ЦУВРАЛ II: Мэгшиж буй Тосон бумба

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Тост, Тосон бумбын нуруу. Монгол төдийгүй, дэлхийд ховордсон цоохор ирвэсийн өлгий нутаг. Ховор амьтны өлгий болсон энэ нутгийг байгалийн нөөц газар, орон нутгийн тусгай хамгаалалтад аваад ч торгоон барьж дийлсэнгүй. Нэг сарын өмнө шүүхэд ялагдаж, яг одоо сөөм, сөөмөөр элгээ эмтлүүлэн байгаа. Говь нутгийн эко сис­темийн гол зүрх нь болсон Тост, Тосон бумбын нуруу байгалийн нөөц газар гэж улсад тоогдох хүртлээ хэн нэгний анхааралд өртөж байсангүй. Байгалийн баялаг ихтэй гэж гадна, дотнынхон хараагаа бэлчээх үеэр л гагц “уурхай”, “орд” гэж овжин нэгний нүдэнд өртсөөр иржээ. Өөрөөр тоогдсонгүй. Төрд тоогдох хүртэл 2017 онтой золгоход аль хэдийн Тосон бумбын орчим мэгшээд эхэлсэн нь харамсалтай. Тост, Тосон бумбын нурууг Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоол 2016 оны дөрөвдүгээр сарын 14-нд гарч байлаа. Тухайн үедээ 890 мянган га газар байхаар тогтсон ч анхны тооцооллоороо бат­лагдсангүй. Дараа жил нь буюу 2017 гуравдугаар сарын 15-нд Засгийн газрын тогтоол гарч Тост, Тосон бумбын нурууг 743 мянга га газраар тогтоож анх тогтоож байсан 890 мянган га газраас 147 мянга нь сох дутжээ. Нэг ёсондоо 147 мянга га талбай элгээ эмтлүүлэх хувь заяатай болов.

Мэгшиж буй Тосон бумбад 13 булаг шанд байдаг бөгөөд өмнийн говийн эко системийн гол зүрх нь булаг шанд. Хангай нутаг шиг их уст мөрөн, голгүй энэ газар чандмань эрдэнэ болсон хоёр ч баянбүрд хасагдсан 147 мянган га талбайд үлдэж хоцорчээ. “Тусгай хамгаалалтын бүсээс хасагдсан баянбүрдийг Хуршуутын болон Тооройн баянбүрд гэдэг байсан. Хуршуутын баянбүрд нь социализмын жилүүдэд услалтын системтэй, 20-30 га газар тариалангийн бүс нутаг байсан юм.

Тооройн баянбүрд нь Монгол төдийгүй дэлхийд ховордсон тоорой, заг зэрэг бутлаг ургамлын шим болсон өлгий байлаа. Бид үүнийг анхаарч үзээч ээ гэж бүх шатны шүүхэд хандсан боловч ялагдаад, аль хэдий нь хөрс хуулаад эхэлчихсэн” гэж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн, ногоочин Б.Сүрэнхүү ярьсан юм. Тийм ээ. Таны уншсан үнэн.  Үнэн, үнэндээ эрдэмтдийн судалж тогтоосон үнэн. Байгалийн нөөц газрыг тогтоож байх тэр үед Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргыг түр орлож байсан Г.Нямдаваа үүнийг хэлж байлаа.

Тэр тухайн үедээ “Газар зүй, гео экологийн түвшинд судалгаа хийхдээ ирвэсийн шилжилт, байрлал, тархац зэргийг нарийвчлан судалсан байдаг. Өнөөдрийн тогтоосон хэмжээнд хилийн заагийг батлахад боломжтой, сөрөг үр дагавар гарахгүй гэх дүгнэлт гарсан учир хилийн заагийг тогтоосон” гэж ярьж байв. Тухай үедээ тогтоосон хэмжээгээр авсан бол төр 13 тэрбумын нөхөн төлбөр хийх байсан учраас “судалгаа шинжилгээг суурь болгож” анхны тооцооллоос хасч тооцжээ.

Тост, Тосон бумбын байгалийн сайхан зөвхөн зураг болон үлдэх үү. Энэ асуулт одоог болтол хариу нь тодорхойгүй хэвээр. Арваад оны туршид Тосон бумбын орчим тайван байсангүй.

Байгалийн нөөц газарт авахад дөрвөн компанийн зургаан лицензийг цуцалсан ч хамгийн их талбайг оршин байдаг өдгөө баянбүрдийн судсан дээр суусан “Саусгоби Коал Транс” компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдсангүй. Энэ компани өдгөө 43.1 мянган га талбайд ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй билээ. 

