Зүүн аймгуудад 600 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлнэ

2019 оны 02 сарын 15

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад Азийн хөгжлийн банкны 600 мянган ам.долларын санхүүжилтээр “Монгол улсын зүүн бүсэд нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагааг дэмжих техник туслалцааны төсөл” ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Азийн хөгжлийн банкны шинжээчдийн баг хоёрдугаар сарын 11-15-ны хооронд бүсийн аймгуудад ажиллаж байна. Шинжээчдийн багийн бүрэлдэхүүн болох АХБ-ны Монгол дахь төлөөлөгчийн газрын хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн Э.Энэрэлт, АХБ-ны зөвлөх, Хонконгийн “SQW China” компанийн захирал Гари Хо, АХБ-ны зөвлөх, эрдэмтэн Ш.Алтанбадрал нар Хэнтий аймагт өнөөдөр ажиллаж, аймгийн Засаг Дарга Н.Ганбямба, агентлаг хэлтсийн удирдлагууд, хувийн хэвшлийнхэнтэй уулзлаа.

 

Төслийн гол зорилго нь уул уурхайн бус хэвийн хэвшлийн салбарын хөгжлийг дэмжих бодлогын баримт бичиг боловсруулах, бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа, бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн судалгаа хийж, аймгуудын тэргүүлэх бизнесийг тодорхойлно. Улмаар бүсийн аймгуудад төр хувийн хэвшлийн зөвлөл байгуулах, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжөөр хангах, бизнес төлөвлөгөө боловсруулж өгөх, ОУ-ын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглүүлэх аж. Уулзалтаар АХБ-ны зөвлөх Гари Хо хэнтийчүүдэд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хоршооллын хэлбэрээр малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, хөрөнгө оруулагчдад зуучлах сонирхолтой байгаагаа мэдэгдлээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top