СЭДЭВ: Амиа хорлогсдын тоо 2055 болж, сэтгэлзүйн өвчлөл ихэсчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

Одоогоос сар гаруйн өмнө ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид хоригдож байсан хуульч асан Л.Бямбаа гэрээслэл үлдээгээд амиа хорлосон нь олны анхааралд өртөж, одоог хүртэл учир шалтгааныг нь эрэлхийлсээр байна. Үнэндээ энэ эмэгтэйн амиа хорлосон нөхцөл байдал болон хэрэг гарсан газар нь улсын онцгой объект байсан учраас ийнхүү олны анхаарлыг татаад буй.

Гэвч өдөр бүхэн шахуу амиа хорлосон, амиа хорлохыг завдсан гэх тохиолдлууд бүртгэгдсээр байгаа ба алтан амиа өөрийн гараар үгүй хийж буй эдгээр харамсалтай үйлдлийг бид эмзэглэн хүлээн авахаа нэгэнт больжээ.

Өчигдөрхөн болсон нэгэн жишээг энд дурдвал, нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 23 настай эмэгтэй гэрээслэл бичиж үлдээгээд, байгууллагынхаа таван давхрын цонхоор үсрэн амиа хорложээ. Энэ бол сүүлд гарсан хэргүүдийн ердөө нэгэн жишээ бөгөөд алдарт уяачийн туслах 12-хон настай хүү өвөлжөөнд өөрийгөө боомилсон, 19 настай хүү дотуур байрандаа хоолойгоо боож нас барсан гэх мэтээр мянга мянган жишээ бий.

-АМИА ХОРЛОХ ШИЙДВЭР ГАРГАХАД ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ НӨЛӨӨЛЖ БАЙНА-

Судалгаанаас үзвэл, сүүлийн таван жилийн хугацаанд амиа хорлосон гэх 2055 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Энэхүү тоо нь манайх шиг хүн ам цөөн улсад маш өндөр тоо бөгөөд энэхүү эмгэг, аюулын учир шалтгааныг тогтоох нь чухал ажээ.

Сэтгэлзүйчдийн хэлж байгаагаар амиа хорлох үзэгдэл нь “өвчин” бөгөөд нийгэм болон сэтгэлзүйн хүчин зүйлтэй шууд холбоотой байдаг аж. Түүнчлэн хүнийг амиа хорлох шийдвэр гаргахад зөвхөн сэтгэлзүйн байдал бус эдийн засгийн хараат байдал маш ихээр нөлөөлдөг бөгөөд тухайн улс орны эдийн засгийн байдал сайжрахтай зэрэгцээд амиа хорлолтын статистик буурдаг гэдгийг бусад орны туршлагаас харж болохоор юм. Энэ өвчний улмаас эрдэнэт хүний амь нас хохирч байгаа учир нөгөө талаас хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж шийдвэрлэдэг. Тиймээс Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын шалтгаан нөхцөлийг Улсын ерөнхий прокурорын газраас судалжээ. Энэ тухай дор өгүүлье.

-ПРОКУРОР Б.ӨНӨРМАА: ЗАЛУУСЫН ДУНДАХ АМИА ХОРЛОЛТ ӨССӨӨР БАЙНА-

Дээрх судалгааны багийг удирдаж ажилласан УЕПГ-ын Сургалт судалгааны төвийн судлаач, хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Судалгаа маань маш өргөн цар хүрээг хамарсан. 7000 гаруй мэдээллийг цуглуулж нэгтгэсэн. Статистикийн шугаман хандлага тооцох аргачлалаар тооцож үзэхэд амиа хорлолт 2017 онд 332, 2018 онд 312, 2019 онд 293, 2020 онд 275 болж буурахаар байна. Гэвч өсвөр насны хүүхэд болон 29 хүртэлх насны залуусын дундах амиа хорлолт жил бүр өссөөр байгаа нь бүх талдаа анхаарлаа хандуулах нөхцөл бий болж байгааг судалгааны дүн харуулсан.

Амь хохирогчдын амиа хорлохоос өмнөх нөхцөл байдлыг авч үзвэл ихэнх тохиолдолд өөрийгөө гэмтээх эсвэл амиа хорлоно гэж заналхийлэх, амиа хорлох арга зам, хэрэгслийг эрж хайсан, сэтгэл зүйн хувьд мухардаж, амьдралын зорилгогүй болсноо илэрхийлэх, уурлаж хилэгнэх эсвэл өшөө авахыг эрэлхийлэх, бодлогогүй үйлдэл хийдэг байж.Мөн согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодисын хэрэглээгээ нэмэгдүүлэх, найз нөхөд, гэр бүл, нийгмээс өөрсдийгөө тусгаарлах, сэтгэл тавгүйтэх, цухалдах эсхүл зан ааш нь огцом өөрчлөгдөх, нойргүйдэх, байнга унтах, бусдад ачаа дарамт болж байна гэж үзэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдаж байсан нь амь хохирогчид сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан нь тогтоогдож байсан. Манай улсад сэтгэл зүйч бэлтгэдэг сургууль нь байдаг. Гэтэл эдгээр хүмүүсийг ажлын байраар хангадаггүй, сэтгэл зүйчийн мэргэжлийн ач тусыг ойлгож мэдэхгүй байгаа нь харамсалтай байна” гэлээ.

