"Цэргүүд сонсоод!" “Тавантолгой-Зүүнбаян” чиглэл рүү...

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнийг энэ сарын 19-ний өдөр үдэн гаргах ёслол болов. Хаашаа вэ гэж уншигч та бодож магадгүй. Тэд дайны утаатай Өмнөд Судан руу бус бүтээн байгуулалтын утаа босох Өмнөговийг зорьж байгаа нь энэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Засгийн газар хуралдаж гаргасан дээрх шийдвэр олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан ч ийнхүү цэргүүдийн цуваа хөдөллөө. Коксон нүүрсний чанар өндөр, нүүрсний экспортын голыг нь нугалдаг Тавантолгойн бүлэг орд төмөр замгүй байсаар 20 илүү жилийн нүүр үзжээ. Сүүлийн 20 жил уурхайчин, нутгийн иргэн, улстөрчдийн зүүдэнд эргэлдсэн Тавантолгойн төмөр замын мөрөөдөл ийнхүү эх орноо сахин хамгаалах цэргүүдийн гараар бүтэхээр болов.

“ЦЭРГҮҮД СОНСООД”...

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар томоохон бүтээн байгуулалтын ажилд цэргүүдийг татан оролцуулж, үүрэг гүйцэтгүүлэхээр болж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажилд цэргүүдийг татан оролцуулахаар болсон. Улмаар Зэвсэгт хүчний 7781 дүгээр анги Өмнийн говийн зүг хөдлөв. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын барилгын ажилд зургаан ротын 2000 гаруй цэрэг оролцоно.

Хэдийгээр цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулж байгаа ч төмөр замаар мэргэшсэн мэргэжлийн инженер, техникийн ажилчид өдөр тутмын ажилд нь зөвлөх үүрэгтэйгээр оролцох аж. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчийг үндсэн ахлагч, офицерын тооноос бага байлгах бодлого баримталж буй ажээ.

“Хоёр рот нийлээд 340 хүнтэй гэж тооцвол 29 нь л хугацаат цэрэг байна. Сайн дурын үндсэн дээр тухайн цэргийг бүтээн байгуулалтад оролцуулж байгаа. “Тухайн ажилтны хийсэн өдрийн норм, нормативын дагуу үнэлдэг байхаар хэлэлцэж байна. Сайн дурын үндсэн дээр тухайн цэрэг бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа учраас нэг цэрэг хэдий  хугацаагаар ажиллах нь тодорхойгүй. Тиймээс өдрийнх нь норм, нормативын дагуу цалин хөлс тооцно” гэж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат ярьсан юм.

Цэргүүд сайн дурын үндсэн дээр бүтээн байгуулалтад оролцоно. Бүтээн байгуулалтын ажлын явц дуустал болон эсвэл халагдах хугацаа дуустал ажиллах уу гэдгээ сонгосны дараа Зэвсэгт хүчний жанжин штабтай гэрээ байгуулах юм.

ЦЭРГҮҮД ҮҮ...

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн төмөр замын далан, далангийн газар шорооны ажил, ус зайлуулах хоолойны ажилд цэргүүд оролцоно. Улстөрчдийн толгойд 25 жилийн турш бүрэлдсэн “гайхамшигт” санаа цэргүүдийн гараар босно гэж ойлгож болно. Хэдийгээр бодлого боловсруулагчид, ажлын хэсгийн зүгээс зам гүүр, инженер техникийн мэргэжилтэй цэргүүдийг татах санаачилга гаргасан ч цэрэгт татагдсан залуусаас дээрх шаардлагыг хангах хүн олдохгүй байгаа аж.

“Цэрэгт татагдсан залуусаас мэргэжлийн боловсон хүчин алга байна. Иймээс бид одоо байгаа нөөц бололцоондоо тулгуурлаад офицер, ахлагчдаа бүтээн байгуулалтад хамруулна” гэж А.Ганбат ярьсан юм.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад цэргүүд оролцож байгаа аж. Дээрх бүтээн байгуулалтад хамруулахын тулд цэргүүдийг тусгай сургалтад хамруулсан байна. Алтанширээ суманд хэрэгжүүлсэн жишгийг Зүүнбаян чиглэлийн төмөр замд ашиглана гэж Зэвсэгт хүчний жанжин штаб үзэж буй. Алтанширээ суман дахь бүтээн байгуулалт энэ намар дуусах үед ажлын туршлагатай цэргүүд Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт руу шилжиж ажиллах юм.

