С.Амарсайхан: Хов жив хөөхөө больж ажил хийцгээе

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.04.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр Хотын даргаар сонгогдсоноос хойш анх удаа хэвлэлийнхэнд хандаж, сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Түүний мэдээллийг багцлан хүргэж байна.


-Сүүлийн үед зарим хэвлэлээр тантай холбоотой таагүй мэдээлэл гарч байна. Хамгийн сүүлд л гэхэд таныг Хятадын компанид 50 га газрыг олгох шийдвэр гаргасан гэх мэдээлэл гарсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Энэ бол ташаа мэдээлэл, гүтгэлэг. Монгол Улсын Засгийн газрын хэмжээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтарч ажиллах тухай асуудлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ярилцаж, тодорхой ажилд хамтарч ажиллахаар болсон юм билээ. Энэ дагуу Ерөнхий сайд захирамж гаргаж, судалгаа болон тооцооны ажлыг хийх Ажлын хэсгийг байгуулсан байдаг.

Дараа нь ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Хотын дарга миний нэр дээр Тяньжинь хотын захиргаатай хүлэмж байгуулах, хүнсний ногоо тариалах асуудлыг судлах шаардлагатай байна гэдэг албан бичгийг 2019 оны гуравдугаар сарын 27-нд ирүүлсэн.

Харин би тухайн өдөр нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэр дээр БНХАУ-ын Тяньжинь хоттой хамтын ажлыг хөгжүүлэх бүхий 10 бодит ажлыг хийх хүрээнд холбогдох тооцоо, судалгааг хийх нийслэлийн 100 хувийн өмчит аж ахуйн нэгжийн нэрийг хүргүүлсэн. Энд ямар нэгэн газар олголт яваагүй. Ямар нэгэн газартай холбоотой шийдвэр гараагүй.

С.МӨНХЧУЛУУНЫГ НЭР ТӨРД ХАЛДСАН ХЭРГЭЭР ЦАГДААД ӨГСӨН

-Гэхдээ НИТХ-ын төлөөлөгч С.Мөнх­чулуун Хятадын компанид 50 га газрыг өмчлүүлсэн гэх мэдээллийг өгсөн шүү дээ. Ташаа мэдээлэл тараасан гэсэн үг үү?

-С.Мөнхчулуун бодит мэдээллийг мушгин гуйвуулж Хотын дарга хятадуудад 50 га газрыг олгож байна гэж хэлсэн. Ийм асуудал огт байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Ийм мэдээлэл тарааж байгаа нь энэ хүний хувийн эрх ашигтай шууд холбоотой. Би С.Мөнхчулууныг өнгөрсөн баасан гарагт нэр төрд халдсан хэргээр хуулийн байгууллагад өгсөн. Тэр өөрийн хадам ээжийн нэр дээр аж ахуйн нэгжид нийслэлийн өмчит байрыг хувьчилж өгөх асуудлыг НИТХ-ын төлөөлөгчийнхөө хувиар санал гаргаж, хувьчлах жагсаалтад оруулсан байдаг. Энэ асуудлыг нь миний бие НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа хууль бус шийдвэр гаргахгүй гэж гарын үсэг зураагүй юм. Саяхан “Төв цэвэрлэх байгууламж”-д үйлдвэрийн осол гарч, дөрвөн сайхан залуу амиа алдсан. Ар гэр нь асрах, халамжлах хүнгүй үлдсэн. Нялх хүүхэдтэй, бие давхар, эрүүл мэнд нь хүнд байдалтай дөрвөн айл өнчирсөн. Ард нь ямар асуудал байсан гэхээр 2016-2017 онд 8.1 тэрбум төгрөгөөр яг энэ осол болсон газарт засвар үйлчилгээний ажил хийсэн байдаг. Тэр ажил нь чанаргүй хийгдсэн. Үүнийг нуухын тулд зарим нэг хүн асар их анхаарч байна. Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв гэж бий. Саяхан энэхүү 1000 ам.метр байрыг 4.8 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Энэ асуудлыг би НИТХ-ын дарга байхдаа гурван ч удаа буцаасан. Учир нь, 1000 ам.метр байрыг 4.8 тэрбум төгрөгөөр худалдаж авахгүй, үнэтэй, машины зогсоолгүй байна гэж үзээд 4.8 тэрбум төгрөгөөр 3000 ам.метр байрыг худалдаж авч, зориулалтынх нь дагуу ашиглах үүднээс буцаасан юм. Энэ мэт сонирхол тэдний ард яваа. Цаана нь олон хууль бус үйлдэл явж байгаа гэж ойлгож болно.

