ТОЙМ: “Рио Тинто”-г  идэвхгүй байна гэж шүүмжлэв

2019 оны 06 сарын 02

Эдийн засгийн салбарт өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож буйг онцлон дурдах нь зөв байх. Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн Худалдаа ба аж үйлдвэрийн банк буюу Монголбанк 1924 оны зургадугаар сарын 2-нд Нийслэл хүрээнд байгуулагдаж байжээ. Үүх түүх нь олон арванаар хэмжигдэх банкны салбар Монголын эдийн засагт түүхэн үүрэг гүйцэтгэсээр өнөөдөртэй золгож байгаа билээ.

Гадаад худалдааны тойм мэдээллээс дурдахад дөрөвдүгээр сарын байдлаар нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 15 хувиар өсжээ.  Экспорт 387 сая ам.доллароор, импорт 184 сая ам.доллароор тус тус өссөн нь үүнд нөлөөлжээ. 

Ингээд анхаарал татсан бусад сэдвүүдийг хүлээн авна уу.


Манай улс далайг гаталж, Европын зах зээлд хүрнэ

Өнгөрсөн дөрөвдүгээр  сард Засгийн газраас БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд тээвэр, ложистикийн үйл ажиллагаа эрхлэх, Монголын талын 49 хувийн хөрөнгө оруулалттай компанийг өмнөд хөршийн компанитай хамтран байгуулах шийдвэр гаргасан. Тэгвэл “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл БНХАУ-ын  "Тяньжин портын эдийн засаг, техник технологийн хамтын ажиллагаа" компанитай  “Хятад Монголын Олон Улсын Ложистик Бүс” хамтарсан компанийг байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр арван жилийн өмнөөс яригдсан том сэдэв ажил хэрэг болох чиглэлдээ орж буй харагдаж байна.

Монгол Улс Дунзян  боомтын 10 га газрыг ашиглах эрхээ эдлэх цаг тун дөхөөд буйг бид  өмнө нь мэдээлж билээ. БНХАУ-ын зүгээс манай улсын далайд гарах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Тяньжин хотын Дунзян боомтын эдийн засгийн бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшүүлэхээр тусгасан санамж бичгийг  2009 онд Тяньжин хотын Ардын засгийн газар болон тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам хооронд байгуулж байсан юм. Үүнээс дөрвөн жилийн дараа 2013 онд  тус 10 га газрыг Хятадын талтай хамтран эзэмшиж, ашиглах шийдвэр албан ёсоор гарч байв. Улс төрийн хүрээнд тохиролцсон уг асуудал урагшлахгүй олон жил болсон.  Тэгвэл хүлээлгийн өрөөнд 10 жил гацсан 10 га газрыг ашиглах тухай асуудал өнгөрсөн жилээс арай ахицтай чимээ дагуулсаар яг өнөөдрийн тухайд ирэх долдугаар сараас Дунзян боомт дахь тус газарт тээвэр ложистикийн төв барих ажлыг эхлүүлэхээр болсон тухай яригдаж байна.  “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл хэлэхдээ “Бид Тяньжины Дунзян худалдааны чөлөөт бүсэд өөрийн гэсэн 10 га газрыг хамтран эзэмших тээвэр ложистикийн төв анх удаа байгуулах гэж байна. Монгол Улс далайд гарцтай болох, далайгаар дамжаад гуравдагч зах зээл рүү гарах боломж нөхцөлийг БНХАУ бүрдүүлж өгч байна” гэсэн юм.