Зэвсэгт хүчний жанжин штаб яг энэ бүтээн байгуулалт дээр гүйцэтгэгчээр оролцож буй. Нэг ёсондоо нөгөө гүйцэтгэгч болох “Монголын төмөр зам” компанитай ижил статустайгаар энэ бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа гэсэн үг. Нэгэнт гүйцэтгэгчээр ажиллаж байгаа тул бүтээн байгуулалтын ажлын зарим хэсгийг туслан гүйцэтгэгч компани сонгон шалгаруулах бүрэн боломжтой аж.

“ДАЙСНЫ ЦЭРГҮҮД ЭЭ СОНСОЦГОО”

Энэ тохиолдолд чухамдаа дайсан гэж байхгүй. Товчхондоо дайсан нь гадагш алдагдаж буй мөнгөн урсгал гэж шийдвэр бодлого боловсруулагчид томьёолсон гэж ойлгож болно. Гэхдээ цэргүүдээр бүгдийг хийлгэхгүй. Зөвхөн эхний шатны ажилд оролцоно. Ингэхдээ төмөр замын мэргэжилтнүүд зөвлөнө. Мэргэжлийн шинж чанартай ажлуудыг “Улаанбаатар төмөр зам” болон гадаад, дотоодын компанийн дунд тендер зарлаж, шалгарсан компаниар хийнэ гэж үзэж байгаа аж. Гадны компаниар хийлгэвэл нэг км төмөр зам 3.2 сая ам.доллар, харин дотоодын боловсон хүчнээр хийлгэвэл 2.1 тэрбум төгрөг болж маш хямд зардлаар төмөр зам босно гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас тооцжээ. Нэг ёсондоо мөнгөн урсгалаа дотооддоо үлдээе гэсэн санаа гэж тайлж уншиж болох талтай. Бодлын тайлбар ямар ч байсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд БНХАУ болон Өмнөд Солонгос зэрэг хэд, хэдэн улс оролцох хүсэлтээ илэрхийлснийг дашрамд сануулъя.

“Бид хэдий болтол хямд үнээр бүтээн байгуулалт хийлгэнэ гэж ярих ёстой вэ. Хямд үнээр чанаргүй зүйл хийлгэж байхаар олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээн байгуулалт хийх ёстой. Тавантолгой дээр бид ийм бодлого баримтална” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” уулзалтын үеэр ярьж байсан юм.

Цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулах санаа тийм ч шинэ санаа бус. Одоогоос яг 20 жилийн өмнө буюу 1999 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах зарлиг буулгаж байлаа. Зарлигийн дагуу “Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журам ч гарч байв.

Дээрх журмаар тухайн анги, байгууллагыг чиг үүргийнх нь дагуу ажилд оролцуулахаар зохицуулсан байлаа. Үүнээс хойш арав гаруй жилийн дараа 2010 онд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж барилгын цэргийн ангийг сэргээсэн байдаг. Ардчилсан нам 2012 оны сонгуульд ялалт байгуулсны дараа шинээр эмхлэгдэн байгуулагдсан Засгийн газар 2012-2016 онд Төрөөс батлан хамгаалах салбарт баримтлах бодлогын хүрээнд “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” найман зүйл бүхий хоёр үе шаттай хөтөлбөр баталж, 2016 онд хэрэгжиж дууссан юм. Уг хөтөлбөрт бүтээн байгуулалтын томоохон төсөлд цэргийн алба хаагчдыг оролцуулах тухай тусгасан юм.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Монгол Улсын Засгийн газар одоогоос яг жилийн өмнө тавдугаар сард хуралдаж 153 тогтоолоор төмөр зам барих ажлыг “Зүүнбаян Төмөр Зам” ХХК байгуулахыг “Монголын төмөр зам” компанид даалгасан байдаг. Улмаар 2018 оны есдүгээр сарын 27-ны өдөр “Эрдэнэс Монгол” компанитай БНХАУ-ын төмөр замын 20 дугаар товчоотой Харилцан ойлголцлын санамж бичиг зурсан бий. Санамж бичиг байгуулсны дараа аравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Зам тээвэр, хөгжлийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, “Дорнын төмөр зам” ХХК, Хятадын төмөр замын 20 дугаар товчоо группийн мэргэжилтнүүд Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ТЭЗҮ боловсруулахад шаардагдах зааварчилгаа өгсөн байдаг. “Дорнын төмөр зам” компанийн захиалгаар БНХАУ-ын Төмөр замын 20 дугаар товчоо урьдчилсан ТЭЗҮ боловсруулахаар болсон ч манай талд эцсийн байдлаар ирүүлээгүй юм.

