Канадын 14 дипломат ажилтан учир битүүлэг өвчин тусчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 31

Канад улсаас Куб улсад суугаа элчин сайдын яамны нийт 14 ажилтан учир битүүлэг өвчин тусчээ.


Канадын засгийн газраас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус улс Куба дахь элчин сайдын яамны дипломат ажилтнуудын тоог 16-аас найм болтол хоёр дахин бууруулна гэнэ. Учир битүүлэг өвчний шинж тэмдгийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

 

Канад дахь Кубын элчин сайд Жозефина Видал Куб улс эл өвчний эх үүсвэрийг хамтран шалгаж байна гээд Куб улс Канадтай сайн харилцааг хөгжүүлэх бодлого баримталж буйг нотолжээ.

 

2018 оны арваннэгдүгээр сард энэ өвчний тохиолдол бүртгэгдсэний дараа тус элчин сайдын яамны бүх ажилтан эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан байна. Шинжилгээгээр нэг ажилтанд учир битүүлэг өвчний шинж тэмдэг илэрсэн гэнэ. Ингэснээр, үл мэдэх өвчин туссан Канадын дипломат ажилтнууд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн тоо 14 хүрэв. Тэдэнд толгой эргэх, чих шуугих,  ой санамжаа алдах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна.

 

Үүнээс өмнө Гаван хот дахь АНУ-ын элчин сайдын яамны 26 ажилтан, тэдний гэр бүлийн гишүүдэд мөн ижил шинж тэмдэг илэрч байжээ. Тэдгээрийн 21 нь гурван сарын турш ой санамж, анхаарал төвлөрөх, тэнцвэр, хараа, сонсгол, нойрны асуудалтай тулгарч, толгой нь байнга өвдөж байсан гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top