Эс хожимдсон тэмдэглэл

2019 оны 02 сарын 15

“Үүрийн туяанаас гоёмсог залуу нас минь өнгөрлөө

Үлгэрийн орчлонд жиргэсэн болжморын дуу өвгөрлөө...” 

Б.Батхүү

 

Уг нь би үүнийг “хожимдсон тэмдэглэл” хэмээн нэрлэхээр шийдээд байсан юм. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр “хожимдсон” гэх бодол минь бүдгэрэн замхарч, бичих сэдэв минь ч бас жаахан өөрчлөгдөв.

    

Бороохойн Батхүү гэж сайхан яруу найрагч ах минь байлаа. Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч тэрээр 1980-аад оны Монголын уран зохиолын нэгэн тод төлөөлөгч нь байв. Хоёр мянга долоо, найман оны үед болов уу, “Бадрангуй” шүлэг найргийн дугуйлангийн багш Дан.Нямаа (СГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч) долоо хоног бүрийн хичээлээрээ зохиолч, яруу найрагчидтай биднийг уулзуулж тэднээс суралцах, нүүр хагарах сайхан боломжийг олгодог байж. Тэрхүү уулзалтуудаар Ж.Нэргүй, Б.Батхүү,... нарын эрхмүүдтэй анх нүүр учран танилцаж байв. Гавьяат зүтгэлтэн Г.Аюурзана, Л.Өлийтөгс нарын сонголтоор түүвэрлэсэн “Монголын сонгомол яруу найраг” хэмээх улаан хавтастай номоос Б.Батхүү ахын нэг час хийсэн шүлгийг өмнө нь үзэж байсан болохоор надад их элэг дулаахан хүн шиг санагдаж билээ. Тэр удаагийн уулзалт тэгсхийгээд л өнгөрсөн юм.

      

Түүнээс хойш таарахгүй байсаар 2016 оны эхээр байх аа даа, Ж.Заяабаатар (МЗЭ-ийн шагналт зохиолч асан) ахын “Мэнгэн төөрсөн сэтгэлийн амраг” тоглолтын билетийг барьчихсан таваргаж явахтай нь таарч билээ. Олон ч номын нээлт хуримд Г.Ишхүү (МЗЭ-ийн шагналт, яруу найрагч) ах тэр хоёртой нүүр учирна. Мань хоёр  нөгөө л ажлаараа хэдэн билет цүнхэлчихсэн явах... Төд удалгүй “Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг” тоглолт ёслол төгөлдөр  болж өнгөрөв.

 

“Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг минь

Миний зүрхний гэгээн гуниг минь

Бурхан багшийн дутаасныг яалтай вэ

Буян заяа гэдэг тэнгэрийн хишиг юм уу...” гэсэн

Уянгалаг сайхан дууны үгийг тэрээр энэхэн хорвоод эгшиглүүлж үлдээсэн сэн.

       

Удалгүй  Б.Батхүү ах талийгчийн ажил явдлаар  Дорноговь руу яваад ирсэн хойно гарын анд Э.Гантулгынхаа хамт түүний гэрт нь анх зочилж билээ. Ах, амар болсон анд нөхрийнхөө араас эмгэнэн гашуудсан нь илт, сэтгэлдээ гунигийн сүүдэртэй байсан ч хоол хийж, цай чанаад ширээ тойрон тухалцгааж ганц нэгэн шүлэг дуудалцаж өнжив. Ах ер нь их сайхан хоол хийнэ. Гарын, хийцтэй цай, банштай шөл, хуушуур нь ямар амттай гэж санана. Олон ч удаа тэднийхээр зочилж, зочлох бүртээ ёс юм шиг түүний гарын хоол цайг нь хүртдэг байв. “Хүн ер нь өөрөө хоолоо хийгээд идчихдэг байх хэрэгтэй. Ялангуяа зохиолч, яруу найрагч хүнд чухал зүйл шүү гэж Д.Пүрэвдорж багш маань хэлдэг сэн. Нээрээ л ямар ч сайн эхнэр шөнө дүлээр босч хоол хийж  өгөхгүй. Гэтэл бид чинь шөнө орой, үүр цүүрээр, бүр их онгодтой үедээ бол хонон өнжин сууна.Тэр болгонд хүний гар харахгүй өөрөө болгочихдог байх хэрэгтэй” хэмээн хуучлах зуураа л амтат зоог, сүлэрсэн өтгөн шаргал цай ширээн дээр тавиад ид, уу болно доо хөөрхий.


