ТОМ ТӨСЛҮҮДИЙН ТОЙМ | Төв цэвэрлэх байгууламжийн ШАВ ТАВИХ өдөр товлогджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 15

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч /2019.02.13/ Засгийн газрын хуралдааны үеэр нэр бүхий сайд нарт томоохон бүтээн байгуулалтын ажлын явцын талаар танилцуулахыг үүрэг болгосон. Үүнд Тавантолгойн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажил, Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалт, Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх, Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотой асуудал, Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл зэрэг өргөн сэдвүүд багтсан юм.

 

ZINDAA.mn эдгээр бүтээн байгуулалт, томоохон төслүүдийн бэлтгэл ажил, явцын талаарх асуудлыг мөн хөндөж, цувралаар хүргэж байгаа билээ. Энэхүү цуврал Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явцын талаар үргэлжилж байна.


Барилгын ажлыг эхлүүлэх БЭЛТГЭЛ АЖИЛ хангагдаж байна

 

 

Нийслэлийн шинэ Төв цэвэрлэх байгууламж барих барилгын ажлыг ирэх гуравдугаар сарын 1-нд шав тавьснаар эхлүүлэхээр холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна. Энэ хүрээнд гүйцэтгэгч байгууллага болох Хятадын талаас технологи хэрэгслийн татан төвлөрүүлэлтийг хийж байгаа ба ажилчдын камф барих ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Харин Монголын талаас холбогдох гэрээнүүдийг бэлтгэх, Төв цэвэрлэх байгууламж руу нэвтрэх зөвшөөрөл олгох зэрэг ажлыг хийж байна.

 

“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Бээжин констракшн инженеринг консорциум”-ын түншлэл шалгараад байгаа. Тус түншлэлтэй барилга угсралтын ажлын гэрээг байгуулах ёслол 2019.02.02-ны өдөр БХБЯ-нд болж, БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, дээрх түншлэлийн гишүүн БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг” группийн захирал Ван Хай Тао нар гарын үсэг зурсан юм.

 

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт Хятадын хоёр консорциум, нэг компани оролцсон бөгөөд компаниудад Хятадын Экзим банк үнэлгээ хийж, Монгол Улсын холбогдох яамдын мэргэжилтнүүдийн төлөөллийг багтаасан 15 хүний бүрэлдэхүүнтэй Тендерийн үнэлгээний хорооны зүгээс Мянганы сорилтын корпорацийн багтай зөвшилцсөний үндсэн дээр “Бээжин констракшн инженеринг консорциум”-ын түншлэлийг шалгаруулсан байна. Учир нь Мянганы сорилтын корпорациас Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Төв цэвэрлэх байгууламжийг ямар технологиор барих, стандартын шаардлага хангасан эсэхийг шалгасан байна.

 

Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Бээжин констракшн инженеринг консорциум”-ын түншлэл Монгол Улсаас 4-5 туслан гүйцэтгэгч компанийг шалгаруулах бөгөөд төслийг 36 сарын хугацаанд гүйцэтгэх юм.  

 

Шинэ цэвэрлэх байгууламж 300 САЯ АМ.ДОЛЛАРЫН өртөгтэй

 

 

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн өртөг нь 300 сая ам.доллар бөгөөд Хятадын тал 95 хувийг гаргахаар болсон. Цэвэрлэх байгууламжийг Францын “Артилло” компанийн ТЭЗҮ-д тулгуурлан барих юм.

 

Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд төслийн ажлыг гүйцэтгэхэд талууд тус бүр 50 хувийн оролцоотой байхаар тохиролцсон бөгөөд төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах барилгын материал, тоног төхөөрөмжийг Монгол Улсад үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэр, ААН, байгууллагуудаас ханган нийлүүлэхээр тусгаад байгаа.

 

Ийнхүү нийслэл Улаанбаатар хотын сая гаруй оршин суугчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх шинэ бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болоод байна.

 

Шинэ цэвэрлэх байгууламжийн ХҮЧИН ЧАДАЛ

 

 

Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай. Энэ нь одоогийн цэвэрлэх байгууламжаас хоёр дахин илүү бохирыг цэвэршүүлэх боломжтой гэсэн үг.

 

Мөн лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган, цэвэрлэх байгууламжийн өөрийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэлтэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх ба цэвэрлэсэн усаа үйлдвэрлэлд буюу “ДЦС-3”, “ДЦС-4”-ийн хөргүүрт ашиглаад зогсохгүй зүүн бүсийн усны хэрэгцээнд ашиглана гэсэн тооцоотой байгаа. 

