БАЙГАЛЬ ЭХИЙН ХЯМРАЛ: Нэг сая төрөл зүйл устаж үгүй болох аюул нүүрлээд байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 11

Газар, далай тэнгис, тэнгэр гээд хаа ч илрэх хүн төрөлхтөний хөнөөлт үйл ажиллагааны үр нөлөөг НҮБ-ын илтгэлд дэлгэрэнгүй өгүүлжээ.

Амьтан, ургамлын нэг сая төрөл зүйл өнөөдөр устаж үгүй болох аюултай нүүр тулаад байна. Байгаль эх урьд өмнө хэзээ ч байгаагүй хурдаар хоосорч буй нь хоол хүнс, эрчим хүчний хэрэглээ улам бүр нэмэгдэж буйтай холбоотой. Энэ хандлагыг зогсоох боломжтой ч үүний тулд хүн төрөлхтөн байгаль эхтэй харьцаж буй бүхий л хандлагаа сууриар нь өөрчлөх шаардлагатай гэдгийг судалгаа харуулж байна.

Үр тарианд тоос хүртээхэд амин чухал үүрэг гүйцэтгэдэг зөгийгөөс авахуулаад үерийн усыг барьж тогтоодог ой мод хүртэл амьдрал тэтгэгч экосистемийг хүн төрөлхтөн хэрхэн устган үгүй хийж буйг НҮБ-ын тайланд онцолжээ. Гурван жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн болох Байгаль орчны дэлхийн үнэлгээг гаргахад нийт 15 мянган судалгааны материал ашигласныг Биологийн төрөл зүй, экосистемийн үйлчилгээний Засгийн газар хоорондын шинжлэх ухаан, бодлогын байгууллага  эмхтгэн, 1800 хуудас бүхий илтгэл гаргасан байна. Парис хотноо хэвлэгдэн гарсан бодлого боловсруулагчдад зориулсан 40 хуудас бүхий хураангуй нь хүн төрөлхтөн цорын ганц гэр нь болсон эх дэлхийтэйгээ хэрхэн харьцаж буйг хатуу ялласан баримт бичиг болжээ.

Түүхэн явцад эх дэлхий хүн төрөлхтний үйл ажиллагааны улмаас зовж, шаналсаар ирсэн. Сүүлийн 50 жилд эл шалбархай гүнзгий сорви болон хувирчээ. 1970 оноос хойш дэлхийн хүн ам хоёр дахин нэмэгдэж, дэлхийн эдийн засаг дөрөв дахин өсч, олон улсын худалдааны эргэлт даруй арав дахин нэмэгджээ. Хурдацтай өсөн үржиж буй дэлхийн хүн амыг хоол хүнс, хувцас хунар, эрчим хүчээр хангахын тулд ялангуяа халуун бүсийн ойг гайхалтай хурдаар “цэвэрлэж” байна. 1980-аас 2000 оны хооронд халуун бүсийн нийт 100 сая га талбай бүхий ойг устгажээ. Өмнөд Америкт үхрийн фермийн аж ахуйг өргөтгөн хөгжүүлж, Зүүн Өмнөд Азид далдуу модны тос ургуулах гэж тэр. Ойгоос гашуун зовлонг намагтай газар нутаг туулжээ. 1700 онтой харьцуулахад  намагтай газар нутгийн нийт талбайн 13 хувь нь 2000 онд үлдсэнийг судалгаа харуулж байна. Хот суурин газрууд тэлсээр, 1992 оноос хойш газар нутгийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлжээ. Энэ бүх хүний үйл ажиллагаа урьд өмнө байгаагүй хэмжээгээр биологийн төрөл зүйлийг устгаж байна.

Дэлхийн үнэлгээнээс үзвэл, эх дэлхийн ан амьтан, ургамлын 25 хувьд устах аюул нүүрлээд байна. Хэдийгээр шавьж энэ үйл явцад хэрхэн өртөж буй нь тодорхойгүй байгаа ч, зарим бүс нутагт их хэмжээгээр цөөрч байгааг судлаачид баримтжуулж чаджээ.