Б.Батхүү ахынд би ойр ойрхон очно, утсаар ярина. Заримдаа цаг товлон гадуур уулзана, цай ууна. Тэгснээ төлөвлөгөөгүй байхад Б.Батхүү ах такси бариад шууд гэр рүүгээ аваад давхичихна. Хоол хийж өгнө. “Чи хоол ундгүй л яваа биз дээ, ах нь чам шиг халаас хоосон сэтгүүлч явсан юм аа” гэж улалзуулна. Залгуулаад “Хүн ер нь үргэлж байхгүй хоосон гэж явах нь буруу. Байх үе байна, байхгүй үе байна. Гэтэл манай зарим нөхөд үргэлж хоосон, ядуу татуу гэж муу амлана. Ганц удаа ч хүн дайлж үзүүгүй “жүд”-гүй хүн бас байна шүү. Тийм хүн л болчихов” гэнэ.

    

Тухайн үед ах “Бороо” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гээд гадуур дотуур их гүйдэг байсан болохоор долоо хоногт уулзахгүй өдөр тун цөөн. Нэг өдөр ах над руу утас цохиж “Хоёулаа Хялганат руу явчихаад ирье” гэв. Ажлын долоо хоногийн сүүлийн өдрүүд таарсан болохоор уухайн тас зөвшөөрч ахтай анх удаа аяны замд дөрөө нийлэн жиргүүлэв. Булган аймгийн Хангал сумын харьяа Хялганат тосгонд очсон тухай “Дүгэрээ нугын нуруун дээрээс Сэлэнгэ мөрнийг тольдохуй” хэмээх аян замын тэмдэглэл бичсэн минь “Өдрийн сонин”-ы 2006 оны хаврын нэгэн дугаарт хэвлэгдэж байв. “Дүгэрээ нуга” гэж  Сэлэнгэ мөрний цатгалан бие рүү түрэн орсон хадан хясаа бүхий модтой толгой байх. Тэр газар мөн өвөрмөц эрчим энергттэй газар бөгөөд Б.Батхүү ах “Бороо” тайлан тоглолтынхоо өмнө малгайн утаа сэргэсэн нь тэр юм.

    

Ахын “Бороо” уран бүтээлийн тоглолт ч ёслол төгөлдөр болов. Танагтай байгаа дээрээ тайлан тоглолтоо хийж авъя гэж зорьсон нь сэтгэлчлэн бүтэж буй нь тэр билээ. Ахынд очиж элдвийн хууч сонсон суух минь бараг амьдралын минь нэгэн хэсэг мэт санагдах болоод удаж байлаа. Ах урьдын адил надтай хаа таарсан газраасаа такси барин гэр рүүгээ намайг авч давхина. Хоёул Гандан орж мөргөл үйлдэнэ. Б.Батхүү ах ижийгээ өнгөрснөөс хойш Гандан хийдээр орж, буян номын ажилд шамдах болсноо хуучилна. Гэрт нь ч ээжийн нь ор гээд эвхэгддэг боловч үргэлж дэлгээтэй модон ор байх. Тэр орон дээрээ хүн суулгах дургүй. Би нэг удаа мэдэхгүй суугаад загнуулж байсан удаатай юм.  Ах минь ижийгээ тэгж л хайрлан хүндэтгэнэ. Хоёул ээжийн тухай шүлэг уншина, эх хүний тухай ярилцана. Заримдаа гэрээс нь хөөгдөх шахуу юм болж гарна. Б.Батхүү ах шорвоглохдоо шорвоглоно, хайрлахдаа хайрлана. Ер нь их нягт нямбай хүн болохоор хүний хийж буй юм сэтгэлд нь нийцэх нь ховор.  Заримдаа бүр санамсаргүй байж байгаад аашлуулна гээч. Нэгэн удаа хоёул утга уран зохиолын тухай сүрхий ярилцаж байснаа гэнэт “Толь Гэндэн”-гийн тухай ярилаа. Би ерөнхийд нь санаад байгаа хэрнээ тухайлан ямар үйл явдал гардагыг нь санахгүй байлаа. Тэгтэл “Өдөө болтол “Толь Гэндэн” уншаагүй чам муутай би юу ярьдаг юм” гээд тас гэдийчихлээ. Баахан үглүүлж, загнуулж байгаад там тумхан тэднийхээс гарч яваад Д.Нацагдоржийн номын санд очиж “Толь Гэндэн”-г дахин уншиж билээ. Түүнээс хойш ахад гологдохгүйг хичээн урьд эртийн зохиолч яруу найрагчдийн зохиол бүтээлээс шүүрдэн уншдаг болов. Ахынд нэг хэсэгтээ очихгүй байхаар шийдэв.

