ХЯНАЛТ #2 | Cонгинохайрханд 76 тэрбумаар 38 сургууль, цэцэрлэг барина

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

Засгийн газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран "Сургуулийн III ээлжийг II ээлжид шилжүүлэх, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт"-ыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт сургууль цэцэрлэгийн 38 төсөл хэрэгжиж байгаа билээ. Төслүүдийн явц ямар байгаа, хаана ямар барилга баригдаж байгаа тухай сурвалжлахаар Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийг зорилоо.


62-Р СУРГУУЛЬД ТАВАН ХОРООНЫ 4500 ХҮҮХЭД СУРАЛЦДАГ

Сонгинохайрхан дүүргийн хувьд Төрийн өмчийн 19, төрийн бус өмчийн долоо сургууль, нийт 26 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуульд хамрагдвал зохих насны 44003 хүүхэд суралцаж байна.  Үүний 4500 хүүхэд нь 62 дугаар сургуульд суралцдаг аж. Биднийг очиход тус сургуулийн хичээлийн III байрны барилгын суурь карказ хийгдэж байлаа. Энэхүү барилгыг “Ганзосом” констракшн компани барьж байгаа бөгөөд 20 хувийн гүйцэтгэлтэй, долоодугаар сарын 10 гэхэд гурван давхар карказ босгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. 640 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн III байр ашиглалтад орсноор ачаалал багасаж, хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж оройтох асуудлууд үүсэхгүй гэдгийг тус сургуулийн захирал Ш.Сарантуяа хэлж байлаа. Тэрээр “Гуравдугаар ээлжид 800 гаруй хүүхдүүд суралцдаг. Өнгөрсөн хичээлийн жилд багш нар, ажилчид маань маш их ачаалалтай ажилласан. Ирэх хичээлийн жилд хичээлийн гуравдугаар байр ашиглалтад орсноор ээлжийн ачаалал маань буурч, хоёр ээлж рүү шилжинэ. Энэ цаг мөчийг би гэлтгүй багш сурагчид маань бүгд тэсэн ядан хүлээж байна” гэлээ. 62-р сургууль нь 1975 онд байгуулагдсан бөгөөд тус сургуульд Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 19, 23, 27 дугаар хорооны хүүхдүүд суралцдаг аж. “Ган зосом” констракшн барилгын ажлыг гуравдугаар сарын 10-нд эхэлсэн бөгөөд сургуулийн байрлал орон сууцуудын дунд байдаг учраас оршин суугчдаас дуу чимээ их гаргалаа, байшин барилга нураалаа гэх зэргээр гомдлууд их ирж байсан гэсэн ч сургуулийн барилга дээр хайхрамжгүй хандаж, яаравчилж болохгүй” гэж “Ган зосом” констракшны ерөнхий захирал Д.Ганзориг ярьсан юм. Дээрх 640 хүүхдийн сургуулийн барилгыг 6.4 тэрбум төгрөгөөр барихаар төсөвт суулгажээ.

2019-2020 ОНД 17 СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРНО

Сонгинохайрхан дүүрэгт 38 байршилд 76 тэрбум төгрөгийн төсвөөр сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Үүнээс 19 нь цэцэрлэг, 17 нь сургуулийн барилга аж. 17 сургуулиас зургаан сургууль нь 2020 онд, үлдсэн нь энэ ондоо ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа юм. Цэцэрлэгийн тухайд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоёр цэцэрлэг 2020 онд баригдаж эхлэх бол бусад нь 2019-2020 ондоо ашиглалтад орох юм. Сургууль цэцэрлэгийн барилга дээр хайхрамжгүй хандаж болохгүй учир барилгын чанарт хяналт тавих чиг үүрэгтэй Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ажлын хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран долоо хоног бүр хяналт шалгалтын ажил явуулж байна. Энэ талаар БСШУСЯ-ны Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд “Сонгинохайрхан дүүргийн 106, 107, 62 дугаар сургуулиудын өргөтгөл, 113 дугаар цэцэрлэгийн өргөтгөл болон шинээр баригдсан 263 дугаар цэцэрлэгийн барилгын ажлуудыг газар дээр нь үзэж танилцлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан барилгын ажлын явц, байдлыг бодитоор хүргэхийг зорилоо. Энэ нь нэг талаасаа иргэд, олон нийт маань сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд хөндлөнгөөс хяналт тавих боломжтой шүү гэдгийг харуулж байгаа юм. Есдүгээр сарын 1-ний байдлаар нийт ашиглалтад орох сургууль, цэцэрлэг гэж бид тусад нь гаргаж түлхүү анхаарч ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд хичээлийн шинэ жил эхлэхэд гурван ээлжгүй болгохоор төлөвлөсөн. Хэдийгээр барьж байгаа барилгууд маань төдийлөн хүрэлцэхгүй байгаа ч гэсэн боломжгүй тохиолдолд сургуулийн зориулалттай барилгуудыг түрээслэх замаар гурван ээлжээс нийт сурагчдаа гаргахын төлөө БСШУСЯ нэгдсэн удирдлагатайгаар ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн тухайд нэг цэцэрлэг улсын дугаараа авсан, улсын комисс ажиллахад бэлэн болсон байна. Мөн нэг сургууль улсын дугаараа авчихсан байдалтай байна” гэлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top