Ш.Оргил: Сэлэнгэ аймгийн айл бүр нь ажилсаг, өрх бүр нь үйлдвэрлэгч

Н.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Монголчууд атар газар эзэмшсэний 60 жилийн ой энэ онд тохиож байгаа. Мөн Монгол Улсын Засгийн газар өнгөрөгч онд Газар тариалангийн бүс нутгийг албан ёсоор зарлаж, энэ салбарыг төрийн бодлогоор хөгжүүлэхээр эрчимтэй ажиллаж эхлээд буй. Тэгвэл газар тариалангийн гол бүс нутагт Сэлэнгэ аймаг зүй ёсоор тооцогддог. Тиймээс энэ онд тохиож буй “Атар 60” ой болон тус аймагт хийж хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой дэлгэрэнгүй ярилцлаа.


-Сайхан хаваржиж байна уу. Сэлэнгэ нутгийн 2018-2019 оны өвөл, хаврын төлөв байдлын талаар ярилцлагаа эхлүүлэх үү?

-Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөтэй сайхан өвөл болж хаврын сартай золгоод байна. Нийт нутгаар өмнөх жилүүдээ бодвол цас багатай өвөл боллоо. Одоо хавартаа бага ч болов чийг унаж цас орвол тариалангийн бүс нутгийн хувьд энэ жилийн ургацад нэмэртэй нь мэдээж. Ихэнх нутгаар хур тунадас бага байгаа болохоор хаврын хуурайшилт, болзошгүй гал түймрээс сэргийлэхэд онцгойлон анхаарч байна. 

-Сэлэнгэ аймаг 2018 оны ажлаа дүгнэж, 2019 оныхоо бодлого зорилтоо тодорхойлсон. Аймгийн удирдлагын зүгээс энэ онд ямар ямар үйл ажиллагаа, бүтээн байгуулалт төлөвлөөд байна вэ?

-Бид 2018 оныг аймгийнхаа хэмжээнд “Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх жил” болгон зорилт дэвшүүлж ажилласан. Учир нь улс, аймаг, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн байгууллагуудын хөрөнгөөр жил бүр ганцхан манай аймагт төдийгүй улсын хэмжээнд бүтээн байгуулалтын олон ажил хийгддэг. Тэр бүтээн байгуулалтын ажлуудыг зураг, төсвийн дагуу чанартай, үр өгөөжтэй хийлгэхэд аймаг, орон нутгийн зүгээс онцгой анхаарах ёстой юм байна гэж би хувьдаа бодож явдаг. Тендер аваад гүйцэтгэлээ хангалтгүй, чанаргүй хийж байгаа компаниуд бий. Тиймээс аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд тухайн ажлыг хариуцсан агентлагууд, мөн сумын удирдлагуудад аймаг, сумандаа хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилд тавих хяналтаа сайжруул, нөгөөтэйгүүр тендерт шалгарсан компаниудад хэдийгээр ашгийн төлөө ажиллаж байгаа ч алс ирээдүй, аж ахуйн нэгжээ бодож барилгынхаа чанарт анхаар гэсэн чиглэлийг өгч ажиллаж байна.

2019 оны тухайд “Бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх жил” болгон зорилт дэвшүүлсэн. Миний нэг хэлэх дуртай үг байдаг юм. Сэлэнгэ аймгийн “Айл бүр нь ажилсаг, өрх бүр нь  үйлдвэрлэгч” гэж. Манай аймагт бол уг хүн нь туйлын залхуу л биш бол яагаад ч хоосон хонох учиргүй. Хашаандаа ногоо, жимсээ тарьж, гахай, тахиа, зөгийн аж ахуй эрхлэх гэх зэргээр амьдралдаа тус нэмэр болох боломж зөндөө бий. Өөрийн өмчлөлийн хашаандаа өөрсдийнхөө аж амьдралыг хэнээс ч хараат бусаар өөд нь татаад, өнгөтэй өөдтэй яваа айл өрх ч олон байгаа. Одоо бүр зохион байгуулалтад ороод бүлэг, хоршоо болж өргөжин хөгжөөд явж байгаа. Эдгээр хүмүүстээ аймаг, орон нутгийн түвшинд бодлогоор туслах боломж бололцоог эрэлхийлж ажиллаж байна. 

2019 онд улс, аймаг, орон нутгийн төсөв, хөрөнгөөр 28.0 мянган хүн амтай Мандал сумыг Алтанбулаг-Улаанбаатарын чиглэлийн хатуу хучилттай замтай холбохоос эхлээд олон томоохон бүтээн байгуулалтууд манай аймагт хийгдэнэ.

