Цэцэрлэгт хүрээлэнгийн үнэн дундуур туучсан тэмдэглэл

2019 оны 06 сарын 06

Өнгөрөгч оны тооллогоор 130000 гаруй мод, бут, сөөг тоологдож,

96 хувьтай ургаж, нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлж байна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх нийт 973 га газар нутгийг хамрах бөгөөд газар нутгийн 183 га талбайн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Ерөнхий төлөвлөгөөгөөр талбайн 86 хувь нь ногоон байгууламж, 15 хувь нь тохижилт бүтээн байгуулалт байхаар тусгажээ. Нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, дэлхийн  өндөр хөгжилтэй улс орнуудын  жишигт нийцсэн  амралт  зугаалгын  төв болохоор ерөнхий төлөвлөгөөний дагуу үе шаттай ажлууд тусгасан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнг 2009 онд Хот тохижилтын газрын харьяанд байгуулжээ. Тус газар нь нийслэлийн ногоон байгууламжийн массыг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл аюулгүй, эко орчныг бүрдүүлэх үндсэн зорилготой. “2018 оны тооллогоор 130000 гаруй мод бут сөөг тоологдож, 96 хувийн ургалттай ургаж, нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлж байна” гэж ургамал хамгааллын мэргэжилтэн хэлэв. Мод, бут, сөөг нэг бүртэй танилцах “аялал”-ын эхэнд сүүлиийн үед олны шүүмжлэлд өртөөд буй тус хүрээлэнг тойрсон гар дээрх зөвшөөрөлгүй худалдааны асуудлыг ч тодруулаад амжив. “Наран туул” худалдааны төвтэй хаяа хатгам шахам оршдог энэ айлыг эмх замбараагүй, Нарантуул зах шигээ ажилладаг, цэцэрлэгт хүрээлэн л гэнэ, хаана байна тэр цэцэрлэг нь, үзэх харах юмгүй гэх зэрэг шүүмжлэл ихэд өрнөдөг. Тиймээс шүүмжлэл дагуулсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг өөрийн биеэр үзэж, тухайн үеийн бодит байдлыг уншигч олноо хүргэхийг зорилоо. 

Хүүхдийн баярын хөл хөдөлгөөнд ойрын өдрүүдэд дарагдаж ачааллын дараа амсхийх мэт их үдийн нарнаа зэрэглээнд модод нь бүжих зэлүүдхэн газрын буйдхан сандал дээр тухлав. Хөвгүүд бяцхан тэрэг жолоодож, охид өнгөт бөмбөлгөөр наадаж, ээжүүд энэ тэрийг хөөрөлдөж, аавууд алаг үрсээ өхөөрдөж, улбар хантаазтай ажилчид энд тэнд бөхөлзөн амсхийх завгүй, түүний хажуугаар усны тэрэг зүлэг мод шүршин өнгөрөх агаад сэрүү татах нь таатай. Мухлагаас хүүхдүүд зайрмаг, ундаа зөөж, гэр бүлээрээ гадаах сүүдрэвчинд түргэн хоол идэнгээ юунд ч үл яарах мэт амгалан. Цэцэрлэгт хүрээлэнгийн гүнээр нэгэнтээ гороолоход цахим орчноор шуугиад байсан “Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн Нарантуул зах боллоо” гэсэн дүр зураг ажиглагдсангүй. Залуус сэмхэн болзож, унадаг дугуй буухиалан өртөөлж, хөгшид нарлан, нялхас нойрсоно. Үе үехэн таарах ундааны сав, чихрийн цаасыг үл тооцвол модод ургадгаараа ургаж, монос дэлгэрдгээрээ дэлгэрчээ. Хог цэвэрлэж буй хижээл насны эр “Хүүхдийн баяраар нийслэлчүүд манайхыг дайлаар мордсон, тонн тонноор нь ачаад байхад л хог гэж дийлдэхгүй юм, одоо л хөнгөрч байна даа” гээд инээмсэглэн өнгөрөв. Тав алхаад л хогийн сав тааравч тамтаггүй их хогийг таригчид энэ тухай огтхон ч бодоо нь үгүй  яваа биз ээ.

