З.Түмэн-Өлзий: Хүмүүс намайг уран хүн гэдэг, би зөвшөөрдөггүй 

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 31

Улсдаа хамгийн содон, цор ганц оньсон “гоёлтой” байшин нийслэл хотын маань зүрхэн тушаа газар сүндэрлэн байдаг нь “Оюун ухааны олон улсын музей”. Монгол залуус дэлхийн тавцанд оюун ухаанаараа гайхуулан буй энэ цаг дор дэргэдүүр өнгөрөх хэн бүхний харааг булаах, дэлхийд цор ганц хэмээн үнэлэгдэж буй Монголын төдийгүй дэлхийн хамгийн баялаг өв соёлыг тээн сүндэрлэх эрхэм газрын өндөр босгыг давж, эрхэм уншигч таны оюун мэлмийг тань умдаалах оюунлаг мэдээллийг түгээж буйдаа туйлын таатай байна. Оюун ухааны олон улсын музейг өдий зэрэгтэй нэр төртэйгөөр удирдаж, олон улсын зэрэгтэй авч яваа эрхэм бол эчнээ олны танил болсон З.Түмэн-Өлзий гуай. Энэ эрхэм хэдийгээр эдийн засагч мэргэжилтэй ч өөрийн хүсэл сонирхол, хоббигоороо дэлхийн хэмжээний өв соёлыг бүтээж чадсан гавьяатай. Түүнтэй уулзахаар зорин очиход “Өглөөхөн Жанжины музейд музейнхээ нэрэмжит “Монгол наадгай үндэсний бахархал” тэмцээнийхээ нээлтийг хийгээд ирлээ. Үхэх ч завгүй ажилладаг надад чи бол ажлын садаа болж байна шүү” гэсээр угтсан юм.

БАЙГАЛЬ ЭЭЖИЙН УР БА БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ

Байгаль дэлхий гэдэг хэний ч гараар бүтээгдээгүй баялаг түүхийн өлгий. Энэ музейд оршин буй юмс бүр эхлээд байгаль ээжийн хэвлийд бүрэлдэж, дараа нь ур ухаан төгс хүний гараар төгөлдөржсөн байх юм.

1990-ээд оноос олон нийтийн телевизийн дэлгэцнээ монгол наадгайг сурталчлан таниулагч З.Түмэн-Өлзий хэмээх дуусашгүй баялаг яриа хөөрөөтэй эрхэм оньсон тоглоомын тухай өдөр бодогдож, шөнө зүүдлэгдтэл ярьдаг байсан нь тод санагдана. Тэр л хүнээр хөтөч хийн “Оюун ухааны олон улсын музей”-г танин мэдэх болсон нь ховор аз завшаан гэлтэй.

Бидний анхлан зочилсон газар бол “Байгалийн булан” байлаа. Байгаль ээжийн гараар бүтээгдэж, хүний оюун ухаанаар төгөлдөршсөн өвөрмөц сонин модны уруудыг эндээс харж болно. Тухайлбал, З.Түмэн-Өлзий гуайн 1974 онд модны ураар бүтээсэн шархадсан бар. Энэхүү хэвтэж буй бар мэт дүрстэй модыг хэн ч ийнхүү засч янзалсангүй. Гагцхүү байгальд бий болсон түүнийг авчраад хүний бүтээлч сэтгэлгээг нэмээд ийнхүү бар болгосон байгаа юм. Энд буй модны ураар хийсэн бүтээлүүдийн олонх нь З.Түмэн-Өлзийгийнх боловч хамтран хийсэн бүтээлүүд ч цөөнгүй харагдаж байв. Жишээлбэл түүний ач хүү И.Тивээдээ 10- хан настайдаа ойгоос нэгэн мод авчирсан нь жаахан тайралт хийгээд л ямар ч зүйдэлгүй муна болсон байна.

