Иран цөмийн гэрээнээс хэсэгчлэн гарна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

Иран улс 2015 онд Франц, Британи, Герман, Орос, Хятад, АНУ зэрэг зургаан улстай байгуулж байсан цөмийн гэрээнээс хэсэгчлэн татгалзана гэж Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани лхагва гарагт мэдэгдлээ. 2018 онд АНУ тус гэрээнээс гарсан билээ.

Руханигийн хэлснээр Тегеран тус гэрээнд гарын үсэг зурсан Франц, Британи, Герман, Орос, Хятад улсад энэ алхмын талаар мэдэгдсэн бөгөөд бүс нутаг, дэлхийн эрх ашгийн үүднээс Иран улс 2015 оноос хойш энэхүү гэрээг хэрэгжүүлэхэд бүхий л хүчин чармайлт гаргасан гэв.

Гэрээгээр  Иран улсад тодорхой хэмжээний баяжуулсан уран болон уран баяжуулах явцад гаргаж авдаг хүнд усыг хадгалах, илүү гарсныг нь экспортлохыг зөвшөөрсөн. АНУ энэхүү гэрээнээс татгалзаж, Иранд тавьсан хориг арга хэмжээгээ сэргээснээр Иран улс гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан баяжуулсан уран болон хүнд усыг экспортлох боломжгүй болжээ.

Одоогийн нөхцөл байдалд Иран улс баяжуулсан уран, хүнд усны хэмжээнд тавьсан хязгаарыг баримтлах үүргээ биелүүлэх боломжгүй хэмээн үзэж байна гэж тус улсын Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд дурджээ.Гэрээнд оролцогч бусад талууд АНУ-ын хориг арга хэмжээнээс үүдэн Иранд үзүүлж буй дарамт, шахалтаа 60 хоногийн дотор зөөлрүүлэхгүй бол уран баяжуулах түвшинг хязгаарласан болон Арак хүнд усны реакторыг шинэчлэх арга хэмжээтэй холбоотой заалтуудын хэрэгжилтийг зогсоох болно гэж тус мэдэгдэлд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top