Петро Матад: XX талбайн өрөмдлөг долоодугаар сард эхэлнэ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 04 сарын 17

Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Петро Матад компани ирэх долоодугаар сард V болон XX талбайн өрөмдлөгөө эхлүүлэх болсноо албан ёсоор зарлалаа. Одоогоор өрөмдлөгийн бэлтгэл ажил хангах, нэмэлт тоног төхөөрөмж суурилуулах ажил үргэлжилж буй аж. “Херон 1” нэртэй хайгуулын талбайн өрөмдлөг ирэх долоодугаар сарын эхээр, “Улаан Буга 1” хайгуулын талбайн өрөмдлөг долоодугаар сарын дундуур эхлэх товтой байна. Хэрэв өрөмдлөгийн ажил эхэлбэл 40 хоногийн дотор 3050 метрт хүрнэ гэж компанийн зүгээс мэдэгджээ.

Хайгуулын V болон XX талбай нь Дорнод аймагт оршдог юм. Өрөмдлөгийн бэлтгэл ажлыг хангахад Монголын талаас “DQE International” болон “Датон” газрын тосны инженерийн компанитай хамтарч ажиллахаар болсон байна. Компанийн хувьд энэ онд хайгуулын дөрвөн талбайд өрөмдлөгийн ажлаа эхлүүлж, үр дүнд хүрнэ гэсэн зорилготой ажиллаж байгаа юм. Лондонгийн хөрөнгийн биржид өчигдрийн байдлаар тус компанийн ханш 4.88 ам.долларт хүрч өнгөрсөн долоо хоногоос 7.1 хувиар унажээ. Хөрөнгө оруулагч болон уул уурхайн шинжээчид тус компанийн эзэмшдэг хайгуулын талбайг өндөр үр ашиг өгөх боломжтой гэж дүгнэдэг юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top