Үүгээр ч зогсохгүй энэхүү буланг сонирхсон үзэгчид ч өвөрмөц сонин модны урыг “Оюун ухааны олон улсын музей”-д явуулдаг аж. Хэдхэн жилийн өмнө хүмүүс музейг ямар нэгэн үнэт, эртний зүйлийг агуулан байдаг танин мэдэхүй, түүхийн авдар мэтээр ойлгодог байсан бол өдгөө Монгол төдийгүй дэлхий нийтийн хандлага өөр түвшинд очиж, музей нь сургалт боловсролыг илүүтэй анхаардаг болжээ. Үүний нэгэн жишгээр тус музей дэргэдээ цэцэрлэг нээн ажиллуулаад багагүй хугацааг үдэж байгаа гэнэ. Энэхүү булан тус цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдийн хичээлийн практик сургалтын орчин болдог бөгөөд хүүхдүүд эндээс олж мэдсэнээ амьдрал дээрээ туршиж, өөрсдийн бяцхан цуглуулгыг бий болгож эхэлдэг хэмээн эрхэм тайлбарлагч ярьж байлаа.

Мөн тэрбээр “Хүн бүр модны ураар бүтээл хийх боломжтой. Монгол орон өргөн уудам нутагтай, ой мод элбэгтэй. Тэгэхээр та бүхэн модны ураар бэлэг хийж бусдыг баярлуулж бай. Өдгөө гадаадынхантай холбоогүй гэр бүл, байгууллага гэж байхаа больсон. Монголчууд сэрж байна, сэргэж байна гэж би ярих дуртай. Зүгээр л энгийн нэг модны мөчир байхад гадаадынхан 100 доллараар авъя гэдэг. Манайханд нэг дутагдал бий. Бэлэг дурсгал гэхээр материалаг зүйлийг бодоод байдаг. Ноолууран цамц, ороолт, бээлий гэх мэтийг өгөхөөр бид баярладаг. Харин гадаадынханд тэр бол бэлэг биш. Ер нь гадаад дотоодод аялдаг хүмүүс мэднэ дээ. Хүмүүс аялсан орноо илэрхийлэх ямар нэгэн бэлэг дурсгалын зүйлийг зайлшгүй авч явж, түүнийгээ найз нөхөддөө гайхуулах дуртай байдаг. Манай музейн дэлгүүрээс гадныхан яг тийм зорилгоор худалдан авалт хийдэг. Хувцас хэрэглэл бол мянга үнэтэй байлаа гээд үүн шиг цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэд орохгүй шүү дээ. Манай “томчууд” ч бас нэг хэсэг ноолууран бүтээгдэхүүн гээд л бариад гүйдэг байсан. Харин одоо ганц нэг морин хуур, уран зураг зэргийг өгдөг болсон байна лээ...” хэмээн ярилаа.

ГАДААДЫНХАН “МОНГОЛЧУУД ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЭЛСЭН” ГЭДЭГТ ИТГЭДЭГГҮЙ...

Монголчууд 15 аймгийн тоглоомоор тоглож наадаж ирсний нэг анги нь хөлөгт наадгай. Хөлөгт наадам гэдэг ашигтай байрлалаас ашиггүй байрлал руу шахаж хожихыг хэлдэг. Дэлхий дээр төгс зүйл гэж байдаггүй гэдэг ч цор ганц төгс зүйл бол ухаантнуудын тоглодог шатар хэмээн эрдэмтэд нэгэн дуугаар нотолсон байдаг билээ. Тус музейд хөлөгт наадгайн 400 орчим бүтээл, цуглуулга байдаг бөгөөд дэлхийн хаана ч ийм баялаг өв сантай оюун ухааны музей байхгүй юм. Сүүлийн жилүүдэд З.Түмэн-Өлзий гуай “Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдөр”-т зориулан тусгайлан шатар урладаг болсон байна. Энэ жил тус өдөрт зориулан дөрвөн шатар урласны нэг нь “Шилэн шатар”. Тэрбээр энэхүү шатраа энэ жилийн дөрөвдүгээр сарын 26-наас өмнө дуусгахаар өдөр шөнөгүй ажилласан аж.

Харин дараагийнх нь “Болор”, “Эболи”, “Эко” шатрууд... Дэлхийн МОНГОЛ СОЁЛ хаана ч байхгүй энэхүү хөлөгт наадгайнуудыг цор ганц монгол оюун ухаанаар урлаж, байгалийн үнэт чулуугаар чимэглэсэн нь яахын аргагүй чамин тансаг...