-ДАН ГАНЦ ТОМ ХҮН БИШ, ХҮҮХДҮҮД Ч  СЭТГЭЛЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛТАЙ БАЙНА-

Түүнчлэн өсвөр насныхны амиа хорлолтын тоо нэмэгдэж байгаа нь судлаачдын санааг зовоосон асуудал болжээ. Өнгөрсөн таван жилд бүртгэгдсэн 2055 тохиолдлоос 605 нь 10-14 насны буюу өсвөр насныхан байсан байна. Сурагчдын дунд явуулсан асуулгаар, сүүлийн 12 сарын хугацаанд амиа хорлох талаар нухацтай бодож байсан гэж хариулсан нь судалгаанд хамрагдагчдын 26.1 хувь, амиа хорлохыг завдаж байсан гэж 10.7 хувь нь хариулсан байдаг. Аравхан настай хүү, 12-хон настай охин насанд хүрсэн эрүүл хүний толгойд ч багтамгүй аймшигт шийдвэрийг гаргаж байгаа нь зөвхөн тухайн гэр бүлийн биш нийгмийн эмгэнэл юм. Хүүхдүүдийн хариулсан байдлыг судалгааны тоон үзүүлэлтэй харьцуулаад  харахад дан ганц томчууд биш хүүхдүүд сэтгэцийн тулгамдсан асуудалтай, гарах гарцаа мэдэхгүй байгаа нь ажиглагдаж байна хэмээн судлаачид онцолж байна.

-ЯМАР ШИЙДЭЛ БАЙНА ВЭ-

Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд 88 хүн санаатайгаар эм ууж, амиа хорлохоор завдсаныг, эмч нар аварсан гэх тоо бий. Эдгээр иргэдийн 20 орчим хувь нь амьд үлдсэндээ харамсаж, дахин амиа хорлох оролдого хийж байжээ. Ийнхүү  соёлт нийгэм,  хүний ертөнцөөс залхагсдын тоог цаашид нэмэгдүүлэхгүйн тулд бид юу хийх ёстой вэ? Өнөөдөр хүүхэд аюулгүй байх хамгийн найдвартай орчин бол сургууль болон гэр. Хамгийн итгэлтэй, найдвартай аль ч үед тусалж дэмжих ёстой хүн нь багш, эцэг байх ёстой атал хүүхэд энэ орчинд хамгийн их ганцаардаж, тулгарсан асуудал, бэрхшээлээ хэнд ч ярьж чадахгүйгээр амиа хорлох алхмыг сонгож байгаа нь харамсалтай.

Мэдээж хүний сэтгэлзүйтэй нягт холбоотой тул энэ үйлдлийг хуулиар хүрээлэх арга байхгүй. Судлаачдын үзэж байгаагаар, нийгмийн сэтгэлзүй дээд зэрэгтээ хүртэл өвчилсөн учир ийнхүү бага насны хүүхдээс эхлээд үхэх тухай бодох болсон. Харин олон улсын туршлагаас үзэхэд, өндөр хөгжилтэй европын улс орнууд болон Япон, Солонгос гэх мэт улсуудад бага сургуулийн хичээлийн хөтөлбөрт сэтгэлзүйн хичээлийг оруулж өгсөн байдаг. Мөн сургууль, цэцэрлэг бүрт сэтгэлзүйчийн орон тоо байх ба өдөр бүр хүүхдүүдийг ажиглаж, тэдэнтэй ярилцдаг байна. Дээрх арга туршлагыг хэрэгжүүлсэн Япон улсад гэхэд сүүлийн хоёр жилийн хугацаанд амиа хорлолт 18 хувиар буурсан гэх мэдээлэл бий.

Тиймээс магадгүй томчуудын нүдэнд жижиг  боловч хүүхдийн өөрийнх нь сэтгэхүйн хувьд хүнд байгаа тэр асуудлыг олж харж ярилцах нь  түүний амийг аврах боломж байж мэдэх юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rk(202.9.40.29) 2020 оны 04 сарын 16

bi odoo ch amia horlih tuhai bodj bn. Ene dan gants setgl zuin asuudal bish gdgiig oilgh hergte shuu magadgui bidnii ergen toirni hureellees asar ih daramt teseshguye shantraliig setgel zuin asuudl gj oilgh n zuw uu ? buruu yu ?

1  |  0
Зочин(182.160.38.120) 2019 оны 10 сарын 08

Саяхан Монгол аз жаргалын индексээрээ дэлхийг тэргүүлж байсансан.

1  |  0
ERCHVVD IL AMIAA HER(66.181.161.55) 2019 оны 04 сарын 05

2000 NI MONGOL ERCHVVD AMIAA horloj bna shdee

0  |  0
2000N MONGOL (66.181.161.55) 2019 оны 04 сарын 05

86% huwi Ni ERCHVVD AMIAA horloj bna shdee

0  |  0
2000N MONGOL (66.181.161.55) 2019 оны 04 сарын 05

86% huwi Ni ERCHVVD AMIAA horloj bna shdee

0  |  0
Баагий(202.179.24.41) 2019 оны 04 сарын 05

Оюутолгойг зогсоо. Амиа хорлолтоор японыг хол хаяна дөө. Ганц юмаар ч болов дэлхийд тэргүүлье л дээ

0  |  0
уншигч(202.21.118.174) 2019 оны 10 сарын 25

амиа хорлодог, хүн зоддог, алдаг кино үзүүлэхээ хориглооч дээ

0  |  2
Top