Мөн энэ онд “Сэлэнгэ аймгийн тогтвортой хөгжлийн зорилт-2030” бодлогын баримт бичгийг аймгийн ИТХ-аараа  хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна. Ирээдүйн 10 гаруй жилээ тооцон, томъёолж байгаа учраас тооцоо судалгаа боловсруулах ажилд гол анхаарлаа хандуулж, иргэд, эрдэмтдийн санал бодлыг шингээх гээд урьдчилсан ажил ихтэй байгаа.

-Сэлэнгэ аймгийн олон жилийн хүсэл, шаардлага болж ирсэн “Тариалангийн бүс нутаг” тогтоох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар өнгөрөгч онд гаргасан. Таныг Засаг даргаар ажиллах хугацаанд гарсан бас нэгэн томоохон шийдвэр гэж болох байх?

-Энэ асуудал их олон жил яригдсан. Тариаланчид малчдын хоорондын маргааны гол сэдэв нь энэ байлаа. Мэдээж малчид өөрсдийнхөө, тариаланчид өөрсдийнхөө эрх ашгийн өмнөөс л ярина. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бямбаа бид нар ажил аваад хамгийн анхны гол зорилтоороо энэ асуудлыг дэвшүүлсэн. Гэхдээ одоо энэ асуудал бүрэн шийдэгдсэн гэж ойлгож болохгүй. Засгийн газар бодлогын түвшинд шийдвэрээ гаргасан. Одоо бид аймагтаа шийдвэрээ гаргаж ажиллана. Тариалангийн бүс нутаг боллоо гээд бүх малтай иргэдээ аймгаасаа нүү гэж болохгүй. Сэлэнгэ аймаг 700-800 мянган мал байх л бэлчээрийн даацтай гэж манай ахмад тариаланчид, нэгдэл нийгмийн үед удирдах ажил хашиж явсан хүмүүс хэлдэг юм. Одоо тэгтэл даруй нэг дахин өсөөд 1.5 сая малтай болчихоод байгаа. Харин сүүлийн жилүүдэд огцом өсөхгүй энэ багцаандаа тогтвортой байгаад байна. Нэг хэсэг механик өсөлт их байсан, ялангуяа баруун зүгийн аймгуудын төвийг чиглэсэн нүүдэлд их өртсөн.

-Малчид, тариаланчдын зохион байгуулалтыг хэрхэн хангах вэ гэдэг хэн хүний анхаарлыг татаж буй?

-Одоо бид Тариалангийн бүс нутаг гэсэн шийдвэртэйгээ уялдуулаад эрчимжсэн мал аж ахуй буюу суурин болон хагас суурин маллагаатай, ашиг шим сайтай мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг бүх шатандаа зохион байгуулж, бусад аймгуудаа товарлаг мал, ялангуяа эцэг малаар хангах бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Жил бүрийн эхэнд улс, аймгийн аварга малчин шалгаруулж шагнаж урамшуулдаг. Манай аймгийн хувьд цаашид аймгийн аварга малчин гэхээсээ илүүтэйгээр аймгийн аварга фермер гэсэн чиглэл рүү малчдаа ажиллуулах болно. Сэлэнгэд заавал хэдэн мянган малтай байх албагүй, товарлаг ашиг шимтэй цөөхөн малтай иргэдээ аймаг түлхүү дэмжиж бодлогодоо хамруулна. Тиймээс бид аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартаа ферм гэж ямар малчин, аж ахуйн нэгжийг хэлэх вэ гэдэг шалгуур үзүүлэлтийг боловсруулж батлуулах үүргийг өгсөн. Тэгэхгүй бол банз, тоосгоор ферм гээд байшин сав барьчихаад мал нь нөгөө л бэлчээрийн хэдэн үхэр хашчихаад би фермер гэх нь учир дутагдалтай. Наад зах нь сүргийн бүтцээ сайжруулах талд сайн ажилласан байхаас эхлээд  малын тарилга туулгаа, нэг малаас авах ашиг шимийг тогтоож өгсөн болзлууд байх хэрэгтэй.

Социализмын үед манай аймагт сүү, махны үхрийн олон ферм үйл ажиллагаа явуулж байсан. Тэнд ажиллаж байсан дадлага туршлагатай хүмүүс буюу боловсон хүчний нөөц сайтай, ногоон тэжээл, дарш бэлтгэх тариалангийн газар нь байна. Тэгэхээр эрчимжсэн мал аж ахуй Сэлэнгэ аймагт хөгжихөд хүндрэлтэй асуудал харьцангүй бага гэж ойлгож байгаа.