Фитч: Банкууд дахин өөрийн хөрөнгийн дутагдалд орсон байх  өндөр магадлалтай

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч (Fitch) агентлаг   Монгол Улсын банкны секторын талаар “Активын чанарын үнэлгээний нөлөөгөөр Монгол Улсын банкны салбар илүү хүчирхэг болно” гэсэн  гарчигтай хэвлэлийн мэдэгдэл гаргасныг тойм онцолж байна. Тус  агентлагийн мэдэгдэлд “Капитал банкны үйл ажиллагааг зогсоож татан буулгасан нь Монгол Улсын банкны системд бүтцийн өөрчлөлт, сайжруулалт хийгдэж буйн илрэл гэж үзэж байна. Мөн түүнчлэн зарим банкуудын хувьд цаашид өөрийн хөрөнгөө дахин нэмэгдүүлэх шаардлага байж болзошгүй ба бүр Активын чанарын үнэлгээ  "(АЧҮ)-ний үр нөлөөгөөр үйл ажиллагааг нь зогсоож ч магадгүй гэсэн хүлээлт тус агентлагт байна. Гэхдээ эдгээр нь эцэстээ Монгол Улсад ОУВС-гийн зүгээс хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн нэг чухал зорилт болох банкны тогтолцоог илүү чадавхжуулахад чиглэх юм. Өнгөрсөн жил Монголбанк зарим банкуудад өөрийн хөрөнгийн дутагдал үүссэнийг тогтоож, 2018 оны 12 дугаар сард багтаан дутагдлыг нөхөх шаардлагыг тавьсан. Худалдаа хөгжлийн банк активын чанар нь эрчимтэй муудсантай холбоотойгоор өөрийн хөрөнгийн харьцаагаа 2018 оны эхний хагаст 15 хувь байсныг жилийн эцэст 20 хувь болгож нэмэгдүүлсэн. Тус банкны чанаргүй зээлийн харьцаа 2019 оны 1 дүгээр улирлын эцэст 14 хувь болж өсөөд байна. Голомт банкны хувьд өөрийн хөрөнгийн харьцаа 2018 оны эцэст системийн нөлөө бүхий банкны зохистой харьцааны шаардлага болох 14 хувиас яльгүй илүү байсан. 2019 оны эхээс тус банкны чанаргүй зээлийн харьцаа эрчимтэйгээр муудсан ба 2018 оны эцэст 5 хувь байснаас 2019 оны 1 дүгээр улирлын эцэст 10 хувь болж өсөөд байна. АЧҮ-ний дүнд банкуудын өөрийн хөрөнгө нэмэгдүүлэх хэмжээ нь банкны секторын чанаргүй зээлийн харьцаа есөн хувь байх үед тогтоогдсон. Банкны секторын чанаргүй зээлийн харьцаа 2018 оны эцэст 10 хувь, 2019 оны дөрөвдүгээр сарын эцэст 11 хувьд хүрсэн нь банкууд дахин өөрийн хөрөнгийн дутагдалд орсон байх маш өндөр магадлалтай. Иймд Фитчийн зүгээс эрх бүхий байгууллага нь ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хүлээсэн үүргээ биелүүлэх болон банкны секторт итгэх итгэлийг нэмэгдүүлэх хүрээнд өөрийн хөрөнгийн дутагдалд орсон банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллана гэсэн хүлээлттэй байна” гэхчлэн өгүүлжээ.


 “Рио Тинто”-гийн хувьд ямар ч байсан зөвшилцөлд хүрэх нь дамжиггүй гэв

Монголын эдийн засагт  өгөөж дагуулах өндөр хүлээлттэй мега төсөл бол Оюутолгой. 10 жилийн өмнө гараанаас гарсан уг төслийн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад  төсөөлсөн шиг ашиг дагуулахгүй нь гэсэн байр суурь байнга тод дуулдаж ирсэн. Тэгвэл “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайланг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцлээ. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгойн гэрээний хэрэгжилтээр олон эерэг үр дүн гарсан боловч аливаа бизнес харилцан ашигтай байх зарчим баримтлах учиртай. Гэтэл Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн явцад өмчийн эзэн Монгол Улсад ашиг багатай байгаа нь анхаарал татдаг. Хөрөнгө оруулагчдын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээнд оролцсон Монголын талын гишүүд Засгийн газар болон УИХ-ын тогтоол, чиглэлийг бүрэн баримталж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр байсан хуулийн зарим заалтыг зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон зэрэг нь төслийн үйл ажиллагааны үр дүнгээс Монголын тал хүртэх үр ашиг, өгөөжийг буулгахад хүргэж байна. Ингэснээр 2039 онд Монгол Улс нэг тэрбум ам.долларын өртэй үлдэх магадлалтай байна. Цаашдаа Монголын талын эзэмшлийн хувийг 50 хувиас доошгүй болгоно гэсэн тохиролцоог хэрэгжих боломжгүй болгож байна” гэхчлэн мэдээлэл хийлээ. Байнгын хороогоор уг асуудал хэлэлцэгдсэнтэй зэрэгцэн УИХ-ын даргын байр суурь анхаарал татлаа.  Спикер Г.Занданшатар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Алейн Пилоутой у улзахдаа Оюутолгойн гэрээний асуудлаар “Рио Тинто” идэвхгүй байр суурь баримталж буйг шүүмжлэв. Харин ноён Алейн Пилоу “Рио Тинто”-гийн хувьд ямар ч байсан зөвшилцөлд хүрэх нь дамжиггүй. Ямар нэг байдлаар яриа хэлэлцээр болох нь гарцаагүй. Хэрэв та бүхэнд туслалцаа хэрэгцээтэй бол бид туслахад бэлэн байна"  гэлээ.


