ТОЙМ | Хүсэлттэй, Өсөлттэй, Статистиктай 7 хоног

2019 оны 03 сарын 16

Энэ долоо хоногийн Эдийн засгийн тойм танд хүрч байна.  Эдийн засгийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлууд болон zindaa.mn сайтын онцолсон сэдвүүдээс тоймлов.

МЕГА ТӨСЛҮҮД цуврал...

Нэг тэрбум ам.доллар болон түүнээс дээш санхүүжилттэй, урт хугацаанд хэрэгждэг, төр хувийн хэвшлийн аль аль оролцдог, тухайн улс, бүс нутгийн эдийн засагт хүчтэй нөлөөлдөг төслүүдийг МЕГА гэж тодотгодог. Тэгвэл үүнд хамаарах 10 гаруй төсөл манай улсад бийг судалгаанаас харж болно. Уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэлийн тэдгээр төслүүдийн техник эдийн засгийн   судалгаа болон үнэлгээ,  гэрээ хэлэлцээр хийгдэх хүлээлт бий. Мега төслүүдийн өгөөжийг авч үзэхэд уул уурхайн салбар дахь төслүүд  экспортын орлогыг нэмэгдүүлдэг бол нефть, замын салбарт оруулсан хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийг өсгөнө. Харин төмөр замын салбар ажлын байрны тоог олноор нэмэгдүүлэх ч,  импортоор дамжин гарах хөрөнгийн урсгал нэмэгддэг. Мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд тогтвортой ажлын байр бий болж, дотоодын үйлдвэрлэлийн импортоос хамаарах хамаарал багасч, үйлдвэрлэлийн зардал буурч, өрсөлдөх чадвар нэмэгдэх, татварын орлого өсөх зэрэг олон давуу талтай. Дэлхий нийтэд мега төслүүд үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л салбарт тархаж байгаа бол манай тухайд уул уурхайн салбар дахь  төслүүдийнхээ  тухай ид ярьж байна.

2018 онд манай улсын Мега төслүүдэд 1.75 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн бол ирэх хоёр жилд 1-1.5 тэрбум ам.долларын урсгал наашаа чиглэх мэдээлэл бий. “Монголын Мега Төслүүд” цуврал энэ долоо хоногт  Оюутолгой төслийн мэдээллээр эхлэв. 

Активын өсөлт 6.5 хувьтай гарав

Монголын банкны салбарын нийт хөрөнгө 2018 оны хоёрдугаар улиралд анх удаа 30 их наяд төгрөгийн босго давж байсан бол Монголын банкны холбооноос /МБХ/ гаргасан дөрөвдүгээр улирлын тоймд өмнөх улирлаас 6.5 хувиар өсч 33.1 их наяд төгрөгт хүрлээ гэсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн тоймд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс /ЭЗБӨЧС/ гаргасан Арилжааны банкуудын өрсөлдөөний тоймыг хүргэж байсан. Тэгвэл энэ долоо хоногт МБХ-ноос гаргасан банкны салбарын тоймоос хүргэе. Суурь орчин, Актив, Зээл, Эх үүсвэр, Ашигт ажиллагаа, Банкуудын харьцуулалт гэсэн хэсгүүдээс тоймын агуулга бүрдэж байна.

Активын өсөлт 6.5 хувьтай гарсан бөгөөд банкны нөөцийн өсөлт явагдаж, төв банкны үнэт цаас, Засгийн газрын  авлага буурсныг тоймд онцолжээ.

 Банкны секторын активын хэмжээ 2018 оны  дөрөвдүгээр улиралд өмнөх улирлаас 6.5 хувиар өсч 33.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Активын өсөлтийг бүтцээр нь харвал банкны нөөц 46%, дотоодын цэвэр зээл 4.7%, үндсэн хөрөнгө 11.7%-ийн өсөлт үзүүлсэн байна. Харин төв банкны үнэт цаас 3.6%, Засгийн газрын авлага 5.6%-р буурсан байна. Ийнхүү төв банкны үнэт цаас болон Засгийн газрын авлага буурч байгаа нь банкны нөөц өндөр өсөлттэй гарахад нөлөө үзүүлсэн байна. Мөн 2018 оны эцсээр улсын төсөв ашигтай гарсан нь банкны сектор дахь авлагыг бууруулах нөхцлийг бүрдүүлжээ.

Нийт зээлийн үлдэгдэл дөрөвдүгээр улиралд өмнөх улирлаас 5.4 хувь өсч 17.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт өндөр байгаатай уялдан нийт зээлийн үлдэгдэл ч өсөлтөө хадгалсан хэвээр байна. Нийт зээл, ДНБ-ий харьцаа 2017 оны эцэст 49 хувь байсан бол 2018 оны эцсээр 53 хувь болж өсчээ.

