“Алтай-Улайстайн эрчим хүчний систем ногоон эх үүсвэрийг ашиглаж байна”

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24


“Алтай-Улиастайн Эрчим хүчний систем”-ийн үр ашгийг дээшлүүлэх арга зам, боломжууд” эрдэм шинжилгээний хурал боллоо. Эрчим хүчний тус систем нь Завхан, Говь-Алтай аймгийн 44 сум суурингийн 22000 иргэнийг эрчим хүчээр ханган ажиллаж байна. “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем”-ийн үйлдвэрлэж буй эрчим хүч нь өндөр өртөгтэй учраас алдагдалтай ажиллж иржээ. Энэ өртгийг Тайширын усан цахилгаан станц буюу сэргээгдэх эх үүсвэрүүдээр нөхөж ажиллаж байна. Эдийн засгийн өртөг өндөр, өгөөж багатай ажиллаж байгаа ч аль болох эх үүсвэрүүдийн техник технологийн шинэчлэлийг үргэлжлүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа талаар хурлын үеэр танилцууллаа. Цаашид хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, үүний дагуу ажиллах болно гэдгийг холбогдох албаныхан мэдэгдлээ. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцсон “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал А.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.


-“Алтай-Улиастайн Эрчим хүчний систем”-д гардаг шийдвэрлэх ёстой асуудлууд бий юу?

-“Алтай-Улиастайн Эрчим хүчний систем”-д эх үүсвэрийн дутагдал гардаг. Үүнээс гарах нэг арга зам нь Говь-Алтай аймагт байгаа нүүрсний нөөцөд тулгуурлан эрчим хүчний үйлдвэрлэл явуулах боломжтой. Энэ нь ирээдүйг харсан хамгийн зөв бодлого болно.

-Үйл ажиллагааг дээш­лүү­лэхийн тулд хэр хэмжээний мөнгө төсөв­лөгдсөн бэ?

-Эрчим хүчний яам болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2020 онд “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем”-ийг сайжруулах томоохон бүтээн байгуулалтууд үргэлжилж байна. Үүний нэг нь Говь-Алтай аймгийн Тайшир сумаас Алтай хот, Есөнбулаг сумыг холбох 35квт агаарын шугамыг 110квт болгож өргөтгөх ажил юм. Мөн цахилгаан дамжуулах агаарын шугаманд холбогдоогүй байгаа сум сууринг холбох, хоёр аймгийн хэмжээнд сумын төвүүдийн 0,4 шугамын шинэчлэлийн ажлууд хийгдэж байна. Эдгээр ажлуудын хүрээнд сүүлийн хоёр жилд нийтдээ улсын төсвөөс 15 орчим тэрбум төг­рө­гийн ажил хийгдээд байгаа.

-Монгол Улсын эрчим хүчний тариф Азид хамгийн хямд байна. Энэ нь эрчим хүчний өрсөл­дөх чадварт нөлөөлөх үү?

-Чөлөөт өрсөлдөөний зах зээлд энэ үнэ өртөг бол мэдээж нөлөөлж таарна. Гэвч Эрчим хүчний яам хэрэглэгчдэд хамгийн хямд тарифаар үйлчлэх бодлогыг барьж байгаа. Тухайлбал, “Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” нь улсын төсвөөс санхүүжилт авдаг, алдагдалтай ажилладаг хэдий ч хэрэглэгчдийн шаардлагыг хангах зорилгоор хамгийн бага тарифтай цахилгаан эрчим хүчийг нийлүүлдэг онцлогтой.

-Тогтвортой хөгжлийн үзэл баримт­лалын хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх зорилт тусгагдсан байдаг уу. Алсын хараагаа хэрхэн тодорхойлж байна вэ?

-Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд эрчим хүчний салбарын дунд шатны бодлого зорилтууд тодорхойлогдсон байдаг. Энэ бодлогын хүрээнд “Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” өөрсдийн хэтийн бодлого хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Үүний нэг хэлбэр нь арван жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем”-ийн үр ашгийг дээшлүүлэх, бодлогыг тодорхойлох энэхүү арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

-Алтай-Улиастайн эрчим хүчийг Улаанбаатар хот руу холбох боломжтой юу?

-Цахилгаан дамжуулах агаарын шугамаар Улаанбаатар хот руу холбох боломж ирээдүйд бий.

-Эрчим хүчийг ашиглан агаарын бохирдлыг бууруулах боломж бий юу?

-“Алтай-Улиастайн Эрчим хүчний систем”-ийн  хувьд өвөрмөц горимоор үйл ажиллагаагаа явуулдаг. Системийн эх үүсвэрүүдийн дийлэнх нь сэргээгдэх буюу ногоон эрчим хүчийг ашиглаж үйлдвэрлэлээ явуулдаг. Үүгээрээ агаарын бохирдлыг бууруулахад  хувь нэмрээ оруулсан. Агаарын бохирдлыг бууруулахад шөнийн тарифыг тэглэх арга хэмжээ орон нутагт тодорхой хэмжээгээр хэрэгжиж байна.

С.НАМХАЙ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top