Үүнээс гадна З.Түмэн-Өлзий гуай Монголоос шатар үүсэлтэй гэдгийг нотлохоор нэгэн насыг элээж яваа авьяастан. Энэ тухайгаа тэрбээр “Яагаад гэхээр би сурагч байхын л тэнэг монгол, үхэр монгол гэх үгэнд маш их дургүйцдэг. Жаахан үндсэрхэг үзэлтэй гэх юм уу даа. Ямар сайндаа ахлах ангид байхад орос хэл заана гэхэд нь “Монгол хэлтэй байж яахаараа орос хэл сурах ёстой юм” гэж байхав дээ. Тэгвэл нөгөө ухаантнуудын тоглодог төгс тоглоом Монголоос гаралтай гэдгийг нотолчихвол хэн тэнэг монгол, үхэр монгол гэх вэ. Манай музейг үзсэн гадаадынхан “Монголчууд морьтойгоо дэлхийн талыг эзэлсэн гэж ярихад бид итгэдэггүй юм аа. Харин танай музейг үзээд итгэлээ. Аргагүй оюуны цар хүрээ, оюуны ур ухаан ихтэй ард түмэн юм” гэдэг. Монголчууд яагаад оюуны чадамжтай болсон юм. Эрс тэс уур амьсгалтай, дөрвөн өөр улиралтай, түүндээ тохируулан дөрвөн өөр хувцас хийж өмсдөг. Цөөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай ийм улс хаана ч байхгүй. Тэгсэн атлаа дэлхийн талыг эзэлчихээд одоог хүртэл оршин тогтнож байна гэдэг ямар их оюуны чадамжтай вэ гэдгийг харуулж байгаа юм.

Ер нь бид дэлхийг оюун ухаанаараа эзэлсэн болохоос биш морь, сэлмээр эзлээгүй юм шүү дээ. Монголчууд одоо цагт дэлхийд шатрын спортоор, математик чиглэлийн тэмцээн уралдаан, олимпиадад цахиур хагална. Би үүнийг ам бардам хэлнэ.

Бидэнд асар баялаг нөөц бий. Ер нь юм бүхэн нөөцтэй. Гэхдээ хамгийн баялаг, шавхагдашгүй нөөц нь хүний оюун ухаан юм шүү дээ” гэлээ. Өнөө цагт улс үндэстний хөгжлийн шатыг тухайн орны бяцхан хүүхдүүдийн тоглоомоор дүгнэдэг болсон. Энэ талаар тэрбээр “Тоглоом өөрөө амьдралаас урган гараад эргээд хүмүүст амьдрах ухаан зааж, хүмүүжүүлдэг.  Монголчууд тоглоомын баялаг өв сантай. Одоо манайхаас туршлага авч байна. Яагаад гэхээр суурин хөгжилтэй улс орнууд үндэсний тоглоом наадгайгаа хаячихсан байхгүй юу. Барбинаас эхлээд цахим гээд үргэлжилнэ. Тэд үндэснийхээ тоглоомыг хоцрогдсон гээд хаячихсан чинь хөгжил нь саараад эхэлсэн байгаа юм. Бид өөрсдийгөө голоод байгаа болохоос биш. Манай хөгжил дээд амжилттай яваа шүү дээ. Яагаад гэхээр бид үндэсний тоглоомоо яахаа алдтал мартчихаагүй.  Ер нь тоглоом хүний оюун ухааныг хөгжүүлэхээс гадна авьяасыг нээн илрүүлдэг. Энэтхэгт манай Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг тоглоомын төрөлжсөн хүрээлэн бий. Тэндээ маш олон павильонтой. Хүүхдүүдээ дагуулж яваа эцэг эхчүүд тэдгээрт байгаа олон төрлийн тоглоомын алин дээр хүүхэд нь илүү тоглох нь вэ гэдгийг ажиглаж мэдээд, авьяасыг нь нээгээд тэрхүү сонирхлынх нь дагуу сургуульд оруулдаг байгаа юм. Манайхан шиг гэрийнхээ ойр, үнэ хямд, танилынхаа хүрээг ашиглаж дуртай сургуульдаа оруулдаггүй. Тэгэхээр хүүхдийн авьяас илэрдэггүй, мэргэжилдээ сонирхолгүй зүгээр нэг дипломтой хүн болж төгсөөд мэргэжлээсээ огт өөр чиглэлээр ажиллаад эхэлдэг. Манайд ийм жишээ маш олон бий. Тиймээс хүүхдийн авьяасыг нээгээд түүнийх нь дагуу сургуульд оруулах хэрэгтэй. Монгол эцэг эхчүүдийн ой ухаанд, Монголын боловсролын тогтолцоонд яг ийм өөрчлөлтийг оруулмаар байдаг” гэж ярилаа.