Хэдхэн арван жилийн дотор нэг сая төрөл зүйл устаж үгүй болох аюултай нүүр тулгараад буйг судалгаа дахин сануулж байна. Хөнөөлийн хувь хэмжээ сүүлийн арван сая жилийн дунджаас хэдэн зуу дахин их байна.

Бид биологийн төрөл зүйл, байгаль орчин хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө байгаагүй хэмжээгээр доройтож буйг баримтжуулсан. Аюулын түвшин, доройтлын хэмжээний хувьд урьд өмнө нь байгаагүй цочирдуулам үзэгдэл болж байна гэж Миннесотагийн их сургуулийн доктор Кейт Брауман онцлон дурджээ.

Байгаль орчны үнэлгээ, судалгаанаас үзвэл, хөрс мөн хэзээ ч байгаагүй хэмжээгээр доройтож буй нь нотлогдсон байна. Үүний улмаас дэлхийн хөрсний үр шимт чанар нь 23 хувиар буурчээ.

Бидний ховдог сэтгэл уул овоо шиг  хогийг бий болгож байна. 1980 оноос хойш хуванцар хог хаягдлын хэмжээ арав дахин нэмэгджээ. Бид жилд 300-400 сая тонн хүнд металл, задлагч бодис, хорт хаягдал зэргийг ус руу хаяж байна.

Газар ашиглалтыг өөрчлөх нь хамгийн хор нөлөөтэй болохыг судлаачид анхааруулж байна. 1980 оноос хойш газар тариалангийн салбарын өсөлтийн 50 гаруй хувь нь хүний гар хүрээгүй ой модны үнэ цэнээр олджээ.

Үүнтэй адил эмгэнэлт дүр зураг тэнгис далайд ажиглагдана.

2014 оны байдлаар манай гарагийн далайн гуравхан хувь хүний үйл ажиллагаанд өртөөгүй болох нь тогтоогджээ. 2015 онд далай тэнгисийн нийт загасны 33 хувийг агнажээ. Сүүлийн 150 жилд усан доорх хадны чимэг болсон амьд шүрнүүд одоогийнх шиг хоёр дахин хэзээ ч багасч байгаагүй.

Энэ бүхэн улам бүр өсөн нэмэгдэж буй нь дэлхийн хүн амын хоол хүнсний хэрэглээ, ялангуяа мах, загасан бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж буйтай шууд холбоотой. Газар тариалан биологийн төрөл зүйл устан үгүй болж буй гол шалтгаан. Хөдөө аж ахуйн 70 хувийг мал аж ахуй эзэлж байна.

Тиймээс мах, сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээ эргэн харах цаг нь болжээ гэж Францын бодлого судлалын хүрээлэнгийн судлаач Янн Лоранс анхааруулж байна. Байгаль эхийн хямралд нөлөөлж буй бусад хүчин зүйлсэд ан агнуур, уур амьсгалын өөрчлөлт, бохирдол, түрэмгий, хөнөөлт төрөл зүйл ордог. Өмнө нь гарч байсан дэлхийн байгаль орчны үнэлгээ байгаль орчин, ус хамгаалах, хоол хүнс, эрчим хүчний хангамж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг өргөн хүрээг хамарч байгаагүй гэж тус илтгэлийг танилцуулах арга хэмжээний үеэр Канадын Бритиш Колумбия их сургуулийн судлаач Кай Чан онцлов.

Судалгаанд хамрагдсан ан амьтан, ургамлын 25 хувь нь устаж үгүй болох аюултай нүүр тулж, байгалийн экосистем дунджаар 47 хувиар доройтож, зэрлэг хөхтөн амьтны биомасс буюу дэлхий дээрх амьд биетийн нэгжид ногдох тоо 82 хувиар буурчээ.

ИРЭЭДҮЙД ЮУ ҮЛДЭХ ВЭ?