Зах зээлийн үнэлгээний 90.4 хувийг 30 компани бүрдүүлж байна

Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл хийж,  хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж, зээлийн хоршоод энэ оны эхний улирлын байдлаар ямар үзүүлэлтүүдтэй байгааг танилцууллаа. Энэ оны эхний улирлын байдлаар 54 үнэт цаасны компани СЗХ-ноос  олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ нэгдүгээр улиралд 2,456.5 тэрбум төгрөгт хүрчээ. Зах зээлийн үнэлгээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 134.2 тэрбум төгрөгөөр буюу  5.2 хувиар буурч, 2018 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 7.6 хувьтай тэнцсэн бөгөөд нийт зах зээлийн үнэлгээний 90.4 хувийг 30 компанийн үнэлгээ бүрдүүлж байна. Түүнчлэн ТОП-20 индекс өмнөх оны мөн үеийн байдлаас 195.75 нэгжээр буюу 0.93 хувиар буурчээ.

Даатгалын зах зээлийн тухайд  нийт хөрөнгийн хэмжээ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.8 хувиар өсөж 327.6 тэрбум төгрөгт хүрсэн. Даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал нэгдүгээр улиралд 12.6 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 32.8 хувийг эзлэв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нөхөн төлбөрийн зардал 8.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Санхүүгийн зах зээлд нийт 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 1.4 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 33.3 хувь буюу 348.7 тэрбум төгрөгөөр өссөн байна.  Салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.9 дахин нэмэгдэж 263.9 мянга хүрсэн бол нийт харилцагчдын тоо өмнөх оны мөн үеэс  1.2 дахин нэмэгдэж 1.7 саяд хүрсэн дүнтэй байна. Мөн  тус хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 282 ХЗХ, нийт 27 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. ХЗХ-дын нийт гишүүдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар өсөж тайлант улиралд 66,296 болжээ.  ХЗХ-дын нийт хөрөнгийн хэмжээ 211.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 31.7 хувийн өсөлтийг үзүүлжээ.


ШӨХТГ: Орон нутагт махны чиглэлийн хятадын компаниуд байгуулагдсан

Нийлүүлэлтийн хомсдолоос үүдэн махны үнэ өссөн гэх тайлбарыг холбогдох байгууллагууд өгч байгаа. Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас махны нийлүүлэлт, үнэтэй холбоотойгоор шалгалт хийсэн тухайгаа танилцууллаа. Он гарсаар ШӨХТГ-аас мах, махан бүтээгдхүүний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, үнэ бүрдэлт, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор мах боловсруулах, худалдаалах шат дамжлагад судалгаа, хяналт шалгалтуудыг хийж, дүгнэлт санал, зөвлөмжүүдийг гаргажээ.  “Эмээлт зах”, “Эмээлтийн мах нядалгааны газар”, “Саян хан” ХХК, “Шилүүст сүмбэр”, “Ди Эф интертейшнл трейд” ХХК, “Хүчит шонхор” худалдааны төвүүдийг тус тус шалгалтад хамруулж, хяналт шалгалтын ажиллагааг явуулахад үнийн өсөлтөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна гэж дүгнэжээ. Тухайлбал: Мал, мах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдээгүй, малчдаас махны дотоодын худалдаанд ченжийн системээр олон шат дамжлагатайгаар иргэдийн гарт хүрч байна. Орон нутагт махны чиглэлийн хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд байгуулагдаж, малчдаас их хэмжээгээр бог мал авч, махыг нөөцөлж байна.  ХХААХҮЯ мах нөөцлөх, бэлтгэх, хадгалах ажлыг хангалтгүй зохион байгуулсан.  2017 онд 15 тонн, 2018 онд 13 тонн мах нөөцөлж байсан бол энэ жил 4 тонн мах бэлтгэсэн нь үнэ өсөхөд нөлөөлсөн. Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн /хонь, ямааны мах/-ий экспортод квот тогтоогоогүй бөгөөд үйлдвэрийн бус аргаар төхөөрсөн, экспортлох эрхтэй боловч өөрийн үйлдвэрт боловсруулаагүй махыг “Хүчит шонхор” захаас их хэмжээгээр бөөндөж авдаг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон зэргийг дурдаж байна. Дүгнэлт, саналаа Засгийн газар болон ХХААХҮЯ-нд хүргүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top