Бусдад үлгэрлэл болохуйц сайхан аж ахуй байгуулаад ажиллаж байгаа иргэд, компаниуд байна.  Зүүнбүрэн суманд “Алтан тариа” ХХК-ий мал аж ахуйн салбар их сайхан хөгжиж байгаа гэх жишээний.

-2019 онд монголчууд атар газар эзэмшиж, өөрсдийнхөө хүнсний хэрэгцээг хангаж эхэлсний 60 жилийн ой тохиож байгаа. Сэлэнгэ аймагтай уг ой ихээхэн холбогдох байх?

-Энэ чухал ойд сэлэнгэчүүд бид манлайлан оролцох ёстой гэж бодож байгаа. Тэр ч утгаараа ойг аймгийнхаа хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг гарган хийх ажлын төлөвлөгөөтэй ажиллуулж байна. Саяхан хаврын тэргүүн сарын сар шинийн баярт зориулсан “Атрын нутгийн амар мэнд” нэвтрүүлгийг Монголын Үндэсний Олон нийтийн телевизтэй хамтран зохион байгуулж, атрын анхны аянаас эхлээд өнөөдрийг хүртэл энэ салбартаа ажиллаж байгаа алдартан гавьяатан, баатрууд, иргэдээ оролцууллаа.

Одоо энэ салбарт ажиллаж байгаа иргэдийнхээ хөдөлмөрийн үр шимийг төрдөө үнэлүүлэх, цаашлаад тариалангийн гол бүс нутаг болох зарим сумдаа төрийн дээд одон медальд тодорхойлох, энэ салбарынхнаа цуглуулж өнөө жилийн төдийгүй цаашид тариалангийн салбартаа анхаарах, шийдвэрлэх асуудлуудаа хэлэлцэх гээд олон ажлууд биднийг хүлээж байна.

2019 оны намар арвин их ургац хурааж, ойдоо бэлэг барих нь манай тариаланч механикжуулагчдын гол зорилт юм.

-Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай байна вэ? 

-Гурван бүлгийн 197 зорилт, заалт бүхий аймгийнхаа 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаараа хэлэлцүүлж цаашид анхаарах асуудлуудаа тодотгож авдаг. Манай сумдаас сонгогдсон аймгийн Төлөөлөгчид маань их идэвх санаачилгатай, уулзах бүртээ л сумандаа, тойрогтоо тийм ч ажил хиймээр байна, ингэмээр байна гэсэн саналаа дэвшүүлдэг. Тэр бүрийг дэмжээд хамтраад ажиллах хүсэл байв ч аймгийн төсөв хөрөнгө даанч хязгаартай.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн эрхэм зорилгыг “Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” гэж зүгээр ч нэг тодорхойлоогүй. Эцсийн эцэст Сэлэнгэ нутгаа хөгжүүлэхэд иргэн бүрийн, айл бүрийн оролцоо хамтын сэтгэл, зүтгэл чухал юм шүү гэдэг санааг л энэ уриагаараа илэрхийлсэн. Бид бүхэнд хийж чадсан гэх ажлууд ч байна, хийхээр зорьж байгаа зүйл ч их байна. Энэ хөтөлбөрийн үр өгөөжийг өнөөдөр би дүгнэх гэхээсээ илүүтэй иргэд маань үр дүнг нь үзэж бодит амьдралд биеллээ олоосой гэж бодож байна.

-Засгийн газраас дэвшүүлж буй сахилга, хариуцлагыг сайжруулах зорилт Сэлэнгэ аймагт хэрхэн хэрэгжиж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг Хариуцлагын жил болгон зарлаж, зорилт дэвшүүлэн улсын хэмжээнд олон ажлуудыг өрнүүлсэн. Миний хувьд аймгийн Засаг даргаар томилогдоод хамгийн анхны шийдвэрээ ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлагыг сайжруулах 05 тоот албан даалгавраар гаргаж, бүх төрийн байгууллагад хүргүүлж, үүрэгжүүлж байлаа. Сахилга хариуцлагыг хувь хүнээс өөрөөс нь хамааралтай асуудал гэж ойлгодог. Хамгийн наад зах нь цаг баримталж сурах хэрэгтэй. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас зохион байгуулагдаж байгаа ямарваа нэг хурал, зөвлөгөөн, сургалт, семинар товлосон цагтаа эхлээд төлөвлөсөн цагтаа өндөрлөдөг.

