Оросын гэмт хэргийн босс, дархлагдсан хулгайч Таро шоронгоос гарлаа

2019 оны 04 сарын 10

Гэмт хэргийн ертөнцөд Таро нэрээр алдаршсан Тариэл Ониани энэ сарын 9-нд “Чёрный дельфин” онцгой дэглэмтэй хорих ангиас суллагдлаа. 61 настай Таро хүн хулгайлж, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн хэргээр 2010 онд Москвагийн шүүхээс 10 жилийн ял сонсож, онцгой дэглэмтэй шоронд ял эдэлсэн билээ.

Суллагдан гарч ирсэн түүнийг хорих ангийн хаалган дээр дахин баривчилсан байна.  Энэ удаад Испанийн Засгийн газрын шаардлагаар түүнийг баривчилсан аж. Ониани эсэргүүцэл үзүүлэн, өмгөөлөгчөө дуудсан ч шүүхээс түүнийг 40 хоног хорих шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд Испанийн Засгийн газраас Тарогийн Испанийн нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэргийг баримтаар нотлож чадвал түүнийг Испанид шилжүүлнэ. Үгүй бол суллана, гэхдээ ОХУ-ын Ерөнхий прокурорын тушаалаар Тарог ОХУ-ын нутаг дэвсгэрээс гаргахаар болжээ.

Тариэл Ониани одоогийн байдлаар хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэр дээрх хамгийн нөлөөтэй дархлагдсан хулгайч. Түүнийг суллагдахыг Оросын мафи, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд, тэдний удирдагч болсон дархлагдсан хулгайч нар сэтгэл түгшин хүлээж байсан. Учир нь түүнийг шоронд байхад ихэнх гэмт хэргийн боссууд Тарогийн өстөн дайсан болох Дед Хасан, Япончик Иваньков нарын талд орсон байлаа. Дед Хасан, Япончик Иваньков нар хэдийнэ мэргэн буучийн гарт амиа алдсан. Тэдний аллагыг Таро шоронгоос зохион байгуулсан гэсэн яриа ч бий.

Хэрэв Таро Испанийн шоронд шилжихгүй бол ОХУ-ын гэмт хэргийн ертөнцийн эзэн гэсэн суудлаа эргүүлэн авахыг хичээнэ. Албан ёсоор гэмт хэргийн ертөнцийн толгойлогч болоод байсан Шакро Молодой энэ жил 7 жилийн ял аваад торны цаана орсон. Түүний эзгүй суудлын төлөө гэмт бүлэглэлүүдийн хооронд дайн дэгдэнэ гэж шинжээчид үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top