаж байдаг учраас багш ядрах, олон хүүхдийн дуу чимээ багшийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг зэрэг хүндрэлүүд байдаг. Харин өргөтгөлийн барилга баригдаж байгаад багш, ажилчид их баяртай байгаа. Үргэлжлүүлэн суралцах нэг ангийн 40-50 хүүхдээс өргөтгөлийн анги бүлгүүд рүү шилжүүлэн нэг бүлэгт ноогдох хүүхдийн тоог багасгах нь тухайн бүлэгт ажилладаг багш, туслах багш нарын хувьд сэтгэл хангалуун байгаа. Өргөтгөлийн барилга баригдсанаар өглөөнөөс орой хүртэл ажилладаг багш ажилчдын ачаалал буурч байгаад баяртай байна” гэлээ.

СОНГИНОХАЙРХАНД 2019-2020 ОНД ШИНЭЭР 19 ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО

Энэ онд Сонгинохайрхан дүүргийн 38 байршилд 76 тэрбум төгрөгийн төсвөөр сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Үүнээс 19 нь цэцэрлэгийн барилга бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоёр цэцэрлэг 2020 онд баригдаж эхлэх бол бусад нь 2019-2020 ондоо ашиглалтад орох юм. Энэ мэтчилэн боловсролын салбарын бүтээн байгуулалт, тэр дундаа цэцэрлэгийн барилга цаг алдалгүй баригдаад байвал жил бүр хүүхдүүдийг азтай, азгүйгээр нь ялгаварладаг “Цэцэрлэгийн сугалаа” үгүй болоход тун ойрхон байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.217) 2019 оны 07 сарын 02

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top