Үүнийг хэрхэн бэлтгэдэг вэ? | Шар тосоор амталсан Гандангийн хэвийн боов

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 31

Цагаан сарын баяр болоход тавхан хоног үлдээд байна. Тавгийн идээ хэр өнгөтэй, сайхан байна, тухайн айл тэр жилээ өөдлөн дэвшихийн бэлгэдэл болдог билээ. Монголчууд сар шинийн идээний хэвийн боовыг шилж, сонгон хэрэглэж ирсэн уламжлалтай ард түмэн. Улаанбаатар хотод албан ёсны зөвшөөрөлтэй 30 гаруй компани хэвийн боов үйлдвэрлэж байна. Түүний дотроос эрэлт хэрэгцээтэй, олонд танигдсан нь “Гандангийн хэвийн боов”. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх гал тогоо хэвийн боовыг хэрхэн хийж байгаа талаар сурвалжиллаа.


 

 

Гандангийн хэвийн боов дуусчээ

 

Гандантэгчинлэн  хийдийн дэргэд 1940-өөд оноос хэвийн боов хийж эхэлсэн түүхтэй. Энэ жил хийдийн дэргэдэх гал тогоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-наас эхлэн хэвийн боовоо хийж эхэлжээ. Гэвч өчигдөр /2019.01.30/ биднийг очиход Гандангийн хэвийн боов дууссан байлаа. Дууссан гэдэг нь иргэд, олон нийтэд худалдаалах хэвийн боов үлдээгүй, зөвхөн Гандангийн дотоод хэрэгцээнд зориулж сүүлийн өдрүүдэд цөөн тоогоор хэвийн боов хийж байгаа гэнэ. Нийт 20-иод хүн гэрээтээр ажиллаж байна. Арваад залуучууд гал тогоонд бэмбээ нухан сууж харагдана. Тэд бол Гандангийн гэрээт ажилчид бөгөөд модон бандан тойрч суугаад хэвийн боовоо хэвлэн суух аж. Өнгөрсөн сар гаруй хугацаанд 60.000 гаруй хэвийн боов үйлдвэрлэн гаргасан байна. Хэвийн боов нэг бүрийн үнэ нь 2500 төгрөгөөр борлуулагджээ. Бусад хэвийн боов үйлдвэрлэж байгаа компаниудтай харьцуулахад дундаж үнэ юм.  

 

Гандантэгчинлэн  хийдийн дэргэдэх гал тогооны ахлах тогооч Ё.Ядамсүрэнгээс дараах мэдээллийг авлаа.  

 

 

-Гандангийн хэвийн боовыг хэдэн оноос хийж эхэлсэн байдаг вэ?

 

-Гандан 1944 оноос дахин үйл ажиллагаа сэргээх тэр үеэс л хэвийн боов хийж эхэлсэн юм билээ.

 

-Та энд хэдэн жил ажиллаж байна вэ?

 

-Тэтгэвэртээ суусныхаа дараа 1990 онд Гандантэгчинлэн хийдэд харуулаар ажилд орсон. Хоёр жил харуулаар ажиллаж байгаад, тэр хугацаандаа тогоочийн дамжаанд сууж, гал тогоондоо тогоочоор ирсэн. Түүнээс хойш нийт 26 жил Гандангийн хэвийн боовыг хийж байна.

 

-Гандангийн хэвийн боов гэхээр хүмүүс андахгүй. Сайхан амттай байдаг нь юундаа байдаг вэ?

 

-Хэвийн боовны өнгө, амт сайхан байна. 100 кг гуриланд 11 кг цэвэр шар тос, 12 кг элсэн чихэр ордог нормтой. Мөн бага зэрэг зөөхий хийдэг. Цэвэр шар тос их хэмжээгээр оруулж өгдөг учраас амттай, зөөлхөн байдаг. Боовны сайхан амт нь шар тосонд байна. Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан, Өвөрхангайн Бат-Өлзий, Баянхонгорын Шаргалжуутаас шар тосоо ачирдаг.

 

-Гадуур Гандангийн хэвийн боов гэж танилцуулаад, зарж байгаа газрууд байна. Танайх хаагуур хэвийн боовоо борлуулдаг вэ?

 

-Гадуур зарагдаж байгаа хэвийн боов нь манай хэвийн боов биш. Бидэнд гадуур зараад, хийгээд байх тийм хүчин чадал ч байхгүй. Хүмүүс манай гал тогооноос ирж, хэвийн боовоо авдаг. Гадуур ерөөсөө борлуулдаггүй.

