Казахстаны Соёл, спортын сайд: Димаш жинхэнэ эр хүний зан гаргасан

2019 оны 03 сарын 15

Дэлхийн авьяастан шалгаруулах “The World’s best” шоу уралдаанд Казахстан улс тун их ач холбогдол өглөө. Улс орноо төлөөлсөн 2 залуу авьяастан нь амжилттай сайн оролцсон болохоор аргагүй.

Казахстаны Соёл, спортын сайд Арыстанбек Мухамедиулы “Total.kz” агентлагт ярилцлага өгөхдөө “Манай хоёр дуучин шоунд сайн оролцож, эх орныхоо нэрийг мандууллаа. Казахстан улсын маш том сурталчилгаа болсон тул манай яамнаас тэдний замын зардал, хоол ундны мөнгийг дааж, туслалцаа үзүүлсэн. Димаш Нью-Йорк хотод ирэх 9-р сард тоглолт хийнэ. Яамнаас танхимын түрээсний мөнгийг даана. Тэдний ачаар Казахстанд ирэх жуулчдын тоо нэмэгдэх болно. Димаш Кудайберген “The World’s best” шоуг орхиж, Данэлия Тулешова түрүүлж чадаагүйг бүгд сайн мэдэж байгаа. Шоуны бичлэг өнгөрсөн онд хийгдсэн бөгөөд оролцогчид гэрээний дагуу нууцаа чанд хадгалж байлаа. Димаш, Данэлия хоёр анхнаасаа л нэг хэсэгт өрсөлдөх болсон тул хоорондоо тэмцэлдэх нь тэдэнд таалагдахгүй байлаа. Димаш Данэлия Тулешовагийн түрүүлэх боломжийг нэмэгдүүлэх гэж өөрөө сайн дураар шоуг орхисон. Үнэхээр жинхэнэ эр хүний чанар энд харагдсан” гэж хэлсэн байна.

Арыстанбек Мухамедиулы гэхдээ тэд Казахстан улсын хувьд ялагчид гэдгийг онцлоод “Тэд бол манай “The World’s best” авьяастнууд. Димаш үзэгчдийн саналаар энэ шоунд түрүүлсэн нь ч үүнийг батлан харуулж байна. Тэр үзэгчдийг бишрүүлж, шүүгчид Димашийг ялна гэдэгт итгэлтэй байлаа. Хоёр дуучиндаа баяр хүргэе.  Тэднийг агуу ирээдүй хүлээж байгаа нь тодорхой. Мэдээж би уралдааны ялагч энэтхэг хүү Надхасварамад баяр хүргэж, амжилт хүсэн ерөөж байна" гэж хэлжээ.

Данэлия Тулешова тэмцээний дараа “Харамсалтай нь би түрүүлж чадсангүй. Бичлэгийн үеэр би яагаад Лидиан бид 2 үлдэв, Димаш хаана байна гэж гайхаж байлаа. Харин дараа нь учрыг ойлгоод Димашд их баярласан. Хэн болгон түүн шиг ингэж чадахгүй шүү дээ. Магадгүй, Америкт түүний энэ өгөөмөр занг ойлгоогүй байж болох юм” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Данэлия Тулешова цаашид дахин авьяастан шалгаруулах шоунд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uuu(208.54.35.173) 2019 оны 10 сарын 11

ЖИНХЭН ЭРХ ХУН БНА. ЭРХ ХУН ТА ЭМЭГТЭЙ ХУНД УРГЭЛЖ ЗАМ ТАВЬЖ ОГЧ БАЙ , ХААЛГА ОНГОЙЛГОЖ ОГЧ БАЙ, ХУНДЛЭЖ БАЙ . ЭХНЭРЭЭ ХАЙРЛАЖ БАЙГААРАЙ! АНДАА ЭРХ ЦЭРГИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШУУЛЬЕ!

1  |  0
Top