Тост тосон бумбад хууль бус үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби коал транс”-ын талаар ШИНЭ БАРИМТ дэлгэлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 15

“Монгол ньюс” мэдээллийн төвд Тост тосон бумбын нурууны сав газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби коал транс” компанийн талаар өнөөдөр /2019.05.15/ мэдээлэл хийлээ. “Саусгоби коэл транс” компанитай холбоотой шинэ баримт дэлгэж буй тус хэвлэлийн бага хуралд "Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн"-ийг санаачлагчид болох МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Г.Өсөхбаяр нарын Өмнөговь аймгийн уугуул иргэд оролцлоо.


Тэд Тост, Тосон Бумбын нуруу орчмын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль экологи, хүн ам, амьтан ургамалд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар дараах мэдээллийг өглөө.

ТОСТ, ТОСОН БУМБА ТУХАЙД

Шинжлэх ухаан, техник технологи хөгжөөгүй хэдэн зуун жилийн өмнө бидний өвөг дээдэс газар орныг нэрлэж өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн нэршил нь тухайн газар нутагт агуулагдаж байгаа, орчин цагийн технологиор судлагдан батлагдсан эрдэс, баялагтай харилцан хамаарал бүхий агуулгатай байдаг нь өвөг дээдсийн маань далд чандыг таньж мэдэх, үр хойчдоо мэдээлэх, өвлүүлэн үлдээх гэсэн хосгүй монгол ухааны гайхамшигт нэгэн илрэл билээ.

Эрдэнэт, Оюутолгой.. гэх мэтээр үүний баталгаа болсон олон газар орнуудын нэг бол Өмнөговь аймгийн төвөөс баруун зүгт 308 км, Гурвантэс сумаас баруун тийш 40 км, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог Говийн Алтайн  нурууны салбар, Алтайн нурууны зүүн төгсгөл болох Тостын нуруу юм.

Нутгийн иргэд бидний үе дамжин тахиж, шүтэж ирсэн Тост, Тосон Бумбын нуруунд Монгол орны улаан номонд бүртгэгдсэн  15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамалтай говь хээрийн бүсэд ховорт тооцогдох баялаг нөөц, шим тэжээл бүхий нутаг төдийгүй дэлхийд ховордож  улаан номонд орсон цоохор ирвэсийн идээшин амьдардаг, өндөр нягтаршилтай цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний амьдрах сүүлчийн орон зай, онцгой орчин болж буйгаараа чухал ач холбогдолтой юм. Тийм ч учраас Де Нэйчэ Консерванси Олон Улсын байгууллагаас Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн үнэлгээ хийж хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын тоонд Тост, Тосон Бумбын нуруу орсон байна.

ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУ ОРЧМЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Тостын нуруунд уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосноос 5 тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээ байна. Үүнд  ашиглалтын 43153.96 га талбайг “Саусгоби коэл транс” ХХК, үлдсэн ашиглалтын 2 тусгай зөвшөөрөл бүхий 16361,72 га талбай болон хайгуулын тусгай зөвшөөрлийн 8010,74 га талбайн хамт нийт 24372 га талбайг Солонгосын хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК, харин хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд  нүүрсний хайгуулын 10 талбайн 112681,08 га талбайг долоон ААН, алтны хайгуулын 3 тусгай зөвшөөрлийн 6511,71 га талбайг 3 ААН, ховор металын 1 тусгай зөвшөөрлийн 19,35 га талбайг нэг ААН тус тус эзэмшиж байгаа гэсэн тойм мэдээлэл бидэнд байна.

Дээрх уул уурхайн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа талбайд 75 өрхийн 22847 толгой мал, 20 гаруй булаг шанд байна. Мөн Гурвантэс сумын 9 гайхамшигт ордог "Хүрэн ханын хэц" нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар ч энд багтжээ. Тостын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог байгаль экологийн онцлог бүс юм. Иймээс энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдаг учир энэ бүхэн өнөөдөр уул уурхайн ашиглалтын явцад хатаж ширгэх, устаж үгүй болох бодит аюул тулгараад байгааг хэн бүхэн газар дээр нь очоод нүдээр харж болохоор нийтэд илэрхий аюултай нөхцөл байдал үүсээд байна.

Хэдийгээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2010 оны 06-р сарын 30-ны өдрийн хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбайг “Орон нутгийн хамгаалалтай газар” болгосон боловч Гурвантэс суманд эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж ойр орчмын иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдөж, байгаль эколгийн тэнцвэр алдагдаж, дээр дурдсан олон төрөл зүйлийн амьтан ургамал түүний дотор цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зайлшгүй шаардлага бий болж энэ бүхнийг шийдвэрлэх арга зам нь тус бүс нутгийг ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна.  Энэ асуудал гэнэт өнөөдөр бий болоогүй бөгөөд өмнө үүссэн нөхцөл байдлыг харгалзан Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар тусгасан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2016 оны 3 дугаар сарын 28-нд өргөн барьж батлан гаргаж байсан. Энэхүү тогтоолын дагуу Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоон 896000 га газрыг улсын тусгай хамгаалалтанд авсан байна.

Гэвч Э.Эрдэнэбатын тэргүүлсэн “Мэргэжлийн” Засгийн газрын 2017 оны 03 сарын 15-ны өдрийн  “Байгалийн нөөц газрын хилийн зааг тогтоох тухай” 91 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га байхаар тогтоосон байдаг. Энэхүү тогтоолуудаар дээрхи газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ нэмэгдэж байгаа гэж танилцуулж байсан билээ. Засгийн газраас гарсан дээрх тогтоолын үр дагавраар Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалтад байх газар нутгийн хэмжээ өмнө тогтоосноосоо багассан гэх асуудал яригдаж эхлээд хариултгүй өнөөг хүрлээ.

Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө Тост, Тосон бумбын нурууг аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Үүний дараа улсын тусгай хамгаалалтад авах асуудал яригдсанаар Шинжлэх ухааны академийн Гео экологийн хүрээлэнгийн эрдэмтэд судалгааг эхлүүлж, тухайн үеийн УИХ-д ажиллаж байсан гишүүдэд нэмэлт газруудыг улсын тусгай хамгаалалтад хамруулах санал иргэдээс ирж, ерөнхий сайдыг тухайн орон нутагт ажиллах үед нутгийн иргэд бичгээр хүсэлтээ гардуулан өгсөн байдаг. Энэ бүх саналыг үндэслэн Тост, Тосон бумбын нурууны хилийн заагийг тогтоовол өргөн хүрээг хамарч, нилээд олон лицензитэй газар хамрагдаж байсан ба эдгээр лицензэт талбайг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргавал төр эзэмшигчдэд нь тухайн үедээ 13 тэрбум орчим төгрөгийн нөхөн төлбөр төлөх нөхцөл үүснэ гэж яригдаж, эцсийн дүндээ хилийн заагийг тогтоохдоо долоон хайгуулын лицензэт талбайг хамруулан нөхөн төлбөрт нь 660 орчим сая төгрөг төрөөс олгоно гэж тооцож шийдвэр гаргасан гэх мэдээлэл төрийн байгууллагуудын зүгээс хийж байсан.

Гэвч эцсийн дүндээ дээр дурдсан иргэд, судлаач эрдэмтдийн тухайн үед гаргаж байсан саналыг эс тоож ухвар мөчид шийдвэр гаргаснаас өнөөдөр Тост, Тосон бумбын нуруу төдийгүй Өмнөговь аймгийн 3-4 сумын нутаг дэвсгэрийг хамарч уул уурхайн тээвэрлэлтийн улмаас олон салаа зам үүсч, тоос шороо дэгдэн, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдан, зэрлэг ан амьтан бидний нүдэн дээр дайжин хорогдож  байна.  Мөн хайгуулын өрөм тавьж дээж авах зорилгоор ухсан цооногоор манай нутаг торлогдож байна. Уул уурхайн үйл ажиллагаа тухайн бүс нутагт гамшигт хэмжээнд хүрч зэрлэг ан амьтан, мал унадаг, усны нөөц багасч, булаг шанд ширгэн, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдан, айл, өрхийн ундаалдаг худагны усны хэмжээ эрс багасч байна.

Ийнхүү уул уурхайн нөлөөллөөс болж Тост, Тосон бумбын нурууны экосистемийн хэв шинж аюулд орсон бөгөөд ус, бэлчээр, ан амьтан, биологийн олон янз байдал, тэдгээрийн амьдрах орчинд өөрчлөлт гач, бодит эрсдэлийг бий болж хохирол нь нөхөн төлбөрт өгөх байсан 13 тэрбум төгрөгөөр үнэлэгдэхийн аргагүй,  эргэж хэзээ ч нөхөн төлжиж, сэргэгдэхгүй онц ноцтой нөхцөл байдал үүсээд байна. Одоогоор байгаль орчинд үүсээд байгаа энэ хохирлыг хэн төлөх вэ гэдэг асуудал хариулт нэхэж байна.

ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУ ОРЧИМД “САУСГОБИ КОЭЛ ТРАНС” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ҮҮДЭЛТЭЙБАЙГАЛЬ ЭКОЛОГИ, ХҮН АМ, АМЬТАН УРГАМАЛД ҮЗҮҮЛЖ БУЙ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙН ТАЛААР

Тостын нуруунд уул уурхайн хайгуулын 13, ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэсэн албан бус мэдээлэл байна. Үүнээс ашиглалтын нийт 59515.68 га талбай байгаагийн 73 орчим хувь буюу 43153.96 га талбайг “Саусгоби коэл транс” ХХК дангаар эзэмшдэг гэсэн тоон баримт байна. Бид энэ тоо баримтыг дахин нягталж байна. Өөрөөр хэлбэл Тостын нуруунд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ААН-үүдээс хамгийн их  түүний дотор хамгийн том ашиглалтын  тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэмшиж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби коэл транс” ХХК Тостын нуруунд том ачаа болж өнөөх УИХ, ЗГ-ын тогтоолуудаар тусгай хамгаалалтанд авагдсан Тост,Тосон бумбын нуруу орчмыг тоостой нь хольж, амьд хүн бүү хэл барагтай амьтан тогтож сууж, ургамал төрөл зүйлийг нүдэнд харагдаж гарт баригдах юмгүй болтол нь талхлан сүйтгэж байгаа “хэргийн гол эзэн” болж байна.  “Саусгоби коэл транс” ХХК-ийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон нутгийн иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой халдаж, онгон байгаль нутаг усыг минь ухаж сүйтгэн, байгаль экологи, амьтан ургамалд нөхөж баршгүй хор, хохирол учруулж байгаа үйлдлийг таслан зогсоохын тулд Үндсэн хууль болон Байгаль хамгаалах тухай хуулиар олгогдсон иргэний эрх, үүргээ ухамсарлан дээрх үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын  Их хурал, Засгийн газар, Уул уурхайн яам, Баягаль орчны яам, Зам тээвэр хөгжлийн яаманд тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэхээр шаардлага хүргүүлж, энэ асуудалтай хамтдаа тэмцье гэж төр засаг, хууль хяналтын байгууллага, нийт иргэд, хэвлэл мэдээллийнхэндээ хандан уриалж байна.

“САУСГОБИ КОЭЛ ТРАНС” ХХК-ИЙН 50%-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ НЬ
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ОРОЛЦСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ШИНЭ БАРИМТ

“Саусгоби коэл транс” компанийн эзэмшиж буй МҮ-019036, МҮ-017038 тусгай зөвшөөрлийг цуцлуулах, уурхайн үйл ажиллагааг зогсоох тухай иргэдийн нэхэмжлэлтэй шүүх хуралд 2017 оноос хойш гурван удаагийн шүүх хуралд гуравдагч этгээдээр Худалдаа Хөгжлийн банк орж ирдэг. Тодруулбал, 2017.12.21, 2018.10.29 өдөр болон 2019.03.18-ны өдрүүдэд болсон захиргааны хэргийн шүүх хурлуудад Худалдаа Хөгжлийн банкны төлөөлөл Б.Ананд нар оролцож ирсэн байдаг.  Тэд шүүх хурлын үеэр, “Саусгоби коул транс” компани ашиглалтын лицензээ барьцаалан тус банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн учраас энэхүү талбайг ашиглахыг хоригловол Худалдаа хөгжлийн банк хохирох нөхцөлд хүрч байна гэх тайлбарыг өгдөг.  Угтаа Худалдаа хөгжлийн банк аливаа зээлдэгчээс ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг дангаар авч барьцаалах ёсгүй бөгөөд барьцааны тухай мэдээллийг нийтэд ил тод хүргэх хуультай.

Хууль зөрчсөн байдлаар  үүссэн барьцааны зөрчлийг арилгуулах шаардлагатай байгаа ба банк зээлдэгчээс тусгай зөвшөөрлийг барьцаалахдаа өөр эд хөрөнгөөр барьцааны гэрээгээ өргөтгөж эрсдлээ багасгах хуулиар хүлээсэн үүрэгтэй болохоос, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, эс болгох талаар хөөцөлдөх үүрэггүй юм.  Харин энэхүү хууль зөрчсөн үйлдлийн цаана “Саусгоби коэл транс” ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигчээр Худалдаа Хөгжлийн банк байж болзошгүй шинэ нөхцөл байдал илрээд байна.

