УВС: Зарим сумдад өвөлжилт хүндэрчээ

2019 оны 02 сарын 14

Увс аймгийн Онцгой комисс энэ сарын 11-ний өдөр хуралдаж 4 ажлын хэсэг байгуулан 10 суманд ажиллаж байна. Аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг хаваржилт хүндрээд байгаа Өлгий, Өмнөговь, Тариалан сумдад ажиллалаа. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон хүчтэй шуурганы улмаас бэлчээр дэх сул өвс хийсч 12, 1, 2 дугаар сард удаа дараа орсон цасны улмаас мал бэлчээрлэх боломжгүй болж өлдөх, хүйтний эрч 35-45 хэмд хүрснээс мал осгож бээрэх, зарим малчид хаваржааны бууринд буусан тул өтөг бууц муутайгаас мал хэвтэртээ хайрагдах байдалтай байна. 

 

Сумдын фондод нөөцөлсөн өвс тэжээл малчдад тараагдаж дуусах шатандаа байгаа, малын хорогдол, хээл хаялт, их байгаатай ажлын хэсэг газар дээр нь очиж танилцсан бөгөөд маргааш /2019.02.14/ аймгийн Онцгой комиссыг дахин шуурхай хуралдуулж хаваржилт хүндрээд байгаа сумдын мэдээллээ нэгтгэн хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргаж ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top