Эрдэнэтийн цагаан тоос ирэх жил гэхэд арилна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

ИРГЭДИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ӨДӨӨСӨН ЦАГААН ТООС

“Эрдэнэт” үйлдвэрийн цагаан тоос иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байгаа гэх мэдээлэл гарах болсоор хэдэн жилийг үдэж байна. Саяхан Эрдэнэтийн зарим иргэн хөдөлгөөн байгуулан 12 мянган иргэнд гурван сая төгрөгийн нөхөн төлбөр төлөхийг шаардаж байгаа харагдсан. Хэрвээ тэр цагаан тоос хүний биед хор учруулж байгаа бол үнэ мөнгөөр хэмжигдэх зүйл биш. Үнэхээр ноцтой асуудал байж таарна. Тиймээс иргэдийн зүгээс тус үйлдвэрт цагаан тоосоо дарах шаардлага хүргүүлсэн бол хамгийн зөв баймаарсан. Харамсалтай нь 40 жил цагаан тоосонд хордсон гэх иргэдийн зүгээс нөхөн төлбөр авъя гэж байгаа нь өөрийн эрхгүй эргэлзээ төрүүлэхэд хүргэнэ. Учир нь гэр бүлдээ, үр хүүхэддээ хайртай ямар ч хүн хүрээлэн буй орчноо эрүүл болгохыг шаардахаас биш “Бид хордож байна.

Мөнгө өг. Мөнгөө аваад цаашид ч бид хордоод байж байя” гэхгүй л байх. Цаашид хордсоор мөнгө авсаар байна гэсэн санаа шууд уншигдаж байгаа юм. Цагаан тоосноос болж иргэд хордож байна уу гэх асуултын хүрээнд хариулт авахаар Орхон аймгийг зорилоо. Цагаан тоос гэдэг үнэндээ хавар, намартаа салхи, шуургатайгаа хамт босч байдаг сэдэв. Өнгөрөгч өвөл цасгүй байсан тул салхи шуурганд дэгдэх тоосжилт өмнөх жилүүдээс их байгаа нь үнэн аж. “Эрдэнэт” үйлдвэрийн Хаягдлын аж ахуй буюу одоогийн нэршлээрээ Үүсмэл ордоос цагаан тоос босдог. Уг үүсмэл орд нь 1200 га-г эзэлдэг. Энэ талбайн 800 га-гаас цагаан тоос дэгддэг юм байна. Угтаа цагаан тоос гэдэг нь нарийн ширхэгтэй кварцын элс. Эрдэнэт үйлдвэр зэс, молибденийг нь аваад бусад металлыг нь Хаягдлын аж ахуй руу явуулдаг аж. Тиймээс хаягдал гэж нэрлэж байгаа гэнэ. Тэр даланд алт, мөнгө, төмрийн хүдэр очиж байгаа тул яах аргагүй Үүсмэл орд болж таарна. Технологийн шинэчлэл хийгдсэнээр Үүсмэл ордыг дахин ашиглаж дээрх металиудыг олборлох боломж бий аж.

Үүсмэл ордод булингыг хаягдлын талбайд асгаж усыг нь 90 хүртэл хувиар шүүн авч үйлдвэрлэлийн хэрэгцээнд дахин ашиглаж байна лээ. Таван шат дамжлагаар буталж, нунтагласан хүдэр хатсаныхаа дараа салхитай үед цагаан тоос болон босдог гэдгийг Хөдөлмөрийн аюулгүй байлал, эрүүл ахуй, байгаль орчны хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа хэлж байсан юм. Үйлдвэрийн зүгээс цагаан тоосыг нэгдүгээрт, хаягдал булинга буюу нарийн элсэн ширхэгийг дарагч бодистой барьцалдуулан дэгдэмхий чанарыг нь арилгаж байна. Хоёрдугаарт, тоос дарагч бодисыг устай хольж, тоостой талбайд цацаж байгаа аж. Ингэхийн тулд зориулалтын техник шаардлагатай бөгөөд гадаад улсад захиалга өгсөн тул удахгүй ирнэ гэж байлаа. Харин гурав дахь арга нь үйлдвэрлэлийн технологийн аргаар нь талбайг норгож байгаатай танилцлаа. Цагаан тоос дэгдэж буй 800 га газрын 560 га-гийн цагаан тоосыг бүрэн даржээ. Иргэдийн зүгээс цагаан тоосны асуудлыг үе үе хөнддөг тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Орхон аймагтай хамтран “Цагаан тоос” дэд хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгааг аймгийн Засаг дарга Д.Батлут онцолж байсан.

