Олон улсын сансрын станц шинэ багаа амжилттай угтан авлаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Өнөөдөр /2019.03.15/ ОХУ-ын сансрын нисэгч Алексей Овчинин, АНУ-ын сансрын нисэгч Ник Хэйг, Кристина Кох нараас бүрдсэн баг тээвэрлэсэн Оросын “Союз” сансрын хөлөг Олон улсын сансрын станцтай амжилттай залгагджээ. Тэд Казахстаны Байконур сансрын буудлаас өчигдөр /2019.03.14/ орон нутгийн цагаар 3.14 цагт хөөрч, зургаан цагийн дараа тус станцад буужээ.

 

Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 11-ний өдөр хөөрснийхөө дараахан осолдсон Союз сансрын хөлгийн азаар амьд гарсан багийн гишүүд болох Овчинин, Хэйг нарын хоёр дахь удаагийн нислэг ийнхүү амжилттай болжээ.

 

Одоо Олон улсын сансрын станц дээр НАСА агентлагийн сансрын нисэгч Энн Макклейн, Роскосмос станцын удирдагч Олег Кононенко, Канадын сансрын агентлагийн сансрын нисэгч Дэвид Сан-Жак нар ажиллаж байгаа бөгөөд Олон улсын сансрын станцын түүхэнд хоёр эмэгтэй гишүүнтэй баг ажиллаж буй дөрөв дэх тохиолдол юм.

 

Энэ сарын 29-ний өдөр Кох, Макклейн нар задгай сансарт гарах анхны эмэгтэй баг болох юм. Үүнээс өмнө буюу энэ сарын 22-нд Макклейн, Хэйг нар задгай сансарт гарах гэнэ. Тус станцад ажиллаж буй багийнхан биологи, биотехнологи, физик, дэлхий судлалтай холбоотой туршилтуудыг микротаталцлын лабораторид хийхээр төлөвлөж байгаа аж.  

 

Москва, Вашингтоны хамтын ажиллагааны цөөхөн талбаруудын нэг болсон Олон улсын сансрын станц 1998 онд ашиглалтад орсон бөгөөд Дэлхийн тойрогт 28 мянган км/цагийн хурдтай манай гарагийг тойрон нисч байдаг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(64.119.20.99) 2019 оны 03 сарын 15

Mongold hezee

0  |  0
Top