“Лима”-гийн бүлэг Венесуэлийн асуудлыг дахин хэлэлцэнэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 14

“Лима”гийн бүлэг Венесуэл дэх нөхцөл байдлыг дахин хэлэлцэнэ гэж Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке мэдэгджээ.

 

“Колумбын нийслэл Богота хотод Америк тивийн бүх орнууд цугларч, Венесуэлд шилжилт хийхэд шаардлагатай хүчтэй дэмжлэг үзүүлэх болно” гэж тэрбээр онцолжээ.

 

Nacional сайтад мэдээлснээр, “Лима”-гийн бүлгийн өмнөх уулзалт Канадын Оттава хотноо энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдөр болсон. Уулзалтын үр дүнгээр, Хуан Гуаидо тэргүүтэй сөрөг хүчний түр засгийн газрыг “Лима”-гийн бүлгийн бүрэн эрхт гишүүнээр элсүүлжээ.

 

EFE агентлагийн мэдээлснээр, тус бүлгийн ээлжит уулзалт хоёрдугаар сарын 25-ны өдөр болно.

 

“Лима”-гийн бүлгийг нь 2017 онд Хойд болон Өмнө Америкийн нийт 12 улс орнууд байгуулсан. Бүлэгт багтдаг Аргентин, Бразил, Канад, Чили, Колумб, Коста-Рика, Гватемал, Гондурас, Мексик, Панам, Парагвай, Перу зэрэг улс орнууд Венесуэлд ардчилсан дэг журам алдагдаж буйн эсрэг байр суурийг илэрхийлж, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газарт дарамт үзүүлэх арга замыг хэлэлцэж байна.

 

Энэ оны нэгдүгээр сарын 23-нд Венесуэлийн парламентын дарга Хуан Гуаидо өөрийгөө түр засгийн газар ажиллах хугацаанд төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэнэ гэж зарласан. АНУ тэргүүтэй 50 орчим улс орнууд түүнийг дэмжээд байгаа бол ОХУ, БНХАУ, Турк зэрэг улс орнууд Николас Мадурог хууль ёсны ерөнхийлөгчийнх нь хувьд дэмжиж буйгаа зарлаад байна. Эрх барих байгууллагууд Мадурогийн гарт байгаа бөгөөд Венесуэлийн арми түүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top