ТЕНДЕРИЙН “ЦАВЧАА”-Г ЦЭГЦЭЛНЭ

Үүнээс гадна Нийслэлийн худалдан авах ажиллагааг илүү тод нээлттэй болгож байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэний танхимд аж ахуйн нэгжийн оролцоотой, иргэний хяналттай, хэвлэл мэдээллийн байгууллагын нээлттэй хяналтан дор цахим хэлбэрээр үйл явцыг нь шууд дамжуулна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа бүх тендер, худалдан авалтыг шилэн болгож, ил тод явуулъя гэсэн шийдвэр гаргасан. Тодруулбал, тендерийн “цавчааг” цэгцэлнэ гэсэн үг. Туслахууд нь хүртэл “цавчаа” хийдэг, хувь авдаг арга барилаар явж ирсэн байна. Мөн сургууль, цэцэрлэгийн тендерт туслахууд нь дарга нарынхаа дундуур орж аж ахуйн нэгжүүдийг дуудаж дарамталдаг байсан тохиолдлууд ч гарсан. Ийм байдлаас одоо салах цаг болсон гэдгийг албан ёсоор хэлье. Аливаа асуудалд улстөржих бус, ул суурьтай хандаж, нийслэлийнхээ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд санаачлагатай оролцон, асуудал бэрхшээл ярихын оронд ажил ярьдаг байцгаая. Би ажил хиймээр байна.

-Туулын бургасыг тайрч барилга барьсан гэгдээд байгаа “Зүүнбаян Рефайнери” компанийн дарга О.Сайнбаярыг танай “Оюуны Ундраа” ХХК-ийн хамгаалалтын албаны даргаар ажилладаг гэх мэдээлэл бий. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-“Оюуны Ундраа” групп 1800 орчим ажилтантай. Би НИТХ-ын дарга болсноосоо хойш компанийн үйл ажиллагаанд оролцоогүй. Олон мянган хүнтэй компанийн ажилтнуудыг бүртгэх боломж байхгүй. Энэ утгаараа надад мэдээлэл өгөх боломж алга. О.Сайнбаяр гэж нөхөр надад хамаагүй. Компанийнх нь үйл ажиллагааг зогсоож, барилгыг нурааж, нөхөн сэргээх Хотын даргын захирамж гарсан.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ АЖИЛ ХИЙДЭГ ХҮН АЛГА

-Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдалд ямар байр суурьтай байна вэ?

-Та бүхэн Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл, байдлыг мэдэж байгаа. Баянзүрх дүүрэгт хоёр удаа аудитын хязгаарлалттай дүгнэлт гарсан. Энэ дүүрэгт ажил хийдэг хүн байхгүй болсон. Удирдлага нь эрхээ хэрэгжүүлж чаддаггүй. Төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулдаг. Эрх мэдлээ хэтрүүлдэг. Нийт 360 мянга гаруй иргэдийн хувь заяагаар гурван жил тоглож яваа хүмүүс. Санхүүгийнх нь асуудлыг гаргана, хууль бус үйлдлийг нь ил болгоно гэхээр энд тэнд очиж жагсаал цуглаан хийж байна. Бүхэл бүтэн гурван долоо хоногийн турш 360 мянган хүн амтай дүүргийн байранд хонож, зодолдож эзэнгүй юм шиг, төргүй юм шиг аашилж байгаа нөхдүүд юм. Хамгийн сүүлд 3.8 тэрбум төгрөгөөр газар чөлөөлөх нэрээр газар худалдаж авсан. Тэр газрыг нь очоод үзэхээр үерийн далан дээр ямар ч шаардлага хангахгүй газар байдаг. 200 сая төгрөгийн үнэтэй газрыг 500 саяар авсан байх жишээтэй. Энэ асуудлыг шалгаж байна. Энэ мэт хууль бус үйлдлүүдийг нь илрүүлж, цааш нь шалгах гэхээр асуудлыг ил гаргахгүй байхын тулд наашаа чиглэсэн бүх төрлийн арга хэмжээг авч байна. Аалзны тор шиг 20 жил хотыг хэрсэн сүлжээ задрах гээд байгаа учраас янз бүийн дайралт хийж байгаа. Тиймээс хийсэн ажлынхаа талаар долоо хоног бүр өөрийн биеэр мэдээлэл хийж байна.