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнхийн хэлснээр ИТХ-аас батласан дэд хөтөлбөрийн хүрээнд ирэх он гэхэд цагаан тоосыг 80 хувь дарахаар зорилт тавьсан ч 100 хувь дарахаар ажиллаж байгаа гэнэ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цагаан тоосны асуудал дээр онцгой анхааран Баяжуулах үйлдвэрийн Үүсмэл ордын цагаан тоосыг дарах нэгжийг байгуулжээ. Тус нэгжид 100 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд зөвхөн үйлдвэрийн хаягдлын аж ахуй буюу Үүсмэл ордын цагаан тоосыг дарах үүрэгтэй гэж байлаа. Цагаан тоос дарах нэгжид 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд бодис авах, тоног төхөөрөмж авахад тодорхой хэсгийг нь зарцуулсан байна. Энэ жилийн тухайд Үүсмэл ордын далангийн дагуух талбайн мөс гэсээгүй тул 200 гаруй га талбайн цагаан тоосыг технологийн аргаар дарах боломжгүй байна. Тиймээс тэндээс дэгдсэн цагаан тоос зарим иргэдийг бухимдуулаад байгаа аж. Үүсмэл ордын далангийн мөс гэсээгүй байхад зуны хаялгаа нээж булинга урсгаж болдоггүй. Хэрэв нээсэн тохиолдолд Үүсмэл ордын далан сэтрэх аюултай гэдгийг албаны хүмүүс онцгойлон анхааруулж байлаа. Далан сэтэрвэл цагаан тоосноос илүү аюулт нөхцөл бий болох гэнэ. Зарим иргэдийн бухимдлыг дагуулсан цагаан тоосыг далайн хясаатай холиод бордоо болгон экспортлох хүсэлтийг БНСУ-ын бизнесийн байгууллагын зүгээс тавиад эхэлжээ. Үүнээс үзэхэд иргэдийн амь насанд “заналхийлсэн” цагаан тоос бордоо болох боломжтой юм байна.

Цагаан тоос иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн үү!

Цагаан тоос үнэхээр иргэдийн амь насанд аюул учруулж байна уу гэдгийг тодруулахыг зорилоо. Цагаан тоосны хор хөнөөлийг судлахаар аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдээр ахлуулсан баг ажиллаж эхэлжээ. Өмнө нь нас насны ангилал бүхий иргэдээс судалгаа авч эрүүл мэндийн үзлэгт хамруулахад “Цагаан тоос хүний эрүүл мэндэд нөлөөлдөггүй” гэсэн дүгнэлт гарч байсан аж. Гэсэн ч иргэд “Эрдэнэт” үйлдвэрийн эмч нарт итгэхгүй байна. Өөрсдийн талд дүгнэлт гаргалаа гэсэн тул аймгийн эмнэлэгт шинжилгээ хийх зөвшөөрөл өгч, санхүүжилтийг нь Эрдэнэт үйлдвэрээс шийдэж өгч байжээ. Мөн шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллаж, цагаан тоосны сөрөг нөлөөтэй эсэхийг тогтоолгохоор болсон аж. “Шинжлэх ухааны байгууллагууд маш нарийн судалж байгаа. Үүнээс гадна ургамлын бүтцэд нөлөөлж байна уу, үгүй юу гэдэгт судалгаа явуулж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдэж байна” гэдгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх хэлж байв.

