Сүсэгтэн олон “Алтан ганжуур” уншуулахаар урт дараалал үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 12

Хаврын эхэн сарын шинийн 15-нд багтаж жилийн засал, номоо уншуулах нь үйлдсэн буян, номын үр хэд дахин үрждэг гэж үздэг. Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчинлэн хийдэд жилийнхээ засал, номоо уншуулж буй сүсэгтэн олны хөл ихтэй байна. Хийдийн касс, дацангуудын өмнө иргэд ном уншуулахаар олноороо дугаарлаж байв. Гандантэгчинлэн хийд шинийн 3-наас эхлэн засал, номын хурал айлтгалуудаа хурж эхэлжээ. Сүүлийн өдрүүдэд Гандантэгчинлэн хийдийг зорих, ном уншуулах иргэдийн хөл эрс нэмэгдсэн гэж хийдийн хамгаалалтын ажилтнууд хэлж байв. Тэд Ганданд ном бичүүлэхээр ирсэн иргэдийн автомашины хөдөлгөөн, ном бичүүлэхээр ирсэн иргэдийн дарааллыг зохицуулж байв.

 

Иргэд “Алтан ганжуур”-ыг уншуулахаар урт дараалал үүсгэн дугаарлаж байлаа. “Алтан ганжуур”-ыг уншуулснаар тэр жилээ даадаг гэж үздэг байна. Мөн амь нас аварч, нас буян аривжиж, хойт насанд төрөл дээшлэн муу заяанд үл унаж, айл гэрийн ноён нуруу тэгшрэх ерөөлтэй гэж үздэг. Иймд биднийг очиход ойролцоогоор 200 орчим хүн “Алтан ганжуур”-ыг уншуулахаар дараалал үүсгэсэн байлаа. Тэднийг Гандангийн хамгаалалтын ажилтнуул зохицуулж байв. Нэг цаг орчим дугаарлаж байж, “Алтан ганжуур” уншуулах захиалга өгч байна гэж иргэд ярьсан юм. Иргэн Б.Нарантуяа “Алтан ганжуур судрыг уншуулах нь энэ жилийнхээ засал номыг хийлгэсэнтэй тэнцдэг  байна. Хойд насанд буян заяа тэгшрэнэ гэж ойлгодог” гэлээ. "Алтан ганжуур"-ыг бүтэн жилийн турш уншдаг байна. "Алтан ганжуур" уншуулвал 20000 төгрөг, бусад номын тариф 500-10000 төгрөгийн үнэтэй байгаа юм.

 

Гандантэгчинлэн хийд нь сар шинийн баярыг тохиолдуулан эх орондоо болон хилийн чанадад оршин суугаа сүсэгтэн олны хүсэлтийн дагуу  “Цахим ном айлтгал”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Жилийн засал номоо хийлгэх гэж буй иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилготой бөгөөд интернэт ашиглан гэрээсээ засал номоо бичүүлэх боломжийг олгож байгаа аж. Гэвч Gandan.mn сайт тодорхой хугацаагаар саатсан байна. 

 

VII Зая гэгээний хойдын буянг үйлдэнэ

Монголын бурхны шашны гурван зулын нэг VII Зая гэгээн таалал төгссөнтэй холбоотойгоор Гандантэгчинлэн хийд хойдын буянг үйлдэж байна. Зая гэгээн таалал төгссөнд зориулсан “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагааг ойрын өдрүүдэд зохион байгуулж байгаа аж. Маргааш, нөгөөдөр /2019.02.13-14/ Зая гэгээний лагшин шүтээнд мөргүүлэх, хүндэтгэл үзүүлж, ерөөлийн хурал хурах юм. Гандантэгчэнлин хийд, Идгаачойнзинлин дацанд маани хөгжөөх аж. Мөн  Зая гэгээний лагшин шүтээнийг Архангай аймгийн Заяын хүрээнд залах ёслол болно. Архангай аймгийн төв музей, Заяын хүрээнд Жамбалцанжод хурах юм. 