ХОТ ЯМАР Ч БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТГҮЙ ТЭЛСЭН

-Тэгвэл хот илүү ил тод, нээлттэй болж байгаа гэсэн үг үү?

-Бид цаашид иргэд, төрийн захиргааны байгууллагуудтайгаа хамтраад, тулгамдсан асуудлаа, хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудаа цаг алдалгүй гүйцэтгэж, аль болох хурдан шуурхай үр дүн гаргахын төлөө ажиллана. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийслэлийн бодлого, зорилт, шийдвэрүүд нэгдмэл, тогтвортой биш, нутгийн захиргааны байгууллагуудын ажил хэргийн уялдаа хангалтгүй, албан тушаалтнуудын ажлын үүрэг хариуцлага тодорхойгүй, иргэдийн оролцоо хангалтгүй явж ирснээс болоод  ажлууд орхигдож ирсэн байна. Нийслэл хот бодлого, төлөвлөлтгүй, эмх цэгцгүй тэлсэн нь үнэн. Агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь ч үнэн. Газар зохион байгуулалт алдагдаж, хууль бус газар олголт хэрээс хэтэрснийг олон түмэн мэдэж байгаа. Анхнаасаа зөв төлөвлөлт, зөв бодлого барим­талж, газар зохион байгуулалтаа шийдвэрлэсэн бол Улаанбаатар хот ингэж мухардалд ортлоо явахгүй байсан. Энэ бүхэнтэй холбоотойгоор аливаа ажлыг үр дүнтэй болгох үүднээс дотоод зохион байгуулалтандаа анхаарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн удирдлагууд хотын Захирагчийн ажлын алба, Тамгын газар, харьяа агентлаг, хэлтэс, төрийн өмчит газрууд, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд ямар уялдаа холбоотой ажиллах, ямар хариуцлага хүлээх, төрөөс хэрэгжүүлж байгаа ажлыг үр дүнд хүргэх тал дээр ажиллаж буйгаа тодотгож хэлмээр байна.

ТУУЛ ГОЛ ДАГУУ 1271 АЖ АХУЙН НЭГЖ ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА

-Нийслэлийн 56 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайг буулгаж, оронд нь барилга барих гэж байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Энд хоёр сургуулийн өргөтгөл барих гэж байгаа юм билээ. Нэг ажлыг хийх нэрийдлээр нөгөөхийг нь сүйтгэж байгаад би ч эмзэг хандаж байна. Өөр газар сургуулиа өргөтгөх байсан боловч тэр газарт нь намын үүрийн байр барьчихсан юм билээ. Яамны санхүүжилт, улсын төсвөөр хийгдэж байгаа ажил.

-Налайхын уурхайд иргэд амиа алдсаар байна. Хотын даргын хувьд энэ асуудалд хэр анхаарч, арга хэмжээ авч байна вэ?

-Налайхын уурхайн асуудлыг удаан хуга­цаанд ярьж байна. Олон жил явж ирсэн уурхай. Өнгөрсөн хавар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Үйл ажиллагааг нь зогсоосон байхад иргэд орж амиа алдаж байна. Энэ асуудлыг шийдэж, арга хэмжээ авахаар ярьж байна. Харамсалтай нь, тэр болгон хүссэн зорьсноор асуудал шийдэгдээгүй байхад иргэдийн амь хохирч байна. Үүнд аль, аль нь анхаарах шаардлагатай.

-Туул гол дагуу нийт хэчнээн аж ахуйн нэгж, иргэн газар эзэмшиж байгаа юм бэ?

