ДЭЛХИЙ ДАХИНАА: Трамп-Кимийн ДУУН ЗУРАГЛАЛ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

Үзэл суртал, улс төрийн өнгө будгаар хоёр хуваагдсан солонгосчууд хэзээ нэгэн цагт нэгдээсэй гэсэн чин хүсэлтэйгээр өөр, өөрсдийнхөө замаар замнаж буй. Жар илүү жилийн турш солонгосчуудын зүрхэнд бадамласан хүсэл чухамдаа хэзээ биелэх вэ? Хаалттай гэгдэж байсан Умард Солонгос эдийн засгийн нээлттэй бодлого баримтлахаа зарлан империалист гэгдэх АНУ-тай, империалистуудыг дагасан гэгдэх Өмнөдүүдтэй хоёр ч удаа, одоо АНУ-тай хоёр дахиа уулзах гэж байна. Хувь заяаны шоглоомоор нэгэн цагт дайн зарлаж байсан Вьетнамд, улс төрийн өнгө будгаар хоёр хуваагдсан Солонгосчуудыг нэгтгэхээр АНУ Умард Солонгостой уулзах гэж байна.


 

ПУУЖИНТАЙ "ПАЦАН"

Элдэв янзын сонирхолтой зүйлс твиттер хуудаснаа жиргэх дуртай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ердөө хоёр жилийн өмнө Умардын удирдагч Ким Жон Уныг “Пуужинтай жаал” гэж жиргэж байлаа. Хэрэв зэвсэглэлээр хөөцөлдөхөө зогсоохгүй бол АНУ боломжит бүх алхмыг хийнэ гэж мэдэгдэж байсан нь АНУ дотооддоо ч, гаднынханд ч таалагдаагүй. Үүний дараа Ким Жон Ун ч бид эзлэн түрэмгийлэх бодлогын эсрэг сөрөг зогсох хангалттай хүчтэй гэдгээ төрийн өмчит мэдээллийн хэрэгслээрээ уриа хадаан мэдээлж байв. Хоёр жилийн өмнө магадгүй хэзээ ч уулзахгүй мэт байсан АНУ-Умардын төрийн тэргүүн нарын уулзалт өнгөрсөн оны зургаадугаар сард болсон.

Уулзалт үр дүнтэй болсон эсэх нь өөр нэг асуудал. Харин уулзсан гэдэг нь л магадгүй түүхийг өөрчлөх нэг алхам байсан байх.

Умардын удирдагч эхний уулзалтаар “Бид цөмийн зэвсэг болон зэвсэглэлээр хөөцөлдөхөө зогсоож болох ч АНУ эзлэн түрэмгийлэх бодлогоо зогсоож, хоёр Солонгосыг хооронд нь хагаралдуулахгүй байх баталгаа өгсөн тохиолдолд бид зэвсэглэлээр хөөцөлдөхгүй байж чадна” гэх мессеж өгсөн. АНУ-ын хувьд үүнд нь тодорхой хариулт өгөөгүй. Харин “Хоёр Солонгосыг нэгтгэх, Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох үйлсэд Умард Солонгос уриалан оролцсон тохиолдолд АНУ дэмжихэд бэлэн” гэсэн дипломатч байр суурьтай л байсан юм. Ямар ч гэсэн Умард Солонгос зэвсэглэлээр хөөцөлдөхөө зогсооно гэдгээ олон нийтэд харуулсан нь Ким Жон Уны ялалт байлаа.

 

ХУУРАМЧ “ДУРЛАЛ”

Сөргөлдөгч гэгдэх Өмнөдийн Ерөнхийлөгчтэй уулзахдаа ч, үзэл суртлын нэг туухайн дээр зогсч буй Хятадын удирдагчтай уулзахдаа ч, империалист гэгдэх АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахдаа ч зэвсэглэлээр хөөцөлдөхгүй байж болно гэдгээ Ким Жон Ун мэдэгдсээр байсан. Гэхдээ гэх эргэлзээг их гүрнүүдэд үлдээсэн Умардууд зэвсэглэлээр хөөцөлдөхөө зогсоогоогүй байгааг Япон болон АНУ-ын тагнуулын албад мэдээлэх болов. Энэ бол уулзалтууд зохион байгуулж “хаалгаа сэгийлгэх” итгэлийг олон улсад ойлгуулах гэж хичээж байсан цаг. Умард Солонгос дундын зайн тусгалтай пуужин туршихаа зогсоогоогүй, цөмийн реакторуудаа унтраах нь бүү хэл өмнөх туршилтууд үргэлжилж байгааг хиймэл дагуулын зураглалаас харагдаж байв. Харин Умардууд бүх зүйл шийдэгдээгүй учраас төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа хийж байсан гэж мэдээлсэн юм.

Болж өнгөрсөн үйл явдлуудыг ажиглавал Умард Солонгос АНУ-д ч, АНУ Умард Солонгост ч итгэхгүй байгааг харж болохоор байна. Япон, Солонгос ч ялгаа байхгүй.