 

Хүрээлэнгийн офиссоор харин ажил ундарч байлаа. Бичиг цаасны их ажлын хажуугаар хэвлэл мэдээллийн ажилтан С.Отгонсүрэн “Жил бүрийн баяраар хэдэн зуун иргэдээс хүрээлэнгийн бүсэд тоглоом тоглуулах зөвшөөрөл олгох тухай хүсэлт ирдэг. Амьдралын бэрхшээл зовлон тоочсон тэр олон хүнээс судалж байгаад 30-40 хүнд л зөвшөөрөл олгодог. Манай хүрээлэн орж гарах иргэдээс төлбөр, тасалбар авдаггүй үүд хаалга нь үргэлж нээлттэй учраас тэр болгоныг хянаад цагдаад байх боломжгүй. Зөвшөөрөлгүй иргэд барьцаад л ороод ирчихдэг. Нэг хаалгаар нь хөөж гаргахаар нөгөө хаалгаар нь орчихдог. Зарим  нь загнана, уурлана. Орой болохоор л хүмүүсийн хөл хөдөлгөөнийг дагаад ороод ирсэн “дайсны цэргүүд”-тэй дайтах ажил ундарна даа” гэж мөнөөх цахим орчинд хэл ам дагуулсан хууль бус наймаачдын тухай учирлаж байв. Сайны хажуугаар саар гэгчээр ургасан цэцэрлэгийг нь анзаарахгүй хэрнээ уралдан өнгөцхөн дүгнэгсэд их юм аа гэж тэрбээр нэмж өгүүлэв.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны захирамжаар Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтэц орон тоог шинэчлэн 113 хүнтэй байна гэж заасан. Ажилчдын 50 гаруй хувь нь ногоон байгууламж буюу үйлдвэрлэлийн талбайд ажиллаж, үлдсэн цөөн хувь нь харуул хамгаалалт,  захиргааны албанд ажилладаг. Нэг ажилтанд ажиллах таван га газар ногддог бол ногоон байгууламж жил ирэх тусам тэлэхийн хэрээр нэг хүнд ногдох талбайн хэмжээ нэмэгдэж байгаа ажээ. Модны насжилт нэмэгдэхийн хэрээр арчилгаа нэмэгддэг талаар  Улаанбаатар хотын  техникийн туслалцааны  гүйцэтгэх хорооны сургагч багш Фурусе Казуёоши  хэлж байв. Гадаад улсад цэцэрлэгт хүрээлэнгийн насжилт ихтэй, тэнгэрт тулсан өндөр моднуудаа арчлахад хотынхоо төсвийн ихэнх хувийг зарцуулдаг талаар Японы Саппоро хотын цэцэрлэгт хүрээлэнгийн судлаач хэлж, төлөвлөлтөө тооцож мод тарих хэрэгтэй талаар зөвлөсөн байна. “Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаад 10 жил болж байна. Модны ургалт одооноос л үр дүнгээ өгч, нүдэнд харагдахуйц өндөр болж байна.  Дараагийн 10 жилд ногоон байгууламж улам нэмэгдэж, ажиллах хүчний бодлого дээр анхаарах шаардлага тулгарна. Эрүүл мэндэд ашиг тустай байгалийн экологийн тэнцвэрт байдлыг хангаж байдаг ногоон байгууламж бол иргэдийн ая тухтай амрах орчны нэг учир манай ажилчид илүү цагаар ажиллан, ялангуяа хаврын цагт хэдэн тонн шар өвс тармуурдаж, цэнэг усалгаа хийж, хавар намартаа мод тарилтын ажил өрнөдөг” гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамал хамгааллын мэргэжилтэн  Ш.Болорцэцэг хэлэв.

