Эрдэнэтийн ДЦС-ийн сонгон шалгаруулалтыг дур мэдэн өөрчилжээ

М.Хангал | Zindaa.mn
2019 оны 02 сарын 15

Эрчим хүчний яамнаас зарласан сонгон шалгаруулалтын шаардлагыг дур мэдэн өөрчилсөн болохыг Авлигатай тэмцэх газар /АТГ/ авлигаас урьдчилан сэргийлэх ажлынхаа хүрээнд тогтоож, энэ зөрчлийг арилгуулахаар тус яаманд хандаад байгаа аж.


“Эрдэнэтийн дулааны цахилгааны станцын шинэчлэлт” төслийн зохицуулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018.10.22-ны өдрийн 278 дугаар тушаалаар байгуулжээ. Гэвч ажлын хэсэг нэг ч удаа хуралдаж, сонгон шалгаруулалтын асуудлыг хэлэлцээгүй байна. Тэгсэн атлаа уг ажлын байранд тавигдах шаардлагыг үндэслэлгүйгээр өөрчилсөн нөхцөл байдал тогтоогджээ.


Тухайлбал, “Монголын Үнэн” сонинд 2018.11.06-ны өдөр байршуулсан сонгон шалгаруулалтын зарын дагуу 3 иргэн материал ирүүлснийг ажлын хэсэг хэлэлцэж шийдвэрлэлгүйгээр 2018.11.15-ны өдөр “Өнөөдөр” сонинд дахин зар байршуулсан байна. “Өнөөдөр” сонинд байршуулсан зарын дагуу иргэдээс материал ирүүлээгүй тул 2018.12.13-ны өдөр “эрчим хүчний болон дулааны инженер, англи, орос хэлний бичгийн болон ярианы чадвартай байх” гэсэн нарийвчилсан үндсэн шаардлагуудыг “инженер”, “англи хэлний зохих мэдлэгтэй” гэж өөрчлөн зарлажээ.


Дээрх өөрчлөлтийг оруулсан үндэслэлээ тайлбарлахдаа “төсөл хэрэгжүүлэх газар зүйн байршил, хэрэгжих ажлын техникийн шаардлагыг харгалзан ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулах шаардлагатай” гэж байгаа ч энэ талаар ажлын хэсгийн хуралдааны шийдвэр гаргаагүй юм байна.


Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.11-д заасан ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг бий болгож байх тул төслийн зохицуулагчийн сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу явуулахыг Эрчим хүчний яаманд албан бичгээр мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top