САУСГОБИ РЕСУРС дефольт зарлах нэрээр CIC-ийн эрх мэдлийг нэмэв үү?

2019 оны 03 сарын 20

Овооттолгой уурхай

“Саусгоби Ресурс” компани өмнийн говийн найман суманд хайгуул хийж, Овоот толгой зэрэг  ордуудаас олборлолт, экспорт хийдгээрээ монголчуудтай эчнээ танил. Тус компани БНХАУ-ын төрийн өмчит “China Investment Corporation”-д  2018.11.19-нд багтаан төлөх  41.8 сая ам.долларын төлбөрөө өгч чадаагүй тул дефольт зарлах нөхцөл байдал үүслээ гэсэн мэдээллийг өөрсдийн зүгээс албан ёсоор гаргаж байсан. Харин мэдээллийг хэвлэлүүд нийтэлсний араас дампуураагүй гэх байр суурийг илэрхийлж байв. Тэгвэл Хонконг, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресурс” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ энэ сарын сүүлээр хуралдаж, 2018 оны үйл ажиллагааны тайлангаа хэлэлцэх тухай мэдээлэл байна.

Стратегийн гэх тодотголтой Нарийн сухайтын ордын шууд үргэлжлэл болох Овоот толгой ордын лицензийг 2037 оны есдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл эзэмших эрх “Саусгоби Ресурс” компанид бий. Тэгвэл “QMC” групп “Саусгоби Ресурс”-ын охин компани “Саусгоби сэндс” ХХК-ийн Овооттолгойн уурхай дээр хаалтын төлөвлөгөө боловсруулж, 2017 онд хүлээлгэж өгөхдөө “20 жилийн дараах хаалтын асуудлыг ярьж байгаа ерөнхий концепци төлөвлөгөө” гэдгийг онцолж байсан. Тэгэхээр Овооттолгой уурхай 18 жилийн дараа хаагдана гэсэн дүр зураг харагдаж байгаа юм.

Энэ сарын сүүлээр болох компанийн хуралд ТУЗ-ийн түр хугацааны  дарга Сүнь Мао, Гүйцэтгэх захирал Ван Шөүгао болон бусад удирдлагууд оролцох аж.

Сануулахад, “Саусгоби Ресурс” компани дефольт зарлахдаа тулсан үндэслэл нь Овооттолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц бүрдүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхийн тулд гэсэн тодотголтойгоор БНХАУ-ын  төрийн өмчит  “China Investment Corporation” компаниас олон зуун сая ам.доллар татсантай холбоотой. 2009 онд 500 сая ам.долларын зээл авлаа гэж компанийн зүгээс мэдэгдэж байсан ч, үнэн хэрэгтээ компанийн хувьцаагаа худалдлаа гэх хардлага дагаж байв.

Тэгвэл 2009 оноос хойшхи компанийн мэдээллийг харахад анхаарал татах зүйл цөөнгүй байна.

2009 онд Хятадын China Investment Corporation 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг өрийн бичиг хэлбэрээр хийсэн бол 2010 онд China Investment Corporation-д 250 сая ам.долларыг хувьцаа хэлбэрээр буюу Саусгоби компанийн хувьцааны 13.6 хувийг өгчээ.

Харин 2012 оны дөрөвдүгээр сард Хятадын Алюминум Корпораци Лимитед нь Саусгоби компанийг худалдан авах санал ирүүлж, 930 сая ам.доллараар 56-60 хувийг авах тохироо хийгээд байсан. Энэ хэлцэл Монголын улс төр, эдийн засгийн салбарт мэдээлэл болж хүрснээр худалдан авалт 2012 оны есдүгээр сард цуцлагдаж байв.

