СУДАЛГАА: Сэтгүүлчдийн цалин улсын дунджаас 245.000 төгрөгөөр бага

2019 оны 05 сарын 02

Хэвлэлийн хүрээлэнгээс өнөөдөр /2019.05.02/ “Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл байдал, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын талаарх ойлголт, хандлага”-ыг тодруулах судалгаа, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Тус судалгааг “Үйлдвэрчний эвлэл байгуулах сэтгүүлчдийн санаачлагын бүлэг”-ийн хүсэлтийн дагуу Фридрих Эбертийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс явуулжээ. Судалгаанд Улаанбаатар хот болон 19 аймгийн 260 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 1100 сэтгүүлч, салбарын ажилчид хамрагдсан байна.

Судалгаагаар өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын сарын дундаж цалин 664 мянган төгрөг байгаа нь улсын дундаж цалингийн хэмжээнээс 245 мянган төгрөгөөр бага байна. Зарим сонин хэвлэл, сайтынх ажилчдын цалин 350 мянган төгрөг байна. Гэтэл сэтгүүлчид 7 хоногт 52 цаг ажиллаж байгаа нь ердийн ажлын цаг болох 40 цагаас 12 цагаар их үзүүлэлт. Түүнчлэн энэ салбарын ажилчид нийтээр амрах өдөр ажиллаж, нөхөж амардаггүй, 50 хувь нь цалингаа нөхөж авдаггүй зэрэг нөхцөл байдал харагджээ. 

Судалгаанд үндэслэн “Үйлдвэрчний эвлэл байгуулах сэтгүүлчдийн санаачлагын бүлэг”-ээс өөрсдийн сайн дурын үндсэн дээр хөдөлмөрлөх эрхээ хамгаалах Зйлдвэрчний эвлэл байгуулахыг нийт сэтгүүлч, уран бүтээлчдэд уриаллаа.

СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС...
 

  • Хэвлэл мэдээллийн салбарын ажиллагсад өдөрт дунджаар 9.1 цаг, 7 хоногт дунджаар 52 цаг буюу 6.5 өдөр ажиллаж байна. Мөн талаас илүү хувь нь нийтээр амрах өдрүүд болон амралтын өдрөөр ажилласан ч амралтаа нөхөж биеэр эдэлж чаддаггүй. Нийтээр амрах өдрүүдэд ажилласан ажиллагсдын ихэнх нь илүү ажилласан цагийн хөлсөө нөхөж авдаггүй аж.
     
  • Судалгаанд оролцогчдын 54 хувь нь 1-3 удаа ажлын байраа сольжээ. Шалтгаан нь цалин бага, зарим тохиолдолд цалингаа өгдөггүй, өсөх дэвжих боломж тааруу, бүтцийн өөрчлөлтөд орсон, хамт ажиллагсад болон удирдах ажилтны зөрчил зэрэг байна.
     
  • Хэвлэлийн салбарын ажиллагсдын сарын дундаж цалин татвар төлсний дараах байдлаар 664 мянган төгрөг байна. Энэ нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан нэг ажилтанд ногдох дундаж цалин 909 мянган /Татварын дараах/ төгрөгөөс 245 мянган төгрөгөөр бага байгаа юм.
     
  • 1.200.000-аас доош цалинтай ажиллагсдын дунд эмэгтэйчүүд давамгай байгаа бол үүнээс дээш болон 2.000.000 төгрөгөөс дээш цалинтай ажиллагсдын дунд эрэгтэйчүүд олон байна. Түүнчлэн тус салбарт ажиллагсдын 11 хувь нь НД, ЭМД-ийн шимтгэл төлдөггүй гэж асуулгад хариулжээ. 
     
  • Судалгаанд оролцогчдын 76 хувь нь мэргэжлийн дагуу ахисан шатны болон гадаад хэлний сургалтад суух хэрэгцээ өндөр байна. Гэвч сургалтад хамрагдахад тулгардаг хамгийн том бэрхшээл нь санхүүгийн боломж хүрэхгүй байх явдал аж. Ялангуяа орон нутагт ажиллагсдын хувьд төлбөрийн чадваргүй, ажлын хажуугаар суралцах боломж муу, байгууллагаас дэмжлэг, зөвшөөрөл авч чадахгүй байх нь түгээмэл байна.
     
  • Мөн салбарын ажилтнууд Үйлдвэрчний эвлэлийн байгууллага /ҮЭБ/-ын талаар дийлэнх буюу 78,5 хувь нь сонсож байсан бөгөөд энэ нь ямар үүрэг, хариуцлагатай байгууллага болохыг харьцангуй сайн мэдэж байна. ҮЭБ хэрхэн байгуулах талаарх мэдлэг сул байгаа ч байгуулах үйл явцад оролцох хүсэл гурван хүн тутмын нэгэнд байна. Хэрэв ҮЭБ байгуулагдвал хэвлэл мэдээллийн салбарын ажиллагсдын 54 хувь нь гишүүнээр элсэнэ гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top