Энэ бүгд биднээс л шалтгаална. Судлаачид хэд хэдэн хувилбар боловсруулсан байна. Гэвч ямар ч тохиолдолд дээрх сөрөг хандлага 2050 оноор зогсохгүй түүнээс ч хойш үргэлжлэх аж. Экологийн гамшгаас зайлсхийх цорын ганц арга зам нь эрдэмтдийн томьёолсноор “суурь өөрчлөлт”.  Хамгийн гол санаа нь эдийн засгийн өсөлтийн хэвшмэл ойлголтоос дэлхий татгалзах ёстой гэж эрдэмтэд үзэж байна. Тэд эдийн засгийн өсөлтийг дотоодын нийт бүтээгдэхүүнээр бус амьдралын чанар, урт хугацааны үр дүнгээр хэмждэг болох саналыг дэвшүүлжээ. Амьдралын чанарыг бүх түвшинд хэрэглээг нэмэгдэж буйгаар тодорхойлдог уламжлалт ойлголтыг өөрчлөх хэрэгтэй. Мөн биологийн төрөл зүйлд сөрөг нөлөөтэй үйл ажиллагааг санхүүжүүлдэг байдлыг ч мөн өөрчлөх хэрэгтэй гэж судлаачид анхааруулж байна. Ялангуяа, чулуужсан түлш, үйлдвэрлэлийн зорилготой загас агнуур, газар тариаланд санхүүжилт олгохыг зогсоох нь чухал байна гэж Олон улсын байгаль орчин, хөгжлийн хүрээлэнгийн захирал Эндрю Нортон үзэж байна. Эдгээр үйл ажиллагаа хэдэн тэрбум хүний одоо болон ирээдүйн амьдрал шалтгаалах  цэвэр, эрүүл, биологийн төрөл зүйлээр баялаг тэр орчны үнээр газар нутаг, тэнгис далайг хомсолж байна.

Тиймээс дархан цаазтай, тусгай хамгаалалттай газар нутаг, усны хэмжээг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байна. 2050 он гэхэд дэлхийн тэн хагасыг хамгаалалтад авч, байгаль орчноо сэргээж, шинэ хандлагыг төлөвшүүлснээр бид хойч үедээ эрүүл, тогтвортой дэлхийг өвлүүлэх юм.

ЭНЭ БҮГД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ИЛҮҮ СӨРӨГ ҮР НӨЛӨӨТЭЙ ЮУ?

Уур амьсгалын өөрчлөлт яахын аргагүй дэлхийг хөнөөж буй гол хүчин зүйлсийн нэг. 1980 оноос хойш хүлэмжийн хийн хэмжээ хоёр дахин өссөний улмаас агаарын температур 0.7С градусаар нэмэгдээд байна. Энэ нь зарим төрөл зүйлд хүчтэй нөлөөлж, тэдний устаж үгүй болох эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Хэрэв дэлхийн агаарын температур 2С градусаар нэмэгдвэл биологийн төрөл зүйлийн 5 хувь нь устаж алга болох гэнэ. Биологийн төрөл зүйлийг аюулд учруулж буй хүчин зүйлсийн жагсаалтад уур амьсгалын өөрчлөлт гуравт бичигдсэн байна.

ТЭГВЭЛ БИД ӨӨРСДӨӨ ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

Хандлагаа өөрчлөх үзэл санаа нь зөвхөн засгийн газар, орон нутгийн эрх баригчдаас шалтгаалах зүйл огт биш. Хувь хүн өөрөө өөрчлөлтийг хийж чадна. Өнөөдөр хүмүүн бид эрүүл бус байдлаар хооллож байна гэж доктор Кейт Брауман онцолжээ. Бид олон төрлийн ногоо, хоол хүнс хэрэглэснээр илүү эрүүл байна. Гагцхүү тэр ногоо хүнсээ илүү тогтвортой байдлаар тариалж, ургуулах юм бол манай гараг мөн эрүүл байна. Хэрэглээ, амьдралын хэв маягийн зөв сонголт хийснээр хувь хүн өөрчлөлтийг хийж чадна.

Мөн нүүрс бус сэргээгдэх эрчим хүч, эх үүсвэрт хөрөнгө оруулах нь илүү чухал. Харин энэ өөрчлөлтийг хувь хүн та өөрийн үйлдэл, сонголтоор хийх боломжтой. Эрчим хүчийг хэмнэхийн тулд гэрлээ унтраахын оронд улстөрийн арга замаар асуудлыг шийдвэрлэх боломж бий.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top