     

Батхүү ах намайг очихгүй болохоор дүүгээ гомдоочихлоо гэж бодсон шиг байгаа юм. Би яалаа гэж түүнд гомдох билээ дээ. Энэ зуур, өвлийн саруудыг үдэн мордуулаад хаврын эхэн сарын шинийн нэгэнтэй золголоо. Тахиа жилийн шинэдээр ах утас цохиж “Завханы алдарт яруу найрагч Гантогтохын Лхагвадорж гэж хүн мөн үү...” гэж байна. Намайг ер үргэлж л ингэж дөгөөдөг байв. Зөрүүлээд би “Харин яг танайх руу гарах гэж байлаа...” гээд гэрийн хаяанд “сойчихсон” байсан дугуйндаа дөрөө шүүрэн мордоод ахынх руу жийчхэв.  Тэднийх “бичил” хороололд байх. Хаврын тэргүүн сарын салхинд хацар нүүр минь үл ялиг ягаарсан ч халууцсан шинжтэй явж ороод золголоо. “Чи ямар унаагаар ирэв, гэж байна. Тэднийх нэгдүгээр давхарт байдаг тул том өрөөнийх нь цонхон дор сойчихсон байсан  дугуй уруугаа хөшиг сөхөн зангав.  Ах өнгийж харснаа “Хөхөө өвлөөр дугуй унаад явж байдаг чам шиг хүн гэж ер нь байх уу. Эхнэр хүүхдээ суулгаад явах нэг унаатай бол. Алин бүр ганцаараа хүн шиг ингэж явах гэсэн юм..” гэв.  Намайг гэр бүлээрээ ирнэ байх гэж найдан хүлээж байжээ, янз нь. Тэгснээ чи юу хийгээд манайхаар үзэгдэхгүй таг болчхов гэнэ. (Тухайн үед би “Өдрийн сонин”-оос гарч, барилгын туслах ажилтан энэ тэрхэн хийж явсан цаг). “Толь Гэндэн”-г дахин уншлаа, бас бус зохиолчдын бүтээлийг харж байна. Ерөнхийдөө бясалгалын байдалтай байна даа гэхэд. Би чамайг “Толь Гэндэн” шиг ийш тийш савчсан хүн болчих вий гэж бодоод байгаа юм. Чи ер нь хийж буй юмандаа нэг л сайн төвлөрч чадахгүй л яваад байх шиг санагдах юм... гээд баахан хол ойрын хууч дэлгэн суусан сан. Нар хэвийсэн хойно дараагийн зочдод түрэгдэн тэнийхээс гарч ирээхэд цонхон дор сойсон “төмөр хүлэг” маань байдаггүй. Ингээд тавиад туучхаа мэдсэн сэн бол зараад цагаан сарын бэлтгэл ажилдаа нэмэрлэчихье гэж эхнэрийг үглэж байхад нь зөвшөөрдөг байж хэмээн жаахан харамсах сэтгэл төрж байсан ч ахын “..Эхнэр хүүхдээ суулгаад явах нэг унаатай бол. Алийн бүр ганцаараа хүн шиг ингэж явах гэсэн юм..” гэсэн үгс нь бодогдохуй яа, “аа ядаг юм гарах юм гараа л биз хор байна, шар байна, дөрвөн дугуйттай болно доо” гэж бодон бодон харьж явсан минь саяхан мэт.

    

Хоёр мянга арван долоон оны тэр хавар би дахиж тэднийхээр очоогүй юм, очих ч завдалгүй ажиллаж байлаа. Тэгтэл “Завханы утга зохиолын нэгдэл”-ээс “Явуу-88” Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан мэндэлсний 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёслол хүндэтгэлийн наадамд оролцоно уу гэсэн урилга ирлээ. Зуны эхэн сар гарчихсан хойно Б.Батхүү ах уугаа утас цохиж нутаг явах болсноо дуулгаад буцаж ирээд нутгийн салхитай гэрт чинь зочилно оо хэмээн өчив.