Сахилга хариуцлага ярихаар бүх зүйл гэнэт өргөс авсан юм шиг сайхан болчихно гэж байдаггүй юм байна. Гэсэн ч сумдад, зарим төрийн байгууллага, удирдлагуудад хандсан иргэдийн өргөдөл гомдол, санал шүүмжлэлийг бид хуулийн дагуу л шийдвэрлэж ажиллахыг зорьж байна. Төрийн ямар ч шатанд ажиллаж байгаа албан хаагчдад ажилдаа ч, үйлчлүүлж буй иргэндээ ч чин сэтгэлээсээ хандаж харьцахыг үүрэг болгож байна. Төрийн албаны нэр хүндийг нийгэмд унагаад байгаа нэг гол дутагдал нь ажлаа байтугай, өөрийгөө ч сайн мэдэхгүй нөхөд төрийн албанд орчихоод иргэдэд дээрэлхүү, онгироо зангаар хандаад байгаа явдал юм.  Энэ байдалтай би залуу хүний хувьд эвлэрэхгүй. Ийм төрийн албан хаагчидтай бид хамтран ажиллаж чадахгүй гэдгээ энэ ярилцлагаар онцлоод хэлмээр байна.

Монгол Улсдаа анхны төрийн 3 одонт аймаг, мөн 9 удаа улсын тэргүүний аймгаар шалгарч байсан гээд амжилт арвинтай аймгийнхаа ажил үйлсийг өөдрөг байлгахын төлөө хичээж, үе үеийн дарга нар, ахмадуудынхаа заавар зөвлөгөөг ажилдаа тусгаж, мөн орчин цагийн хэрэгцээ шаардлагаас хоцрохгүй байхыг хичээдэг.

Аймгийн Засаг дарга гэдэг албан тушаалд хамааралгүй салбар гэж нэгээхэн ч үгүй, эдийн засаг, нийгмийн бүхий л салбараа ижил тэнцүү авч явах, тулгамдаж буй чухал ажил асуудлуудыг тухай бүр нь шийдэх гээд зүтгэж л байна.

Би аймгийн Засаг дарга гээд л өрөөндөө суугаад байхыг боддоггүй. Манай хуучны сайхан үг байдаг даа, суусан цэцнээс явсан тэнэг гэж, явж хүмүүстэй уулзаж байж л ажил төрлөө бүтээх, шинэ санаа олж аймаг, орон нутагтаа тохиромжтойг нь ажил болгохыг боддог.

-Таны хувьд эрүүл мэнд, спортын салбарт мөн ихээхэн анхаарч ажиллаж буй?

-Жаргалтай, сайн сайхан яваа хүмүүс тэр бүр эмнэлгээр яваад байдаггүй. Өвдсөн, сандарсан хүмүүс л эмнэлэгт ханддаг. Тийм ч учраас энэ салбарт илүү анхаарах ёстой гэж би бодож явдаг. Энэ ч утгаараа ажлаа авснаас хойш гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн байгууллагуудын хөрөнгө, улс, аймгийн төсвийн нэлээдгүй хэсгийг эрүүл мэндийн салбарын орчин нөхцөл, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх сайжруулахад зарцуулж байна. Хоёр гурван жилийн өмнөхийг бодвол одоо аймгийн Нэгдсэн эмнэлгийн үүдээр ороход арай өөр орчин угтах байх.

Спортын салбарт анхаараад байгаа шалтгаан нь мөн л эрүүл мэндтэй холбоотой. Ямар нэгэн спортоор хичээллэх нь эрүүл байх, эрүүл аж төрөхийн үндэс гэдэг. Нөгөө талаар спорт өөрөө хүнийг тэвчээртэй, зорилго тэмүүлэлтэй болгодог. Би өөрөө багадаа чөлөөт бөхөөр хичээллэж гавьяат тамирчин Д.Оюунболд багшийн шавь нь болж явлаа, дараа нь сагсан бөмбөг сонирхох болсон, одоо ч хааяа найзуудтайгаа нэг сайхан тоглож хөлсөө гаргах дуртай. Одоо залуусаа өөр өөрийн сонирхолтой спортын төрлөөр хичээллээсэй гэж хүсдэг.

-Хил залгаа аймгийн хувьд гадаад харилцааг хөгжүүлэх боломж, шаардлага их. Энэ талаар ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

-Сэлэнгэ бол хилийн аймаг. Иймээс аймгийн гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, энэ хүрээндээ уламжлалт гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ түншлэлийг эрэлхийлэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар манай аймаг ОХУ, БНХАУ, Япон, Кувейт, Энэтхэг, Турк, АНУ, ХБНГУ, БНСУ-ын муж хотууд, Монгол дахь элчин сайдын яамдтай, төсөл хөтөлбөрийн газруудтай идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж байна.

