Туулын бургасанд туйлж буй “Зүүнбаян Рефайнери” төрийн шийдвэрийг үл хэрэгсэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Төрийн тусгай хамгаалалттай газар нутаг болох Туул голын эрэгт аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар 2008 онд газрын зөвшөөрлийг нь авч, улмаар 2014 оноос барилгын ажил эхлүүлж, үүндээ эргийн мод бут, бургасыг  хөрстэй нь тэгшилсэн “Зүүнбаян Рефайнери”  компанийн эл үйл ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр зогсоож, газар эзэмших эрхийг нь цуцалсан юм. Тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхорол ажиллаж байсан бөгөөд түүний дараа ажлыг хүлээн авсан Н.Цэрэнбат сайд ч дээрх шийдвэрийг өөрчлөөгүй байна. Гэвч “Зүүнбаян Рэйфанери” компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байна гэдэг шүүмжлэл Нийслэлийн Засаг даргаар С.Амарсайханыг томилогдсоноос хойш буюу энэ хавраас эрс идэвхжсэн юм. Учир нь “Зүүнбаян Рэйфанери” компани нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхантай хамаарал бүхий компани байгаа нь асуудлыг улам ноцтой болгосон.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн удирдлагуудын шуурхай зөвлөгөөнөөр дээрх компанийн асуудлыг ярилцсан байдаг. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан зохих зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж, Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж, мод бутыг устгаж байгаа “Идэр интернэйшнл”, “Зүүнбаян Рефайнери” ХХК-ийн үйл ажиллагааг хууль шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэл түр зогсоохыг үүрэг болгожээ. Шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл... гэдэгт учир бий. “Зүүнбаян Рефайнери” компани газрын зөвшөөрлийг нь цуцалсан шийдвэрийг эсэргүүцэн 2018 оны тавдугаар сард шүүхэд хандсан нь өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахын зэрэгцээ  Туул голын эко системд учруулсан хор хохирлын үнэлгээг ч хийсэн байдаг. Экологи, эдийн засгийн үнэлгээгээр “Зүүнбаян Рефайнери” компанийн барилгын ажилд сүйтгэгдсэн хохирлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эхлээд 13 тэрбум төгрөгөөр үнэлэн тогтоож байж.

Шүүх дээр маргаантай байгаатай холбоотойгоор “Зүүнбаян Рефайнери” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлыг дахин тодотгох зорилготой ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд БОАЖЯ-ны дэд сайдаар ахлуулан ажиллажээ. Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг тус компанийн байгаль орчинд учруулсан хохирлын эколог, эдийн засгийн үнэлгээг гурван тэрбум төгрөгөөр тогтоосон бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд заасны дагуу энэ мөнгөн дүнг гурав дахин нэмэгдүүлж тооцдог байна. Тусгай хамгаалалттай газар нутагт байгаль орчинд хохиролтой үйл ажиллагаа явуулсны төлбөрт “Зүүнбаян Рефайнери” компани 9.2 тэрбум төгрөгийг гаргах ёстой гэсэн үг юм.

-“Зүүнбаян Рефайнери” нь “Оюуны Ундраа” групптэй хамаарал бүхий компани. Харин “Оюуны Ундраа” групп өөрсдийн төлөөний хүмүүсээ улс төрд амжилттайгаар үе залгамжуулж яваагийн нэг биелэл нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан. Олон жилийн бизнесийн түүхтэй, улстөр, эрх мэдлийг ийм байдлаар санхүүжүүлж ирсэн компаниуд төрийн шийдвэр, хууль журмыг үргэлж аргалсаар байх уу!-

Дөрөвдүгээр сард Нийслэлийн удирдлагуудын шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцэж, үйл ажиллагааг нь шүүхийн шийдвэр гартал зогсоох тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дараа тус компанийнхан хэвлэлийн бага хурал хийж, энэ бүхнийг улс төржилт хэмээн мэдэгдсэн юм. Тус компанийн захирал О.Сайнбаяр энэ үеэр хэлэхдээ “Туул голоос урагш бүх газар Тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг...  Их тэнгэрийн амны газарт каркас босгосон газрыг шалга л даа... Тусгай хамгаалалттай газар нутагт олгосон тэр бүх зөвшөөрлөө цуцлаад нураавал хамаа алга, би ч гэсэн нураая. Битгий ингэж улстөржүүлээч” гэж сэтгүүлчдэд ярьсан байгаагаас үзвэл тэд өөрсдийн үйл ажиллагааг зөвтгөсөн, хамгаалсан хэвээр байх юм байна.