 

Мөн хаврын эхэн сарын шинийн 14-нд насны авшиг хүртээнэ. Энэ талаар Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны лам Ч.Бямбажаргал “Шинийн 14-нд Өндөр гэгээн Занабазарын их дүйцэн өдөр тохиодог. Энэ өдөр давхар ерөөлтэй өдөр. Гандантэгчинлэн хийдийн чогчин их унзад Өндөр гэгээний зохиосон “Норовбадам” маанийг уншина. Мөн Яармаг дахь "Буянт-Ухаа" спорт цогцолборт Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц гуай айлдвар айлдана. Түүний дараа Гандантэгчинлэн хийдийн хансүр Ё.Амгалан лам “Цагаан дарь эх”-ийн насны авшиг айлдах юм. Насны  авшиг гэдэг нь хүний насыг уртасгах, насанд нь барцад орсон бол арилгах ерөөлтэй байдаг. “Цагаан дарь эх”-ийн насны авшиг хүртсэн тохиолдолд таван насаар нас уртасна гэж үздэг. Энэ үеэр сан тавьж, даллага авна. Сүсэгтэн олны хувьд даллага авахуулах бол тавгийн идээ, даллагын ууттай очиж болно” гэлээ. 

Шинийн 14-нд насны авшиг хүртээх айлдварт иргэд, сүсэгтэн олон ямар нэгэн төлбөр мөнгө төлөлгүй оролцох боломжтой юм.

“Хүслийн мод”-нд хүслээ шивнэсээр ...

Гандантэгчилэн хийдэд “Хүслийн мод” хэмээн нэрлэгдэх нэгэн багана бий. Төв хийдэд ном уншуулж, мөргөл үйлдэхээр ирсэн сүсэгтэн олон “Хүслийн мод”-нд залбирч, хүслээ даатгадаг уламжлал тогтжээ. Биднийг очиход ч “Хүслийн мод”-нд залбирч буй иргэдийн цуваа тасарсангүй. Сүсэгтэн олны төлөөлөл болгож, М.Хаш-Эрдэнээс “Хүслийн мод”-ны талаар ямар ойлголттой явдаг тухай сэтгэгдлийг нь сонирхлоо.

 

-Энэ модыг яагаад “Хүслийн мод гэж нэрлэсэн юм бол. Та энэ талаар мэдэх үү?

-Хүслийн мод нь Богд хааны үеэс үлдсэн хийдийн суурь юм. Сүм хийдүүдийг нурааж байх үед энэ модыг хөрөөдөж хүртэл үзсэн гэдэг. Гэвч авч чадаагүй. Харин тэр хүмүүс нь газар дээрээ амиа алдсан гэдэг юм билээ. Тийм учраас их цээрлэж, хүслийн модыг оролдолгүй үлдээсэн түүхтэй.

 

-Сүсэглэж залбирдаг нь ямар учиртай юм бэ?

-Модны салаа мөчир болгонд нь гар хуруугаа хүргэж, сүсэглэж чадвал хүний хүслийг биелүүлдэг гэж үздэг. Тийм учраас хүслийн мод гэж нэрлэсэн.

 

“Хүслийн мод” нь Гунгаачойлин сүмийн гол дөрвөн багана модны нэг юм. “Хүслийг биелүүлнэ” хэмээн итгэж ирсэн шалтгаан нь их хэлмэгдүүлэлтийн үед хийдийг галдан шатаахад Гандангийн дуган дацангаас бүтэн үлдсэнтэй ганц бага нь энэ мод юм. Гунгаачойлин хийдийг 200 гаруй жилийн өмнө баригдах үед оршоосон аравнай шид нь өнөөг хүртэл хадгалагдаж буй хэмээн итгэж сүсэглэдэг байна. Гадаадын жуулчид Гандантэгчилэн хийдэд ирэхээрээ “Хүслийн мод”-ыг хамгийн түрүүнд сонирхдог байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gana(139.5.219.215) 2019 оны 02 сарын 13

eniig ni unshuulaad amidral ajil orlogo ni saijirsan hen bgaan haan ch bgui de uhsen hoinoo,uuruu l hicheegeed yavna biz muhar susegtnuud mini,hii demii munguu ureh solio tustsan

2  |  0
Dolgor(202.9.42.40) 2019 оны 02 сарын 12

Ter sait n bolkuu bn lee.

0  |  0
Top