Банкны системийн оны эхнээс хуримтлагдсан ашиг 2018 оны гуравдугаар  улиралд 42 тэрбум төгрөг байсан бол дөрөвдүгээр  улиралд 97 тэрбумын алдагдал хүлээсэн байна. Банкны системийн ашигт ажиллагаа буюу өөрийн хөрөнгийн өгөөж -3.3 хувьд хүрсэн. Дөрөвдүгээр  улирлын байдлаар 14 банкнаас 12 банк санхүүгийн тайлангаа зарласан бөгөөд 12 банкны нийт ашиг 257.3 тэрбум төгрөг байна. Төв банкнаас зарласан статистикт алдаа гарсан эсвэл тайлангаа зарлаагүй 2 банк 354 тэрбум төгрөгийн  алдагдалтай ажилласан байх магадлалтай байна.

Банкуудын 2018 оны ашгийг харвал Хаан банк 171.5 тэрбум төгрөг, Голомт банк 45.7 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банк 19.6 тэрбум төгрөгөөр тэргүүлж байна. Харин өөрийн хөрөнгийн өгөөжийн үзүүлэлтээр Хаан банк 17%, Голомт банк 9%, Хас банк 6%-р эхний 3-т орсон байна. Топ 6 банкны нийт ашиг 255.9 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Банкны системийн эх үүсвэрийн жигнэсэн дундаж хүү өмнөх улирлаас 0.2 нэгж хувиар буурсан бол зээлийн хүү 0.8 нэгж хувиар буурчээ. Үр дүнд нь зээл, эх үүсвэрийн хүүгийн зөрүү 5.7% болж буурсан гэж дурджээ.

Монголиан коппер корпорэйшн”-ы хүсэлт

 “Монголиан коппер корпорэйшн”-ы зүгээс  /2019.03.11/ Засгийн газарт хүсэлт хүргүүлсэн нь анхаарал татсан үйл явдлуудын нэг байв.  2016 оноос хойш өнөөдрийг хүртэл улс төр, эдийн засгийн халуун сэдэв болоод буй “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудал цаашид хэрхэх нь нийгмийн анхааралд байгаа. “Монголиан коппер корпорэйшн”-ы зүгээс засагт хүргүүлсэн хүсэлт дөрвөн он дамнаад буй уг асуудал шийдэл дагуулах уу гэдэг зүйл хүлээлт үүсгэсэн, онцлох сэдэв болоод байна.  Засагт хүсэлт хүргүүлээд буй  “Монголиан коппер корпорэйшн”-ы Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин хэлэхдээ “49 хувьтай холбоотой асуудлыг жил гаруй хугацаанд шалгаж байна. Миний бие Эрүүгийн цагдаагийн газар болон Авлигатай тэмцэх газарт 10 гаруй удаа байцаалт өгсөн. Монгол хүн бүхэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Бид дуудсан цагт нь очиж хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногоос нөхцөл байдал хурцадмал болсон. Бид Засгийн газрын арга хэмжээг нийгмийн шаардлага гэж ойлгож байна. Бид төрөө хүндэтгэж байгаа. Тэр утгаараа асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа. Үүнийгээ баталгаажуулж Ерөнхий сайдад асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх хүсэлт өгч байна” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Анхаарал татсан СТАТИСТИК

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ 2019 оны хоёрдугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг энэ долоо хоногт  мэдээлсэн юм. Тус байгууллагын мэдээллээс УЛСЫН ӨР-тэй холбоотой мэдээллийг хүргэхэд:

Засгийн газрын нийт өр 2018 оны эцэст 22.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 390.1 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар буурсан байна. Засгийн газрын нийт өрийн 18.9 их наяд төгрөг буюу 84.3 хувь гадаад өр, 1.6 их наяд төгрөг буюу 7 хувь нь дотоод өр, 1.1 их наяд төгрөг буюу 5.1 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 806 тэрбум төгрөг буюу 3.6 хувь нь концесс байна.

Засгийн газрын өр, жил бүрийн эцэст, тэрбум төгрөг

Улсын нийт гадаад өр 2018 оны жилийн эцэст 28.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.3 (4.5%) тэрбум ам.доллараар өсчээ. Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд компани хоорондын зээллэг 9.2 (32.0%) тэрбум ам.доллар, бусад салбарынх 8.1 (28.2%) тэрбум ам.доллар, засгийн газрынх 7.2 (25.0%) тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.2 (7.7%) тэрбум ам.доллар байгаа аж.

Улсын нийт гадаад өр, жил бүрийн эцэст, сая ам.доллар

ДУНДАЖ ЦАЛИН-гийн мэдээллийг хүргэхэд:

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны  4 дүгээр улиралд нийт 40.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 652.2 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1  мянгаар, өмнөх улирлаас 0.5  мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 38.3  мянгаар, өмнөх улирлаас 1.2 мянгаар тус тус нэмэгджээ.

Тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 46.4 мянга нь 240000 төгрөг хүртэлх цалинтай, 112.2 мянга нь 240 001-500 000 төгрөгийн цалинтай, 213.3  мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай, 140.9  мянга нь 900 001-1 300 000 төгрөгийн цалинтай, 36.2  мянга нь 1 300 001-1 500 000 төгрөгийн цалинтай, 103.3  мянга нь 1 500 001 төгрөгөөс дээш цалинтай байна. Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 240 000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 2 мянгаар, 240001-500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 26.6 мянгаар, 500 001- 900 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.1 мянгаар буурсан байна. Харин 900 001-1 500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 29.9 мянгаар, 1 500 001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 12.9 мянгаар тус тус нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл, Баруун бүсэд 736.7 мянган төгрөг, Зүүн бүсэд 824.2 мянган төгрөг, Хангайн бүсэд 928.0 мянган төгрөг, Төвийн бүсэд 934.5 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 185.8-383.6 мянган төгрөгөөр бага байна. Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 135.4 мянган төгрөгөөр их байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.5 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 704.2 мянган төгрөг байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 81.4 мянган төгрөгөөр өсөхөд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын дундаж цалин 190.7  мянган төгрөг, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 176.6 мянган төгрөг, барилгын салбарынх 139.9  мянган төгрөг, мэдээлэл, холбооны салбарынх 127.3 мянган төгрөг, хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх 99.9 мянган төгрөг, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарынх 97.3  мянган төгрөг, ус хангамж, бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарынх 91.9  мянган төгрөг, үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарынх 90.8  мянган төгрөг, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 84.2  мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Хөрөнгө оруулалтын ШИНЭ чиглэл хэрэгтэй

Жил бүр болдог “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага -2019” арга хэмжээ энэ долоо хоногт  боллоо. Хуралд оролцсон  судлаачид эдийн засгийн төлөв байдлыг дүгнэхдээ  эмзэг хэвээр байхыг онцлоод, урт хугацаанд гадны хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр нөхцөл байдлыг сайжруулахаас өөр аргагүй байгааг хэлсэн юм. Манай улсын хувьд уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн бүтэц нь удаан оршин тогтнох боломжгүй тул хөдөө, аж ахуй, аялал жуулчлал гэсэн бусад салбаруудаа хөгжүүлэх, үүнд хэрхэн яаж гадны хөрөнгө оруулалтыг татах вэ? гэдэг бодлого чухал байгааг Дэлхийн банкнаас илтгэл тавигч сануулж байлаа.

Одоогийн нөхцөл байдлаас харахад Монгол Улсад гадны хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа нь эрсдэлтэй улс оронд тооцогдох болсонтой холбоотой болохыг судлаачид анхааруулж байна. Иймд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд эрсдэлээс хамгаалсан төрийн зохицуулалтыг бүрдүүлэх шаардлага бий гэж байв. Ийнхүү тогтвортой орчныг бүрдүүлж чадсан цагт манай улс уул уурхайгаас хараат бус экспортын орлогын нэр төрлөө нэмэгдүүлэх бүрэн боломж байгааг санал нэгтэй дүгнэж байлаа.

Тодотгоход, уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор 2000-2011 онуудад манай улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ ихээхэн нэмэгджээ. Гэхдээ түүхий эдийн зах зээлийн үнэ буурсантай холбоотойгоор, мөн хөрөнгө оруулагчдын хандлага таагүй болсны улмаас ГШХО 2012 оноос хойш огцом буурсныг Дэлхийн банкны илтгэлд дурджээ. 2008 оноос хойш нийт ГШХО-ын ДНБ-нд эзлэх хувь өсчээ. ДНБ ба ГШХО-ын харьцаа урьд өмнө хүрч байгаагүй дээд үзүүлэлт буюу 110 хувьд хүрсэн нь жишиг орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм байна.

Хөрөнгө оруулалтын бодлого нь гадаадын эсвэл дотоодын хөрөнгө оруулалтын аль нэгийг сонгох сонголтын асуудал биш. Харин дэлхийн үнэ цэнийн сүлжээ (GVC)-нд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг холбон нэгтгэхэд чиглэсэн байдаг. Худалдаа ба Хөрөнгө оруулалт нь нэг зоосны хоёр тал. Дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын аль аль нь тодорхой зохицуулалттай байх ёстой аж.

Хөрөнгө оруулалтын төрөл, хэлбэр бүр адилгүй. ГШХО нь төрлөөсөө хамаарч тухайн улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өөр өөр үр нөлөө үзүүлдэг тул тэдгээрт чиглэсэн тусгайлсан бодлогыг шаарддаг. Улс орнууд хөгжлийн бодлоготойгоо ГШХО-ын төрлүүдийг уялдуулах нь зүйтэй байдаг. Салбар бүрийн өрсөлдөх хөшүүрэг өөр өөр гэдгийг сануулж байна.

ГШХО нь дан ганц мөнгөн урсгал биш. Энэ бол харилцаа холбоо. Хөрөнгө оруулалтын бодлого нь хөрөнгө оруулалтыг зөвхөн татахад бус түүнчлэн нэгэнт орж ирсэн хөрөнгө оруулалтыг хадгалах, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудтай уях улмаар ГШХО –аас орж ирэх өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэх ёстой.

Орж ирж буй хөрөнгө оруулалтын төрлөөс хамаарч, эдийн засагт үзүүлэх үр нөлөө харилцан адилгүй байх ба тэдгээрт чиглэсэн тусгайлсан бодлоготой байхыг шаардлагата гэдгийг сануулж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top