Н.Сүрэнхүү нарын нутгийн иргэд байгаль орчинд халтай гэж үзэн шүүхээр явж байх хооронд хэргийн эзэн “Саусгоби Коал Транс” компани үйл ажиллагаа явуулсаар байжээ. Хэдийгээр тэд шүүх хуралдааны явцад үйл ажиллагааг нь түр зогсоох талаар санал хүргүүлсэн боловч ямар нэгэн байдлаар авч хэлэлцээгүй аж. Хоёр жилийн хугацаанд өөрсдөд байгаа тав гурван төгрөгөө шавхан байж “том” компанитай шүүхдсэн боловч амжилт ололгүй гуравдугаар сарын 23-нд шүүхэд ялагдсан байна. Шүүхэд ялагдахаас гадна нийлж тэмцэж байсан хүмүүс ч цөөрсөөр байлаа. Ингэж цөөрсөн нь шалтгаантай. Хэргийн гэгдэх “Саусгоби Коал Транс” компани Гурвантэс сумын иргэдийг өндөр цалинтай ажилд оруулах, өдий, төдий мөнгө амласан нь тэмцэл, нэгдэл задрахад нөлөөлсөн байна. Гэсэн ч тэдний хүсэл бөхөлгүй тэмцлээ цаашид үргэлжлүүлэх ажээ.

Тосон бумба, тосон бумба гэсээр арван оныг үдэхдээ 186.7 мянган га талбайг арав хүрэхгүй компани лиценз нэрээр олгожээ. Хэдийгээр дөрвөн компанийн тавынх нь лицензийг цуцлан байгалийн нөөц газар болгосон ч хоорондоо хүйн холбоотой гэгдэх хоёр ч баянбүрд лицензийн талбайдаа үлдэж хоцорчээ. Говь нутгаа гэж төрсөн нутаг руугаа тэмүүлсэн иргэд яг одоо Тосон бумбыг тайван байлгаач гэж хүсч байгаа. Өөр юу ч биш...

Нэгэн зүйл

Байгалийн нөөц газарт авсны дараа Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор тухайн газарт тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэлцэл хийх замаар нөхөх олговрыг тогтоосон байдаг. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/110 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохироч шинээр зөвшөөрөл олгох боломжтой” гэж дүгнэжээ. Улмаар 2017 оны есдүгээр сарын 13-ны өдриийн Засгийн газрын 256 дугаар тогтоолоор дөрвөн компанийн таван лицензийг цуцлан, нөхөх олговрыг олгохоор болсон юм.

“Эф Эм Ай”, “Мөнхийн номхон далай”, “Намуун тод”, “Элбэг орд” зэрэг дөрвөн компанийн таван лицензийг цуцлан нэр заагдсан аймгуудад шинээр лиценз олгосон байдаг.

 

Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Говийн хүү(66.181.161.21) 2019 оны 04 сарын 17

Шунал нь шулам бологсод хурдан үхээсэй, далд ороосой

1  |  0
Монгол (49.0.212.203) 2019 оны 04 сарын 17

ЯАСАН ИХ ШУНАЛ ВЭ.ХЭДЭН ҮЕЭРЭЭ ИДЭЖ БАРАХГҮЙ ИХ ЮМ ХУРААЧИХААД

1  |  0
Gowi(66.181.161.9) 2019 оны 04 сарын 16

Temtsej bgaa hvmvvs minee niit mongolchuud daa handaj tuslamj hvseldee handiwiin dans neeldee

0  |  0
Уншигч өндөр настан(202.9.42.62) 2019 оны 04 сарын 17

Манай шүүх муухай юмаа.Мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүст үйлчилсээр бгаад түрүүч нь АТГын хаалга сахиад сууж бгаа биз дээ.Тиймээс Тосон бумбын газрын хэрэгтэй шүүгчдыг нэг шалгахад гэмгүй биз.Эсвэл шуналын тулам Чойжилсүрэн хамгаалах юм болов уу.Хэдэн жилийн өмнө нэг энэ сайхан газраа хамгаалаад нэг залуугийн амь үрэгдсэн нь харамсалтай даа

1  |  0
Иргэн(64.119.20.75) 2019 оны 04 сарын 17

Өвөг дээдсийн үлдээсэн газар нутаг, байгалийн баялагаа арай л дэндүү үрэн таран хийж бна. Хүний шунал дуусахгүй. Бидний үр хүүхдүүд, хойч үед маань юу ч үлдэхгүй нь дээ.

1  |  0
Top