Үнэхээр л их, дээд сургуулийн диплом өвөртлөөд огт өөр чиглэлээр ажиллаж байгаа мянга мянган залуус Монголд бий. Бүр зарим нь дөрвөн жил огт сонирхолгүй мэргэжлээрээ суралцаад эцэст нь өөрийнхөө сонирхлыг олж дахин суралцаж байна. Ингэснээр ид хийж бүтээж, улс орныхоо хөгжил дэвшилд манлайлан оролцох залуус цаг алдаж, зэвэрч хуучирсаар... Дэлхийн шатрын музейгээс гурав дахин их үзмэртэй тус танхимд олны анхаарлыг татах сонирхолтой шатрууд маш олон. Тухайлбал Японы мэргэжлийн сүмогийн их аваргуудыг дүрсэлж, далаар урласан шатар болоод Монгол үндэстний өнгөрсөн болоод өнөө цагийн түүхийг өгүүлэх дэлхийд хамгийн томд орох бүтээлүүд ч харагдана. .... Нэгэн өвөрмөц шатрын өгүүлэмж хийгээд дүрийн тухай өгүүлэхэд нэн содон. Түүхт хатан Мандухайг Ардын жүжигчин Н.Сувд гуайн бүтээсэн дүрээр амилуулсан бол төрийн тэргүүн асан Н.Багабанди, Даяар дурсагдах далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэд цол тэмдгийг нь зүүн өгч, цагийг эзэлсэн хоёр аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нар идэр сайхан насныхаа дүрээр хав дөрвөлжин золгосон байдалтайгаар тус шатарт мөнхөрчээ... Ийнхүү их түүхийг өгүүлэх энэхүү оюунлаг бүтээлд өөрсдийн дүрээ мөнхөлсөн гэдгийг эрхэм алдартнууд маань тэр бүр мэддэггүй, уран бүтээлч маань ч өөрөө тэр бүр сурталчлаад яваад байдаггүй аж. Олон улсад шатрыг голчлон токариар урладаг бол монголчууд илүү бүтээлчээр, оюунлагаар урладаг байх юм. Барилгачин хүн дэлхийн хаана ч очсон өвөрмөц сонин барилгын хийц, хэлбэрийг харан туршлага судалж явдаг лугаа энэ эрхэм аливаа зүйлийг хараад хэрхэн ашиглаж болох вэ хэмээн тунгаан боддог байна. Тухайлбал түүний хийсэн дунгаар хийсэн шатрыг нэрлэж болно. Тайландын далайн эрэгт хэвтэх энэхүү зүйлийг гайхамшигт шатар болно хэмээн төсөөлөө ч үгүй байхад Монголын энгийн нэгэн аялагч эрхэм дэлхийн хаана ч байхгүй дунгаар хийсэн шатрыг урласан байх юм. Энэ мэтээс харахад үүнийг л дэлхийн долоон тэрбум хүнээс ялгарах Монгол оюун ухаан гэлтэй ...