Голын эргийн бургасыг хэдэн зуугаар нь үндсээр нь сугалан хаяж байгаа нь “Зүүнбаян Рефайнери” компанийн тусгай зөвшөөрөлтэй тэр хэсэгхэн газарт л хамаатай, тэдний дур зоргын асуудал биш юм. Байгалийн эко систем гэдэг нь бидний нүдээр харж байгаагаар хэмжигдэж, хязгаарлагдахааргүй нарийн уялдаа холбоо бүхий зүй тогтол, биднээс үл хамаарах өөрийн хатуу хуультай ертөнц. Тэр хэсэг газрын хөрсний бүтцийг эвдсэнээр хэзээ, хаана ямар хор холбогдол үүсэхийг мэргэжилтнүүд л хэлж дүгнэх зүйл. Харин дээрх компанийнхан мэргэжилтнүүдийн гаргасан экологийн хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй байхыг бодоход тайрсан бургасны тоогоо суулгацын үнээр үржүүлж бодоод байгаа бололтой.

Тэд төрийн байгууллагын бодлогын шийдвэрийг дагахгүй, үйл ажиллагаагаа зогсоохгүй, экологи, эдийн засгийн хохирол төлөхгүй гэж үзэж байгаа учраас түүнчлэн шүүхийн шийдвэрийг өөрсдийн талд гарна гэдэгт итгэлтэй яваа учраас барилгын ажлаа үргэлжлүүлсээр байсан хэрэг биз. 

Тус компани Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмших эрхийг  чухам ямар замаар авсныг, нөгөө тал нь юунд үндэслэн өгснийг бид мэдэхгүй ч Туул голын бургасыг хэрхэн хядаж байгааг харах нь нийслэлчүүдийн сэтгэлийг эмзэглүүлж байна. “Зүүнбаян Рэйфанери” компанийн эл үйлдэлд байгаль хохирч байна. Бас нийслэлчүүд хохирч байна.

Харин тэд яагаад энэ бүхнийг эс тоож байгаа вэ? Тусгай зөвшөөрлийг бүтээж авсан шигээ одоо хүлээгдэж байгаа шүүхийн шийдвэрийг өөрсдийн талд “бүтээнэ” гэж найдаж яваа гэдэгт бараг л эргэлзэхгүй байна. Тус компанийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны хохирлыг барагдуулах төр захиргааны байгууллагын шийдвэрийг ШҮҮХ хэрхэн шүүхийг харах л үлдлээ.

“Зүүнбаян Рефайнери” компани “Оюуны Ундраа” групптэй хамаарал бүхий компани. Харин “Оюуны Ундраа” групп өөрсдийн төлөөний хүмүүсээ улс төрд амжилттайгаар үе залгамжуулж яваагийн нэг биелэл нь нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гэдгийг хүмүүс сайн мэднэ. Олон жилийн бизнесийн түүхтэй, улс төр, эрх мэдлийг ийм байдлаар санхүүжүүлж ирсэн компаниуд төрийн шийдвэр, хууль журам, шударга шүүхийн дээр дур зоргоороо амьдарсаар ирлээ. Та нарт чухам юу дутуу гэж Туулын эргийг сэндийчнэ вэ?

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.27.125) 2019 оны 05 сарын 29

Пүрэвхатант гэж хүүхэн хэн бэ найз нь уу

0  |  0
Zochin(122.201.31.26) 2019 оны 05 сарын 27

Hudalch Amarsaihan

0  |  0
Zochin(122.201.31.26) 2019 оны 05 сарын 27

Iim HOTIIN DARGA BIDEND HEREGGVI ZAILAACHEE ZAIL ZAIL

0  |  0
зочин(124.158.73.28) 2019 оны 05 сарын 30

ах дүүсээрээ төрөөр тоглосон хулгайч нарыг байх ёстой газар залах цаг ирэх байлгүй дээ, ард түмэн тэнэг биш

2  |  0
zail(202.55.191.205) 2019 оны 05 сарын 27

Iim ch hotiin dargatai baih gej dee,

0  |  0
zail(202.55.191.205) 2019 оны 05 сарын 27

Iim ch hotiin dargatai baih gej dee,

0  |  0
Аоюөц(203.91.115.43) 2019 оны 05 сарын 27

АМАРСАЙХАН ХОТЫН ДАРГА ОГЦРОХ ЁСТОЙ. ЧИ ЕР НЬ Ч ХОТЫН ДАРГА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ МАНГАР БАЦААН БАТҮҮЛИЙН ЧИГЧИИНД Ч ХҮРЭХГҮЙ ХҮЙТЭН ЦАРАЙТАЙ ХУДАЛЧ НОВШ ЗАЙЛ

1  |  0
Зочин(202.126.89.244) 2019 оны 05 сарын 27

Улиг болсон улс төржилт. Zindaa сайт өөр мэдээллэх мэдээ алга уу. Нэг хүнийг муулах зорилготой улстөржсөн сайт юм уу

0  |  2
Top