-Сэлэнгэ газар тариалангаас гадна аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой аймагт тооцогддог. Энэ талаарх бодлого, төлөвлөгөөг танилцуулбал?

-Сайхан бүхний төгс зохицол бүрдсэн нутаг гэвэл л манай аймгийг хэлэх байх. Манай нутагт алт эрдэнэсээс эхлээд самар жимс, ан амьтан гээд бүх зүйл байна. Энэ их боломжоо бид зөв ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэж боддог. Сайхныг нь магтан шагшаад зүгээр хараад суугаад байх бус давуу талаа ашиглаж хэрхэн хурдан хөгжих вэ гэдэг чухал.

Манай аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж бий. Жишээ нь манай аймагт ирсэн хэн бүхний очих дуртай Сайханы хөтөлд хоёр хадыг холбосон шилэн гүүр барьж ашиглахаар ажиллаж байна. Тэгж байж тэр Сайханы хөтөл хэмээх байгалийн үзэсгэлэнт газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Өөрөөр хэлбэл зориод очсон бүхэнд үзүүлэх сонирхуулах юмтай байж гэмээ нь жуулчдыг тататж, дагаад үйлчилгээ хөгжөөд ирнэ.

Тиймээс зөвхөн газар тариалан, ашигт малтмал гэхгүйгээр байгаль экологидоо ээлтэй энэ мэтийн салбараа анхааралдаа авч аялал жуулчлалын чиглэлээр хийхээр төлөвлөсөн зүйл их байгаа. Хойд хил 24 цаг болсноос хойш хойд хөршийг чиглэсэн урсгал мэдэгдэхүйц нэмэгдсэн. Энэ урсгалыг ч бид аялал жуулчлалдаа татах боломжтой.

Сэлэнгэ аймаг 17 сум, 6 тосгонтой, 6 тосгон нь зарим сумаасаа ч их хүн ам, эдийн засагтай. Тэгэхээр 23 сумтай гэж ойлгож болохоор байгаа юм. Энэ 23 суурьшлын бүс нутагт ажиллаж амьдарч байгаа иргэн бүр сэтгэл тэнүүн, сайхан байх боломжийг бүрдүүлэхэд аймаг, сумын удирдлагууд иргэдтэйгээ хамтран ажиллах ёстой.

-2021 онд Сэлэнгэ аймгийн 90 жилийн ой тохионо. Тэгш ойг хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байгаа вэ?

-2021 онд Ардын хувьсгалын 100 жил, Сэлэнгэ аймгийн 90 жилийн түүхэн ой тохионо. Бид аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа ойгоо угтсан бүтээлч ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Сэлэнгэ аймаг анх 1931 онд байгуулагдсан түүхтэй. 90 жилийн хугацаанд сэлэнгэчүүд бид ямар ямар амжилтад хүрэв, цаашид яаж ажиллавал улсынхаа хөгжилд тус нэмэртэй байх вэ гэдгээ ярилцаж, хөгжлийнхөө тооцоо төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй.

2011 онд одоогийн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат аймгийн даргаар ажиллаж байхдаа аймгийнхаа 80 жилийн ойг их сайхан зохион байгуулсан. Тухайлахад, зүгээр л нэг уулын толгой байсан энгэрийг их сайхан тохижуулж “Гэрэлт цогцолбор” болгосон нь одоо ч ач холбогдлоо алдаагүй, аймагт ирсэн аялагч, амрагчид, аймгийн маань иргэд ч өөрсдөө чөлөөт цагаараа гарах дуртай газар болж чадсан. Мөн аймгийнхаа баяр наадмыг тэмдэглэдэг стадион байна. Тиймээс бидэнд түүхт 90 жилээ аймгийнхаа хэмжээнд өргөн дэлгэр сайхан тэмдэглэх үүрэгтэй юм. Ой тэмдэглэх нэг хэрэг, харин ойгоо угтаж, ойдоо зориулж ард иргэдтэйгээ хамтраад бүтээн байгуулалтыг олноор нь  өрнүүлж үлдэх юмтай байх нь чухал гэж боддог.

Нийт Сэлэнгэчүүддээ эрүүл энх байж, их зүйлийг бүтээж сайн сайхан явахыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.171) 2019 оны 06 сарын 18

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(41.138.91.171) 2019 оны 06 сарын 18

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top