Х.Алтангэрэлийн “Харанхуй хад” симфони чуулбарын бүтсэн түүх

2019 оны 02 сарын 15

Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл нь 2017 онд их зохиолч Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгээс сэдэвлэн дөрвөн ангит бүрэн хэмжээний симфони чуулбар бичсэн. Тус бүтээлийг “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээл-2018” Алтан намар хөгжмийн наадамд Монгол Улсын Филармоний симфони найрал хөгжим удирдаач Д.Нямдашийн удирдлагаар хөгжимдөж олны хүртээл болгосон билээ.


2016 онд Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиосон бөгөөд тус ойд зориулж их зохиолчийн “Харанхуй хад” өгүүллэгээр “Дээд гэгээн” пикчерсын уран бүтээлчид уран сайхны кино бүтээсэн юм. Энэ киноны хөгжмийн зохиолчоор Х.Алтангэрэл ажилласан ба тус кино 2016 оны 11 сарын 17-нд “I Max” кино театрт нээлтээ хийж олон түмний хүртээл болсон аж.


2017 онд Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл ОХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуульд нэг жил мэргэжил дээшлүүлэн суралцаж байхдаа “Харанхуй хад” киноныхоо “Нацагдорж, Пагмадулам нарын тема”-г ашиглан бүрэн хэмжээний дөрвөн ангит симфони чуулбар болгон тус хөгжмөө өргөжүүлэн бичсэн байна.


Энэ чуулбар нь “Эргэцүүлэл”, “Эрэл”, “Ганцаардал”, “Зүүд” гэсэн дөрвөн ангитай, 20 орчим минут үргэлжлэх симфони бүтээл юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top