Ватиканы таван лам тутмын дөрөв нь ижил хүйстэн

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 13

Ижил хүйстнийг хамгийн их шүүмжилдэг Ромын католик сүмийн ахлах лам нар өөрсдөө ижил хүйстэн гэж ирэх долоо хоногт хэвлэгдэн гарах “Ватиканы нууц өрөөнд” нэртэй номонд бичжээ.

 

Тус номонд дурдсанаар Ватиканы лам нарын 80 хувь нь ижил хүйстэн гэнэ. 570 хуудас бүхий номыг Францын сэтгүүлч, зохиолч Фредерик Мартель дөрвөн жилийн туршид судалгаа хийн, бичжээ.

 

Эл ном найман хэлээр ирэх лхагва гарагт /2019.02.20/ 20 улс оронд хэвлэгдэж гарах бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ширээт лам нарын оролцох бэлгийн дарамтын талаарх бага хурлын нээлттэй давхцах гэнэ. Францын засгийн газарт зөвлөх асан Мартель 1500 ярилцлага хийжээ. Тэрбээр 41 кардинал, 52 ширээт лам, Ромын папын 45 элчин сайд, дипломат ажилтнууд, Швейцарын 11 хамгаалагч, 200 гаруй лам, хуврагуудтай ярилцжээ.

 

Номонд сахил хүртэх, гэрлэлтийг үзэн ядах сэтгэл, Ромын Пап Франсисын эсрэг хуйвалдааны нууцыг дэлгэжээ. Ромын Пап Франсис ижил хүйстэн хүмүүсийн талаар зөөлөн байр суурь баримталж байсан нь Ватикан дахь хуучинсаг үзэлтэй шүүмжлэгч нарын дургүйцлийг хүргэдэг байв. “Ижил хүйстэн хүн бурхны авралыг эрж, сайхан сэтгэл өвөрлөж байхад би түүнийг шүүх хэн юм бэ?” гэж тэрбээр ижил хүйстний лоббигийн талаар асуусан сурвалжлагчийн асуултад хариулж байжээ.

 

“Ватиканы нууц өрөөнд” ном бэлгийн дарамтын талаар дээд хэмжээний уулзалт эхлэх үед хэвлэгдэн гарч байгаа нь бэлгийн дарамт, бэлгийн уламжлалт бус хандлагын тухай асуудлыг зэрэг хөндөхөд хүргэж болзошгүй хэмээн зарим ажиглагчид үзэж байна. Гэсэн хэдий ч энэхүү ном нь дөрвөн өдөр үргэлжлэх дээд хэмжээнд оролцохоор 100 гаруй улсаас Ромд хүрэлцэн ирэх ахлах лам нарт анхаарлаа хандуулсан гэж The Guardian бичжээ.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top