Анх “Саусгоби коэл транс” компанийг УИХ-ын гишүүн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн 2010 онд худалдаа, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар ганцаараа үүсгэн байгуулсан. Б.Чойжилсүрэн өөрийн 100 хувь эзэмшлийн компанийн 50 хувийг бусдад шилжүүлсэн гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийн компанийн 50 хувийг Худалдаа Хөгжлийн банк зээлийн өрөндөө авсан байж болзошгүй шинэ таамаг гарч ирж байна. Иймд, үүнийг зохих хуулийн хүрээнд шалгаж, тодруулах шаардлага бий болоод байна.



МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ
 

"Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн"-өөс Монгол Улсын Засгийн газарт дээрх асуудалтай холбоотойгоор шаардлага хүргүүлж байгаа аж. Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Өмнөговь аймгийн төвөөс баруун зүгт, Гурвантэс сум буюу суурьшлын томоохон бүсээс ердөө 40 орчим км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газартай хиллэн оршдог, Говийн Алтайн  нурууны салбар, зүүн төгсгөл, Монгол орны улаан номонд бүртгэгдсэн  олон төрөл зүйл сүүн тэжээлтэн, хөхтөн амьтад, говийн ховор ургамал бүхий  Монгол орны өмнийн говь дахь экологийн чухал ач холбогдолтой газрын нэг бол Тост, Тосон Бумбын нуруу билээ. Тостын нуруунд уул уурхайн хайгуулын 13, ашиглалтын 3-н тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж,  байгаа бөгөөд үүнээс ашиглалтын нийт 59515.68 га талбайн 73 орчим хувь буюу 43153.96 га талбайг “Саусгоби коэл транс” ХХК дангаар эзэмшдэг гэсэн баримт байна. Өөрөөр хэлбэл, Тостын нуруунд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ААН-үүдээс хамгийн их талбайтай, түүний дотор хамгийн том ашиглалтын  тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэмшиж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби коэл транс” ХХК-ийн уурхайн орчимд ойролцоогоор 75 өрхийн 22847 толгой мал, 20 гаруй булаг шанд, "Хүрэн ханын хэц" нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар, усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог байгаль экологийн онцлог бүс орсон байна. Иймээс энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдаг учир “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн ашиглалт, тээвэрлэлтийн улмаас энэ бүс нутгийн усны нөөц багасч, булаг шанд ширгэн, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдан, айл, өрхийн ундаалдаг худагны усны хэмжээ эрс багасч, Тост, Тосон бумбын нуруу төдийгүй Өмнөговь аймгийн 3-4 сумын нутаг дэвсгэрийг хамарсан олон салаа зам үүсч, тоос шороо дэгдэн, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдан, хайгуулын өрөм тавьж дээж авах зорилгоор ухсан цооногуудад зэрлэг ан амьтан, мал унаж эндэн, зэрлэг ан амьтан дайжин үгүй болж байна.

Энэ бүхэн “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, стандартыг дагаж мөрддөггүй, алхам тутамдаа зөрчиж байдагтай шууд холбоотой гэж үзэж байна. Иймд дээрх ААН-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль экологид учруулсан хохиролыг бодитойгоор судлан тогтоох чиглэлээр дараах арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байна. Үүнд:

  • “Ашигт малтмалын тухай хууль”-д зааснаар ААН нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэхийг үнэлж тогтоосон байхаас гадна ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авахын өмнө, болон зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлон уурхайн ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тусгаж, газрын гадаргуугийн болон гүний усыг хамгаалах, ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй байна.  “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хуулиар тогтоосон дээрх шаардлагыг хэрхэн хангаж ажиллаж байгааг эрх хэмжээнийхээ хүрээнд хянаж, шалгаж бодит нөхцөл байдлыг тогтоож, дүгнэлт гаргах.
     
  • Мөн “Ашигт малтмалын тухай хууль”-д зааснаар тухайн ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлдээ тухайн уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, дэд бүтцийг хэрхэн бүрдүүлэх, үүнд шаардагдах хөрөнгийн талаар тодорхой тусгасан байх ёстой бөгөөд “Авто замын тухай хууль”-д заасанчлан Саусгоби коэл транс” ХХК нь дотоодын буюу уурхайн олборлолт, ашиглалтын талбайн эзэмшлийн нутаг дэвсгэр дэх хэрэгцээнд зориулан барьсан авто зам, мөн уурхайгаас нүүрс, нурмаг ачаа тээвэрлэж байгаа хүнд даацын машин, механизмын тусгай зориулалтын тээврийн үйлчилгээнд зориулсан авто замууд болон замын байгууламжийг барих, шинэчлэхэд шаардагдах хайгуул, геологийн дүгнэлт, геодезийн хэмжилтийн тайлан, байгаль орчны судалгаа, нарийвчилсан зураг, техникийн шаардлага, өртгийн тооцооны нэгдсэн баримт бичиг боловсруулж, норм, норматив, техникийн үзүүлэлт, стандарт шаардлага хангасан байдлыг холбогдох хуулийн шаардлагын хэмжээнд хянаж, шалган, зам, дэд бүтэц нь шаардлага хангасан эсэхийг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор тогтоох.
     