   

Нутагтаа очоод баахан уйлж байгаад ирэв. Д.Урианхай, Д.Дашдондов Дарь.Сүхбаатар, Л.Эрдэнэбат, элэг сэтгэлийн ах Арлааны Эрдэнэ-Очир, Базарсадын Баттулга тэргүүт эрхэм хүмүүс тэгээд үеийн нөхдийн хамт Явуугийн бууцанд тухалж, айлын эрх хүүхэд шиг аяглаж маягласан минь тэр л дээ. Тийн явахдаа Явуугийн бууцнаас хэдэн хөх аргал түүж авсан минь л зол... Биднийг буцах болоход эрх хүүхэд шиг аягласан намайг Жавхаа минь (Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн дарга Б.Баяржавхлан) илт таашаахгүй, нэг ч үг дуугахгүй нүдээр буландах мөртлөө, үүнийгээ л хаяж гээчих вий  гэсэн шиг дүүрэн аргалтай бөх гээчийн улаан нийлэг торны амыг гэргий минь юм шиг нямбайлан зангидаж  өгсөн нь санаа сэтгэлээс үл гарнам.

    

Явуугийн бууцнаас түүж ирсэн мөнөөх хэдэн хөх аргалаас тасалж аваад нэг их олз омогтой хүн шиг Б.Батхүү ахындаа очиход “Чи худлаа намайгаа явуулах гээд гэрийнхээ араас хэдэн аргал түүгээд ирэв үү, ха ха ха...” гэж урьдын адил хүн цаашлууламтхай ах минь тас тас инээх зуураа Отгонтэнгэрийн арцтай холин уугиулахад өрөөнийх нь хавар, зуны чийгийг нэг мөсөн үлдэн хөөж орхих шиг л болж билээ...

     

Тэднийхээс гарч яваад мөд дөө буцаж орсонгүй. Дэлгэр цагт мөнөөх “Толь Гэндэн” шиг л ийшээ ч нэг, тийшээ ч нэг холбирон аль ахиу мөнгө олох арга тал сүвэгчилж явтал нэг л мэдэхэд намрын сар гарчихсан байх. Энэ зуур А.Эрдэнэ-Очир ах маань Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэгээр шагнуулсан таатай мэдээтэй. Тэгтэл бас таагүй мэдээ дуулдсан нь Б.Батхүү ах гэнэт өвдөж яаралтай хагалгаанд орох гэж байна гэх сургаар Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийг зорин очвол өнөө муу Г.Ишхүү ах маань үрчгэр хар нүүрээ улам ч барайлгачихсан сууж байх. Өөр ч таних хүн алга. Бодвол Б.Батхүү ахын ах дүү, хамаатан саднууд бололтой. Хагалгаа нэлээд удаан үргэлжилж, хариуг сонсохоор эмнэлгийн хонгилд сэтгэл түгшин хүлээж суухдаа шүлэгч М.Пүрэвбадам эгчийн “Эргэлдэгч улаан шүхэр” номыг гүйлгэн харах зуураа хүмүүний амьдралын хайр ганцаардлыг мэдэрч байв. Азаар Батхүү ахын хагалгаа амжилттай болж, ах дүү бид бүхний сэтгэл уужран гэр гэрийн зүг буцацгаасан сан.   Гэвч, хагалгааны дараа Б.Батхүү ах тийм ч хурдан тэнхэрчихээгүй. Уулын суурин Улиастайгаас Жавхаа маань үе үе утас цохин Б.Батхүү ахад  санаа тавьж, хутагт хувилгаадын шүншиг шингэсэн арц утлага тэргүүтнийг хайрын захиа мэт надаар дамжуулан Б.Батхүү ахад илгээсээр байв. Б.Батхүү ах ч нутаг амьтай хүн болохоор сэтгэл санааны ихээхэн дэм тусыг түүгээр авах шиг болсон доо. Мөн Бороохойн Хоролсүрэн гэх нүнжиг дүүрэн дүү нь ахыгаа тордон тойлсоор хөл дээр нь босгосон юм. 

