Хөдөлмөрийн хуулиас зарим заалтыг ХАСАХГҮЙ байхыг хүслээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 12

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, зарчмын зөрүүтэй заалтууд байгаа талаар Монголын үйлдвэрчний эвлэл /МҮЭ/-ийн холбооноос өнөөдөр /2019.02.12/ мэдээлэл хийлээ.

 

Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн асуудал есөн жил үргэлжилж байгаа ба Засгийн газраас УИХ-д өргөн баригдаад хэлэлцүүлгийн эхний шатандаа явж байна. Уг асуудалд МҮЭ-ийн холбоо саналын зөрүүтэй байсан учраас УИХ-ын Нийгмийн бодлого, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос гурван талын хамтарсан дэд ажлын хэсгийг байгуулжээ.

 

Ингэхдээ МҮЭ-ийн холбооны зүгээс,  улс, аймаг, нийслэлийн хамтын хэлэлцээр, хамтын гэрээний биелэлтийг шаардаж, хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх эрхийг хуульд тусгах, бүх шатны хамтын гэрээ, хэлэлцээрийг Үйлдвэрчний эвлэл байгуулж байх, салбар /салбар дунд/-ын хэлэлцээрт төрийн захиргааны төв байгууллага хуулийн дагуу оролцох үүрэгтэй байхыг баталгаажуулах, хуулийн төслийн 85.1.1-дэх заалтаас “ҮОХХМШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох” зохицуулалтыг хасахгүй байх зэрэг саналыг удаа дараа тавьсан боловч хуулийн төсөлд тусгаагүй байгаа аж.

 

Тиймээс цаашид эдгээр саналын зөрүүтэй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгуулж, хуулийн заалтуудыг дордуулахгүй байж, хуулийн шинэчлэлийн агуулгаа хадгалах хүртэл МҮЭ-ийн холбооноос тасралтгүй байр сууриа илэрхийлэхээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top