  • “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны явц дахь авто замын хөдөлгөөний эрчим буюу тухайн авто зам, замын байгууламжаар нэгж хугацаанд зорчиж байгаа авто тээврийн хэрэгслийн тоон үзүүлэлт, голлон ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл, машин мехнаизмын төрөл, ангилал,  түүний говийн эмзэг зөөлөн хөрс бүхий газрын гадаргад орчинд үзүүлэх нөлөөлөлийг судалж, одоо бий болсон сөрөг нөлөөллийг нарийвчлан тогтоож, эрсдэл, хохиролыг үнэлэх.
     
  • Уурхайн олборлолт, нүүрс, тээвэрлэлтийн явцад Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчиж явуулж байгаа үйлдэлд нь хяналт, шалгалт явуулж дүгнэлт гаргах.
     
  • “Байгал орчны нөлөөллийн байдалд үнэлгээ хийх тухай хууль”-д заасны дагуу “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь Тостын нуруу орчмын бүс нутаг дахь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учруулж байгаа сөрөг нөлөөлөл, үр дагаврыг уур амьсгалын өөрчлөлт, ган гамшиг, байгаль цаг уурын сөрөг үзэгдлүүдтэй холбон судалж, одоо бий болсон байгалийн нөхцөл, орчны өөрчлөлтийг мэргэжлийн байгууллага, шинжээчдийн баг гарган ажиллуулж судлуулан, бүс нутаг дахь хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа хам болон давхардмал сөрөг нөлөөллийг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ авах, байгаль орчинд учруулж байгаа сөрөг нөлөөлөл, үр дагаврыг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоох чиглэлээр бодит арга хэмжээ авч ажиллах.
     
  • Дээрх судалгаа, хяналт, шалгалтын арга хэмжээг төрийн болон орон нутгын засаг захиргааны зохих байгууллагууд болон төрөл мэргэжлийн шинжээч, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан явуулж, бодит байдлын талаар үнэн зөв, дүгнэлт гаргаж цаашид авах арга хэмжээг тодорхойлох, хэлэлцүүлэг зохион байгуулах, энэ хүртэл “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах.
     
  • Цаашид Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж Тост, Тосон Бумбын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг, эсхүл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай шийдвэр гаргуулах,  “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалтын, тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас хүн, мал, амьтан байгаль экологид учруулсан хохирол, хор уршгыгтогтоон, үнэлгээ хийлгэж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг энэхүү шаардлагаар дамжуулан хүргэж байна.

     

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016.04.14. Дугаар 35

ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1, 2 дахь заалт, Yндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолын хавсралтын 3.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх, түүх, соёлын үнэт өвийг тогтвортой хадгалах, устах аюулд орсон амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсугай.

2.Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай.

Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд



МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017.03.15. Дугаар 91

БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2016 оны 35 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хилийн заагийг баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид, мэдээллийн санд бүртгэхийг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт, хамгаалалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sss(203.91.115.53) 2019 оны 05 сарын 16

Zuv zuv demjij bn umniin goviig uhaj tunhihuus uur yum meddeggui garuudaas hamgaalah tsag ni bolsoon demjiij bn tend bgaa an amitan malchid hun bish yumuu!?

0  |  0
Би(139.5.219.142) 2019 оны 05 сарын 16

өндөр дээд албан тушаалтнуудын ес зүй, эгэх хариуцлагын үр дүн сонгуультай шууд хамаарч, өнгө мөнгөний ертөнц дөх өчүүхэн хүмүүний гэгээрлийн мэлмий ариудах болтугай!

0  |  0
тор(202.21.107.125) 2019 оны 05 сарын 15

Чойжилсүрэн сахал Эрдэнэбилэг Элбэгдорж Дорлигжав нарыг гэсгээн цээрлүүлэхгүй бол тэд биднийг молигодсоор хуурч мэхэлсээр байх болно

0  |  0
иргэн(202.9.43.227) 2019 оны 05 сарын 15

Ийм сайхан газрыг ухаж мөнгө олно гэдэг бол баргийн хүний толгойд багтахгүй л баймаар. Эх орныхоо үзэсгэлэнт байгаль , ан амьтан, ус булгыг хүн бүр хайлах ёстой. Ухэж хөндөж болохгүй шүү днн.

0  |  0
Top