Жил бүр нас насны хүмүүсийн төлөөллийг эмч нарын үзлэгт хамруулсаар ирсэн бол цаашид ч хамруулах юм байна. Орхон аймгийн  Баян-Өндөр сумын Баянцагаан багийн иргэдийг Булган аймгийн Бугат сумын иргэдтэй харьцуулсан эрүүл мэндийн үзлэгт хамруулахад цагаан тоосны сөрөг нөлөөлөл илрээгүй бөгөөд хоёр хүний биед бронхит илэрсэн нь тамхинаас үүсэлтэй болох нь тогтоогджээ. Ерөнхий инженер Т.Батмөнхийн хэлснээр “1300 га талбайд энэ элсэн хуримтлал байгаа. Үүний 700-800 га-гаас цагаан тоос босдог. Өмнө нь бид хамгийн их тоос босдог 200 га-г нь дарж чаддаг байсан. Нөгөө талаас янз бүрийн бодис хэрэглээд дарчихаар тэр нь технологийн процесст шууд нөлөөлдөг. Бид тэндээс эргэлтийн усаа авч ашигладаг. Тэгэхээр тоос дардаг бодис болгон таарахгүй. Үйлдвэр маань металл авах бус металл хаядаг болж хувирах гээд байсан. Энэ хаягдлын процессыг технологийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр дарах ажлыг олон жил судалж, хүн хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсны үр дүнд ийм түвшинд хүрсэн. Миний бие энд 30 жил ажиллаж байна. Сүүлийн 20 жилд цагаан тоос дарах бүх ажилд гар бие оролцсон. Тэгэхээр ямар хүмүүс ийм ташаа мэдээлэл өгөөд байгааг би гайхдаг.

Энэ ажилд нэг ч удаа оролцоогүй хүмүүс. Үйлдвэр, орон нутгийн удирдлагууд хамтран ажиллаад үр дүнд хүрч байна. Өнөөдөр нэг метр 50 см-ийн гүнд элс хөлдүү байна. Ийм үед элс хураалт өгвөл далангийн тогтворжилтод шууд нөлөөлдөг. Үүнийг мэргэжлийн бус хүн ойлгохгүй. Иймээс элснийхээ гүний хөлдөлтийг дуусгасны дараа зуны хаялга руу шилжинэ. Одоогоор далангийн сан 1300 метрийн өндөрт байна. Цаашид 1320 метр хүртэл энэ санг бид ашиглана. Үүнийг 15-17 жилийн хугацаанд ашиглаад энэ хаягдлын сан дүүрнэ. Бид 17 жилийн өмнөөс дараагийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэдгийг онцолж байсан юм.

Нүдээр харахад энэ нарийн тоос иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа гэх бодол төрж байсан ч Эрдэнэт үйлдвэрийнхэн 2006 оноос эхлэн аймгийн холбогдох төрийн байгууллагуудтай хамтран нөлөөллийн бүсэд амьдарч байгаа хүмүүсийг хамруулсан дундажаар 28 жил амьдарсан иргэдийн дунд санамсаргүй түүврийн аргаар 12 удаагийн үзлэг, шинжилгээ хийгээд байна. Шинжилгээний хариугаар цахиурын давхар ислээс шалтгаалсан уушги тоосжих өвчний тохиолдол илрээгүй гэж Эрдэнэт үйлдвэрийн эмнэлэг сувилал цогцолборын үйл ажиллагаа хариуцсан орлогч, их эмч Ж.Ганчимэг хэлж байсан юм. Ямартай ч иргэдийн анхааралд үргэлж байж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн гэх тодотголтой цагаан тоос ирэх жил гэхэд цаасан дээр л бичигдэн үлдэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top