 

Хэвийн боовыг далд модны тосонд чанаж байв. Боов үйлдвэрлэх явц хоёр өрөөнд явагдана. Нэг өрөөнд нь хэвийн боовоо бэмбээлэх, хэвлэх, бэлтгэх ажлыг хийж байсан бол хажуу өрөөнд нь хайрч, чанадаг аж. Тэгш өнцөгт хэлбэртэй төмөр тогоо нь  нэг зэрэг 100-гаад хэвийн боов чанах хүчин чадалтай аж.

 

Гандангийн гал тогооны зам /тогооч/ А.Оюунсүрэн “Энэ жил 60.000 мянга гаруй хэвийн боов үйлдвэрлэсэн. Өдөрт дунджаар 1500 орчим боов хийж байна. Сүсэгтэн олон хэвийн боов авах гэж олноороо ирдэг. Авч, хэрэглэж сурсан иргэд олон бий. Одоо үлдсэн хугацаанд Гандангийнхаа дотоод хэрэгцээнд зориулж хэвийн боовоо хийж байгаа. Өнөөдрөөс Сар шинийн хурал эхэлсэн. Хурлын идээнд зориулж хэвийн боовоо хийж байна. Илүү гарвал боов худалдаж авахаар ирсэн хүмүүст өгнө дөө” гэсэн юм.

 

Биднийг Гандангийн гал тогоонд байх хугацаанд хэвийн боов худалдан авахаар иргэд олноороо сураглаж байв. Хөдөөнөөс ирж, Гандангийн хэвийн боов худалдан авдаг иргэд ч байдаг аж. Төв аймгийн Сэргэлэн сумын малчин Н.Болдбаатар “Би жил бүр Гандангийн хэвийн боов худалдаж авдаг. Энэ жил оройтож ирсэн учраас хэвийн боов дуусчихжээ. Уг нь арай эрт ирээд авчихдаг юм. Амттай, удаан хадгалсан ч хатдаггүй учраас авах дуртай байдаг” гэлээ.

 

Мөн Гандангийн гал тогоо гавжийн дугуй /еэвэн/, самнаа /хавсай/-г дотоод хэрэгцээнд зориулж цөөн тоогоор хийдэг аж.

 

Хэвийн боовыг баярын идээний дээж болгон хэрэглэх болсон түүхээс дурьдвал, XVIII зууны үед Буддын шашныг шүтэх болсноор монголчууд гурилаар ул боов хийж, хүндэтгэлийн идээгээ засах болжээ. Сар шинэ, найр, наадам, хүүхдийн үсний даахины баяраар монголчууд бурхны шашны дагуу 3, 5, 7, 9 үеэр ул боовоо өрж тавгаа засдаг уламжлалтай. Сондгой тоотой үеэр тавгаа засах нь буддын номлолоор аз жаргалыг билэгддэг гэнэ. Тодруулбал, тавгийн боовыг гурваар өрдөг нь тулгийн гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таваар өрдөг нь таван бие мах бодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны илэрхийлэл болдог байна.

 

Гэрэл зургийг Д.Амаржаргал

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.35) 2019 оны 02 сарын 01

Элэнцэгнийх нь. Ургамлын гий гээд тосонд чаначихаж байгаа юм. Бараг л хор. Шар тосоо хөдөөнөөс авчирдаг гэчихжээ. Шар тос нь хандив, өргөлийнх. Хандивын үнэгнүй гурил, чихрээр зуурна. Татварт тайлагнахгүй ээ, сайхан. Уг нь үйлдвэрлэл яваад, ашиг олоод байгаа биз? Хамба номун хан Чойжамцтан энэ талаар хэрхэн тухайлж байдаг бол? Ард иргэдийн хандив дээр л найрлачихдаг газар.

0  |  0
Doljin (211.36.150.123) 2019 оны 01 сарын 31

Holooroo zuurdagt l uchir ni bgaam shde. Lamhai nariin holiin ul huruunii hols huchnii amt

0  |  0
транс тос(59.153.114.146) 2019 оны 02 сарын 01

атар, өгөөжь талх чихэр зэрэг бусад нь маргаринаар хийдэг байхаа. хатчихдаг. транс тостойгэсэн үг,,,

1  |  0
Top