Хүрээлэнгийн ногоон байгууламж

Хүрээлэнгийн нэгэн чухал үүрэг нь Туул голын ундны  усны ай сав газар, эх үүсвэрийг хамгаалах явдал юм. Нийслэлчүүдийн амин чухал хэрэгцээ болсон унднусны орчимд ногоон байгууламж цогцлоохоор борви бохисхийлгүй ажиллаж иржээ. 2019 оны хаврын мод тарилтаар 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага, анги хамт олон 10 төрлийн 3000 гаруй мод бут сөөг тарьсан. Дээрх зорилгын хүрээнд жил бүрийн тав, аравдугаар сард “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан зохион байгуулсаар ирсэн бөгөөд тохижилтын ажлыг хувь хүн, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажилладаг гэнэ. Намрын мод тарилтыг зохион байгуулахдаа  шинээр олон мод суулгахаас гадна  өмнө нь тарьсан модоо арчлахыг  уриалж. Энэхүү уриалгыг иргэд,  байгууллагууд дэмжин  модондоо цэнэг усалгаа хийх, тогоог цэвэрлэх, хөрс сийрүүлэх, ойр орчмын  шар өвсийг цэвэрлэх, хагдарсан хөл ургамлыг устгах ажилд оролцдог болсон нь  үр дүнгээ өгч байгаа аж. Газар шорооны ажилд тохирсон байргахан гутал, ногоон комбинзон бүхий, нар салхинд хөрсөжсөн идэрмэг бүсгүйг Ш.Болорцэцэг гэдэг. Тэрбээр “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ-ын Ургамал хамгааллын мэргэжилтнээр ажилладаг бөгөөд энэ байгууллагад тасралтгүй найман жил ажиллаж байна. “Мод тарилтын хамгийн чухал хэсэг нь арчилгаа. Хавраас намар хүртэл графикын дагуу усалгаа хийж, таналт, хэлбэршүүлэлт, мод сөөгийн өвчин хортноос хамгаалах, хор цацах, тогоо гаргах, зүлэг хадах гээд бүхий л төрлийн арчилгаа хийдэг. Хүмүүс санаатай, санамсаргүй байдлаар хугалж эвдэх тохиолдол гардаг. Одоогийн байдлаар 254 гаруй га газар ногоорсон” гэж Ш.Болорцэцэг хэлэв. Цэцэрлэгт хүрээлэнд 32 төрлийн мод бут сөөг ургаж байгаа бөгөөд улирал улирлаа даган цэцэглэж, жимсэлдэг  ажээ.

 

Хүрээлэнгээр нэг монос цагаан дэлбээгээ дэлгэж, голт бор ягаан цоморлигоо дэлгэжээ. Явган замыг дагаж хоёр талаар нь шар хуайсыг хэлбэршүүлэн ургуулсан нь төмөр хайсны оронд шийдсэн ургамлан хашлага байлаа. Цэцэрлэгт хүрээлэн нь урд жигүүртээ мод үржүүлгийн газартай. Гурван зүйлийн шилмүүст мод буюу нарс, гацуур, шинэс, хоёр зүйлийн навчит мод буюу хус, улиас, таван зүйлийн гоёлын болон чимэглэлийн мод бут буюу шар хуайс, голт бор, гүйлс, монос, чацаргана зэрэг олон төрлийн мод, бут, сөөг үржүүлж хүрээлэнгийн талбайдаа суулгадаг аж. Ургамал хамгаалагч бүсгүй маань тарьсан мод бүхэндээ өөрийн үр шигээ  хандан тайлбарлан ярьж байлаа. Хэвлэл мэдээллийн ажилтан  С.Отгонсүрэн бүсгүй бидэнтэй зэрэгцэн алхаж албаны ажлынхаа тухай яриан дундуур ивж байлаа. Бид гурав явсаар зүрхтэй сандал дээр ирж, яриагаа цааш үргэлжлүүллээ. Ургамал хамгааллын ажилтан Ш.Болорцэцэг “Туул голын ай сав бол угаагдсан хайрга, үржил шим багатай элсэрхэг хөрстэй учир хар шороо, бууц, холимог, бордоог хольж хөрсөө найруулан, баяжмал хөрс бэлтгэж, модоо суулгадаг. Ямар төрлийн мод тарих гэж байгаагаасаа шалтгаалаад нүхээ ухаж бэлддэг. Нүхээ урьдчилан услаад дараа нь тарих суулгацаа нүхнийхээ голд зөв байрлуулна. Аль болох эгц шулуун тэгш суулгавал үзэмжтэй харагдана. Суулгасны дараа бэлтгэсэн хар шороо элсийг нүхэндээ эргэн тойрон бага багаар хийж улмаар дүүргэн суулгацаа эргэн тойрон сайтар гишгэн чигжиж  нягтруулна. Үндсийг ил гаргаж болохгүй. Нүхийг хар шороогоор дүүрмэгц ирмэгийг тойруулан үржил шим муутай үндсэн шороогоор тогоо бэлтгэнэ” гэх зэргээр мод зөв тарих технологийн талаар ярьж өглөө.

