ОБЕГ: Нурангид дарагдсан иргэдийн цогцсыг гаргахаар ажиллаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд аврах ажиллагаа үргэлжилж байна.

Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар, өчигдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагийн үед тус уурхайд хөрсний нуранги үүсч, бульдозер, экскаватор машин дарагджээ. Нурангид нийт зургаан ажилтан өртсөнөөс, аврах ажлыг шуурхай зохион байгуулж, эхний ээлжинд хоёр ажилтныг аварсан ба тус сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэн, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлснээр биеийн байдал хэвийн байна гэлээ.

Харин нурангин дор дөрвөн хүн үлдсэн бөгөөд өчигдөр оройн 19:00 цагийн орчимд Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас найм, нийт 20 аврагч дайчлан, хоёр нисдэг тэргээр тус уурхайд аврах ажиллагаа явуулж байгаа ч "Нурангид дарагдсан дөрвөн иргэнийг амьд байх магадлал тун бага байна" гэлээ.

 

Энэ талаар  ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Бидний зүгээс ослын газарт шаардлагатай ажиллагаа явуулж байна. Нурангид өртөж, нас барсан дөрвөн хүнийг гаргаж авах нь эхний зорилт болоод байна. Ослыг газар хөдлөлтийн нөхцөл байдалтай холбогдуулан авч үзэж болохгүй. Хоёр машины операторууд кабиндаа байхдаа шороонд дарагдаж, талбайд ажиллаж байсан хоёр насосчин зугтаж байгаад нурангид өртсөн гэх мэдээлэлд үндэслэж, тодорхой байршлуудад эрлийн ажлыг явуулж байна. Усны түвшин 6-7 метр гүн, хананаас ус шүүрч байна. Дахиад нуралт үүсэх магадлал тун өндөр байна” гэлээ.

Тус уурхайд үүсгэсэн хиймэл нуурын гүн 10 метр гүн гэх ба ил уурхайн хананаас тасралтгүй ус шүүрч байгаа нь аврах ажиллагааг удаашруулж байгаа аж. Нуранги дахин үүсэх магадлал өндөр байгаа тул уурхайн үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.126.89.109) 2019 оны 03 сарын 01

Hurelsuh ogtsor. Hiij bgaa yum yu ch alga. Shudarga yos, sahilga hariutslaga yarih bolovch ulam l shudarga bus zuil gazar avch sahilga hariutslaga turiin buh alband huviin hevshild aldagdaj altan hunii ami nas hohirsoor bn. Mordohiin hazgai gej yaasan hairtai yum Eronhii saidiin suudald.

0  |  0
Top