ШӨХТГ-аас "Мобиком", “БСБ электроникс” компанид ТОРГУУЛЬ ногдуулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар  өнөөдөр /2019.06.03/ мэдээлэл хийлээ. Тэд нийгэмд хэрэглэгчийн эрхийг зөрчиж буй нийтлэг асуудлаар хяналт, шалгалт хийсэн байна.

Тухайлбал, иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу Мобиком корпорацид хяналт шалгалт хийхэд зөрчил, дутагдал илэрсэн тул тус компанийг 20 сая төгрөгөөр торгохоор болжээ.

Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш. Цэрэндулам “Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр Мобиком корпораци “Өдрийн сонин” болон бусад хэвлэл мэдээлийн хэрэгслээр “Хэрэглэгчдийг багцын өөр үйлчилгээнд шилжүүлэх, мөн хоёрдугаар сарын нэгнийг хүртэл аливаа багцын үйлчилгээ сонгоогүй хэрэглэгчдэд Мобикомын зүгээс багц сонгож, үйлчилгээ үзүүлнэ” гэсэн мэдэгдэл гаргасан. Үүнтэй холбоотой гомдол ирсний дагуу хяналт шалгалт хийлээ. Мобиком корпораци хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар бодитой, үнэн зөв мэдээлэл өгөөгүй, хэрэглэгчтэй байгуулж буй стандарт гэрээний нөхцөл хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцөлүүдийг оруулсан гэдэг нь тогтоогдсон” гэв.
 

Мөн “БСБ электроникс” компаниас телевизор худалдан авсан нь баталгаат хугацаандаа эвдэрсэн тухай гомдол мэдээллийг Нийслэлийн прокурорын газарт бүртгүүлэн, хяналт шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтаар тус компани нь Монгол хэлний тухай хуулиар тогтоосон хориглосон зохицуулалтыг зөрчиж, хэрэглэгчдэд хүргэж буй гарын авлага, анхааруулга, санамжийг гадаад хэл дээр өгч, үйл ажиллагаа явуулсан тул тус зөрчилд холбогдох торгуулийг ногдуулсан байна.

Түүнчлэн “Юнивишн” ХХК нь “Ай Пи Тв” үйлчилгээний талаар хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр үнэ тарифаа нэмсэн, авахыг хүсээгүй үйлчилгээг хүчээр өгч нэмэлт төлбөр авч байна гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийж, таван сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
H(114.30.198.69) 2019 оны 06 сарын 03

Binzenee yariaachee

0  |  0
Top