 

Хүрээлэнд таригдсан зарим мод, бут сөөгийг онцлон сонирхуулахад хараа булаан ягаарах монгол сакура буюу бүйлс модыг 2009 онд тарьсан. Амран зугаалагчдын анхаарлыг хамгийн их татаж, дэргэд нь зургаа татуулах 50 гаран насны хоёр эмэгтэй бидний “аялал”-д нэгдэн ярианд оролцов. Засмал замыг даган хашаалж ургуулсан шар хуайс  нь модорхуу сөөглөг ургамал бөгөөд цэцэг нь ганц нэгээрээ юм уу багцалж ургадаг. Цэцгийн цомирлог өргөн хонхорхуу. шар дэлбээтэй. Хүйтэн болон ганд тэсвэртэй ургамал. Энэ навчит моддыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хаанаас ч  олж болно. Дасан зохицохдоо сайн,  байгалийн хүчин зүйлсийг  тэсвэрлэх чадвар өндөр учир түгээмэл тарьдаг  юм байна.

 

Чимэглэлийн зориулалтаар төгөл болгон тарьсан  өрөл хэмээх мод нь цагаан өнгийн цэцэгс шүхэрлэн ургадаг.Тавдугаар сарын эхээс есдүгээр сарын сүүлч хүртэл дэлгэрдэг. Хар өнгөтэй, гашуун жимс нь есдүгээр сард боловсорч дуусна. Өрлийг ногоон байгууламжинд хэсэг бүлгээр, хамгаалалтын зурвас, амьд хашлаганд, хөрс хамгаалах зориулалтаар суулгахад тохиромжтой. 

Ундны усны  гүний худгуудын хамгаалалтын бүсэд зурвасаар  2012 оноос хойш тарьсан чацарганы  мод намар бүрийд жимсээ молцоглуулж амарч зугаалж яваа иргэд амтархан түүх дуртай болжээ. Чацаргана эр, эм нь тусдаа ургадаг бөгөөд чацаргана ургах орчны нөхцөлд амархан дасаж хурдан ургах боловч, ус чийг сайтай элсэрхэг хөрсөнд илүү ургадаг. Хөрс, усны горимыг зохицуулах, хөрсний үржил шимийг дээшлүүлэх, хамгаалах зэрэг экологийн өндөр ач холбогдолтойгоос гадна хүнс, эм, гоо сайхан, өргөн хэрэглээний болон үйлдвэрлэлийн үнэт түүхий эд болдог учир монголчууд эрт дээр үеэс ургадаг алт гэж хэлсээр иржээ. Шилмүүст мод буюу нарс, гацуур, шинэсний сэргэг үнэр сэнхийж хоёроос дөрвөн  метр  өндөр ургасан шинэсний нов ногоон төгөлд ер бусын сэрүү татсан мэдрэмж төрөв. Хамтран аялагч үл таних хоёр эгч шинэсний насыг асуув.

 

Шинэс нь 12-15  настай, агаарын бохирдлыг хамгийн их цэвэршүүлдэг ургамал гэж хөтөч маань тайлбарлав. Навчит мод буюу хус,  улиас, улиангарын төгөл хамгийн өндөр ургажээ. Улиас нь хаврын цагт хөвөн мэт цагаан үрээ салхиар тарааж цацдаг. Хүмүүсийн ад үзээд байдаг энэ мод хотын тоос шороонд тэсвэртэй, өөрөөсөө анхилуун үнэр ялгаруулж, агаар цэвэршүүлэг ажээ. Үл таних эгч нар өөрсдийн замаа хөөж, бид гурав зүүн жигүүрт байх “Ботаникийн бичил цэцэрлэг”-ийг зорив.

Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд “Ази номхон далайн ойн нөхөн сэргээлт менежментийн олон улсын ТББ”-ын хөрөнгө оруулалтаар 8.4 га талбайд Ботаникийн бичил цэцэрлэгийг  байгуулсан байна. Тус байгууллага нь ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн ажлыг цогцоор нь шийдэх зорилгоор өнгөрөгч 2018 онд 2000 мод шинээр суулган, усжуулалтын системийг  шийдвэрлэсэн байна. Мөн “Гэрэлт гэр”  амралт зугаалгын  газар байгуулах  төсөл,  эргийн тохижилт хийх төсөл үргэлжлэх шатанд явж байгаа нь анхаарал татав. Сүүлийн жилүүдэд төсөв хэмнэх зорилтын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад нийслэлээс санхүүжилт бага  тусгагджээ.  Өнгөрөгч 2018  онд хүүхэд залууст зориулсан Экстрим спортын талбайн бүтээн байгуулалтыг хийж хүлээн авсан нь төсвийн хөрөнгөөр хийгдсэн ганц ажил нь аж. Хэдийгээр төсөв хангалтгүй ч  дотоод нөөц бололцоогоо ашиглан тохижилт бүтээн байгуулалтаа хийдэг талаар тус хүрээлэнгийн Ландшафтын архитектор Г.Уянга уулзалтын өмнө хэлж байсан юм.