 

Энэ нь АНУ-ын Мянганы сорилын сангийн буцалтгүй тусламжийн 2-р компакт гэрээний хүрээнд хэрэгжих бөгөөд “Ус дахин боловсруулан ДЦС-уудын хөргөлтийн системд ашиглах төсөл”-тэй уялдаж байгаагаар онцлог юм.

 

Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор, ахуйн бохир усыг манай улсын болон олон улсын стандартын шаардлагыг хангаж цэвэрлэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр болсон Туул гол, хүрээлэн буй байгаль орчны бохирдлыг багасгах, ажлын байр нэмэгдэх, хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, экологийн онцгой ач холбогдолтой билээ.

 

Монгол Улсад айлчилсан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ “1960-д оны эхээр Хятадын талаас барьж байгуулж өгсөн Энхтайваны гүүр өнөөдөр ч үүргээ гүйцэтгэсээр байгаа шиг одоо баригдах Төв цэвэрлэх байгууламж мөн л урт удаан хугацаанд ашиглагдсаар байх болно” хэмээжээ.

 

Мөн уг байгууламжийг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад хүлээлгэн өгөхөө илэрхийлж, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийн ололтыг шингээн байгуулж, Улаанбаатар хотын оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө чармайна гэдгээ хэлсэн байна.

 

Төв цэвэрлэх байгууламжийн ТҮҮХ

 

 

Түүх сөхвөл хоногт 160-190 мянган метр куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай Төв цэвэрлэх байгууламжийг 1964 онд ашиглалтад оруулжээ. Гэвч лаг боловсруулах байгууламжгүй учир хоногт 1000-1200 метр куб нойтон лагийг ил талбайд хатаадаг байснас үүдэн 900 мянган метр куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр ирсэн байдаг.

 

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын хүрээнд хуучин цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж, халдваргүйжүүлэх, техник, технологийг нь сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа аж. Энэ хүрээнд биологийн задралыг бий болгох замаар өвчин үүсгэгч нянг устган өдөр тутам үүсч, хуримтлагдаж байгаа лагийг халдваргүйжүүлэх, үнэрийг нь дарах төслийг хэрэгжүүлж, үнэр саармагжуулах зориулалт бүхий хэт авиан тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Уг төхөөрөмж нь ХБНГУ-ын “Ультрасоник” компанийн “Тюбэреактор” загварын сүүлийн үеийн бүтээгдэхүүн юм байна.

 

Түүнчлэн бохир усны цэвэршүүлэлтийн хувийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тунгаагуур, био цөөрөм барих, лагийг хуурайшуулж, хатаах, шатаах технологи бүхий төхөөрөмж суурилуулах гээд олон ажил хийгээд байгаа юм.


 

Шинэ цэвэрлэх байгууламж баригдсанаар Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг арилгахад бодит хувь нэмэр оруулахаас гадна, гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай дэд бүтцийн нэг хэсгийг шийдэж, Туул голын бохирдлыг арилгах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг эерэг үр дүн дагуулах юм байна. Мөн бохир усыг хүлээн авч орчин үеийн технологийн дагуу хими, механик, биологи, нэмэлт гэсэн цэвэрлэгээний дамжлагуудаар дамжуулан цэвэршүүлж, лаг тунадсыг бүрэн боловсруулж бордоо болгохын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болох юм.

 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ

ТОМ ТӨСЛҮҮДИЙН ТОЙМ | ЭТТ ирэх зун Хонконгийг зүглэнэ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.16.197) 2019 оны 02 сарын 18

Hooloi helberiin hottoi bolohoor oor hot ruu ochino gesen oilgolt baihgui bolj hot hoorondiin teever niitiin teever gesen ug bolno

0  |  0
Zochin(31.35.91.181) 2019 оны 02 сарын 17

Gants baiguulamj huchin chadal hurehvuu francad 20000 chirheg tseverleh baiguulamj baidag ym bn lee

0  |  0
НЕФТЬ ҮЙЛДВЭР?(182.160.38.205) 2019 оны 02 сарын 15

ЭХЛЭЭ Ч ҮГҮЙ БАЙГАА ЮМ УУ?БАРЬЦАН ЮМ ШИГ Л ШУУГИАД БАЙСАН.

0  |  0
54(66.181.180.241) 2019 оны 02 сарын 15

нефтийн уйлдвэр яасан

0  |  0
Top