    

Ахыг гэртээ гарсан хойно  ч орж гарч чадахгүй л яваад байлаа. Харин муу ах минь биднийг их харж, хүлээдэг байсан шиг санагддаг юм. Сүүлд МЗЭ-ийг төлөөлж нарийн бичиг В.Сэлэнгэ эгч, Завханы утга зохиолын нэгдлийн төлөөлөл Б.Баяржавхлан бид гурвыг очиход ах маань цаанаа л нэг баяр дүүрэн угтаж, явах болоход өгөх байхаа олж ядан үдэж байсныг санаж байна. Гэхдээ бид утсаар үе үе ярина аа. Тэгэхэд “Ишхүү ах чинь ирчихсэн байна. Амархүү энэ хоёр намайг эргэж яваа юм гэнэ. Ишхүү ах чинь нэг хүүхэн шавьтай болоод түүндээ дурлаж гэнэ, шүлэг энэ тэр нь ёстой нулилзаж байна аа... ха ха ха” гэж тас тас инээсээр утсаа салгасан сан. Би ч гэж би, хийж буй ажлынхаа ард гарчхаад цайны сүүтэй, илүүчилчих хэдэн төгрөгтэй болоод эрхэм ахдаа очиж өдөржин инээж хөхрөн сууна даа гэж бодоод л явсан.  Тэгтэл нэг  л өдөр түүний тухай эмгэнэлийн мэдээг цахим сүлжээнээс олж үзээд цочирдсон. Бүр жамын үнэнтэй эвлэрч чадахгүй нэг хэсэгтээ будилж гүйцсэн сэн. “Ноён” яруу найрагч хүндээр өвчилж байгаад 2017 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр таалал төгссөн ч түүний уянгалаг сайхан шүлэг яруу найраг хийгээд  тас тас инээсэн дуу хоолой нь чихэнд минь үе үехэн сонсогдсоор  байнам.

 

НОЁН ЯРУУ НАЙРАГЧ

Бодлын цагаан бороо цайруулсан

Бороохойн Батхүү найрагчийг бодон алхав

Бөмбөгөрийн модон гүүрийг, өргөс бүхнээрээ хадрах

Бодон гүүр...” гэснийг нь бодон бодон алхав.

 

Аль цагийн модон гүүр урьдийнхаараа атал

Амар болоочид төчнөөнийг тоолохын эцэсгүй

Алга хавсран залбирхаас л цаашгүй

Ай хүмүүс бид чинь хэчнээн өчүүхэн гээ

 

Тэнэгэрсэн нэгнийг цувныхаа хормойгоор хөөрхийлчихөөд

Тэмдгэнд шунасан нэгнийг хорон үгээрээ шүлбүүрдчихээд

Тэхий дундуур нь алхаж явсан, яруу найрагч ах минь

Тэхийн зогсоолдоо заларсан Явуу найрагчийн дүр ах минь

 

Хаа холын бүхнийг хажууд авчран дурсдаг сан

Хальж одсон сартуул дүүгээ хайсаар л явдаг сан

Хаалгыг нь тогших итгэлтнийг хүлэээж суудаг сан

Хааяа нэг очиход минь жижгэрчих ч байх, жожгорчихсон ч байх

 

Үүх түүхээ дэлгэж үүцээ задлаад суухад нь

Үгэнд нь унаж гологддог л байсаан, би

Үгээр чимхэх,  жаахан шорвоглох нь ч

Үнэндээ надад таатай л байдаг сан

 

Үүрсэн бүхнээ даахаас биш тоогоо нь үгүй түүнийг

Үргэлж зорих хүсэл минь үргэж дайжаагүй атал

Үүдээ дахиад нээгээгүй Ноён яруу найрагч ах минь

Үлгэрийн төсгөл мэт амар сайхандаа жаргав.   

 

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Г.Лхагвадорж


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дагвын Оргодол(202.126.89.163) 2019 оны 03 сарын 29

Нэхэн дурсана гэдэг юутай сайхан.үүнд хүний мөс чанар орших байхаа.Лхагвадорж дүүд амжилт хүсье

0  |  1
Г.Ишхүү(66.181.160.22) 2019 оны 03 сарын 29

Эрхэм дүүгийн дурсамжийг эргэн эргэн уншлаа. Ивий дээ миний анд минь амьд юмшиг санагдав. Зүрхэн дундуур урссан онцагийн гуниг Зүгээр шивэх аятай хөндүүр шарх сэдрээв.

2  |  0
Top