Л.Батжаргал: Говь-Алтайд 70 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ

2019 оны 03 сарын 22

Манай сурвалжлагч орон нутагт томилолтоор ажиллаж байна. Энэ үеэрээ Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батжаргалаас тус аймагт энэ жил хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар тодруулж ярилцлаа.


-Энэ жил Говь-Алтай аймагт хэчнээн төгрөгийн, ямар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх вэ?

-Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2019 оныг “Бүтээн байгуулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх” жил болгон зарласан. Манай аймагт 2019-2020 онд улсын төсвөөс нэлээдгүй хөрөнгө оруулалт хийнэ. Мөн орон нутгийн төсөв, Орон нутгийг хөгжүүлэх сангаас хөрөнгө оруулалтаар ажлууд хийгдэх гэж байна. Түүхэндээ манай аймагт байгаагүй хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ онд сургууль, цэцэрлэгийн байр, спортын заал, соёлын төвийн барилгууд гээд 70.1 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр эхэлж байна.

Бүтээн байгуулалтын ажлуудыг хийх хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Швецарийн хөгжлийн агентлаг, аймгийн ЗДТГ хамтраад ажилгүй иргэдийн тоог гаргах судалгааг эхлүүлэхэд бэлэн болсон. Ажилгүй иргэдийг ажлын байраар хангах тал дээр анхаарна. Сүүлийн жилүүдэд болсон эдийн засгийн хямралаас үүдээд Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, тэр тусмаа барилгын салбарын аж ахуй нэгжийн санхүүгийн чадавх суларсан байсан. Гэвч өнгөрсөн жилээс аж ахуй нэгжүүдийн эдийн засгийн байдал сайжирч байна. Иймд иргэд барилгын салбар луу орж ажиллах, өрхийн орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломж харагдаж байгаа. Дээрх бүтээн байгуулалт хийгдээд ирэхээр ажлын байр нэмэгдэнэ. Мөн бүтээн байгуулалтад ажиллах, ажиллах хүчнийг бэлтгэх нь чухал болж байна.

Ирэх 2020 онд Говь-Алтай аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болно. Ойн хүрээнд бэлтгэлээ хангаж, аж ахуй нэгж, иргэн бүр оролцоогоо хангах, гар бие оролцох хэрэгтэй. Энэ жилээсээ ойдоо бэлдэж бүтээн байгуулалтын ажлаа хийх ёстой. Аймгийн ИТХ, тэргүүлэгчдээс ойн бэлтгэлийг хангах зохион байгуулалтын ажлын хэсэг байгуулах шаардлагатай байгаа. Мөн Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлогын төлөвлөгөөг 2008 онд баталсан. Энэ стратегийн төлөвлөгөө 2021 онд дуусна. Тиймээс бид аймгийнхаа хэтийн төлөвийг харсан 15, 20 жилийн төлөвлөгөөг бий болгох шаардлага байна. Засгийн газрын өчигдөр болсон цахим хуралдаанаар бидэнд чиглэл өгсөн. Орон нутгийн чиглэл, хэтийн төлөвөө харсан төлөвлөгөө гарга гэж байгаа. Тиймээс яаралтай энэ ажлыг эхлүүлэх, комиссын бүрэлдэхүүнийг байгуулах, эрдэмтэн мэргэдтэй хамтрах, иргэдийн санаа оноог авч ажиллана. Мөн өмнө нь аймгийн ИТХ-д ажиллаж байсан төлөөлөгч, дарга нар, аймгийн Засаг дарга, удирдлагаар ажиллаж бодлого тодорхойлж байсан хүмүүсийн санаа оноог тусгана.

-Баруун бүсийг холбож байгаа Баянхонгор - Говь-Алтайн чиглэлийн авто замын ажил хэзээ дуусах вэ. Зам хэзээ ашиглалтад орох бол гэсэн олон хүний хүлээлт бий?

-Говь-Алтай аймгийн бүтээн байгуулалтын нэг гол ажил нь Байдрагийн гүүрнээс Дэлгэрийн засмал замын төгсгөл хүртэл 126.7 км зам байгаа. Энэ замын ажлыг өмнө нь нэг компани концессын гэрээгээр аваад гэрээний хугацаа дууссан. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд манай аймгийн Засаг дарга, биднийг оролцоход, дээрх замын асуудлаар Ерөнхий сайд  асууж байсан. Энэ ондоо багтааж замыг ашиглалтад оруулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Дээрх замын ажлыг авсан компани дөрөвдүгээр сарын 1 гэхэд ажлаа эхлүүлэхгүй бол дараагийн чадвартай компанитай гэрээ байгуулж ажиллана гэдгийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. 

Замын ажил тодорхой хэмжээгээр хийгдэж байгаа. Овоолгууд бий болгосон бага шиг газар байгаа юм билээ. Энэ ажлуудыг нь тэр дараагийн гүйцэтгэгч компани, өмнөх компаниудын хооронд зохицуулалт хийгдчих юм бол ажил нь эхлээд явна. Мөн Алтай хотыг цэвэр усаар хангах Тайшир- Алтай гээд том төсөл хэрэгжих гэж байгаа. Алтай хотын иргэдийн эрүүл мэндэд маш чухал энэ төсөл хэрэгжсэнээр ундны усны асуудал шийдэгдэнэ. Тайшираас Гэгээн нуур аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар дээр ундны усаа цэвэршүүлээд хэрэглэж байна. Энд 46 км замд цэвэр ус татах ажил эхэлсэн. Бэлтгэл ажил хийгдэж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top