Нэгхэн баримт дурдахад Япон, Гуам, Өмнөд Солонгос дахь цэргийн баазад нийт АНУ-ын 27.7 мянган цэрэг, 38.3 мянган байлдааны хөлөг онгоц, 20.7 мянган нисэх онгоц бий гэсэн тооцоо бий. Дэлхийн бөмбөрцгийн тэн хагасынх нь дургүйцлийг хүргэдэг Умард Солонгос энэ нөхцөлд шууд л зэвсэглэлээр хөөцөлдөхөө зогсооно гэдэг нь Холливудын кинон дээр гардаг шиг амархан зүйл биш нь ойлгомжтой.

 

ДАРАА ЗАЛГАЯ

Магадгүй дараа залгаж болох юм. Трамп-Ким Сингапурт уулзсан анхны уулзалтыг бүхэлд нь дүгнэвэл ийм. Үүнээс АНУ-ын баримтлах байр суурь ч, Умард Солонгосын баримтлах байр суурь ч тодорхой болоогүй. Умард нь хаалгаа сэгийлгэж , зэвсэглэлээр хөөцөлдөхгүй байж чадна гэдгээ дэлхий дахинд харуулсан нь магадгүй том ялалт байж болно. Харин АНУ энэ уулзалтаар чухам ямар бодлого баримталж байгаа нь тодорхой болоогүй. Хувь хүний харизм талаасаа ч, мэдэгдэл талаасаа ч харсан Трамп энэ уулзалтаар “Пуужинтай пацан”-д ялагдсан гэхэд дэгс болохгүй. Учир нь яг энэ уулзалтын дараа итгэлцэл төрүүлж байсан ч Дональд Трамп Умардыг зэвсэглэлээр хөөцөлдөхөө зогсоохгүй байгаа эхний уулзалтын үр дүнг гаргахад хичээхгүй байгаа нь харамсалтай гэх зэргээр хувийн үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн Япон, Өмнөд Солонгосыг ч эргэлзэхэд хүргэсэн.

АНУ хэдийгээр дэлхий дахинд нөлөөтэй байж болох ч Солонгосын дайныг албан ёсоор дуусгах гэрээнд хоёр Солонгос гарын үсэг зураагүй байгаа нөхцөлд яаж л лоббидоод үр дүнд хүрэхгүй гэдэг нь эхний уулзалтаар тодорхой болсон.

Энэ удаагийн уулзалт ч мөн адил ийм нөхцөл байдалд хүрч болох юм. АНУ хэдийгээр дэлхий дахинд нөлөөтэй байж болох ч Солонгосын дайныг албан ёсоор дуусгах гэрээнд хоёр Солонгос гарын үсэг зураагүй байгаа нөхцөлд яаж л лоббидоод үр дүнд хүрэхгүй гэдэг нь эхний уулзалтаар тодорхой болсон. Энэ жил гэхэд гэрээнд гарын үсэг зурах товтой ч Өмнөд болон Умардын аль, аль нь энхийн гэрээнд гарын үсэг зурахыг нэг их төвдөхгүй байгаа гэдэг нь гашуун боловч үнэн юм.

 

ЗҮГЭЭР Л “БҮЖИГЛЭ”

Тийм ээ. Бүх юм тодорхой болоогүй байгаа энэ цаг үед зүгээр л “бүжиглэ”. Өөрөөр хэлбэл уулзах боломжтой л бол удаа дараалан уулз. Энэ их уулзалтыг Солонгосын хойгт энхтайван тогтоох чин хүсэлтэй Ким Де Жун ч Ерөнхийлөгч байхдаа чадаагүй. Харин гагц энэ цаг мөчид л уулзалтууд боломжтой болж дэлхий нийт Солонгосын хойг тийш хараагаа сунгаж эхэллээ. Умард-Хятад, Умард-Өмнөд, Умард-АНУ зэрэг уулзалт тус бүрдээ хоёр удаа болсон нь үзэл суртлын хуваагдал аль, алинд том толбо болж байгааг гэрчилнэ.

Уулзалтаар үнэндээ юу ч шийдэгдэхгүй. Зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоож, Умард-Өмнөдийг даруй нэгтгэж, 60 илүү жилийн талцал хагарлыг бөхлөхгүй.

Гэхдээ юу гээч, талцал хагарлаа бөхлөх бодол аль алинд нь байгааг, Их гүрнүүд энх тайван байдлыг хангах бодолтой байгааг энэ уулзалтууд харуулна. Уулзаж ярилцаж байж ойлголцлын зөрүүгээ арилгаж, нэгдэх хүсэл улам наашилна. Хамгийн ойрын жишээ гэхэд 1990 онд л гэхэд Зүүн болон Баруун Герман тус бүрдээ гурван ч уулзалт зохион байгуулж байж өнөөгийн бидний мэдэх ХБНГУ байгуулагдсан билээ.

 

 

                                                                                                                                        

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top