Анхны сонголт бүтэлгүйтсэний дараа Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг гурван компанийн нэг “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад ашиг орлогоо зарцуулахаар болсон. Үүнтэй хамт “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн бүтээн байгуулалт ч яригдаж буй. Компанийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажилд 7.7 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болсон юм. Дээр бүтээн байгуулалтад нийт 750 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлж буй.

Жич: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Өмнөд Солонгосын төмөр замын хорооны дарга Ким Сан Гён нар өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон “Бүс ба Зам” уулзалтын үеэр төмөр зам барихад хамтран ажиллах, Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтад хамтран оролцох талаар санал солилцсон юм.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eej(66.181.161.81) 2019 оны 05 сарын 24

Battulga bas nuguu Gashuun sukhaitad Tumur zam Sol9ngosuudtai niilj balairuulsan shigee Zuunbayan chigleliig bas unagaaj mungiig ni avch khuvaakh nee. Jun Solongosiin company ve bolij uz. Battulgiig oruulj khereggui shuu.

0  |  0
болилдоо(150.129.140.126) 2020 оны 04 сарын 21

ЭНХ цагт цэргүүд бүтээн байгуулалтанд ажлах нь зөв. ХҮН ажил хийж байхад санаа зовох хэрэг алга.

1  |  1
Зочин(202.131.231.230) 2019 оны 05 сарын 27

Хоол унд, хувцас хэрэглэл,хадөлмөр хамгаалалд нь маш сайн хяналт тавих хэрэгтэй. Цалинг нь бас боломжийн өг. Манай залуучууд чаднаа. Итгэлтэй бн

1  |  0
зочин(66.181.178.78) 2019 оны 05 сарын 21

Буруутвал хариуцлагыг хэн хүлээх вэ

0  |  0
Төрөө(202.126.88.50) 2019 оны 05 сарын 27

Монголчууд чаднаа алийн болгон муугаараа дуудуулахийн эрчүүд маань Амжилт. Залуусаа

3  |  0
Ssss(203.91.115.50) 2019 оны 05 сарын 22

Zuv zuv tsereguud shig emh tsegtstei zaluuchuud mongoloos haigaad olohgui hool undiig ni mash sain uguurei hund ajil shuu dee

2  |  0
bold(202.179.24.148) 2019 оны 05 сарын 21

zuv bid chadna

1  |  0
монгол хүн(183.177.101.107) 2019 оны 05 сарын 27

Хяналт сайн тавихгүй бол хэдэн цэргээ зараад ахлагч офицер нь юуч хийхгүй байж мэднэ. Мөн хэрэглээний зардлаас шат шатандаа идээд хоол хүнс хувцас муутай байж мэднэ. хяналт сайн байхгүй бол цэргийн хурган дарга нар хумсалхад бэлэн байгаа шүү

0  |  1
ЗОЧИН(202.21.107.75) 2019 оны 05 сарын 21

Монгол хүн чанаргүй хийнэ гэж Сумьяабазар сайд хэлсэн гэсэн үг үү. Хоолыг нь ахиухан өгөөд, хяналтыг нь сайн тавьчихвал гадаадынхнаас илүү хийхээс дутуу хийнэ гэж байхгүй дээ. Эрхэм сайд дарга нар хоолноос нь хулгайлах гээд байж ядаж байгаа шүү. АТГ-Н сонор сэрэмжтэй байж сайн шалгаж шалгалтаа тогтмол хийх хэрэгтэй.

1  |  0
mgl(103.111.68.3) 2019 оны 05 сарын 21

saihan medee baina. Mongolchuud negdsen uedee huchtei

0  |  0
Top