#BOOKTELLER: Б.Одгэрэлийн "Үл таних зочин" номоос онцлох 5 шүлэг

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

Монголын уран зохиолын мөнгөн үеийн яруу найрагчдын нэгэн тод төлөөлөл хэмээдэг яруу найрагч Батжаргалын Одгэрэл нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 1999-2003 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөн. 

1990 оноос уран бүтээлээ эхэлж “Өдөр бүрийн шүлгүүд”, “Сентименталист тэмдэглэлийн төгсгөл”, “Вампир” зэрэг бүлэг шүлгүүд бичиж Францын яруу найрагч Франсуа Вийоны шүлгийн эксперименталь орчуулгуудаа төвийн сонин сэтгүүлүүдэд нийтлүүлсэн.

Тэрбээр 2003 онд “Үл таних зочин” яруу найргийн цорын ганц номоо хэвлүүлжээ. Түүнийг үгийн урлаг, ертөнцийн хуран үймээнээс сэтгэлээ нэгэнт татсан хэмээн тэмдэглэсэн байдаг. Өдгөө Б.Одгэрэл нь Энэтхэг улсын Дарамасала болон Варанаса хотноо буддын гүн ухаанд суралцаж буй. 

Содон, сайхан шүлгүүдийн цоморлиг болсон "Үл таних зочин" номоос онцлох 5 шүлгийг хүргэж байна. 


 

***

 

"Найз нөхөд, үл таних хүмүүс сүүдэр мэт

Нимгэн үүлс, жихүүн үдэш хүйтэн дарс мэт..."

 

Ойртон буй нэгэн гунихралыг мэдэрнэм

Оройтсон хүмүүсээс тархи шиг цэвэрших

Хүрээний гудамжуудаар орь ганцаар

Орь ганцхан бодол шиг эргэлднэм

Хаа нэгтээ дурласан хүүхэн хүлээх шиг

Хачин битүүлэг өчүүхэн баяр ч үгүй

Найз нөхөд, үл таних хүмүүс сүүдэр мэт

Нимгэн үүлс, жихүүн үдэш хүйтэн дарс мэт

Догдлон түгших нь бүхнийг орхихын харамсал шиг

Үл ойлгогдох алсын хэрэггүй баярыг хүлээх шиг

Од мэт чулууд хөлийн дор бүдэг бадаг

Чулуу мэт оддын зүг одоход ойрхон мэт

Намайг ер ямар нэгэн орчлон хүлээх шиг

Намайг дурлалт хүүхнээс илүү цаг хугацаа татах шиг

1991.10

 

 

***

 

"Охин хонгорууд арван долоо хүрэх шиг

Тийм амтлаг хийгээд хөнгөн гунигтай..."

 

Арван долооны цайвар саран

Арван долоотой охин шиг гэгээтэй

Тэргэл дүүрэн гэрэлтэй байсан

Тэрхэн мөчийг нь санахад жаахан гунигтай

Орхин замрхар энэ миний залуу нас шиг тэр

Тэргэл саран бүдгэрэн сэмэрсэн нь

Охин хонгорууд арван долоо хүрэх шиг

Тийм амтлаг хийгээд хөнгөн гунигтай

1991.2

 

 

***

 

"Ердийн хямд зугаанд бид сохорч, зовлонд тэнцэхээн больдог

Ертөнцийн, гэгээрэх, мунхрахын үл үзэгдэх хуулийг үзэгдэх болтол жижгэрдэг..."

 

Энгийн байх, гунигтай, хатуу, бардам явахын учрыг

Энэ үеийнхээ цэцэрхэгчдээс илүү би мэднэ

Өдөр бүрийн амьдралыг өвдөж, өвчнөөн давж мэдрэхэд

Өндөр утга, эгэл үнэн оршдогийн учрыг мэднэ

Ердийн хямд зугаанд бид сохорч, зовлонд тэнцэхээн больдог

Ертөнцийн, гэгээрэх, мунхрахын үл үзэгдэх хуулийг үзэгдэх болтол жижгэрдэг

Адгуусан дунд ч байдаг амгалан, цэцэн, жинхэнэ зохирол

Анд нөхөд, тамхины утаан дунд алга байгааг мэднэ

1993.11

 

 

***

 

"Хөлд дарагдсан сэтгэлд

Хүний эдийг аваад эвдчихсэн юм шиг..."

 

Зүрхийг минь өмч шигээ санаж явснаа

Зөндөөн жилийн дараа хэлэхэд чинь

Хүүхнүүдийн гаргасан зөрөг

Хүрээний гудамж шиг огтолж

Хөлд дарагдсан сэтгэлд

Хүний эдийг аваад эвдчихсэн юм шиг

Чиний өмнө эвгүй байлаа

1998.10.02

 

 

***

 

"Шинэ гутал өмсөөд

Сэтгэл зовж явна..."

Шинэ гутал өмсөөд

Сэтгэл зовж явна

Булаагаад авсан юм шиг

Бусдаас зовж явна

Үдэш нь түүртлээсээ салахаар

Өрөөсөн гутлаа сугалнам

Үлдсэн нэгий нь тайллаа ч

Өвдөх сэтгэл арилахгүй

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(156.0.214.18) 2019 оны 06 сарын 06

Та зээл авах шаардлагатай, гэхдээ танаас асууж буй банк, санхүүгийн байгууллагаас татгалздаг таны сарын орлого, хэт их хүүгийн түвшинд тохиромжгүй нөхцөл байдал. Та зээл авахыг хүсч байна   Таны хэрэгцээг дэмжих. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөл байдалд би танд зээл олгож байна Зээл, Худалдааны зээл, Олон улсын зээл, Хувийн зээл, Онцгой Зээл, Боловсролын Зээл зэрэг олон компаниудад зээл олгодог. Чи үнэхээр хэрэгтэй байна Холбогдох Имэйл: matildalecoustre@gmail.com whatsapp: 0022 995 414 913

0  |  0
Top