-Нийт 1271 аж ахуйн нэгж байгууллага Туул гол дагуу үйл ажиллагаа явуулж байна. Эхнээсээ хашаа, байшингаа барьчихсан. Оршин сууж байгаа иргэд ч байна. Бүгд л мэдэж байгаа. Харин Туул голын ногоон байгууламжийг нэмэх, албан байгууллага аж ахуйн нэгжийн оролцоотойгоор хэрэгжүүлэх олон ажил бий. Тэр бүхэн цаашаа үргэлжилнэ гэж ойлгох хэрэгтэй.

ТАЛИЙГААЧДЫН АР ГЭРТ ТУС БҮР ХОЁР ӨРӨӨ БАЙР ӨГНӨ

- Хотын зүгээс “Төв цэвэрлэх байгууламж”-д дахин үйлдвэрийн осол гаргахгүй байхын тулд ямар ажлыг хийж байгаа вэ?

-“Төв цэвэрлэх байгууламж” болон түүнтэй ижил дэд бүтцийн үйл ажиллагааг хэвийн явуулах, ажилтан хийгээд албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажил хийж байна. Энэ осол гэлтгүй ахуйн болон үйлдвэрийн осол нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Энэ асуудалд илүү анхаарч, байгууллага болон ажилтны аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Ер нь, бүх газарт аюулгүй ажилла­гааны дүрэм, журмыг мөрдөх, түүнийг нь байнга хянаж ажиллах тал дээр анхаарч байна.

-Талийгаачдын ар гэрт ямар тусламж, дэмжлэг үзүүлж байгаа вэ?

-Амиа алдсан дөрвөн залуугийн ар гэр нь өнчирч хоцорсон. Бид өнгөрсөн долоо хоногт ар гэрийнхэнтэй нь уулзаж, шаардлагатай арга хэмжээг авсан. Талийгаачдын ар гэрт тус бүр хоёр өрөө байр өгөх шийдвэрийг гаргасан. Дээр нь 36 сарын цалинтай нь тэнцэхүйц хэмжээний нөхөн олговор олгоно. Бага насны хүүхдүүдийнх нь дунд сургууль төгсөх хүртэлх хугацаанд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсаар хангана. Том хүүхдүүдийнх нь дээд сургуульд сурах мэргэжлийн тэтгэмжээр хангах, тэтгэлэг хөтөлбөрт хамруулах зэрэг хэд, хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.190) 2019 оны 04 сарын 24

Хов живээр хоолоо олж иддэг цаг өнгөрсөөн, иргэдийн оролцоо гэдэг асар их хүч хөгжлийг улс төрчдөөс нэхэж байна, үүнийг ойлгоогүй чавганцийн ярианаас хэтрэхгүй нөхдүүд арчигдаад явах байхдаа. 4 залуу харамсалтай байгууллагын удирдлагын цэвэр буруу , аюулгүй хувцасаар хангахын оронд зугаалж цэнгэж өөр зорилгоор төсвөөс мөнгө завшиж, ажилчдын амь насаар тоглож байна.

0  |  0
jh(66.181.181.112) 2019 оны 04 сарын 24

arail dendyy bohir hun tavisan um hotiin dargaar, dyyn ahiinhaa ajiliig zogsoogoodl yah geed bgaan.

0  |  0
Ganchimeg(150.129.140.13) 2019 оны 04 сарын 23

Үнэн үг хэлжээ ажлаа сайн хийгээрэй

0  |  0
Иргэн(64.119.25.101) 2019 оны 04 сарын 23

Мөнхчулуун одоо больчихоосой. Өөрт нь ч төвагтэй байдаггүй юм байхдаа.

0  |  0
Хулгайч монгол(64.119.21.36) 2019 оны 04 сарын 23

Яг зөв үндсэн ажил чинь хулгай тэгээд ч сонгууль дөхөж бн шаагаад бай амжилт хүсье

1  |  0
Зочин(103.229.121.92) 2019 оны 04 сарын 23

Одоо наад Мөнхчулуун гэгч албан тушаалын амтанд орсон махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөхгүй бол өгөр толгой Бат-Үүлтэй бүлэглэн ар нуруу руу чинь жад зооно шүү.

0  |  0
Top