НАРО ВАНЧИН ГЭГЭЭНТНИЙ НОМЫН ХҮЧЭЭР ЗАНГИДСАН СЭЛЭМ

Тус музейд ороод анзаарахгүй өнгөрөхийн аргагүй нэгэн зүйл хөрөг зургууд. Эдгээр мөн л З.ТүмэнӨлзий гуайн сонирхлоор бүтсэн гэх. Энэ тухайгаа “300 гаруй хүний хөрөг зурсан. Хамт суралцаж байсан ангийн найзууд, үе үеийн удирдагч, олны танил эрхмүүд, аав ээж, ах дүүс, хань ижил, үр хүүхэд, өөрийн хөрөг гээд олон ч зураг зурсан. Би зурахыг хэнээр ч заалгаж байгаагүй. Энэ зүгээр л авьяас, хобби юм” гэж ярьж байлаа. Энгийн нэгэн эрхмийн хобби, оюуны ур ухаанаар бүтэж 63 жилийг элээсэн тус музейд сонирхол татахгүй бүтээл нэгээхэн ч үгүй. Жижиг зүйл бүр нь ч утга учиртай, оюуны цар хүрээг шаардсан гайхамшигт үзмэрүүд... Бидний дараагийн зочилсон танхим бол “эрдэнэс”-тэй том жижиг алтан өргөө, оньсон гэртэй нүд бүлтийлгэмээр үзмэрүүд байлаа.

Оньсон гэрийн хойморт Наро Ванчин гэгээнтний номын хүчээр зангидсан зэс сэлэм байх аж. Унь, тооно, хаалга, тулга нь хүртэл оньс ийм гэр дэлхийн хаана ч байхгүй. Тэрбээр энэхүү гэрээрээ Испанид зургаан сар үзэсгэлэнд оролцож, дэлхийн аялагчдын анхаарлыг татсан аж. Үүгээр ч зогсохгүй тус музей дэлхийн 60 гаруй орны 90-ээд үзэсгэлэнд амжилттай оролцож, олон улсын нь 10 гаруй шагналыг хүртсэн байна. Оньсон түгжээтэй алтан өргөөнд монгол дархчуудын ур ухаанаар бүтсэн үнэт хөөрөг, алт мөнгөн аяга, мөнгөн хазаар, хөхүүр, эмээл, ширээ гэх мэт байх бөгөөд эдгээрийн заримыг уран дархчууд хойч үедээ зориулан тус музейд хандив болгон өргөсөн гэнэ. Тус өргөөг хамгаалж “хэвтэх” монгол банхар. Түүнийг мөн л оньсоор урлаж, эвлүүлдэг байх юм. Нэг ч хадаасгүй, оньсон урлал яахын аргагүй монгол хүний, монголчуудын л өмч юм гэдгийг эдгээрийг хараад ойлгох буй за. Их өргөөний дэргэд байрлах жижиг гэрийг яг л эртний байдлаар засч тохижуулж, эдлэл бүрийг нь өөрийн гараар, оюун ухаанаараа бүтээсэн байна. Энэ мэтээр тус музейн үзмэр бүр үнэт өв соёлын илэрхийлэл болж байгаа юм. Гэвч бид дэлхийд буй уран бүтээлүүдийг гайхамшиг хэмээн үзэж бишрэхээс биш дэргэдээ буй гайхамшгийг анзаардаггүй мэт.

Улс орны удирдлагууд ч тус музейгээр орж ирдэггүй гэдгийг сонсоод харамсах сэтгэл төрж байв. Дэлхийд гайхагдах тус музейг улс хамгаалалтад авч, анхаарал хандуулъя гэх үү хэмээхэд З.Түмэн-Өлзий гуай “Тус болдоггүй ч гай болдоггүйд нь баярлаж явдаг юм” хэмээн хошигносон юм. Мөн тэрбээр “Зохиолчид аав ээждээ энэ дууг, тэр шүлгийг зориулан зохиов гэдэг. Миний хувьд загийн үндсээр хийсэн болоод хоёр эко шатар маань өвөг дээдэс, аав ээждээ зориулан хийсэн бүтээл болж байгаа юм. Энэ музей хэдийгээр хувийн өмч ч гэсэн би үүнийг аваад үхэхгүй ээ. Ард түмний өмч болно. Тиймээс дэлхийн оюуны санд оруулж байгаа монголчуудын хувь нэмэр болох энэхүү музейг хүн бүр хайрлах хэрэгтэй” гэж байлаа.

Төгсгөлд нь нэмж өгүүлэхэд энэхүү музейгээр хүүхдээ дагуулаад очоорой. Эндээс та болоод таны бяцхан үр өөрийн гэсэн мөрөөдлөө олж, авьяасаа нээх буй за...

Сурвалжлагч О.Шинэтуяа

"Зиндаа" сэтгүүл 2018 он №09/509 дугаараас онцлов

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.60) 2023 оны 09 сарын 07

бахармаар мундаг хүн дээ

2  |  0
Top