 

Нэг жишээ нь олон улсын стандартад нийцсэн байт харвааны “Дайчин чанар,  тэсвэрийн  талбар-360”  талбай. Тус талбайг 400 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр 100 хувь хандиваар бүтээн босгож, өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй  нээлттэй үйлчилж байна.  Түүнчлэн Агуу зохиолч Ч.Лодойдамба болон түүний гэргий Долгорсүрэн нарын  дурсгалын хөшөө, мэргэн гүүш Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг тохижилтын хамт шийдсэн нь өнгө үзэмж нэмж харагдав.   “Олон нийт, зарим сэтгүүлчид   цэцэрлэгт хүрээлэнгээр бүтэн тойрч үзээгүй байж,  биднийг харлуулах, ташаа мэдээллийг уухайлан дэмжиж нийгэмд түгээдэгт  эмзэглэдэг. Хүрээлэнд ажил хэрхэн өрнөж, ажилтнууд маань амсхийх завгүй хөдөлмөрлөдгийг энд  өглөө бүр гүйж, өдөр бүр салхилж, орой бүр амардаг хүмүүс илүү мэдэх байх. Бас сошиал орчинд “Бетонон хүрээлэн, мод нь хаана байна вэ,  тарьсан моднууд нь хатаж үхсэн” гэх зэргээр  шүүмжилдэг хүмүүсийг  бүгдийг нь хүрээлэнгээр аялуулах юмсан гэж боддог” гэж тус газрын Хэвлэл  мэдээллийн ажилтан  С.Отгонсүрэн хэллээ. Бидний  сурвалжлага өндөрлөх үест хүүхдээ цэвэр агаарт салхилуулж, залуус зугаалж, багачууд тоглож наран шингэх зүгээс моддын оройд алтлаг гэрлээ дэвсэн, үл мэдэг салхинд модод бүжиж байлаа.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hola(156.0.214.18) 2019 оны 06 сарын 06

Та зээл авах шаардлагатай, гэхдээ танаас асууж буй банк, санхүүгийн байгууллагаас татгалздаг таны сарын орлого, хэт их хүүгийн түвшинд тохиромжгүй нөхцөл байдал. Та зээл авахыг хүсч байна   Таны хэрэгцээг дэмжих. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөл байдалд би танд зээл олгож байна Зээл, Худалдааны зээл, Олон улсын зээл, Хувийн зээл, Онцгой Зээл, Боловсролын Зээл зэрэг олон компаниудад зээл олгодог. Чи үнэхээр хэрэгтэй байна Холбогдох Имэйл: matildalecoustre@gmail.com whatsapp: 0022 995 414 913

0  |  0
SS(66.181.168.8) 2019 оны 06 сарын 06

Haha hudlaa shdee! Minii medehiin uchnuun jil heden mayngan aj ahui negj, irged mod tarij bna. Barag hyazgaargui ogtorgui yum uu haashain yum. Manai baiguullaga 5 jil daraallaj tarisan, neg gazraa l jil bolgon taridag.

0  |  2
Zochin(202.126.88.159) 2019 оны 06 сарын 06

Bitgii ingej neg taliig barimtalsan hudal medeelel taraaj bgaach umhii shorlognii utaagaa arilgaj chadahgui heden ereenii hog zarj bgaga teged yu gej haatsailah geev er ni bol zahaas yalgaagui l bgashd undesnii tsetserlegt hureelend humuus amarch aylah gej ochdog bolohoos huuheddee ereenii hog iduulj hemherhii heden mashind suulgah gej ochdog gazar bish l bailtai ene medeelliig bichsen hun ni ch ter zahirgaa ni ch ter gadagshaa yavj yum uzej nud tail mun sudal shinjel gej zahiidaa

0  |  0
zochin(202.179.25.103) 2019 оны 06 сарын 06

tsahilgaan mashin yavuulah shiidver gargaachee,huvi huvisgaliinh ni medegdehgui mashinuud umhii utaa hanhluulaad davhij yavah ni ih muuhai, jijig suudliin mashinaar holhiod baidagiig ni boliulaachee,humuusiin buhimdal iimerhuu umand ih toroh umaa, hoolnii zahiig tusdaa hashaa gargaj neg gazar tovloruuleechee, us,bohiriig ni shiidej ogood..

0  |  0
Top