“Капитал”-д 20 сая төгрөгөөс илүү хадгаламжтай иргэн нэхэмжлэлээ Банкны эрх хүлээн авагчид гаргана

2019 оны 04 сарын 09

“Капитал” банк үүдээ барих нь цаг хугацааны л асуудал болоод байсан билээ. Тэгвэл Төв банк шийдвэр гаргаж, тус банкийг албадан татан буулгахаар боллоо. Капитал банкны үйл ажиллагаа доголдож буй талаар өнгөрсөн оны сүүлчээр цөөнгүй мэдээлэл эх сурвалжуудаас гадагшилж байв. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2018 оны дөрөвдүгээр улирлын байдлаарх Арилжааны банкуудын өрсөлдөөний тоймыг гаргахдаа ёстой нөгөө  “хүний тооноос хасна” гэдэг шиг Капитал банкийг банкуудын тооноос хасч, 14 биш 13 арилжааны банкны үзүүлэлтүүдийг тоймлосон билээ. Товчхондоо бол Капитал хаалгаа барих тухай мэдээлэл санхүүгийн салбарынхны хувьд шинэ мэдээлэл биш болов уу. Монголын банкны салбарын нийт хөрөнгө 2018 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 33.1 их наяд төгрөгөөр хэмжигдсэн. Тэгвэл үүний 1.1 хувь буюу 334.3 тэрбум төгрөгийг Капитал банк бүрдүүлж байгаа юм. Монголын эдийн засаг банкны салбараас хамаарал өндөр­тэй. Гэхдээ Капитал банк  активын хэмжээгээрээ системийн нөлөө бүхий банк биш учраас уг шийдвэртэй холбоотойгоор банкны системд учрах ноцтой  эрсдэл байхгүй гэхэд болно.  Манай банкны салбарын тухайд хоёр шатлалт банкны тогтолцоо бий болсноос хойшх хугацаанд буюу 1990-2011 онд нийт 31 банк байгуулагдаж байснаас, 15 нь дампуурч, хоёр  банк нь нэгдсэн байдаг.

Тэгвэл Капитал банкны тухайд хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбумд хүрч, нийт олгосон зээлийн багцынх нь 80 хувь буюу 208 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд орсон учраас цаашид санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулах чадамжгүй хийгээд эрхгүй болсон тул Төв банкнаас албадан татан буулгах шийдвэр гаргаж, эрх хүлээн авагчийг томиллоо.

Банк хаалгаа барилаа гэхээр хамгийн түрүүнд хадгаламж эзэмшигчдийн хадгалуулсан мөнгөний аюулгүй байдал яригдана. Тэгвэл Монгол­банкны Ерөнхийлөгчийн гаргасан тушаал, шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпо­рациас Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргаад байна. Капитал банкны харилцах, хадга­ламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгаг­даж, хамгаалагджээ. Тиймээс Хадга­ламжийн даатгалын корпораци Капи­тал банкин дахь харилцах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгохоор болов. Тус банкинд иргэн, аж ахуйн нэгжийн давхардсан тоогоор 256 мянган хадгаламжийн данс бүртгэлтэй байгаа аж. Тэгвэл тэдгээрийн 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацид даатгагдсан юм байна.

Хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгалд хамрагддаг бол 20 сая төгрөгөөс илүү гарах хөрөнгийн асуудал мэдээж энд яригдаж таарна. Тэгвэл Төв банк тэдгээр харилцагчдын  эрхийг хамгаалах зорилгоор “Банкны эрх хүлээн авагч”-ийг томилж байгааг албаныхан хэлж байна.  

Тодруулбал, даатгагдаагүй хадгаламж эзэмшигчид банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргана. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар даатгагдсан 20 сая хүртэл төгрөгийн харилцах, хадгаламжийг Хаан банкинд таны нэр дээр шилжүүлсэн. 20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигчдийн 20 сая төгрөгөөс давсан мөнгийг банкны эрх хүлээн авагч Капитал банкны зээлийн эргэн төлөлт, хөрөнгийн борлуулалтын орлогоос Банкны тухай хуульд заасан дарааллын дагуу барагдуулах аж. 

Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ хэлэхдээ “Капитал банкны харилцагчид даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол, даат­галд үл хамаарах нөхцлийн талаар  Хадгаламжийн даатгалын корпорацид хандан хэрэгтэй мэдээллээ авч болно” гэж байна.

Сануулахад, өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн ЖДҮ-ийн дуулиантай зэрэгцэн Капитал банк тусгай сангуудын мөнгөөр дургисан тухай асуудал анхаарал татах болсон. Харин Сангийн яамнаас тусгай сангуудад шалгалт хийснээр, Капитал банк төрийн мөнгийг буруу замаар оруулдаг нь нэгэнтээ ил болсон билээ. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жишээг энд дурдаж болно. Хөдөлмөрийн сайд болон Капитал банк хооронд 2015 оны есдүгээр сарын 23-ны өдөр 2015/65 5/342 дугаартай гэрээ байгуулж, жижиг зээл олгоход зориулж долоон тэрбум төгрөгийн эх үүсвэр тус банкинд байршуулсан байдаг. Гэрээний хугацаа 2018 оны гуравдугаар сарын 23-нд дуусч, эх үүсвэрийг буцаан төвлөрүүлэх ёстой байсан ч, одоог хүртэл төвлөрүүлээгүй байгаа юм.

Мөн өнгөрсөн хугацаанд Нийг­мийн даатгалын сангийн 100 гаруй тэрбум төгрөгийг “Капитал”-д байршуулсан тухай мэдээлэл гарч байсан. Харин тухайн үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан С.Эрдэнэ “Капитал банкинд хадгалуулж бай­гаа мөнгөн дүн нийт активын хэмжээнд харьцуулж үзвэл тухайн банкны активын 18.9 хувьтай тэнцэж байгаа. Энэ нь Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн баталсан нийт арилжааны банкуудад хадгаламж байршуулах журам болон мөнгөн дүнг зөрчөөгүй” хэмээн мэдэгдэж байсан. Энэ мэт асуудлуудад  холбогдож байсан Капитал банк Монголбанкны шийдвэрээр, албан ёсоор үүдээ барьж байна.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.116.199) 2019 оны 04 сарын 16

Irgediig luivrdsan gemt hereg Mongol ban[ hariutslagaa hulee

0  |  0
zz(103.57.95.189) 2019 оны 04 сарын 09

munguu hurdan vayaa

0  |  0
Top