Тэгвэл энэ хэлцэл цуцлагдсан ч компанийн  30 орчим хувийг хятадын тал гартаа оруулж чадсан байгаа юм. 2015 онд “Новел Санрайз” компани Саусгоби компанийн 48.7 сая энгийн хувьцаа буюу 29.3 хувийг  эзэмшилдээ авсан байдаг. Харин 2015 оны долдугаар сард  Хятадын Шинда Хөрөнгийн Менежментийн Корпораци Лимитэд компани “Новел Санрайз” компанийг өөрийн 100 хувийн эзэмшилд авснаар Сасгоби сэндсийн 29.3 хятадын мэдэлд очсон.

Тэгэхээр нийт хувьцааны 42.9 хувь хятадын талын мэдлийнх гэдэг нь эндээс ойлгогдож байна. Тэгвэл дефольт зарлах дээрээ тулсан 41.8 сая ам.долларын төлбөрийн асуудлын цаана компанийн хэдэн хувь China Investment Corporation-д очиж байгаа вэ гэх асуулт анхаарал татаж таарна.

Тус компанид шинэ удирдлагын баг 2018 онд томилогдсон. “Саусгоби Ресурс” компанийн одоогийн удирдлагуудын мэдээллийг харахад ТУЗ болоод Гүйцэтгэх удирдлагын түвшинд олонх нь БНХАУ-ын иргэд байдаг. Гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийн багийг харахад 2018 оны дунд үед ихэнх нь томилогдсон байгаа юм. Сонирхолтой нь, шинэ удирдлагууд ирээд хагас жилийн ч нүүр үзэлгүй ДАМПУУРАХ нь гэсэн мэдээлэл цацсан нь угтаа бол Овооттолгой зэрэг нүүрсний ордууд дахь эрх мэдлийн шилжилттэй холбоотой алхам болж харагдаж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(122.201.21.135) 2019 оны 03 сарын 21

АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛИАР ЛИЦЕНЗ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ГЭСЭН А4 ЦААСААР МОНГОЛЫН АШИГТ МАЛТМАЛЫГ ОЛОН ЖИЛЭЭР ӨМЧИЛЖ АВЧ БАЙНА ТЭР ЦААСЫГ НЬ ЭЗЭМШИЖ БУЙ ГАДААДЫН КОМПАНЫ ХУВЬЦАА ОЛОН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ҮНЭ ХАНШ ХҮРЧ ЖИНХЭНЭ БАЯЛГЫН ЭЗЭД МОНГОЛЧУУД УРГАШГҮЙ ШУНАЛТАЙ СЖТГЭЛГҮЙ ТӨРИЙН ТҮШЭЭДҮҮДИЙНХЭЭ АЧААР ӨЛӨН ЗЭЛМҮҮН АМЬДАРЧ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ

0  |  0
зочин(103.194.176.117) 2019 оны 03 сарын 21

Өчигдөрхөн л Өмнөговь аймгийн Номгон сумд Хятадын компани уул урхайн баяжуулах ургаш нь гараад л байгаа нутгийхан байгаль орчны байцаагчидтайгаа нийлээд дийлэхгүй аймгийн МХГ болон Цагдаагийхан хятадуутай үгсэн хуйвалдаж байх жишээний дүр зураг гарч байна лээ Мэдээллийн игли сувгаар тус аймгийн МХГ дарга аймгийн дарга нарыг шалгах хэрэгтэй

0  |  0
зочин(192.82.64.46) 2019 оны 03 сарын 20

хятадуудаас өөр хүн сонирхохгүйлдээ угааса

0  |  0
оркуудад(119.40.98.162) 2019 оны 03 сарын 20

Манай попчидын буянаар барууны хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгөө хятадад зараад гарцгаанаа Оюу толгой ч мөн адил ийм болно эцэст нь монголын уул уурхай бусад салбарт зөвхөн хятадууд ноёрхоно. Хужааг үзэн яддаг хуурамж хаягнууд попчидыг өөгшүүлэгчид эцсийн зорилго нь хятадын харьяанд орох

0  |  0
Top